Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 82

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Машлай,

шүүгдэгч Б.У,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Уын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 1807005640206 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б-н У, 1994 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, өвчний учир группэд байдаг гэх, ам бүл 5, өвөг эцэг, эмэг эх, эх, охин нарын хамт Баянзүрх дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....................../,

Б.У нь 2018 оны 10 дугаар сарын 1-ний шөнө 03 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүдийн хунд” гэх амралтын газарт хохирогч Б.Гыг шалтгаангүй зодож, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигон овогт Б-н Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ут 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Ут мэдэгдэж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Хохирогч Г.Ганзориг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ясны сүрьеэ гэсэн өвчнөөр оношлогдож, яаралтайгаар нурууны /Th-8, Th-9/-р үеүүдэд болон баруун уушиг хагалгаа хийлгэснээр хөдөлмөрийн чадвар 70 хувиар алдаж группэд орсон. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиник мэс заслын тасагт эмчийн хяналтанд байдаг. 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр /Th-8, Th-9/-р үеүүдэд бэхэлгээтэй хагалгаанд орох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хагалгааны дараа хэвтрийн дэглэмийг 56 хоног барих тул нийтэд тустай ажил хийлгэх ялын тогтоолыг дахин хянаж өгнө үү.” гэв.

Прокурор Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хохирогчийн хувьд хохирлын баримтаа гаргаж өгөөгүй. Хэрэг шүүхийн шатанд очиход хохирогч яг албан ёсоор баримтаа гаргаж өгөөгүй. Гэхдээ шүүгдэгчийн зүгээс хэлж байгаа мөнгө буюу хохирлыг төлөх саналыг тавьсан. Ингээд прокуророос ялыг хүлээн зөвшөөрч байна гэж үзээд торгох санал гаргасан. Тухайн үед хохирогч хохиролтой холбоотой асуудлаар санал байгаагүй. Шүүхээс энэ хэрэгт маргаан байна гэж үзээд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Нийтэд тустай ажил хийлгэх ял нь өөрөө хуульд заасан ялыг оногдуулж байгаа учраас улсын яллагчийн зүгээс ямар нэгэн байдлаар эсэргүүцэл бичээгүй. Мөн шүүгдэгчийг эрхэлсэн тодорхой ажилгүй байна гэж үзсэн учир нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.У нь 2018 оны 10 дугаар сарын 1-ний шөнө 03 цагийн орчимд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүдийн хунд” гэх амралтын газарт хохирогч Б.Гийг шалтгаангүй зодож, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Уын “...шууд цохиж, зодсон нь үнэн, харин ямар учраас зодох болсноо би өөрөө сайн мэдэхгүй байгаа, согтуу байснаас болж гэмгүй хүн зодсондоо харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх19-20/,

хохирогч Б.Гийн “...араас орж ирээд нүүрэн тус газарт цохин орон дээр дарж унагаагаад дээрээс балбаад байсан...” гэх мэдүүлэг /хх4/,

гэрч Ө.Тэнүүний “...Уламбаяр шууд нүүр хавьд нь цохисон, би хорьж холдуулахад дахиж очоод хамар хавьд нь цохисон, би холдуулж салгахад уг залуу гарч явсан...” гэх мэдүүлэг /хх17-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 08 шэ/497 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанаар талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Уын “...Миний бие ясны сүрьеэ гэсэн өвчнөөр оношлогдож хөдөлмөрийн чадвар 70 хувиар алдаж группэд орсон. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиник мэс заслын тасагт эмчийн хяналтанд байдаг. 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр /Th-8, Th-9/-р үеүүдэд бэхэлгээтэй хагалгаанд орох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хагалгааны дараа 56 хоног хэвтрийн дэглэм барих тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг дахин хянаж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан ...  оногдуулахгүй.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.У нь ясны сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар 70 хувиар алдаж групп тогтоолгосон талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5.1-т хөдөлмөрийн чадвар 70 хувиас дээш алдсан иргэнийг “хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан” гэж үзэхээр заажээ. Үүнээс үзэхэд шүүгдэгч Б.Уыг хөдөлмөрийн чадвар бүрэн алдсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй байхад анхан шатны шүүхээс түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Б.Ут оногдуулсан ялыг өөрчилж, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр хуульчилсан байх бөгөөд Б.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж 650 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолын

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Уыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ут мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