Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2023/00011

 

 

     

 

 

 

 

                          

“К” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2022/00876 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** үйл ажиллагаа явуулдаг “К” ББСБ ХХК (захирал Н.С-)-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух С.М-ад холбогдох,

 

“Зээлийн үлдэгдэл 14,758,600 төгрөг, зээлийн хүү 13,811,789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,759,944 төгрөг, бүгд 31,330,533 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Зээлдэгч С.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Өлгий сумын “К” ББСБ ХХК-аас 14,935,600 төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 48 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан.

1.2. Зээлдэгч С.М- нь одоогоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Тирлик захад наймаа хийдэг. Зээлдэгч С.М- нь авсан зээлээ хугацаанд нь төлөхгүй өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж байгаа ба зээлийг төлөх талаар удаа дараа шардсан боловч уг зээлээ төлөхгүй байна.

1.3. Иймд С.М- 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 14,758,600 төгрөг, зээлийн хүү 13,811,789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,759,944 бүгд 31,330,533 төгрөгийг төлүүлэн “К” ББСБ ХХК-ыг хохиролгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие “К” ББСБ ХХК-аас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 14,935,600 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийг авахдаа эргэлтэд оруулж ашиг үзэх гэж авдаг бөгөөд зээлийг авсан үед Ковид-19 цар тахал өвчний дэлхий даяар тархаж бидний амьдарлаа залгуулж байсан наймаа зогсонги байдалд орж Хятадаас бараа татах боломжгүй байдалд хүрсэн. Дээрх байдлыг харгалзан Засгийн газар зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулж, зээлийн хүүг орон даяар бүх банк, банк бус санхүүгийн байгууллагуудад буруулах үүрэг чиглэл өгч ажилласан.

2.2. Гэтэл “К” ББСБ ХХК нь тухайн шийдвэрийг үл биелүүлж, миний авсан 14,935,600 төгрөгөөс 7,904,340 төгрөгийг хасахгүйгээр шууд 31,330,533 төгрөг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Тухайн үед миний боломж бололцоог “К” ББСБ ХХК нь сайн мэдэж байсан ба холбогдох албан тушаалтнуудад зээлийн хүүг бууруулж өгөх талаар хүсэлтээ гаргаж байсан.

2.3. Нэхэмжлэлд үндсэн зээлээс зээлийн хүү нь хэтэрсэн байдалтай харагдаж байгаа бөгөөд “К” ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийтдээ 31,330,533 төгрөгийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Учир нь, энэ зээлийг би 2019 онд авсан түүнээс хойш 3 жил болж байна. Тухайн үед шүүхэд өгөлгүй албаар зээлийн хүүг өсгөж байгаад 3 жилийн дараа их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа хуулиас дээгүүр хадгаламж зээлийн хоршоонууд олон болсон байна.

2.4. Гэрээний хугацаанд С.М- үндсэн зээл болох 14,935,600 төгрөгөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 4 удаагийн үйлдлээр 6,698,150 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч талын ****** тоот дансанд 1,198,150 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр С.М-ын Хаан банк дахь ****** тоот данснаас нэхэмжлэгч талын ****** тоот дансанд 150,000 төгрөг буюу 2 удаагийн үйлдлээр 1,348,150 төгрөг төлсөн нь Депозит дансны хуулгаар нотлогдох болно.

2.5. Иймд хариуцагч нэхэмжлэгч нарын хоорондын тооцоогоор 6,698,150 төгрөг төлсөн, нотлох баримтаар 1,348,150 төгрөг төлж, нийтдээ 8,046,300 төгрөг төлж одоо үндсэн зээл 14,935,600 төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 7,889,300 төгрөгийг нэхэмжлэгч “К” ББСБ-д төлөхийг зөвшөөрч байна, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2022/00878 дугаар шийдвэрээр:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан хариуцагч С.М-аас үндсэн зээл 11,662,173 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,970,879 төгрөг нийтдээ 13,633,052 (арван гурван сая зургаан зуун гучин гурван мянга тавин хоёр) төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 17,697,481 (арван долоон сая зургаан зуун ерэн долоон мянга дөрвөн зуун наян нэгэн) төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч “К” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,703 төгрөгөөс 314,603 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 4100 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан, мөн хариуцагч С.М-аас 226,115 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч “К” ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:   

4.1. Зээлдэгч С.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 13-ны өдөр зээлийн үйл ажиллагаа явуулдаг “К” ББСБ-аас 14,935,600 төгрөгийг жилийн 48 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэж авсан байна.

4.2. Зээлдэгчтэй байгуулсан зээл, барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т “Зээлдэгч үндсэн зээл болон хүүг энэ гэрээний хавсралт дахь талуудын тохиролцсон хуваарийн дагуу эгүүлэн төлнө. Зээлдэгч үндсэн зээл, түүний хүүг хуваарьт хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 452.2-т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлнө” гэж заасан. Үүний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 14,758,800 төгрөг, зээлийн хүүд 13,811,789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,759,944 төгрөг нийтдээ 31,330,533 төгрөг төлөх ёстой байжээ.

