Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2023/00012

 

 

     

 

 

С.Б-, С.С- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2022/00855 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****** оршин суух С.Б-, С.С- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *****оршин суух Х.Х-д холбогдох,

“Хөрш болох Х.Х-ий барьж эхэлж байгаа 2 давхар байшинг нүүлгэх” тухай  иргэний хэргийг нэхэмжлэгч С.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгч С.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч С.Х-, хариуцагчийн өмгөөлөгч  Я.Сьезд, орчуулагч Т.Баршагүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Бидний хөрш болох Х.Х- нь бидний үл хөдлөх хөрөнгө болох өвлийн сууцны хажууд 2 м хүрэхгүй зайтай байшин барих гэж байна. Х.Х- нь өчигдрөөс эхлэн шинээр байшин барихаар болж суурийн ажлаа хийхээр хэв харшмал угсарч эхэлсэн. Бид түүнд шинээр байшин барих гэж байгаа бол ядаж 4-5 метрийн зай үлдээж байшин бариарай, хашаандаа хангалттай зай байгаа, заавал бидний байшинд ойртуулж наалдуулж байшин барих шаардлага байхгүй гэдгээ хэлсэн. Учир нь, байшингууд нэг нэгнээ халхавчилж нар харах боломжгүй болгохоос гадна гал түймэр гарсан нөхцөлд аюултай нөхцөл үүснэ, дээрээс нь гал унтраах техник хэрэгсэл хүрч унтраах боломжгүй болно гэдгийг хэлсэн боловч чиний байшин, хөрөнгө галд шатах эсэх нь надад огт хамаагүй гэх мэтээр биднийг үл тоомсорлосон.

1.2. Байшингийнхаа яг хажуу талд байнгын барилгын ажил эхлүүлснээс болж гэр оронд маань тос шоороо орсноос гадна, чимээ шуугиан, элдэв үнэр гэх мэт нь бидний орон гэр тайван амьдрах нөхцөлийг алдагдуулах боллоо. Иймд Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4, 137 дугаар зүйлийн 137.1-т зааснаар хөрш Х.Х-ий барьж эхэлж байгаа байшинг нүүлгэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Хус арал 19-01 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр өмчилж аваад 7 жилийн нүүр үзэж байна. Уг өмчилж авсан газарт 106.5 м.кв талбайтай хувийн сууцтай.

2.2. Хувийн сууцанд 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Ингээд миний бие 2022 оны хавраас өөрийн хууль ёсоор эзэмшиж буй газарт шинээр өвлийн сууц барьж байна. Учир нь, бидний амьдарч байсан өвлийн сууц хуучирсан учраас шинэ байшин барихаар болсон. Х.Х- миний шинээр барьж буй хувийн сууц нь хөрш болох С.Б-, С.С- нарын эзэмшил газар буюу хашаанаас 2,4-2,6 метрийн зайтай юм.

2.3. Харин С.Б-, С.С- нар 2017 онд манай хашаанд тулгаж байгаад байшин барьж одоо ашиглаж сууж байна. Тэр нэхэмжлэлдээ нар харах боломжгүй, гэр оронд тоос шороо орсон, чимээ шуугиантай, элдэв үнэр гарсан гэж бичсэн байна. Бодит байдалд тийм зүйл байхгүй. Харин манай хашаанд тулгаж барьсан талд 2 унтлагын өрөөний цонх байх бөгөөд энэ нь ертөнцийн зүүн зүгт байна. Манай байшингийн зүүн талын цонхыг С.Б-ийн байшин халхалж байна. Иймд миний бие хөрш зэргэлдээ орших С.Б-, С.С- нарын газар эзэмших эрхийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2022/00855 дугаар шийдвэрээр:

3.1. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-, С.С- нарын хөрш болох хариуцагч Х.Х-ий барьж эхэлж байгаа 2 давхар байшинг нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-, С.С- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч С.С- нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Баян-Өлгий аймгийн **** оршин суудаг миний нөхөр болох С.Б-, С.С- бидний хөрш болох Х.Х- нь бидний үл хөдлөх хөрөнгө болох өвлийн сууцны хажууд 2 м хүрэхгүй зайтай байшин барьж эхэлсэн /суурийн хэв-хашмал угсарч эхэлсэн/. Энэ үед шүүхэд хандаж барилгыг зогсоох, нүүлгэх тухайн нэхэмжлэл гаргаж хариуцагчид гардуулж өгсөн.

4.2. Гэтэл Хуаны Х- шүүхээс гардуулсан нэхэмжлэлийг үл тоож, барилгын ажлаа үргэлжлүүлэн барьсаар байсан. Шүүхээс 2 сарын дотор шийдвэрлэх ёстой байсан атлаа энэхүү маргааныг хариуцагчид давуу байдал олгохын тулд сунжруулсаар байгаад буюу Х- барилгаа барьж дуусгахыг хүлээж байгаад 4 сар 11 хоногийн дараа шийдвэрлэсэн.

4.3. Бид түүнд шинээр байшин барих гэж байгаа бол ядаж 4-5 метрийн зай үлдээж байшин барихыг, хашаанд нь хангалттай зай байгааг, заавал бидний байшинд ойртуулж наалдуулж байшин барих шаардлага байхгүй гэдгийг хэлсэн. Учир нь байшингууд нэг нэгнээ халхавчилж нар харах боломжгүй болгохоос гадна гал түймэр гарсан нөхцөлд аюултай нөхцөл үүснэ, дээрээс нь гал унтраах техник хэрэгсэл хүрч унтраах боломжгүй болно гэдгийг хэлсэн боловч чиний байшин, хөрөнгө галд шатах эсэх нь надад огт хамаагүй гэх мэтээр биднийг үл тоомсорлосон.

4.4. Иргэний хуулийн 135.4-т “Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй”, 137 1-т “Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэж заасан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан.

4.5. Эрх бүхий байгууллагын дүгнэлтээр барилга хоорондын зай нь галын аюулгүй байдлын шаардлага хангахгүй, барилга хоорондын зайг хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан байхад шүүх үүнийг үл тоомсорлон хууль бус шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн дагуу миний барилга галын аюулгүйн шаардлага хангахгүй, барилга хоорондын зайн шаардлагыг хангахгүй барилга болж хоцорч байна. Шүүхийн шийдвэрийн дагуу хохирч үлдлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж хөрш болох Хуаны Х-ий барьж эхэлж байгаа байшинг нүүлгэж өгнө үү.

 

5. Хариуцагч Х.Х-ий давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  

5.1. Нэхэмжлэгч нарын байшин болон миний байшингийн хоорондох зай 2 метр бус 3 метр байгаа. Шүүх болон Онцгой байдлын газраас очиж хэмжиж үзсэн. Байшингийн нөгөө талд худагтай, байшингаа худагт тулгаж барьсан тул бохирын цооногоо нөгөө талд гаргах боломжгүй. Уг худаг нь би хашаа байшингаа 2005 онд худалдаж авахад байсан. Нэхэмжлэгч С.Б- надтай ирж уулзахад би байшингаа худагт тулгаж барина гэхэд нэхэмжлэгч нар өөрсдөө зөвшөөрсөн. Дараа нь шинээр барих байшингийнхаа суурь фундаментийг цутгаж байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.    

5.2. Байшингаа өөрийн хашаанаасаа 3 метрийн зайтай барьж байгаа ба нэхэмжлэгч тал болох С.С- нар өмнө нь байшингаа барихдаа манай хашаанд 20см оруулж барьсан ч тухайн үед би хэл ам болгоогүй байсан. Миний хашаа болон байшингийн хоорондох зай 3 метр учраас галын машин чөлөөтэй орох боломжтой. Би байшингаа нэхэмжлэгч нарын байшингийн наран талд нь бариагүй, машин орох том хаалгатай. Иймд байшин барьснаас нэхэмжлэгч талд ямар нэгэн хохирол учраагүй гэж үзэж байна.

5.3. Бохирын цооногоо орчин үеийн далд, агааржуулагчтайгаар цутгаж, өөрийнхөө байшингаас 2 метр орчим, С.С- нарын байшингаас 4 метрийн зайтай барьсан.  Галын үнс авдаг саваа газар доороос авахаар шийдэж хийсэн. Миний барьж байгаа байшингаас шалтгаалж нэхэмжлэгч талын гэр бүлийн гишүүдэд хохирол учрахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьездийн  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

6.1. Маргаан бүхий байшин Өлгий сумын 1 дүгээр багт байрладаг. Өлгий сумын 1 дүгээр баг нь Өлгий сум байгуулагдсан цагаас эхлэн ард иргэд оршин сууж амьдарч байгаа газар учраас хот байгуулалт нь сайн биш. С.С- нарын байшин тусдаа машин орж гарах зам гарцтай учир гал унтраах машин чөлөөтэй орж гал гарсан тохиолдолд галыг унтраах боломжтой.

6.2. С.Б- нарын байшин Х.Х-ий байшингийн урд талд байрладаг учраас нар тусахгүй байх боломжгүй. Хариуцагчийн барьсан байшин нэхэмжлэгч нарын байшингийн 3 өрөөний цонхыг хааж байрласан юм байхгүй. Уг 3 цонх нь сүүдэр талд байрладаг. Тоос шороо гарч байгаа гэдгийг нотлох баримт байхгүй. Хариуцагч өөрийнхөө өмчлөлийн газартаа 2 давхар байшин барьснаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэдгийг анхан шатны шүүх тогтоосон байгаа тул уг шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч С.С-ийн гомдлыг үндэслэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Үүнд заасан “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.  

9. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн, хариуцагчийн барьж эхэлж байгаа 2 давхар байшинг нүүлгэх тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв дүгнэн, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч С.Б-, С.С- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх дээрх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэв.

 

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч С.С- нь *****байршилтай нэгж талбарын **** дугаар бүхий 493 (0.0493) м2 (га) газрыг 39 жилийн хугацаатай гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар эзэмшдэг нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон тус газрын кадастрын зургаар;

нэхэмжлэгч С.Б- нь **** хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 120 м.кв талбайтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь 2017 оны 01 дүгээр 25-ны өдөр олгосон №***** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр;

хариуцагч Х.Х, түүний эхнэр Х.А нар нь Баян-Өлгий аймгийн ***** хаягт байршилтай, нэгж талбарын ***** дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 917 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болох нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №******* дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон газрын кадастрын зургаар, нэхэмжлэгч С.Б-, С.С-  болон хариуцагч Х.Х- нар нь хөрш залгаа газруудтай, хөршүүд болох нь тус тус шүүхийн үзлэгийн тэмдэглэл, зохигчийн тайлбар, гэрэл зургуудаар тогтоогджээ.

 

11. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах  эрхтэй” гэж, 35 дугаар зүйлийн 135.3-д “Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдээ зогсоохыг шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан тул нэхэмжлэгч нар хэрвээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах, хариуцагч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах тус тус эрхтэй.

 

12. Хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч С.Б-, С.С- нарын хууль ёсоор эзэмшиж, өмчилж байсан дээрх газарт нь хариуцагч байшингаа барьсан, эсхүл нэхэмжлэгч нарын газар болон байшингаа өмчлөх, эзэмших эрхэд нь саад учруулсан ямар нэгэн үйлдэл хийсэн, үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тухайлбал, шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл болон үзлэгийн үеийн схем зурагт: (1) хариуцагч Х.Х-ий өмчлөл газар, нийт талбайн хэмжээ 967,7м.кв, (2) хариуцагч Х.Х-ий шинээр барьж байгаа 2 давхар байшин талбайн хэмжээ 108 м.кв, (3) нэхэмжлэгч С.Б-, С.С-, хариуцагч Х.Х- нарын газар, байшинг тусгаарлан ягаан өнгийн төмрөөр татсан хашаа 24,8 метр; (4) нэхэмжлэгч С.Б-, С.С- нарын байшингийн хойд талд татсан ягаан өнгийн төмөр хашаанаас хариуцагч Х.Х-ий /шинээр барьж буй/ 2 давхар байшин хүртэл хоорондын зай 2.3 метр; (5) Нэхэмжлэгч С.Б-, С.С- нарын байшингийн хойд талд татсан ягаан өнгийн төмөр хашаанаас хариуцагч Х.Х-ий галын зуухны үнс гаргадаг цэг хүртэл хоорондын зай 3.6 метр; (6) нэхэмжлэгч С.Б-, С.С- нарын байшингийн хойд талд татсан ягаан өнгийн төмөр хашаанаас хариуцагч Х.Х-ий бохир усны цооног хүртэл хоорондын зай 4.3 метр; (7) хариуцагч Х.Х-ий худаг болон 2 давхар байшингийн хоорондын зай 0.3 метр гэснээс үзэхэд хариуцагч Х.Х-ий шинээр барьж буй 2 давхар байшин нь нэхэмжлэгч С.Б-, С.С- нарын байшингийн цонхны нарыг хаах, харах боломжгүй болгох,  мөн хариуцагчийн галын зуухны үнс гаргадаг цэг, бохир усны цооног нь нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Б-, С.С- нарын өмчлөх эрх зөрчигдсөн, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар хариуцагч М.Х-ий өөрийн өмчлөлийн хашаандаа 2 давхар байшин барьж буй үйлдэл саад болсон нь нотлогдохгүй байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагч С.С-ийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

13. Хариуцагч С.С-ийн “Шүүхээс 2 сарын дотор шийдвэрлэх ёстой байсан атлаа энэхүү маргааныг хариуцагчид давуу байдал олгохын тулд сунжруулсаар байгаад буюу Х- барилгаа барьж дуусгахыг хүлээж байгаад 4 сар 11 хоногийн дараа шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд:

13.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

13.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Б-, С.С- нарын нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып “хариуцагч Х.Х-ий үйлдэл нь орон сууц болон орон сууц, олон нийт, иргэний барилга хоорондын зай хэмжээг тогтоосон БНбД 31-01-10-ийн 4-18, 4 дүгээр хавсралтаар заасан 10 метр зайтай байх ёстой гэсэн заалтад нийцэх эсэх, мөн Галын аюулгүй байдлын норм БНбД 21-02-02-д нийцэх эсэхэд шинжээч томилон дүгнэлт гаргуулах” тухай хүсэлт гаргаж, шүүхээс хүсэлтийг ханган шинжээч томилж, мөн өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, 80.1.8 дахь заалтад тус тус нийцсэн байна.

13.3.Улмаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн улсын байцаагч Б.Шындаулет, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагч Т.Өнербек нарын дүгнэлтийг шүүх 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн өдөр тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШЗ2022/02235 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт зааснаар мөн өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сэргээн тоолно.

13.4. Тус хэргийг хянан шийдвэрлэх 60 хоногийн хугацаа 2022 оны 9  дүгээр сарын 11-ний өдөр дуусаж, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 30 хоногийн хугацаагаар тус хэргийг хянан шийдвэрлэх хугацааг сунгаж, тус 30 хоногийн хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцжээ.

 

14. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Б-, С.С- нарын хариуцагч Х.Х-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2022/00855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.С-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

                                   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК