Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 20

 

Ц.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, Л.Жавзмаа, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Б-д холбогдох эрүүгийн 201620000087 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... багт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2, 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсгүүдэд зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 7 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар 0083030519, Т ургийн овогт Ц-ийн Б.

Шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэн Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.С-ын 9 тооны адуу хулгайлж, бусадтай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Монгол улсын хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хохирогч З.Сын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж ургийн овогт Цэдэн-Ишийн Баатаржавыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, олон тооны мал хулгайлах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж Монгол Улсын хийлийг хууль бусаар нэвтрэх, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Т овогт Ц-ийн Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож” шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Ц.Б-д холбогдох эрүүгийн 201620000087 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 97 дугаар шийтгэх тогтоол гарсан уг тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.11 дэх, мөн хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь, уг хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 3.7 дугаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 4, 13, 15 дахь заалт, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 35.8 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Яллах дүгнэлтэнд “Шүүгдэгч Ц.Б 2016 оны 4 дүгээр 11-ний шөнө бусадтай бүлэглэн хохирогч З.Сын 9 тооны адуу хулгайлсан гэх үйлдэлд /2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, бусадтай бүлэглэн улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдэлд 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг/, хохирогч З.Сын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэьтрүүлсэн гэх үйлдэлд /2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-д 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэн хохирогч З.Сын 9 тооны адуу хулгайлсан гэх үйлдэлд ял оногдуулахдаа Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар “... бүлэглэн, ... олон тооны мал хулгайлсан” гэж хүндрүүлэх ямар шинж тогтоогдсон талаар тодорхой дурдахгүйгээр зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана”, “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж болно” гэж хуульчилсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг ноцтой зөрчсөн байна.

Дээрх хүндрүүлэх /нөхцөл байдал/ бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд мөрдөгч болон прокурор тогтоох үүрэгтэй гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх”... хэнтэй хэрхэн бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй яллагдагчаар татаагүй, мөрдөн байцаалт явуулаагүй, ял сонсгоогүй зүйлчлэлээр хариуцлага оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ.

...Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 153 дугаар тогтоолд заасан ажиллагаануудыг шүүхийн шатанд хийж гүйцэтгэх боломжгүй өөрөөр хэлбэл уг тогтоолын биелэлт хангагдаагүй, хэрэгжээгүй, анхан шатны шүүх “...шүүгдэгч нь гэм буруутайд тооцогдсон хэргүүдийг ганцаараа бус бүлэглэж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хамтран хариуцах ёстой ...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүгдэгчид ял оногдуулсан үндэслэлээ үгүйсгэсэн дүгнэлт хийжээ.

 

Анхан шатны шүүхээс яллах дүгнэлтэд дурьдсан дээрх үйлдлүүд нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа болон үгүйсгэгдэж байгаа талаар хэрэг тус бүрт нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

 

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхий 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Мөн шүүгдэгч нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ямар нэгэн эрх зүйн актгүйгээр 3 сар гаруй хугацаанд хоригдсон. Иймээс шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр прокуророос 2015 оны эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. 2015 оны эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бүлэглэж гэдэг ойлголт байхгүй. Гэтэл прокурор бүлэглэж гэдэг асуудал яриад байна. Шүүгдэгч Ц.Б 3 төрлийн гэмт хэрэгт холбогдсон.

1 дүгээрт хулгайн гэмт хэрэг. Прокуророос уг гэмт хэргийг шүүгдэгч Ц.Быг бүлэглэж үйлдсэн гэж хуулинд байхгүй хүндрүүлэх бүрэлдэхүүн яриад байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан. Ингэж ял оногдуулахдаа бүлэглэж, олон тооны мал хулгайлсан гэж хүндрүүлсэн байгаа. Яллах дүгнэлтэд олон тооны мал гэх ойлголт огт байхгүй. Шүүхээс 9 адуу бол 8 бог мал юм байна гэж үзээд шууд олон тооны мал гэж ойлгож ял оногдуулсан. Гэтэл үүнийг мөрдөн байцаалтын шатанд тогтоох ёстой байсан. 2015 оны эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “олон тооны адуу” хулгайлах гэж тусгайлан заасан байдаг бөгөөд уг заалтыг хэрэглэвэл шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох юм байна гэж шүүх дүгнээд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх биш дордуулсан байна.

2 дугаарт 2015 оны Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэг. Анхан шатны шүүх үйлдэл тус бүр дээр дүгнэлт хийх ёстой байтал Монгол улсын хилээр нэвтрэхдээ бичиг баримтгүй нэвтэрсэн юм уу, хуурамч бичиг баримттай нэвтэрсэн юм уу, эсхүл зохих зөвшөөрөлгүй нэвтэрсэн юм уу гэх үйлдлийг анхан шатны шүүх тусгаарлаж өгөөгүй. 2002 оны эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт бүлэглэж гэсэн ойлголт байхгүй. Ер нь бүлэглэж хил нэвтрэх гэсэн ойлголт байхгүй. 2015 оны эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт бүлэглэж гэж оруулж ирсэн байдаг. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдал хүндэрч байна уу хөнгөрч байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй байсан.

3 дугаарт 2015 оны эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөн бүлэглэж гэсэн ойлголт огт байхгүй. Улсын дээд шүүхийн 153 дугаар тогтоолд бүлэглэж үйлдсэн эсэх, хэн гэдэг хүнтэй хамтарч энэ хэргийг үйлдсэн бэ гэдгийг олж тогтоох шаардлагатай бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байна гэж дүгнэсэн. Иймд шүүгдэгч Ц.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын гаргасан гомдлыг хангаж өгнө үү” гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж, бусад заалтын хэвээр үлдээж, хэргийн оролцогчдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 201620000087 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Прокуророос Ц.Бын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэн Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.Сын 9 тооны адуу хулгайлж, 6.850.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын шөнө хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, мөн хохирогч З.Сын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, олон тооны мал хулгайлах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

  1. Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааны талаар:

Анхан шатны шүүх Ц.Бын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэн Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг Тарвагатайн хөдөө гэх газраас хохирогч З.Сын 9 тооны адуу хулгайлж 6.850.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь:

Ц.Бын дээрхи үйлдэлд Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар мал хулгайлах үйлдлийг бусдын эд хөрөнгө хулгайлах зүйл заалтаас салгаж хуульчилсан байхад мал хулгайлсан үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж болох боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “Хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих” ял шийтгэх зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг буюу “Эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан хүнд ялтай зүйл заалтаар ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэх заалтуудыг ноцтой зөрчиж, прокуророос яллаагүй зүйл заалтаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нь буруу болжээ.

  1. Хэргийг прокурорт буцаах үндэслэлийн талаар:

2002 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийг ердийн хулгайн гэмт хэргийн адилаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд зааснаар зүйлчлэхээр хуульчилсан бол 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь 17.12 дугаар зүйл болгож хуульчилсан ба ийнхүү мал хулгайлах гэмт хэргийг тусад нь хуульчилсныг шинээр гэмт хэрэгт тооцсон гэж үзэх боломжгүй. Хулгайлах гэмт хэргийн  “олон тооны мал хулгайлах “ гэсэн хүндрүүлэх шинж нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болон 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн аль алинд нь хуульчлагдсан байхад прокуророос Ц.Бын бусдын 9 тооны адуу хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу ердийн хулгайн гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэх үндэслэл болж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой боловч прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн өөрчлөх боломжгүй, оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл бий болж байх тул хэргийг прокурорт буцааж зүйлчлэлийг зөвтгүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн Ц.Б нь бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө хохирогч З.Сын 9 тооны адуу хулгайлсан, хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хохирогчийн 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэргийг хэнтэй, хэрхэн бүлэглэж үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, тухайн хэргийг хамтарч үйлдсэн гэх хүн нь хэрэг хариуцах чадвартай эсэх зэрэг хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг тогтоох нь зүйтэй байна.

Энэ талаар давж заалдсан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг нэмж  хийлгэхээр хэргийг  прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон, мөн Ц.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл байхгүй байх тул хэргийг прокурорт очтол Ц.Бд хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох эрүүгийн 201620000087 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Увс аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Ц.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧИД                               Н.ТУЯА

Д.ЖАМБАЛСҮРЭН