Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 504

 

Н.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн, нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Д.Даваа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар магадлалтай, Н.Ж-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***,

1983 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169 б-д зааснаар 6 сар

хорих,

1985 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169 б-д зааснаар 3 жил хорих,

1989 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1500 төгрөгөөр

торгох,

1990 онд Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлд зааснаар 2 жил 6 сар хорих,

1991 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 5 жил хорих,

Дундговь аймгийн шүүхийн 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А/3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 5 жил хорих,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр зүйлийн 27-ны өдрийн 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Н ш овогт Н-н Ж-.

Н.Ж- нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Бамбарын 5-509 тоот хашааны гадна амь хохирогч Б.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар тээврийн хэрэгслээр санаатай дайрч хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ж-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-д 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ж-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх миний гомдлын талаар ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүйгээр барахгүй энэ талаар ямар ч шийдвэр гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.9 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул хяналтын шүүхэд дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үүнд ...Хохирлын асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хохирлыг бүрэн шийдвэрлээгүй, хохирлыг буруу тооцсон нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг ноцтой зөрчжээ.

Мөн уг магадлалд өмгөөлөгч Д.Даваагийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг зөрчсөн гэж ташаа дүгнэлт хийжээ.

Хүн амины санаатай хэрэг, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг хоёрын онц ялгаатай байдлыг давж заалдах шатны шүүгчид ойлголгүй Н.Ж-ы үйлдлийг хүн амины санаатай гэмт хэрэг гэж анхан шатны шүүх түүний эрх зүйн байдлыг эрс дордуулж, хууль буруу хэрэглэж ноцтой зөрчил гаргасныг анхаарч үзэлгүй, орхисныг давж заалдах шатны шүүхийн ноцтой алдаа гэж үзэж байна.

Хавтаст хэргээс дүгнэлт хийхэд Н.Ж-д холбогдох хэргийн субъектив, объектив шинжүүд нь хүний амины хэрэг биш авто аваарын гэмт хэрэг болох нь бүх шинжээрээ ойлгогдоно.

Ялтан Н.Ж- хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсноос уг хэрэг үйлдэгдсэнийг, түүний үйлдэл нь тодруулбал уг гэмт хэрэг хүн амины хэргийн шинжгүй болохыг маш дэлгэрэнгүй бичсэнийг эрхэм шүүгчид танилцахыг гүнээ хүсч байна. Н.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 заалтаар гэмт хэрэг үйлдэгдсэн нь тодорхой байна.

Хохирогчийн төлөөлөгчид учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоосноор прокурор яллах дүгнэлтийнхээ хавсралтанд бичсэн ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хохирлын асуудал тогтоогдсон бөгөөд хохирогчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, давж заалдах шатны хурал дээр бичиж, хэлж байгаа хохирол нь нэгэнт прокурорын шатанд, урьдчилан хэлэлцүүлгийн үед уг хохирол нь байгаагүй учир түүнийг давж заалдах шатны шүүх иргэний журмаар уг хохирлоо нэхэмжлэх эрхтэй болох талаар дурдаж энэ шалтгаанаар шүүхийн шийтгэх  тогтоолыг хүчингүй болгох ёсгүй юм.

Н.Ж- анхан шатны шүүх хуралдааны үед прокурорын яллах дүгнэлтийн хавсралтандаа бичсэн хохирлыг бүрэн төлсөн тул шүүх төлбөргүй гэж дурдсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж ялтан Н.Ж-д холбогдох хэргийг зөв зүйлчилж, түүнд оногдох ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Хэргийн материалд авагдсан байгаа гэрч н.Чулуунбаатар, н.Оргил, н.Мөнхбаатар, н.Наранбаатар, н.Энхтамир нарын мэдүүлгийг харьцуулж үзэхийг хүсье. Шүүгдэгч нь 7,557,000 төгрөгийн хохирлыг төлсөн бөгөөд анхан шатны шүүх хохирол бүрэн төлөгдсөн гэж дүгнэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх хохирлын тооцоог буруу тооцсон гэх дүгнэлт хийсэн. Миний бие 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийн материалтай танилцаж түүвэр хийхэд нийт хохирлын хэмжээ 7,511,349 төгрөг байсан. Анхан шатны шүүх хуралдаан болох үед хохирогчийн өмгөөлөгч сул баримтуудыг гаргаж ирснийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж хурлыг үргэлжлүүлсэн. Анхан шатны шүүх алдаагаа залруулахаар дахин шүүх хурал зарласан боловч уг хуралдааныг хийгээгүй. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн хохирлын талаар хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны зөрчсөн эсэхийг хянаж, дээр дурдсан асуудлуудад үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай хэлсэн саналдаа “Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хянадаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл тодорхойгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж гарсан. Бидний зүгээс хэргийн материалд хохирлын баримтыг гаргаж өгсөн боловч мөрдөгч зарим баримтыг орхиж товъёоглосон учраас товъёог, хохирлын баримтууд хоорондоо зөрсөн нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хохирлын баримтыг нэг бүрчлэн тооцолгүй зөвхөн товъёог үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдал нийцээгүй.

Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ж-д ял оногдуулсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болсон байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, хохирлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тооцоогүй зэрэг зөрчил гаргасан буюу хохирлыг бүрэн төлсөн мэт дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Ж-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Н.Ж-ыг 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Бамбарын 5-509 тоот хашааны гадна амь хохирогч Б.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар тээврийн хэрэгслээр санаатай дайрч хүнийг алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн 8 жил хорих ял шийтгэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй талаар дүгнэлт хийж уг шийдвэрийг хүчингүй болгон хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тодруулбал, шүүх анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн үнэлэлгүй, хохирлыг бүрэн төлсөн мэт хэргийн бодит байдалд нийцээгүй, алдаатай дүгнэлт хийсэн, улмаар энэхүү дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, эрүүгийн хариуцлагын төрөл, түүний хэр хэмжээг тодорхойлоход нөлөөлсөн байгаа нь уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.   

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Түүнчлэн, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг хянан үзэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан тодорхой үндэслэл, журмын заалтыг хангагдсан эсэхэд дүгнэлт хийхийн зэрэгцээ дээр дурдсан нийтлэг зарчмуудын агуулгад нийцсэн эсэхийг хянан үзэх үүрэгтэй байдаг тул хэрэгт авагдсан нотлох баримт нэг бүрчлэн нотлох баримтаар тооцоход дээрх шаардлага нэгэн адил тавигдах ёстой.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байгаа тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг энэ удаа эцэслэн хийгээгүй болохыг үүгээр тэмдэглэж байна.   

Нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх дээрх байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан “...прокурорын яллах дүгнэлтийн хавсралтанд бичсэн хохирлыг бүрэн төлсөн, анхан шатны шүүх хохирол бүрэн төлөгдсөн гэж шийдвэрлэсэн, ...шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ж-ы өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН