Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, 

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

          Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай,

          Хохирогчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

          Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Цийн Бт холбогдох 201620000087 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 05-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6-р багт оршин суудаг, регистрийн ОВ83030519 дугаартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2, 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 7 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Т ургийн овогт Цийн Б.

    Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдснээр/ Шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэж Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.Сын 9 тооны адууг хулгайлж 6.850.000 хохирол учруулсан, бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хохирогч З.Сын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Ц.Быг хулгайлах, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, бүлэглэж, Монголын улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.Сын 9 тооны адуу хулгайлсан, бусадтай бүлэглэж улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хохирогч З.Сын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Тодруулбал, хохирогч З.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2016 оны 2 дугаар сард цагаан сарын урьд манай адуунаас 9 адуу тасарч алдагдсан юм. Адуу “Бөөргийн бөгс” гэх газар бэлчиж байсан бөгөөд 2 морь, 4 гүү, 3 даага гэсэн 9 адуу алга болсон. Тухайн үед хүйтэн, цас зудтай байсан тул адуугаа хайж яваагүй хүмүүсээс сураглаж байгаад 05 дугаар сар хүртэл хайж яваад олоогүй. Гэтэл хилийн цаана аагт олом тамгатай адуу хураагдсан тухай сонсоод асуухад миний гүү байсан. 04 дүгээр сард хил гарч нядлагдсан гэж надад хэлсэн. Бодвол хэн нэгэн адуу бэлчиж араас нь хүн хайж ирэхгүй болохоор хил гаргачихсан байх. 9 малын жагсаалтыг бичгээр гаргаж өгсөн. Үнэлгээг сумын ханшаар үнэлнэ. Дээрх мал дотроос хурдан удамтай, ашиг шим сайтай мал үгүй, орон нутгийн үйлдвэрийн малууд юм. Би 9 адууны хохирол нэхэмжилж байна. /1-р хх-ийн 41-42 тал/, ...22 настай жороо саарал морь, хуль морь 12 настай, хул гунжин гүү 3 настай, саарал гүү 14 настай, хонгор гүү 7 настай, хулагч гүү 9 настай, хүрэн даага, хонгор даага, хул даага гэсэн 9 тооны адуу алдсан. Би өөрийнхөө адууг хайгаад 04 дүгээр сарын сүүлээр буюу 20-ны үер Зүүнговь сумын нутаг буюу Тарвагатайн хөдөө гэдэг газар явж байхад миний хонгор гүү, хул гүү 2 үхсэн байсан. Би сэг дээр нь очиж үзэхэд 10-аад хоногийн өмнө үхсэн болов уу гэхээр нэг их муудаагүй байсан. Миний хоёр гүү хоёулаа хээлтэй гүү байсан хөөгдөж яваад үхсэн болов уу гэлтэй цувраад үхсэн байсан. Би өөрийнхөө гүүг хараад шууд таньсан. Бусад адуу нь сураггүй байж байтал 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Тэс сумаас над руу ОХУ-ын талаас уулзалт зохион байгуулахаар боллоо. Энэ уулзалтаар таны адууг хүлээлгэж өгөх тул та ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би шөнө явж маргааш нь очиход уулзалтаар ганцхан миний саарал гүүг надад хүлээлгэнж өгсөн. Оросын талын хүмүүс таны 6 адуу ОХУ-д нядлагдсан байсныг махыг нь устгасан, 2 урианхай хүн баригдсан гэж хэлсэн. Би алдсан 6 адуу, 2 үхсэн гүүгээ төлүүлж авах хүсэлттэй байна. Өөрийнхөө хулгайд алдсан адууг саарал морио 5.000.000 төгрөгөөр үнэлж, жороо морь уралдаанд оролцож амжилт үзүүлж өргөмжлөл медаль авч байсан баримтаа хэрэгт хавсаргуулна, 3 тооны нас гүйцсэн гүү тус бүрд 1.000.000 төгрөгөөр үнэлнэ, 3 тооны даагаа тус бүр 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Харин буцаж ирсэн хул морио 1.000.000 төгрөгөөр, гүүгээ 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Миний хулгайд алдсан 9 тооны адуунаас 1 адуу буцаж ирсэн тул 8 тооны адууны хохирол нэхэмжилж байна. Өмнө өгсөн мэдүүлэгт гойд ашиг шимтэй мал байхгүй гэж сандараад тэгж хэлсэн. ОХУ-д нядлагдсан 6 тооны адууны арьс болон нядлагдах үеийн зурагтай танилцсан. Бүгд миний мал байсан. ОХУ-д нядлагдсан адууны махыг устгасан гэсэн” /1-р хх–ийн194-195 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ““ОХУ-ын талд Монголын 7 адуу саатуулагдсан, Монголын талаас Б гэгч хил давуулж худалдсан гэж ОХУ-аас мэдэгдсэн тул би хилийн тагнуулын ажилтан болон оруулагч д/а Э-ыг оролцуулан 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын талтай уулзалт хийсэн юм. Уулзалтанд бид уг 7 адууг хил давуулсан байж болзошгүй гэж Тэс сумын иргэн Б, мөн түүний хамт явсан байж болзошгүй 3 хүнийг авч очсон юм. Оросууд хил давсан 7 адууны нэг нь амьд хураагдсан, зургаа нь нядлагдсан гэж мэдэгдээд өөрсдийн авсан тайлбар, зургуудаа өгсөн. Мөн Баас адуу авсан гэх 2 тува хүнээр таниулах ажиллагаа хийж авсан юм. Машин дотроос гадна зогссон хүмүүс дотроос таниулахад О гэдэг тува хүн шууд Быг зааж энэ хүн надад адуу өгсөн хүн мөн, хамт явсан хүнийг танихгүй байна гэж хэлсэн. Харин нэг залуухан тува итгэл муутай энэ хүн төстэй юм, холоос харсан гэж Быг хэлсэн. Нэр нь Айхан гэдэг тува залуу байсан. Таниулах ажиллагааны зургийг би авсан. Хэрэгт хавсаргаж өгье. Манайхан таниулах ажилд тэмдэглэл бичээгүй. Оросуудын хэлсэн чиглэл болох 176.1-ээс 176.2-р тэмдэгтийн хооронд тор дагуу адууны мөр байгаа эсэхийг шалгахад 176.2-р тэмдэгт буюу торны төгсгөлд торгүй хэсгээр хил давсан 3-4 орчим адууны бүдэг мөр илрүүлсэн. Торноос дотогш 1-2 м зайд хатуу газар ОХУ руу чиглэсэн бүдэг мөр олдсон ба хилийн шугам дээр мөр илрээгүй тул мөр ул хүлээлцээгүй юм” /1-р хх-ийн 53-54 тал/ гэх мэдүүлэг,

 

гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би хилийн 0274 дүгээр салбарын захирагч хийдэг. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн уулзалтыг ОХУ-ын талаас санаачилсан. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр болсон хилйин бүрэн эрхт төлөөлөгчийн уулзалтаар ОХУ-ын талын хилийн албаны хүмүүс Монгол Улсын талаас 2016 оны 4 дүгээр сарын 10-12-ны үед ОХУ-ын иргэн Я-О, өөр бас нэг хүн хоёрт 7 тооны адууг хууль бусаар хил нэвтрүүлэн зарсан байж болзошгүй Увс аймгийн Тэс сумын иргэн Ц овогтой Быг ОХУ-ын 2 иргэнээр таниулах ажиллагаа явуулсан. ОХУ-ын хилийн албаны хүмүүс таних гэж байгаа 2 хүнийг машин дотор суулгаж байгаад Монгол Улсын иргэн Ц.Бтай хамт хоёр хүн зогсоогоод байсан. ОХУ-ын иргэн Я-О гэдэг хүн  нь Монгол Улсын иргэн Ц.Быг хараад “энэ надад 7 тооны адуу авч ирж өгсөн Монгол хүн мөн байна. Өөрийгөө Б гэж танилцуулж байсан” гэж хэлсэн. Харин нөгөө орос хүн “би нэг харсан болохоор шууд танихад бэрх байна, орой болж байсан юм. Их л төстэй байна” гээд байсан. Бид нар таниулах ажиллагааны тэмдэглэл хөтлөөгүй. Оросын хилийн албаны хүмүүс өөрсдөө юм бичээд гарын үсэг зуруулаад байсан. Бид нар зураг авсан, Баянзул хошуучид байгаа. Түүнийг хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна. Оросын холбооны улсын иргэнийг Янзо-Омак, нөгөө хүний нэрийг сайн санахгүй байна. ОХУ-ын талаас зөрчил гарсан талаар мэдэгдсэн. Хилийн 0311 дүгээр ангийн 1 дүгээр застав хариуцсан хэсгээр гарсан зөрчил юм. Тодруулбал 176.2 дугаар тэмдэгт. ОХУ-ын 2 иргэн өөрсдөө зааж өгсөн” /1-р хх-ийн 216-219 тал/ гэх мэдүүлэг,

