Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0067

 

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0067

   Улаанбаатар хот

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0746 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн давж заалдах гомдлоор, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0746дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тогтоолгосон тэтгэврийн хэмжээг зөвтгөн тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, мөн тус хэлтсээс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх сар бүр дутуу олгосон тэтгэврийн зөрүүг нөхөн олгож, хохирлыг барагдуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0746 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32-р зүйлийн 1-д заасныг дурдсан ба энэ нь Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын хууль хэрэгжсэн үеэс хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлаж, жил бүр тогтоол гаргаж ирсэн байх бөгөөд энэхүү тогтоолоос шалтгаалан нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөж иржээ гээд “...Ц.Б-ын сонгосон 5 жилийн цалинг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2015 оны 02 дугаар сарын 25-ны, 2014 оны 02 дугаар сарын 25-ны, 2012 оны 05 дугаар сарын 24-ний, 2006 оны 12 дугаар сарын 30-ны, 2006 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудас ... Ц.Б-ын 1991, 1997 оноос хойших тэтгэврийн өөрчлөлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэжээ. Нэхэмжлэгч Ц.Б нь анхны нэхэмжлэлийн шаардлагадаа “Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тогтоолгосон тэтгэврийн хэмжээг тухайн үеийн Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2.а-д зааснаар залруулан зөвтгөн тогтоохыг даалгах, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш сар бүр дутуу олгосон тэтгэврийн зөрүүг нөхөн олгохыг даалгах” зэрэг байсан боловч тус тогтоолын 2,а, 2.6 заалтууд нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолоор хүчингүй болсон учир бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ч, дээрх шүүх хуралдаан дээр энэхүү тогтоолын 2.а-д “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг энэ тогтоолын хавсралтаар баталсан цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтооно” гэж заасныг иш татаж, нийгмийн даатгалын байгууллага тогтоолын 2.а-д заасныг хэрэгжүүлэлгүй орхигдуулж, тогтоолын буруу заалт буюу 2.в-д "2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1 080 000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох” гэж заалтыг хэрэглэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32-р зүйл “Нийгмийн даатгалын хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг индекслэх” тухай 32.1-д заасны дагуу 1984-1988 онуудын цалингийн дунджийг 2012 оны 05 дугаар сарын 02-ны тухай үеийн хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан өсгөсөн цалингийн дээд хэмжээг танаж, хязгаарласан Нийгмийн даатгалын байгууллагын хууль бус үйлдлийн улмаас өнөөдөр нэхэмжлэгч Ц.Б-ын сард авбал зохих тэтгэврийн хэмжээг 40627 төгрөгөөр дордуулж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн болохыг дурдаж ярьсан боловч, шүүх уг тогтоол дээр илүү анхаарах байтал эс тоож, нотлох баримтуудыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32-р зүйл “Нийгмийн даатгалын хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг индекслэх” тухай 32.1-д "... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.6-д заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын сангийн Үндэсний зөвлөлөөс саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнд: Шүүх дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32-р зүйлийн 1-д заасныг дурдаад, энэ нь Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын хууль хэрэгжсэн үеэс хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлаж жил бүр тогтоол гаргаж ирсэн байх бөгөөд энэхүү тогтоолоос шалтгаалан нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөж иржээ" гэжээ. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32-р зүйлийн 1-д заасан заалтын гол агуулга нь “...хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан шинэчлэн тогтооно.” гэсэн байхад “Энэ нь Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын хууль хэрэгжсэн үеэс хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлаж жил бүр тогтоол гаргаж ирсэн байх бөгөөд энэхүү тогтоолоос шалтгаалан нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөж иржээ” хэмээн шүүх энэхүү хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд дээр бичсэн шиг уг хуулийн заалтад “...хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлах тухай дурдаагүй болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 15-р зүйлийн 15.7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заажээ хэмээн дурдахдаа хашилтад буй /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэх цаг хугацааны хэсгийг анзаарч, ач холбогдол өгөлгүй орхижээ.

            Энэхүү Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасан нэмэлт өөрчлөлтийг өөрчлөн найруулсан агуулгыг судалбал: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасан заалтын 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдсан нэмэлт өөрчлөлтийн бүрэн агуулга нь “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4- дүгээр зүйлийн 4.1-д заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” хэмээх заалтыг “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно" гэж 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулжээ. Эндээс үзэхэд өмнөх хуулийн гол агуулга “шимтгэл төлөх дээд хэмжээг тогтоох" тухай журамласан бол “2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох”-оор өөрчлөн найруулжээ.

Гэвч энэ хуулийн 2008 оны 05 дугаар сарын 08-ны нэмэлт өөрчлөлтийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тухай хамгийн их ач холбогдол бүхий цаг хугацааг шүүх үнэлэлгүй орхигдуулсан ба харин хууль гарсан цагаас хойш үйлчлэх ёстой хууль хэрэглээний үндсэн зарчмыг баримтлалгүй, 1997 онд группэд орж, нэгэнт шимтгэлээ төлж, тэтгэврээ тогтоолгосон Ц.Б-д 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулийг ухрааж, түүнд хамаатуулан хэрэглэж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дордуулсан шийдвэр гаргасан. Шүүх иргэний эрх зүйн байдлыг дордуулсан ямар ч хуулийг халдаан хэрэглэж болохгүй зарчимтай. Нэхэмжлэгч Ц.Б нь анх тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 1984-1988 онуудын цалингийн дунджаас тогтоолгосон тул энэ хугацаанд хамаарах хуулийг судалбал: Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3-р зүйл “Нийгмийн даатгалд даатгуулсанд тооцох”-д “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд (ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд) даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно...”, мөн хуулийн 32-р зүйл 'Нийгмийн даатгалынхуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг индекслэх” тухай 32.1-д "... нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалынҮндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэж тус тус заажээ. Эдгээр заалтуудыг уншихад нэгэнт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарлах тухай огт дурдаагүй байна.

Ижил хугацааны цалингийн сонголттой тэтгэвэр авагчдын итгэлцүүрээр өсгөсөн тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарлаагүй мөртлөө гагц нэхэмжлэгч Ц.Б-ын цалинг өндөр хэмээн дээрх тогтоолын буруу заалтыг халдаан хэрэглэж, түүний тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарлаж, сар бүр авбал зохих тэтгэврийн хэмжээг бууруулан, эрх зүйн байдлыг дордуулсан зэрэг нь Монгол Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчимд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0746 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б-аас “Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тогтоолгосон тэтгэврийн хэмжээг зөвтгөн тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх сар бүр дутуу олгосон тэтгэврийн зөрүүг нөхөн олгож, хохирлыг барагдуулах шийдвэр гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс “...миний тэтгэврийг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж тэтгэврийн дээд хэмжээг хязгаарлаж тогтоосон...” хэмээн маргасан байна.

Нэхэмжлэгч Ц.Б-ын хувьд улсад 14 жил ажиллан, Бэрхийн уулын үйлдвэрт ажиллаж байсан 1984-1988 оны 5 жилийн цалингийн дунджаар 1997 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний заалтаар тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон байх бөгөөд Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 1 жил 7 сарыг баталгаажуулан ажилласан хугацааг 17 жил 01 сараар тооцон тэтгэврийн хэмжээг Засгийн газрын тогтоолоор өөрчилжээ.                                                             Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд “Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дээд хэмжээ, дунджийг тодорхойлох журмыг Засгийн газар тогтооно”/ энэ зүйлд 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар “дээд хэмжээ” гэж нэмсэнийг мөн оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар бүхэлд нь өөрчлөн найруулсан/, 15 дугаар зүйлийн 7-д “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно”/ энэ хэсгийг 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар /“Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно”/ гэж өөрчлөн найруулагдсан байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын “в”-д “2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 /нэг сая наян мянган/ төгрөгөөр тооцох”-оор заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б-ын сонгосон 1984-1988 онуудын цалинг 1.080.000 төгрөгөөр хязгаарлаж тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэн байна.                                                                                                 Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоосон дээрх тогтоолыг 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхдөө 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх цалинг 1.080.000 төгрөгөөр хязгаарлана гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингийн дээд хэмжээг хязгаарлаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.                                                                        Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0746 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “15.7” гэснийг “7” гэж, “22.1” гэснийг “1” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                   Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                                   Д.БААТАРХҮҮ