Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00156

 

 

 

 

 

 

 

2023 01 13 210/МА2023/00156

 

 

*** ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03909 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** холбогдох, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 4454 дугаар шийдвэрээр *** , *** нараас 120,212,460 төгрөгийг гаргуулж *** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Миний бие үүнээс 2019 онд 2,500,000 төгрөг, 2020 онд 6,500,000 төгрөг, 2021 онд 11,458,000 төгрөг, 2022 онд 1,250,000 төгрөг, нийт 21,708,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үндсэн зээл 68,042,000 төгрөг, зээлийн хүү 30,462,460 төгрөг, нийт 98,504,460 төгрөг үлдсэн байгаа болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч *** нь барьцаа хөрөнгө болох *** тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны шинжээчийн тогтоосон үнэ 120,500,000 төгрөгийг 84,350,000 төгрөг болгож бууруулж, *** тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрын шинжээчийн тогтоосон үнэ 23,749,000 төгрөгөөс бууруулж 16,624,300 төгрөг болгон зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн нэг талыг баримтлан, төлбөр төлөх боломжийг олгохгүй байгаа төдийгүй албадан дуудлага худалдаанд оруулах гэж байна. Иймд энэ дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 4454 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 1642 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 1380 дугаар тогтоолоор *** , *** нараас 120,213,487 төгрөгийг гаргуулж *** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *** тоот 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, *** тоот хувийн сууц, газрын хамт битүүмжилж, хураах ажиллагаа явуулж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгож, талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Төлбөр төлөгч *** нь үнэлгээнд гомдол гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 3516 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 328 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол мэдэгдлийг талуудад хүргүүлсэн. Үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлэгдсэн үнэлгээний 70 хувиас дээш дуудаж борлуулна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч өнөөдрийг хүртэл дуудлага худалдаа явагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 сарын 04-ний өдрийн *** , *** тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч *** ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *** ээс шинжээчийн зардалд 300,000 төгрөгийг гаргуулж, *** ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар *** ХХК-ийг шинжээчээр дахин томилох шаардлагагүй байсан гэж үзэж байна. Учир нь уг байгууллага үнэлгээг буруу гаргасан, засвар хийснийг байрны үнэлгээнд оруулж тооцоогүй. Зээлийн үлдэгдэл 30,883,936 төгрөг байхад заавал дуудлага худалдааг зохион байгуулах ажиллагааг дэмжиж, тохиролцох боломж олгоогүй. Миний бие чадлаараа хичээж, шүүхийн шийдвэрийг биелүүлсээр ирсэн тул *** ХХК-ийн зээлийн үлдэгдлийг төлж дуусгахад дэмжлэг үзүүлж, албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан *** холбогдох 2022 оны 01 сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай *** , *** тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** холбогдуулан 2022 оны 01 сарын 04-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай *** болон *** дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 23/

 

3.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04454 дугаар шийдвэрээр *** , *** нараас 120,213,487 төгрөг гаргуулж *** ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдлийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 1642 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/01380 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 25-26, 27-29, 30-31/

 

4.   Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2017 оны 08 сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2017 оны 09 сарын 13-ны өдөр болон 2017 оны 11 сарын 21-ний өдөр тус тус эд хөрөнгө битүүмжилж, 2020 оны 08 сарын 19-ний өдөр эд хөрөнгө хурааж, 2020 оны 09 сарын 02-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудаст дурдагдсан орон сууц, хувийн сууц, газрыг шинжээчээр үнэлүүлэх ажиллагааг явуулсан байна. /хх 34-44/

 

5.   Төлбөр төлөгч *** өмнө нь барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн *** ХХК-ийн 2020 оны 09 сарын 08-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03516 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 сарын 05-ны өдрийн 328 дугаар магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 49-50, 51-53/ Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 сарын 30-ны өдрийн 001/ХТ2021/00081 дугаар тогтоолоор нэхэмжлэгч *** ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /хх 56/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан ...зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн нэг талыг баримталсан... гэх тайлбар, мөн ...шинжээч нь үнэлгээг буруу гаргасан, засвар хийснийг байрны үнэлгээнд оруулж тооцоогүй... гэх давж заалдах гомдол тус тус үндэслэлгүй.

 

6.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 сарын 04-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай *** болон *** дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

6.а. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг ... үнэлгээчнийн тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж зохицуулсан тул ...үнэлгээчнийн тогтоосон үнийг бууруулан анхны албадан дуудлага худалдаанд оруулах гэж байна... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6.б. Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7.   Нэхэмжлэгч *** ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03909 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...122 дугаар зүйлийн 122.5, ... гэснийг ...44 дүгээр зүйлийн 44.4, ... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

 

Д.НЯМБАЗАР