4.3. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар С.М- нь тооцоо нийлж “үндсэн зээл 14,758,800 төгрөг, зээлийн хүү 9,740,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,781,736 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулна” хэмээн өөрийнхөө гараар баримт үйлдэж өгсөн байна. С.М- нь тус ББСБ-аас авсан зээлийн 191409 тоот гэрээний зээл болон хүүгийн төлбөрт төлсөн төлбөрийг хасуулж, зээлийн эдийн засагчтай тооцоо нийлж байж энэхүү тооцоог өөрөө хүлээн зөвшөөрч баримт үйлдэж өгсөн байсан. Үүнээс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс зөвхөн нэмэгдүүлсэн хүүг тооцон үлдэгдэл төлбөртэй хамт гаргаж өгсөн атлаа зээлийн хүүг тооцохгүйгээр орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл тооцооны хувьд алдаа гаргаж 17,697,481 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдож байна.

4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч С.М-аас 31,330,533 төгрөг гаргуулан “К” ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хариуцагч С.М- “К” ББСБ-аас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр  14,935,600 төгрөгийг 4%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан. Гэрээний хугацаа болон гэрээний хугацаа дууссаны дараа ч нийтдээ 6,848,150 төгрөг төлсөн. Гэрээнд болон хуульд зааснаар гэрээгээр хүлээсэн зээлийн хүү болох 3,574,723 төгрөгийг нийт төлсөн 6,848,150 төгрөгөөс хасаж тооцсоноор гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хүлээсэн. Зөрүү 3,273,427 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцоход 11,662,173 төгрөгийг шүүх төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэрээ болон Иргэний хуулийн 452 дугаар зүйл 452.2-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан. Тэгэхээр үндсэн хүүгийн 2%-аас хэтрэхгүй гэхээр гэрээгээр тохирсон хүүгийн 20%-аар тооцож хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 

5.2. Иргэний хуулийн 223.2-д “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан. Зээлдүүлэгч буюу “К” ББСБ болон зээлдэгч С.М- нарын хооронд байгуулсан 2019 оны гэрээний зээлдүүлэгчийн эрх гэж заасан. 2020 оны 3 дугаар сард гэрээний хугацаа дууссан байхад 2 жил гэрээгээ цуцлуулахгүйгээр барьцааны хөрөнгийг үл маргах журмаар нэмэгдүүлсэн хүү тооцоод хоёр дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

5.3. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл харгалзан хүү анз авах эрхээ алдана” гэж заасан. “К” ББСБ Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 2, 2.4 дэх хэсэгт зааснаар хүү анз авах эрхээ алдсан. Энэ нь гэрээний заалтын 2.3-д заасан зээлдүүлэгчээс үндсэн зээл түүний хүүг хуваарьт хугацаанд шаардах эрхтэй бөгөөд зээлдүүлэгчийн барьцааны зүйлийг үл маргах журмаар авах эрхтэй байсныг зөрчсөн.

5.4. Мөн талуудын байгуулсан гэрээний 4.1.2-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээл болон зээл төлөх графикийг зөрчсөн байвал гэрээг цуцална гэж  тодорхой заасан. Гэрээгээ цуцлах үүргээ нэхэмжлэгч өөрөө зөрчсөн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 423 дугаар зүйл, 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсгийг зөрчиж гэрээнд илүү заалт оруулсан. Иргэний хуулийн 455.2 дахь заалтад заасан  зөвхөн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан.

5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2022/00876 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэхэд, “К” ББСБ ХХК болон С.М- нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 191409 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 14.935.600 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар шилжүүлсэн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлдэгч нь зээлдүүлэгчид эхний 5 сарын байдлаар зөвхөн зээлийн хүүг буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 589,240 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 608,881 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 589,240 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 608,881 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 608,881 төгрөгийг тус тус төлөх, сүүлийн 6 дахь сард зээлийн хүүг үндсэн зээлийн хамт 15,505,199 төгрөг, нийт 18,510,322 төгрөг, үүнээс зээлийн хүүд 3,574,722 төгрөг төлөхөөр гэрээний талууд харилцан тохиролцсон, уг тохиролцоо нь хүчин төгөлдөр байна.

            Талуудын уг тохиролцоо нь зээлийн гэрээний 2.4 дэх заалтад “Зээлдэгч үндсэн зээл болон хүүг энэ гэрээний хавсралт дахь талуудын тохиролцсон хуваарийн дагуу эргүүлэн төлнө” гэж заасанд үндэслэгдсэн бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.

 

            8. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, зохих ёсоор буюу цаг тухайд нь биелүүлээгүй бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,198,150 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 6,698,150 төгрөг төлсөн, энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгснөөс гадна хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үйлдсэн “...зээлийн төлбөрийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүрэн барагдуулна. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,758,800 төгрөг, зээлийн хүү 9,740,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,781,736 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэх тооцоо нийлсэн баримтыг мөн шүүхэд гаргаж өгчээ.

