Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/00158

 

 

 

 

 

 

 

2023 01 16 210/МА2023/00158

 

 

*** гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 104/ШШ2022/00508 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** , *** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , хариуцагчийн өмгөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: *** г 2021 оны 01 сарын 21-ний өдрийн шөнийн 02:00 цагт дуудагдах хуваарийн дагуу ирээгүй, гамшгийн бэлэн байдал алдагдуулсан гэх үндэслэлээр 2021 оны 01 сарын 22-ны өдөр ажлаас халсан. Ингэхдээ Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын даргын 2021 оны 01 сарын 01-ний өдрийн Коронавируст халдварын хяналт, сэргийлэлт, бэлэн байдал, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаврын төлөвлөгөөнд нэмэлт заалт оруулсан гэж үзэж байгаа. Уг ажлаас чөлөөлөх тухай даргын тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний зүгээс ямар нэг алдаа дутагдал, зөрчил гаргаагүй тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Ээлжийн амралтын олговор 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Онцгой комиссын 2021 оны 01 сарын 01-ний өдрийн халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай 01 тоот албан даалгавраар Ковид-19-ийн тархалт буурахгүй байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд чангатгах, бүх талын арга хэмжээг авч ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн. Онцгой үед буюу халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийг тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлын хангалтыг зохион байгуулж, хяналт тавих албан тушаалд тавих тусгай шаардлагын 3-т гамшгийн үед дайчлагдах, бэлэн байдлыг хангаж ажиллах тодорхой үүрэг чиглэл өгсөн. 01 дугаартай албан даалгаврын 2.2, 2.6-д тухайн нүүлгэн шилжүүлэх, тусгай хэрэгслээр хангах үүрэг нь *** д байгаа. Дээрх заалтыг хуурамчаар үйлдсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс цагдаагийн байгууллагад 2 удаа өргөдөл гаргасан боловч Прокуророос зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, хуурамч баримт бүрдүүлээгүй гэдэг нь тогтоогдсон. Харин *** нь үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, албаны бэлэн байдал алдагдуулан, яаралтай тусламж үйлчилгээний цаг алдагдуулсан үндэслэлээр 2021 оны 01 сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговор, 2,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *** г Нийслэлийн *** ийн Халдварт сүрьеэгийн тасгийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 26,949,778 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *** д олгож, олговор 26,949,778 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгаж, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн *** д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *** г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч талаас 362,890 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

4.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс удаа дараа гаргасан хүсэлтүүдийг шүүгч *** нь үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүгчийн захирамжид гаргасан 2 гомдол шүүгч *** д хуваарилагдан бүрэлдэхүүн, даргалагчаар орж, мөн адил гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан. Шүүгч *** гийн даргалж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамж, тогтоолууд нь үндэслэлгүй болох нь ***- газраас явуулсан ажиллагаа, Налайх дүүргийн Прокурорын тогтоолуудаар тус тус тогтоогдсон. *** шүүгч энэ мэтчилэн хэргийн талаар урьдчилан оролцож, шударга бус шийдвэр гаргаж, нэг талын эрхийг хөндөж, өөртөө хэргийн талаар дотоо итгэл үнэмшил төрүүлсэн байсан төдийгүй тухайн шүүхийн Ерөнхий шүүгч *** өөр шүүхэд шүүгчээр томилогдсоноос хойш уг хэрэг үргэлжлэн *** шүүгчид хуваарилагдсанаар хариуцагч талд хэргийг шударгаар шийдвэрлэхэд үл итгэх байдал үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл байж болзошгүй гэж үзэн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч *** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн, өөрийг нь татгалзан гаргах хүсэлтийг өөрөө хүлээн авч, өөртэйгөө зөвлөлдөж, ....татгалзах үндэслэл тогтоогдсонгүй... гэх агуулгатай тогтоол үйлдэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.б. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар хариуцагчийн татгалзлаа нотлох зорилгоор гаргаж өгсөн бүхий л баримтыг өөрийнх нь эсрэг нотолгоонд ашиглаж, дүгнэлт хийсэн. Өмнө нь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Ахлах сувилагчийн ажлын байрны тодорхойлолт нь хэрэгт чухал ач холбогдолтой байж болзошгүй нотолгоо тул баримтуудыг цугларсны дараа хэргийг эргэлзээгүй нэг мөр шийдэх нь зүйтэй гэх агуулгаар буцаасан бөгөөд *** гийн хувийн хэрэг, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт хаана, хэнд байгааг тогтоолгох зорилгоор *** , *** нарыг гэрчээр асуулгасан. Гэрчийн мэдүүлгээр *** нь гэрээ, тодорхойлолтоо Хүний нөөцийн ажилтнаас цаасаар авсан атлаа баталгаажуулж, гарын үсэг зурж, буцаан өгөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон. Иймд магадлалд тусгасан ажиллаагааг зайлшгүй хийлгэх зорилгоор хариуцагч талаас Халдвар, сүрьеэгийн тасгийн ахлах сувилагч болон эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй бусад тасгийн ахлах сувилагч нарын ажлын байрны тодорхойлолтыг жишиг болгон нотолгоогоор өгснийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Мөн гэрч *** , *** , *** , *** нарын мэдүүлгийг үнэлээгүй, үнэлэх ёстой нотлох баримтуудыг үнэлээгүй зэрэг нөхцөл байдлын улмаас ажилтны гаргасан илтэд ноцтой зөрчлийн шинжтэй үйлдлийг зөвтгөсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. *** нь 2021 оны 01 сарын 01-ний өдрийн 01 тоот албан даалгаврын төлөвлөгөөний нэмэлт, өөрчлөлтийг мэдсэн нь Хүүхдийн тасгийг нүүлгэх ажлыг хийж гүйцэтгэснээр тогтоогддог. Мөн төлөвлөгөөний дагуу эмнэл зүйн багийн эмнэлгийн хэрэгсэл, хувцас эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, хадгалах, шаардлагатай үед байнга бэлэн байлгаж хангах үүрэгтэй байсныг ***- газраас явуулсан Прокурорын хяналтад хийгдсэн гэрчийн асуулгуудаар нотлогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, хариуцагч талаас гэрчээр асуулгая гэсэн гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан, мөн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэхээс өөр арга байгаагүй. Тухайн шүүхийн ерөнхий шүүгч байсан *** нь *** аймаг руу шилжсэн, шүүгч *** ганцаараа гэдгээ тайлбарлаж байсан. Шүүгчийг татгалзан гаргах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ. гэснийг баримталж, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Эрүүл мэндийн *** ийн албан даалгаврын дагуу ирэх ёстой байсан ч зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл уг албан даалгаврыг хариуцагч талаас өөрчлөн, дахин нотариатаар батлуулсан байсан. Үүнийг нэхэмжлэгч талаас цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан. Хариуцагч талаас 01 тоот албан даалгавар нь тухайн үед цахимаар тавигдаж байсан гэдэг бөгөөд үүнийг цагдаагийн байгууллага шинжлэн үзэхэд 2.2, 2.6 гэсэн нэмсэн заалтууд байгаагүй. Уг заалтуудад *** г халдвар гарсан тохиолдол бүрд ирж ажиллахаар тавьсан байсан. Хэрэв *** г тохиолдол бүрд ирэхээр заасан бол жижүүрийн хуваарьт оруулсан нь ойлгомжгүй байна. Энэ нь бусад гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар огт тогтоогддоггүй. Нийслэлийн *** ийн даргын 2021 оны 01 сарын 22-ны өдрийн *** дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд *** г бэлэн байдал алдагдуулсан, нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үед яаралтай тусламжийн дугаараас удаа дараа залгасан боловч утсаа аваагүй гэдэг. Гэтэл тушаалд бичигдсэн хуулийн заалтууд бүгд *** д ямар ч хамаарал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.4, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 09 сарын 03-ны өдрийн *** дугаар тушаал, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 7.9 гэх заалтууд нь бүгд байгууллагын зохион байгуулалтад зориулагдсан, уг заалтуудаар *** г буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ямар үндэслэлийг баримталсан нь тодорхойгүй, хүчин төгөлдөр бус тушаал тул хүлээн зөвшөөрөхгүй байна.  Албан даалгаврын төлөвлөгөөний 2.2, 2.6-д зааснаар *** тухай бүр ажиллах ёстой гэдэг боловч үүнийг нэхэмжлэгчид танилцуулаагүй, энэ талаар тухайн үед ажиллаж байсан хүмүүс огт мэдэхгүй байдаг. Нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолттой тусгайлан танилцаж байгаагүй, халдварт сүрьеэгийн ахлах сувилагчийн ажлын байрны тодорхойлолт гэх зүйлийг хариуцагчаас огт танилцуулаагүй. Энэ талаар хэрэгт нэхэмжлэгчийг ажлаас халагдангуутаа ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээ хүний нөөцөөс авч зугтаасан мэтээр тайлбарладаг. Үүнээс болж гэрчүүдийг оруулж асуухад гэрч *** нар нь 2017 онд болсон үйл явдлыг тайлбарладаг болохоос 2020 онд ажлаас халагдах үеийн нөхцөл байдлын талаар тайлбарладаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан, ажлаас халж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал хуулийн шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.   Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хуульд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгчийг татгалзан гаргах эрхтэй.

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны 104/ТМ2022/00355 дугаар тэмдэглэл /3хх 60-62/, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 104/ЗТ2022/00065 дугаар тогтоол /3хх 57-58/ зэргээр дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. Хариуцагчийн өмгөөлөгч *** шүүх хуралдааны явцад татгалзал асуух үе шатанд шүүгч *** г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан ...уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал... гэсэн үндэслэлээр татгалзсан;

3.б. Шүүгч *** нь мөн өдөр тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнийг товлон хуралдуулж, өөрөө даргалж, дээрх хүсэлтийг хэлэлцэж, хангахгүй орхисон;

3.в. Улмаар шүүх хуралдаанд Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын агуулгыг танилцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5, 92.6, 92.7, 92.8 дахь хэсгийн зохицуулалт нь татгалзан гаргах хүсэлтийг татгалзагдаж буй этгээдээс өөр этгээд шийдвэрлэх агуулгатай.

Өөрөөр хэлбэл, тухайн шүүхэд нэг шүүгч ажиллаж байгаа гэсэн үндэслэл нь өөрт холбогдох татгалзлыг өөрөө шийдвэрлэх эрх зүйн үндэслэл болохгүй

Иймд ...шүүгч өөрөөс нь татгалзсан оролцогчийн хүсэлтийг өөрөө хүлээн авч, өөртэйгөө зөвлөлдөж шийдвэрлэсэн нь буруу... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

5.   Тухайн шүүхэд нэг шүүгч ажиллаж байгаа, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлож байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт зааснаар татгалзан гаргах хүсэлтийг адил шатны өөр шүүхээр шийдвэрлүүлэхээр Ерөнхий шүүгчийн захирамж гаргаж болох байжээ.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 104/ШШ2022/00508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *** өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 363,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР