Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00137

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00137

 

*******-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/03954 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***********-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4743 дугаартай шүүгчийн захирамжаар *******-гаас 65,717,662 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Хойлогдоржид олгохоор шийдвэрлэсэн. ***********- ажиллагаа явуулж буй төлбөрийн барьцаа болох *******-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, Замчид-ын гудамжны 25 дугаар байрны 23 тоот, эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаартай, 50 метр квадрат талбайтай орон сууцыг хариуцагч байгууллага үнэлүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудыг харилцан тохиролцуулах боломжгүй бол шинжээч томилж үнийн санал авна гэсний дагуу нэхэмжлэгчийн үнийн саналыг харгалзан үзэлгүй шууд 124,000,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэтэрхий доогуур байна гэдэг гомдол гаргасан. Шинжээчийн үнэлгээг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4165/9995 дугаартай Мэдэгдэл-ээр танилцуулсан. Энэхүү албан бичигт төлбөр төлөгчийн хөрөнгийг 123,409,290 төгрөгөөр үнэлсэн. Тухайн хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний тайланг гардуулж өгөөгүй, гарын үсэг зуруулахдаа 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэж бич гэдэг байдлаар тулгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний гомдол гаргах хуулиар олгосон хугацааг зөрчих зорилготой хууль бус үйлдэл гэж үзэж байна. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг танилцуулсан гэж үзэх боломжгүй буюу үнэлгээг танилцуулах, санал, хүсэлт явуулах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй. Шинжээч хөрөнгийн үнэлгээг ямар аргачлалаар яаж дүгнэсэн талаар үнэлгээнд танилцаагүй, ойлгомжгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгөө бие даан худалдан борлуулах боломж олгоогүй, мэдэгдээгүй, хүлээлгэн өгсөн албан бичигт энэ талаар дурдаагүй байсан тул Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ***********-т 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4743 дугаартай шүүгчийн захирамжтай, хариуцагчийн зөвшөөрлийг баталсан хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж дээр *******-гаас 65,717,662 төгрөгийг гаргуулж, Ж.Хойлогдоржид олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаалсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, Замчид-ын гудамжны 25 дугаар байрны 23 тоот, Эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаартай, 50 метр квадрат талбайтай орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахаар 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ***********- ажиллагаа хийж эхэлсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйг мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох орон сууцыг битүүмжилж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хураасан. Талуудаас үнийн санал авахад тохиролцоонд хүрээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шинжээч томилсон. Шинжээч байрыг 123,409,290 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлангаа ирүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4-165/9994 дугаартай Мэдэгдэл-ээр төлбөр төлөгч, авагч нарт шинжээчийн үнэлгээг танилцуулж мэдэгдсэн. Мөн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдах байсан боловч тус шүүхийн шүүгчийн захирамжаар 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймээс нэхэмжлэгч шүүхийн шийдвэрлэсэн асуудлаар удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагчийн өгсөн хариу тайлбартай ижил байр суурьтай байгаа тул шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***********-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг танилцуулахдаа үнэлгээний тайланг гардуулж өгөөгүй, гарыг үсэг зуруулахдаа 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэж бич гэдэг байдлаар тулгасан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *******- нь хариуцагч ***********-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх 1-2, 85/

3.а. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4743 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч *******-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,457,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд *******-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, Замчид-ын гудамжны 25 дугаар байрны 23 тоот, Эрхийн улсын бүртгэлийн 111111 дугаартай, 50 метр квадрат талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ. хх 34-37

3.б. Хариуцагч байгууллага нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2932 дугаартай шүүгчийн захирамж, мөн өдрийн 324 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, *******-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр битүүмжилж, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 324/2, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх 86-87, 94, 96, 142/

3.в. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиолцоогүй тул хариуцагч байгууллагаас 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 14 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Итгэлт-Эстимэйт ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээний тайланд *******-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, Замчид-ын гудамжны 25 дугаар байрны 23 тоот, 50 метр квадрат талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 123,409,290 төгрөгөөр үнэлжээ.

Дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүх 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15916 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5484 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *******-гийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 98, 101, 103-106, 117-118, 122-124/

Мөн нэхэмжлэгч дахин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 8173 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 169 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/00297 дугаартай тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон. /хх128-129, 131-133, 135-136/

4. Хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан учир дахин 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5/132 дугаартай Шинжээч томилох тогтоолоор шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Б.Батзаяаг томилж, шинжээч 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 123,409,290 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь энэ хэргийн маргааны зүйл болжээ. /хх 49-63/

5. Анхан шатны шүүх төлбөр төлөгч *******-д хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1, 25.2.2-д зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Шинжээч маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнийг тогтоохдоо үнэлэгдэж байгаа хөрөнгийн байршил, өрөөний тоо, талбайн хэмжээ, орон сууцны насжилт зэргийг харьцуулан, тэдгээрийн зах зээлийн үнэлгээг тооцоолон гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.5 дахь хэсэгт зааснаар танилцуулах, санал авах ажиллагаа гүйцэтгээгүй гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.3 дахь хэсэгт зааснаар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээний тайланг танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байна. /хх. 65/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээнд хэрэглэхгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/03954 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР