Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2016/1032/З |
Дугаар | 99 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 99
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ШХХК,
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн газар
Гуравдагч этгээд: Д.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн Ү-2204041775 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд Нарны зам 99б байрны .... тоотод орших орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Дамдинсүрэнгийн Даваагийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, иргэн Д.Дд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон 0050 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дж, гуравдагч этгээд Д.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ШХХК-ийн ерөнхий захирал Б.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ШХХК нь “” цогцолборын 1102 тоот орон сууцны төлбөрийг иргэн Энхтайваны Болормаагаас нэхэмжлэх шаардлага гарган, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан иргэн Энхтайваны Болормааг хариуцагчаар татан, мөн Э.Болормаа, Д.Д нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хийгдсэн орон сууц худалдах гэрээг хүчингүйд тооцуулах шаардлага гарган хамтран хариуцагчаар Д.Дг татан иргэний хэрэг үүсгэсэн байдаг болно. Энэ үедээ Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх нь өөрийн 86299729 тоот утаснаас Д.Дгийн 99099547 тоот утас руу 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр залгаж, уг өмчлөлийн маргаан бүхий, үнэ нь төлөгдөөгүй байгаа орон сууцыг нэр дээрээ шилжүүлэн авах нь хууль бус болохыг анхааруулсан байдаг болно.
Нэхэмжлэгчийн зүгээс уг маргаан бүхий орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хориглуулах хүсэлтийг гаргаж шүүгч Б.Ундраагийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4849 тоот “шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж гарч, уг орон сууцны шилжилт хөдөлгөөнийг зогсоосон ба энэ шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа.
Шүүгчийн энэ захирамж гарсан өдрөө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар дамжин Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргэгдсэн байдаг болно. Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, иргэн Э.Бгаас энэхүү маргаж буй орон сууцны төлбөрийг гаргуулан төлүүлэх тухай Улсын Дээд Шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ 2016/00833 тоот тогтоол гарсан байгаа болно.
Улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлүүд:
1. Эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлд: “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохиролыг нөхөн төлнө” гэж заасан байгаа.
Гэтэл шүүхэд хэрэг хэлэлцэгдэж байх явцад иргэн Д.Д нь Э.Болормаатай хуйвалдан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор өөрийн хүргэн дүү Д.Дгийн нэр дээр орон сууцыг яаран шилжүүлж, Д.Д нь ч энэхүү үйлдэл илтэд хуурамч, дүр үзүүлсэн ажиллагаа болохыг мэдсээр байж 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг гарган, мөн өдрөө нэр дээрээ гэрчилгээ гаргуулан авсан байдаг.
Ийнхүү Д.Д нь шүүхэд маргаан явагдаж буйг мэдсээр байж, уг байрны үнэ төлбөр нь төлөгдөөгүй байгааг мэдсээр байж санаатайгаар хуурамчаар улсын бүртгэлийн ажиллагаа хийлгэсэн байх тул түүний нэр дээр маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн бүртгэлийн үйлдлийг хүчингүй болгуулах, түүнд олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна.
2. Улсын бүртгэгч Г.Ичинхорлоо нь улсын бүртгэл хийх журамд, яаралтайгаар бол бүртгэлийг ажлын тав хоногийн дотор, энгийнээр бол ажлын арван тав хоногийн дотор хийх журмаа зөрчин, бичиг баримтыг сайтар нягтлан шалгалгүйгээр, мэдүүлэг гаргасан тэр өдөр нь гэрчилгээг нь гарган өгсөнөөрөө, маргаан бүхий орон сууцныхаа төлбөрийг төлөхөөс зайлсхийж, шүүхээс шилжилт хөдөлгөөнийг зогсоохоос өрсөн өмчлөгчийн нэр шилжүүлж байгаа нөхдөд боломж олгож хууль зөрчсөн байх тул түүний хийсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардах үндэслэлтэй юм” гэв.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204041775 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 99б дүгээр байрны 1102 тоот орон сууцны өмчлөгчөөр 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн мэдүүлэг болон холбогдох нотлох баримтыг үндэслэн ШХХК-ийн өмчлөлд бүртгэсэн байна.
Захиргааны хэргийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 137 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 178 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204041775 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн 000186441 дугаар гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэргийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3132/Б дугаар шийдвэр, Давж заалдах шатны 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 610 дугаар магадлал, хяналтын шатны 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 503 тоот тогтоолыг тус тус үндэслэн иргэн Э.Ба /ХК74060905/-н 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан мэдүүлэг, өргөдөл болон бусад холбогдох нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийг Э.Боагийн нэр дээр бүртгэж 000357695 дугаар гэрчилгээ олгосон байна.
Улмаар 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 316 хувийн дугаартай нотариатчийн гэрчилсэн “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээ болон бусад нотлох баримтыг үндэслэн иргэн Э.Б/ХК74060905/-н өмчлөлөөс иргэн Д.Д /ТА81110919/-ын өмчлөлд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгээр яаралтай үйлчилгээгээр шилжүүлэн бүртгэж 000375650 дугаар өмчлөлийн гэрчилгээ олгосон байна.
ШШГА-ны 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/3467 тоот, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4849 дугаар “Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” мөн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн НШГА-ны 1/3413В тоот захиран зарцуулах эрхийг сэргээх тухай албан бичиг иргэн Д.Д /ТА81110919/-ын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн лавлагаа авах тухай мэдүүлэг өргөдөл болон бусад нотлох баримт хувийн хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан улсын бүртгэлийн Ү-2204041775 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам 99б байрны 1102 тоот орон сууцыг иргэн Э.Б/ХК74060905/-н өмчлөлөөс иргэн Д.Д /ТА81110919/-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг гаргаж, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.3-т зааснаар бүртгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэсэн байна.
Уг бүртгэл хийгдэх үед буюу иргэн Д.Д /ТА81110919/-ын мэдүүлэг гаргах үед /2015 оны 2 дугаар сарын 02, уг үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллага болох шүүхээс захиран зарцуулах эрх түдгэлзүүлэх тухай ямар нэг албан тоот хүсэлт ирүүлээгүй байсан.
Засгийн газрын 2010 оны 237 дугаар тогтоолын хавсралтаар улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний хураамж, яаралтай үзүүлэх үйлчилгээний хугацааны талаар тодорхой заасан байдаг. 7 дугаар зүйл, ...”Бусад яаралтай үйлчилгээг ажлын найман цагт багтаан үзүүлнэ...” /гэж заасан бөгөөд нэхэмжлэлд дурьдсан “....яаралтай бол бүртгэлийг ажлын тав хоногийн дотор, энгийн бол ажлын арван тав хоногийн дотор хийх...” гэсэн журам үйлчилгээ байхгүй болно.
Бүртгэлийн байгууллагын иргэн Д.Дгийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нэхэмжлэгчид учирсан гэх хохирол хоёрын хооронд ямар нэг шалтгаант холбоо байхгүй байна.
2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн иргэн Д.Дгийн гаргасан мэдүүлэг болон 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” холбогдох нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн бөгөөд бүртгэл хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Д.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Д.Д нь хууль ёсны өмчлөгч Болормаагаас маргааны үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заагдсан үйл баримтаар гаргасан нэхэмжлэл байна.
Иргэний, захиргааны шүүхээр хэлэлцэгдсэн, Болормаа, Даваа нарын худалдах, худалдан авах гэрээг шат шатны шүүхүүд хууль ёсны гэж дүгнэсэн.
Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй хуульд нийцүүлэн бүртгэл хийсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт хуулийн дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэгч ШХХК-ийн улсын бүртгэлийн Ү-2204041775 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам 99б байрны 1102 тоотод орших сууцыг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Дамдинсүрэнгийн Даваагийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, иргэн Д.Дд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олгосон 000375650 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...иргэн Д.Д нь Э.Бтай хуйвалдан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор өөрийн хүргэн дүү Д.Дгийн нэр дээр орон сууцыг яаран шилжүүлж, Д.Д нь ч энэхүү үйлдэл илтэд хуурамч, дүр үзүүлсэн ажиллагаа болохыг мэдсээр байж 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг гарган, мөн өдрөө нэр дээрээ гэрчилгээ гаргуулан авсан байдаг. ......улсын бүртгэл хийх журамд, яаралтайгаар бол бүртгэлийг ажлын тав хоногийн дотор, энгийнээр бол ажлын арван тав хоногийн дотор хийх журмаа зөрчин, бичиг баримтыг сайтар нягтлан шалгалгүйгээр мэдүүлэг гаргасан тэр өдөр нь гэрчилгээг нь гарган өгснөөрөө, хууль бус болсон тул гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарлажээ.
ШХХК нь 2012 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Нарны зам гудамж 99б байрны 1102 тоот хаягтай 3 өрөө орон сууцны анхны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна.
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор тус компанийн нэр дээрх улсын бүртгэлийг хүчингүй болгож, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 503 дугаар тогтоолоор Э.Бнь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна.
Үүний дараа иргэн Э.Бнь өөрийн өмч болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол Нарны зам 99б байрны 1102 тоот 3 өрөө орон сууцыг худалдахаар Д.Дтай харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Иргэн хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргана...” гэж заасны дагуу иргэн Д.Д нь дээрх худалдаж авсан орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэх хүсэлтээ Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байна.
Д.Дгийн хүсэлтийг улсын бүртгэгч хүлээн аваад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, 19.3-т “Эрхийн улсын бүртгэлд хийсэн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэн, нотлох баримтыг хавсаргана” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол Нарны зам 99б байрны 1102 тоот 3 өрөө орон сууцныг Д.Дгийн өмчлөлд шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна.
Д.Д нь худалдаж авсан орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар мэдүүлэг гаргахдаа Засгийн газрын 2010 оны “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” 237 дугаар тогтоолын 7.1-т ”Иргэний үнэмлэх яаралтай олгох үйлчилгээг ажлын 7 өдөр, үндэсний энгийн гадаад паспорт яаралтай олгох үйлчилгээг ажлын 3 өдөр багтаан үзүүлнэ. Бусад яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан үзүүлнэ”, мөн тогтоолын 7.3-т “яаралтай үйлчилгээг үзүүлэхэд үйлчилгээний хөлсний хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу үйлчилгээний хөлсний хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээр тушаасан болох нь хэрэгт авагдсан Хас банкны 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орлогын баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч яаралтайгаар буюу ажлын 8 цагт багтаан тухайн өдрөө үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00375650 дугаар гэрчилгээг Д.Дд олгосоныг буруутгах үндэслэлгүй байна.
Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т ”Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүргэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу Д.Д нь дээрх орон сууцны өмчлөгч болсон байна.
Дээрх бүртгэлийг хийх явцад тухайн бүртгэлд эрх бүхий байгууллагаас болон шүүхээс захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар ямар нэгэн албан бичиг хариуцагч байгууллагад ирээгүй, энэ талаар тусгай тэмдэглэл хийгдээгүй болох нь хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Харин Э.Бболон Д.Д нарын хооронд хийгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам Шцогцолборын 99б дүгээр байрны 1102 тоот 108.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай ШХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 833 дугаар тогтоол гарсаныг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч ШХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, мөн хуулийн 13 дугаар зүйл,19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан ШХХК-ийн “Улсын бүртгэлийн Ү-2204041775 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам, 99б байрны 1102 тоотод орших орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Дамдинсүрэнгийн Даваагийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, иргэн Д.Дд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олгогдсон 000375650 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