 

гэрч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би хилийн 0311-р ангийн 320 дугаар салбарт сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчийн алба хашиж байна. Манай салбар Монгол Улсын 169-177 дугаар тэмдэгтэд үүрэг гүйцэтгэдэг. Би 2016 оны 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 200 дугаар тэмдэгт дээр болох уулзалтад оролцсон. Тухайн үед ОХУ-аас уулзалт зохион байгуулах санал тавьсан. Тэд хэлэхдээ ОХУ-ын Тува улсын Ошина тосгоны Ак-чира тосгонд 6 тооны адуу нядлаж байгаад баригдсан. Уг адууг нядлаж байсан хүмүүсээс тайлбар авахад Монгол Улсын иргэн Б гэгч хүн авч ирж өгсөн гэж хэлсэн учир танай тал Б гэх хүнийг шалгаж хариу мэдэгдэнэ үү гэсэн. ...Уг уулзалт дээр 6 тооны монгол адуу нядалсан гэх 2 Тува иргэн болон хилийн албаны хүмүүс ирсэн. ОХУ-ын хилийн албаны хүмүүс уулзалтанд Монгол Улсын иргэн Тэс сумын харьяат Ц.Бтай хамт 2-3 хүн зэрэгцүүлж зогсоогоод машин дотроос ОХУ-ын иргэн Я-О болон нөгөө хүнийг суулгаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр адуу өгсөн гэх хүн энэ хүмүүс дотор байна уу? гэхэд Тува улсын иргэн Я-О гэж хүн “надад адуу өгсөн хүн байна гээд Тэс сумын иргэн Ц.Быг шууд зааж, би энэ хүнийг таниж байна” гээд байсан. Харин нөгөө тува хүн “би нэг удаа шөнө харсан болохоор сайн анзаараагүй, их л танил царай байна” гэсэн” /1-р хх-ийн 220-224 тал/ гэх мэдүүлэг,

 

гэрч К К-О В-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 11-нд дугаарын сайн санахгүй байна, нэг дугаараас Я О залгаад надаас таньд мөнгө байна уу би нэг хүнээс адуу авах гэсэн юм гэсэн. Би ч байна гэсэн. Тэгтэл Омак шууд гэртээ хүрээд ир гэлээ. Би өөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа түүний гэр лүү очсон. Яг тэр өдөр нь 2016 оны 4 сарын 11-ний оройн 19:00 цагийн үед машинаараа Омак бид 2 Тес-Хемск хошууны О-Шынаагаас баруун зүгт 10 км-т байрлах Ак-Кежик суурин руу 30 мин яваад 19:30 үед ирлээ. Замдаа Омак надад гар утсаар таньдаг Монгол нь 6 адууг ярьж тохироод ав гэсэн, тэгээд бүгдийг нь 10000 /арван мянга/-д ав гэлээ гэсэн. Гэхдээ надад нэрийг нь хэлээгүй. Би О-т өөртөө байсан 1000-ын 10 ширхэг дэвсгэрт өгсөн. Ингээд бид зуны цагт мал хашиж барьдаг задгай талбайтай газарт машинаа зогсоож О танилтайгаа уулзахаар явсан. Тэгээд би машиныхаа бүхээгнээс 100 метрийн зайд Омак 6 адууг тууж ирсэн танилтайгаа уулзаж байгааг харж суусан. Тэр морьтой эр 6 адууг 10000 рублээр өгсөн. Дараа нь О-тай уулзсан хүн Монголын тал руу явсан. Харин О нэг моринд нь мордоод үлдсэн 5-г нь туугаад О-Шынаа руу явсан. Би ч гэсэн өөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа О-Шынаа суурин руу явсан. О-Шынаа сууринд ирээд Омак 2 адууг нь гэр лүүгээ авч явсан. Үлдсэн 4-ыг нь Мир гудамжин дахь манай гэр лүү авч ирээд манай гражинд хийсэн. Дараагийн өдөр нь 4 сарын 12-нд Омактай хамт Монгол хүнээс авсан 6 морио махалсан. Яг тэр өдрийн 15 цагийн алдад манайд хилийн хуарангийн хилчид ирсэн. Фермер УАЗ-390945 С 890 АТ РУС улсын дугаартай машиндаа махалсан махаа ачиж байхад тэд ирээд биднийг саатуулсан. Би Омакийн танил монгол хүний бидэнд зарсан морьд монголын нутгаас хулгайлагдсаныг мэдээгүй. Хилийхэн 6 малын махыг болон О-Шынаагаас баруун тийш 10 км байх Ак-Кежик суурингаас 1 морыг нь олж монголоос ирсэн эзэнд нь өгсөн. Омакийн морьд авсан Монгол хүнийг би ойроос хараагүй болохоор таньж чадахгүй” /1-р хх-ийн 178-182, 237-238 тал / гэх мэдүүлэг,

гэрч Я О В мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 11-нд миний гар утас уруу Монголын иргэн залгаад өөрийгөө Б гэж танилцуулаад надад 6 морийг худалдаж авахыг санал болгосон. Ингэхдээ Тувагаар ярьж байсан. Тийм сайн ярьдаггүй ч Тува хэлтэй байсан. Гэхдээ ярьж байгаа нь сайн ойлгогдохгүй байсан хэдий ч 6 морь худалдаж авахыг санал болгоод 2016 оны 04 сарын 19-нд Ак-Кежикт тууж ирж өгье гэсэн. Би зөвшөөрсөн. Би гар утаснаасаа Кыргыз Кежик-Оол уруу залгаад мөнгө байна уу хүнээс морь авах гэсэн юмаа гэхэд тэр байна гэж хариулсан. Тэгэхээр нь би түүнийг машинтайгаа шууд манайд хүрээд ир гэсэн. Кыргыз Кежик-Оол өөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа манайд ирсэн. Яг  тэр өдөр нь 2016 оны 04 сарын 11-ний оройн 19:00 цагийн үед машинтай К К-О бид 2 Тес-хемск хошууны О-Шынаагаас баруун зүгт 10 км-т байрлах А-К суурин руу 30 мин яваад 19:30 үед ирлээ. Замдаа би түүнд гар утсаар таньдаг Монгол 6 адууг ярьж тохироод ав гэж ярьлаа тэгээд бүгдийн 10000 /арван мянга/-д ав гэсэн гэж хэлсэн. Гэхдээ би түүнд нэрийг нь хэлээгүй. К К-О өөртөө байсан 1000-ын 10 ширхэг дэвсгэрт өгсөн. Ингээд бид зуны цагт мал хашиж барьдаг задгай талбайтай газар машинаа зогсоож К К-О машиндаа үлдээд би монгол танилтайгаа уулзахаар бүхээгээс буусан. Тэгээд би машинаас 100 метрийн зайд 6 адуу тууж ирсэн танилтайгаа уулзлаа. Тэр морьтой эр надад 6 адууг 10000 рублээр өгсөн. Дараа нь Б монголын тал руу явсан. Харин би нэг моринд нь мордоод үлдсэн 5-г нь туугаад О-Шынаа руу явсан. К К-О өөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа О-Шынаа суурин руу явсан. О-шынаа сууринд ирээд би 2 адууг нь гэрлүүгээ авч явсан. Өөрийн талбай руугаа аваачсан. Үлдсэн 4-ыг нь К К-О-ын  гэрт авч ирж гражинд хийсэн. Дараагийн өдөр нь 04 сарын 12-нд К К-О-той хамт өөрийгөө Б гэж танилцуулсан монгол хүнээс авсан 6 морио махалсан. Яг тэр өдрийн 15 цагийн алдад К К-О-д хилийн хуарангийн хилчид ирсэн. Фермер УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинд махалсан махаа ачиж байхад тэд ирээд биднийг саатуулсан. Би Б гэгч монгол хүний бидэнд зарсан морьд монголын нутгаас хулгайлагдсаныг мэдээгүй. Хилийнхэн 6 малын махыг болон О-Шынаагаас баруун тийш 10 км байх Ак-Кежик суурингаас 1 морыг нь олж монголоос ирсэн эзэнд нь өгсөн. Надад өөрийгөө Б гэж танилцуулсан монгол хүнийг би ганц удаа харанхуйд харсан болохоор таньж чадахгүй. Надад таниулахаар харуулсан 1-4 хүртэл дугаарласан 4 хүнийг би танихгүй анх удаа харж байна” /1-р хх-ийн 183-187, 239-241 тал/ гэх мэдүүлэг,

хилийн зөрчил шалгасан акт, амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт, нотломж, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн байцаагчийн эрүүгийн хэргийн талаар эрх зүйн тусалцаа хүсэх тухай даалгавар, уг даалгаврийн дагуу ирүүлсэн нотлох баримт, орчуулагч томилсон тухай мөрдөгчийн тогтоол, Увс финанс аудит ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 267 тоот “Морь үнэлсэн тухай тайлан” 2017 оны 5 сарын 18-ны өдрийн 209 тоот “Гүү үнэлсэн тайлан” /1-р хх-ийн 06-07, 10, 15-16, 38-39, 59, 164-168, 171-174, 199, 225-228, 232, 234-241 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэж, Монгол улсын хилийн 176/2 тэмдэгтийн баруун талаар 150 метр газраар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Сын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хил нэвтрүүлэн ОХУ-ын иргэн Я О В, К К-Оы В нарт 10,000 рублээр худалдсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна. 

Дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо тохирсон, агуулгын хувьд зөрүүгүй, гэрч, хохирогч нар хэргийн талаар өөрсдийн мэдэж байгаа болон шууд харсан зүйлээ гэрчилсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлсэн байх тул шүүх үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.       

Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Таньж олуулах ажиллагаа гэж намайг өдөржин гадаа зогсоож байгаад орой нь 2-3 хүн надтай зогсоож байгаад ОХУ-ын машинтай хүмүүс тойрч байгаад явсан. ОХУ-ын ногоон дүрэмт хувцастай албаны хүмүүс байсан. Харин намайг таньсан гээд байгаа хүмүүс машинаасаа буугаагүй, би хараагүй. Надад тухайн үед ОХУ-ын хүн чамайг таньсан гэж л хэлсэн. Би энэ гэрчээр мэдүүлэг өгсөн Тува хүмүүсийг танихгүй бөгөөд ОХУ руу залгаж ярьсан удаа байхгүй. Миний 95153935 дугаар утаснаас 2016 оны 4 сард яагаад ОХУ-ын 79232631887, 79235459304 дугаарын утас руу холбогдсон болохыг би мэдэхгүй. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй...” гэж мэдүүлж мэтгэлцжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эрх зүйн тусалцаа хүсэх мөрдөгчийн даалгаврын дагуу авагдсан ОХУ-ын Кизылийн хэсгийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “...Чинмит А-Х-О-д зураг дээр байсан Монгол улсын 3 иргэнийг харуулахад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр монгол адууг орос руу туусан хүний биеийн ерөнхий төрх, биеийн өндөр, бие бялдар, нүүр царайны байдлаараа дунд нь зогсож байгаа хүн илүү төстэй байна гэж хэлсэн. Чинмит А-Х-О-дын таньсан монгол улсын иргэн нь Ц Б мөн. ОХУ-ын иргэнээс тайлбар авч байхад танай туслагч нар байлцсан. ОХУ-ын иргэн Янзоо О.В-г таниулах ажиллагаанд оролцуулж 3 ширхэг зургийг үзүүлэхэд зураг №2 буюу Монгол Улсын иргэн Цийн Бын зургийг заасан. Мөн Монгол улсын 3 иргэнийг түүнд харуулахад Цийн Быг заасан. Энэ иргэн нь 2016 оны 4 дүгээр сарын 11-нд монгол адууг Ак Кежикт Орос улсын иргэнд дамжуулсан эсэхийг тодруулахад танай туслагч нар байлцсан” гэх Мэдээлэл хүргүүлэх тухай 45 тоот албан бичиг, гэрч Янзоо Омак Викторовичийн “...би монгол танилтайгаа уулзахаар бүхээгээс буусан. Тэр морьтой эр надад 6 адууг 10000 рублээр өгсөн. Дараа нь Б монголын тал руу явсан. Дараагийн өдөр нь 4 сарын 12-нд Кыргыс Кежик-Оолтой хамт өөрийгөө Б гэж танилцуулсан монгол хүнээс авсан 6 морио махалсан. Яг тэр өдрийн 15 цагийн алдад Кыргыс Кежик-Оолынд хилийн хуарангийн хилчид ирээд машинд махалсан махаа ачиж байхад биднийг саатуулсан”, гэрч Кыргыс Кежик-Оол Владимировичийн “...би машиныхаа бүхээгнээс 100 метрийн зайд Омак 6 адууг тууж ирсэн танилтайгаа уулзаж байгааг харж суусан. Тэр морьтой эр 6 адууг 10000 рублээр өгсөн. Дараа нь Омактай уулзсан хүн Монголын тал руу явсан” гэх мэдүүлэг, 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ОХУ, МУ-ын хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн уулзалтанд Монгол талаас оролцсон гэрч Х.Жанербек, Б.Пүрэвдорж, Х.Дамдинсүрэн нарын агуулгын хувьд зөрүүгүй “...уулзалтанд ОХУ-ын хилийн албаны хүмүүс Монгол Улсын иргэн Тэс сумын харьяат Ц.Бтай хамт 2-3 хүн зэрэгцүүлж зогсоогоод машин дотроос ОХУ-ын иргэн Янзоо-Омак болон нөгөө хүнийг суулгаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр адуу өгсөн гэх хүн энэ хүмүүс дотор байна уу? гэхэд Тува улсын иргэн Янзоо-Омак гэж хүн “надад адуу өгсөн хүн байна гээд Тэс сумын иргэн Ц.Быг шууд заасан, харин нөгөө тува хүн “би нэг удаа шөнө харсан болохоор сайн анзаараагүй, танихад бэрх байна. Их төстэй юм гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, хохирогч З.Сын 1 тооны адуу хүлээлгэн өгсөн амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт, нотломж, хохирогч З.Сын “...хилийн цаана аагт олом тамгатай адуу хураагдсан тухай сонсоод асуухад миний гүү байсан. 4 дүгээр сард хил гарч нядлагдсан гэж надад хэлсэн. Бодвол хэн нэгэн адууг маань бэлчээрээр явж байхад нь хүн хайж ирэхгүй болохоор хил гаргачихсан байх. Би өөрийнхөө адууг хайгаад 4 дүгээр сарын сүүлээр буюу 20-ны үер Зүүнговь сумын нутаг буюу Тарвагатайн хөдөө гэдэг газар явж байхад миний хонгор гүү, хул гүү 2 үхсэн байсан. Би сэг дээр нь очиж үзэхэд 10-аад хоногийн өмнө үхсэн болов уу гэхээр нэг их муудаагүй байсан. Миний хоёр гүү хоёулаа хээлтэй гүү байсан хөөгдөж яваад үхсэн болов уу гэлтэй цувраад үхсэн байсан...” гэх мэдүүлэг, баримтуудаар шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдээгүй гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Монгол Улсын хилийн 176/2 тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Сын 7 тооны адууг монгол улсын хилээр ОХУ-ын тал руу хууль бусаар нэвтрүүлсэн байх тул түүнийг хулгайлах, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Хохирогч З.Сын хулгайлагдсан гэх малын им, тамга, зүстэй хилийн зөрчил шалгах явцад хамгаалалтад авч, хохирогч З.Ст хүлээлгэн 1 тооны адууны зүс, им, тамга нь тохирч байх ба хохирогчийн 22 настай жороо саарал морийг 3000.000 төгрөгөөр, 12 настай хул морийг 750.000 төгрөгөөр, 3 настай хул гунжин гүүг 400.000 төгрөгөөр, 14 настай саарал гүү, 9 настай хулагч гүү, 7 настай хонгор гүүг тус бүр 650.000 төгрөгөөр, хүрэн даага, хонгор даага, хул даага тус бүрийг 250.000 төгрөгөөр, нийт 6.850.000 төгрөгөөр үнэлсэн болох нь Увс Финанс Аудит ХХК-ийн 2016 оны 6 сарын 17-ны өдрийн 267, 2017 оны 5 сарын 18-ны өдрийн 209 дугаар тайлангууд, хурдан морины медаль, өргөмжлөлүүд, Ц.М, И.Г нарын мэдүүлэг, Зүүнговь сумын уяачдын холбооны нарийн бичгийн дарга Ч.Н-ын тодорхойлолтоор нотлогдсон.        

Шүүгдэгч Ц.Бын хохирогчийн 6.850.000 төгрөгийн үнэлгээтэй 9 тооны адууг хэнд ч мэдэгдэлгүйгээр авч, ашиг олох зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэж, хилийн 176/2 тэмдэгтээр Монгол улсын хил нэвтэрч, ОХУ-ын Тес-хемск хошууны О-Шынаагаас тосгоноос 10 км баруун зүгт байрлах Ак-Кежик сууринд очин ОХУ-ын иргэдэд Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг буюу 7 тооны адууг 10.000 рублээр худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах”, 18.5 дугаар зүйлийн 1-д заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, “бүлэглэж, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Тухайн гэмт хэрэг 2016 оны 4 сард буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад үйлдэгдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд шинээр мөрдөгдсөн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөн ялтайг хэрэглэх зарчмыг хуульчилж өгсөн.

Иймд прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 18.5 дүгээр зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд  зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Быг хулгайлах, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, бүлэглэж, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Бын улсын хилээр хориглосон барааг буюу 7 тооны адуу нэвтрүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хуулинд зааснаар 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санкцтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн “ гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.2-д “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Ц.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлэээр хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Тэс сумын Тооромт багт эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, тогтсон ажилгүй, хувьдаа бог, мод нийлсэн 123 тооны малтай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2, 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна.

    Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 6.850.000 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд хохирогч З.Ст мөрдөн шалгах ажиллагааны шатанд 650.000 төгрөгөөр үнэлэгдсэн, саарал зүсмийн буруу гуяандаа аагт олом тамгатай 14 настай 1 тооны гүү хүлээлгэж өгсөн болох нь нотлогдсон.

 

     Мөн шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч З.Ст учруулсан хохиролд 6.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Ц.Бт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учирсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгчийн гэм буруугаа ойлгож, хохирогчид учирсан хохирлыг нөхөн  төлсөн байдал, хөнгөн ангилалын гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ц.Бт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тайлбарлаж байна. 

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 3-д “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 6 тооны адуу зарж борлуулсаны үнэ 10.000 рубль буюу 301.700 /монгол банкны 1 рубльтэй тэнцэх ханш 30.17 төгрөг болохыг тодорхойлсон хэргийн 250 дахь хуудаст авагдсан тодорхойлолтоор/ төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ авч, улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.

 

Мөн хэрэгт шүүгдэгчийн өмчлөлийн хүрэн гунан үхэр, 5 настай цоохор эм үхэр битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэж дуустал хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт хураагдан ирсэн эд зүйл байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэнтэй холбогдуулаад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Т ургийн овгийн Цийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Шүүгдэгч Т ургийн овогт Цийн Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгчид хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б нь хохирогч З.Ст хохиролд 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 10.000 /арван мянга/ рубль буюу 301.700 /гурван зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ авч, улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ц.Бын өмчлөлийн хүрэн гунан үхэр, 5 настай цоохор эм үхрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэгжих хүртэл хугацаанд хэвээр үлдээхээр тогтсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА