Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд /томилолтоор/,

хохирогч Б.Т ,

шүүгдэгч Б.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                                                                                                                                    

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.ийн Э од холбогдох эрүүгийн 1807005750197 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүгийн хамтаар ******* *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт Б.ийн Э .

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Э  нь ******* ******* тоотод 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Т гийн нүүрэн тус газарт нь гартаа байсан чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ын өгсөн: “Би тэр өдөр согтуу байсан. Өдөр нь хэрэг болдог айлд ороход 2 хүүхэн, 2 залуу байсан. Тэдгээр хүмүүс архи ууж байсан бөгөөд намайг хөөж гаргасан. Хөөгдөж гарчихаад буцаад ороход хохирогч нэмэгдэж ирсэн байсан бөгөөд дахиж хөөгдөж гарсан. Дахиж хөөгдөж гарчихаад гарч явж байхдаа замд тааралдсан жижиг чулууг аваад буцаж ороод хохирогчийг цохиж гэмтээсэн. Би согтуу байсан бөгөөд уурандаа тийм үйлдэл хийсэн байсан нь миний буруу. Би нилээн согтолттой байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т гийн өгсөн: “Би өдөр нь 2 найз охинтойгоо уулзаж Буян Налайхийн караокед орж нэг пиво уучихаад харьлаа гээд түрүүлээд явсан. Тэр хоёр найз маань надаас салаад *******гийн гэрт нь очсон байсан. Орой 9-10 цагийн хооронд намайг *******гийнд дуудсан. Тэгэхэд цаана нь хүмүүс орилолдоод байхлаар нь яасан бэ гэж асуухад “найз нь энд хүнтэй муудалцчихлаа намайг ирээд аваач” гэж хэлэхээр нь би яваад очсон. Би *******гийнд ороод удаагүй бөгөөд найзыгаа авч явах гээд түүнтэй ноцолдож байхад хажуу талаас нэг зүйл түс гээд би нэг мэдэхэд газар уначихсан байсан. Босоод ирэхэд нүд дагаад цус гоожиж байсан. Тэгээд цагдаа дуудах гэтэл шүүгдэгч зугтаасан байсан. Маргааш өглөө нь цагдаагийн 2 бүрэлдэхүүнтэйгээр гэрээс нь барьж авсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн “...Орой харанхуй болсны дараа , нар дахин манайд ирээд пиво ууцгааж байхад би гадагшаа гарчихаад буцаад ороод ирэхэд Т гийн зүүн хөмсөгнөөс цус гарчихсан, шалан дээр цус нь дуссан байдалтай хажууд нь Э  ах зогсож байхаар нь “яасан” гэхэд Т  “энэ ах чулуутай гараараа цохьчихсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13-14 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.ы өгсөн “...Т гийн зүүн хөмсөгнөөс цус гарчихсан шалан дээр цус дуссан байдалтай хажууд нь байцаа Болдоо гэх ах зогсож байхаар нь “яасан юм” гэхэд Т  “энэ ах чулуутай гараараа цохьчихсон юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-16 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.ын өгсөн “...нэг харахад ойччихсон босож ирэхэд зүүн хөмсөгнөөс цус гарч уйлж байсан, хажууд нь өдөр нь тэндээс хөөгдөж гарсан эрэгтэй хүн зогсож байснаа гараад явчихсан ба уг эрэгтэй хүнийг цохьчихлоо гэж Т  хэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-18 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №08шэ/494 дүгээр:

  1. “Б.Т гийн биед зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний эргэн тойрон зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 22 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 

/хх-ийн 37 дугаар тал/

 

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл,

/хх-ийн 39 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 50 дугаар тал/

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э  нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 22 цагийн орчим ******* ******* тоот Д.ын гэрт Л., Б.Т  нар пиво ууж байхад нь гаднаас Б.Э  орж ирэн “Намайг гэрээс хөөлөө” гэх шалтгаанаар чулуугаар  хохирогч Б.Т гийн нүүрэн тус газарт нь цохиж, зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний эргэн тойрон зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан шүүгдэгч Б.Э ыг үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “...Дахиж хөөгдөж гарчихаад гарч явж байхдаа замд тааралдсан жижиг чулууг аваад буцаж ороод хохирогчийг цохиж гэмтээсэн. Би согтуу байсан бөгөөд уурандаа тийм үйлдэл хийсэн байсан нь миний буруу...” гэх,

хохирогч Б.Т гийн “...Би *******гийнд ороод удаагүй бөгөөд найзыгаа авч явах гээд түүнтэй ноцолдож байхад хажуу талаас нэг зүйл түс гээд би нэг мэдэхэд газар уначихсан байсан...” гэх,

гэрч Д.ын “...Т гийн зүүн хөмсөгнөөс цус гарчихсан, шалан дээр цус нь дуссан байдалтай хажууд нь Э  ах зогсож байхаар нь “яасан” гэхэд Т  “энэ ах чулуутай гараараа цохьчихсон” гэх,

гэрч Л.ын “....нэг харахад ойччихсон босож ирэхэд зүүн хөмсөгнөөс цус гарч уйлж байсан, хажууд нь өдөр нь тэндээс хөөгдөж гарсан эрэгтэй хүн зогсож байснаа гараад явчихсан ба уг эрэгтэй хүнийг цохьчихлоо гэж Т  хэлсэн” гэх мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №08шэ/494 дүгээр дүгнэлт /хх-22/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг торгох ял оногдуулах саналтай байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг судалж үзэхэд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хориглох албадлагын арга хэмжээ зайлшгүй хэрэглэх шаардлагтай гэсэн саналтай байна. Цаашид гарах хохирлын талаар Иргэний нэхэмжлэлийг хохирогч нь баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс гаргуулах эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна гэх,

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчийн тайлбарт: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Э од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

                                

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримт, хохирогчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан ялтан Б.Э од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 6 сарын хугацаагаар хориглох албадлагын арга хэмжээ зайлшгүй хэрэглэх шаардлагтай гэсэн улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт ялтны хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийн талаар авагдаагүй, мөн согтууруулах ундаа байнга хэргэлдэг талаар нотлох баримт судлагдаагүй байх тул түүнд торгох ял болон албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж дүгнэв.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, учирсан хохирол зэргийг харгалзан түүнд 300 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч өөрт учирсан хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байх тул  шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба хохирогч Б.Т  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Б.ийн Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э од 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Э од мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Т  нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