 

            9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4-т “Зээлдэгч үндсэн зээл болон хүүг энэ гэрээний хавсралт дахь талуудын тохиолцсон хуваарийн дагуу эргүүлэн төлнө. Зээлдэгч үндсэн зээл, түүний хүүг хуваарьт хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 452.2-т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлнө” гэж, 2.5-д “Зээлдэгч зээлийн хүү, үндсэн зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол зээлдүүлэгч нь хугацаа хэтрүүлсэн сар, хоногоор тооцон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.6-д зааснаар хүүг төлүүлнэ. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.6-д заасан хүү нь зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү /үндсэн болон нэмэгдүүлсэн/ байна”, 6.2-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийн хувьд зээл болон барьцааны гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх заалтууд, баримтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудад тулгуурлаж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 14,758,800 төгрөг, зээлийн хүүд 13,811,789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,759,944 төгрөг, нийт 31,330,533 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн уг тооцооллыг буруутгах үндэслэл бүхий нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүйгээс гадна уг тооцоололтой холбоотой хариуцагч тал нотлох баримт, тайлбар гаргаж мэтгэлцээгүй, гагцхүү “цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон, Засгийн газраас зээлийн хүүг бууруулах чиглэлийг орон даяар өгч байсан, үүнийг нэхэмжлэгч биелүүлээгүй, зээлийн хүүг бууруулах талаарх зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй, үндсэн зээлээс зээлийн хүү нь хэтэрсэн учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль бус” гэсэн агуулгатай хариу тайлбарыг шүүхэд ирүүлснээс өөр хэрэгт ач холбогдолтой, хариу тайлбараа нотлох баримтыг гаргаж өгөх, үгүйсгэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 31,330,533 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийхдээ тооцооллын алдаа гаргаж зээлдэгчээс зээлийн гэрээний 1.2-т зааснаар зээлийн материал бүрдүүлэлтийн шимтгэлд зориулж зээлийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 150,000 төгрөгийг “2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 150,000 төгрөг” гэж зээлдэгчийн нийт төлсөн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт оруулан тооцсон, түүнчлэн зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаанд төлсөн 1,198,150 төгрөг, гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 1,500,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөг, нийт төлсөн 6,698,150 /анхан шатны шүүх 6,848,150 гэж 150,000 төгрөгийг оруулж буруу тооцсон/ төгрөгөөс гэрээ болон түүний хавсралтад заасан /хэрвээ зээлдэгч зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэх үед төлөх/ нийт хүүгийн төлбөр 3,574,722 төгрөгөөс хасаж, үлдсэн 3,123,428 /анхан шатны шүүхийн тооцооллоор 3,273,427/ төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасаад “зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 11,662,173 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байна” гэж эрх зүйн алдаатай дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ үндсэн зээлийн үлдэгдлийг 14,758,800 төгрөг гэж тогтоож, энэ нь хэргийн 8 дугаар талд авагдсан баримтад үндэслэгдсэн байхад шүүх үндсэн зээлийн үлдэгдлийг ямар учраас 14,935,600 төгрөг гэж тогтоосон нь шийдвэрийн үндэслэлээс тодорхойгүй байна.

 

            11. Анхан шатны шүүх зээлдэгчийн үүргийн зөрчлийг дээрх агуулгаар дүгнэж, зээлдэгчийн төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг “зээлийн гэрээнд заасан хугацаагаар хязгаарлаж тооцно” гэсэн агуулгатай дүгнэлт хийхдээ “К” ББСБ ХХК болон С.М- нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 191409 дугаартай зээлийн гэрээний 2.4, 2.5 болон 6.2-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийн хувьд зээл болон барьцааны гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тохиролцоог анхаараагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бодитой үнэлэх журмыг зөрчиж Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

            Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж тус тус хуульчилснаас гадна зээлдэгчийн хариуцлагын талаар мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тодорхой хуульчилсан байна.

 

            12. “К” ББСБ ХХК болон С.М- нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дээрх заалтууд Иргэний хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд гэрээний 6.2, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэвэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хариуцлагаас чөлөөлөх, гэрээнд заасан хугацаагаар хязгаарлаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

 

            13. Иймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2022/00876 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч С.М-аас үндсэн зээл 14.758.800 төгрөг, зээлийн хүү 13.811.789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.759.944 төгрөг, нийт 31.330.533 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К” ББСБ ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К” ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318.703 төгрөгөөс 314.602 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.М-аас 314.602 төгрөг, тогтоосон хэмжээнээс илүү тушаасан 4.101 төгрөгийг төрийн сангийн 100020000941 тоот данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч  “К” ББСБ ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах гомдлыг хангасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.483 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргуулж “К” ББСБ ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

                                   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК