Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00233

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00233

 

 

 

 

 

 

 

2023 01 23 210/МА2023/00233

 

 

********гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 104/ШШ2022/00526 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ********гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ХХК, ********* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, 38,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *********ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, хариуцагч *********, хариуцагч ************ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Анх хариуцагч ********* ************ХХК-ийн 1 давхрын 36,82 м.кв байрыг авахаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан байсан. Захиалгын гэрээ байгуулагдаж ************ХХК-д төлбөрийг бүрэн төлсөн тул хариуцагч *********тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн байрны төлбөр төлөгдсөн тул 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр захирал *******, менежер********** нартай хамт нотариат дээр очиж орон сууц захиалан бариулах гэрээг шинэчлэн байгуулсан. Уг байр хугацаандаа ашиглалтад орохгүй байсан учраас гэрээний дагуу ************ХХК-аас төлбөрийг шаардсан, мөн шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Бид анх *********тэй гэрээг байгуулсан учраас түүнийг хамтран хариуцагчаар татсан юм. Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 38,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Орон сууц захиалгын гэрээг цуцлах шаардлагыг ************ ХХК-д холбогдуулж, 38,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг ************ ХХК болон ********* нарт холбогдуулан гаргаж байгаа гэжээ.

2. Хариуцагч *********ийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч ********* нь тухайн үед энэ компани ************ХХК гэсэн нэртэй байгаагүй. Хэг стар ХХК гэх нэртэй байсан бөгөөд уг 2 компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ******* юм. Би 2018 оны 07 дугаар сард *******тэй уулзаад нэг паб, лоунжны 120 метр квадрат түрээслэх гэрээ байгуулахаар тохиролцсон. Би 30,000,000 төгрөгийг бэлнээр, хүнээс 20,000,000 төгрөгийг зээлж нийт 50,000,000 төгрөгийг *******эд түрээсийн төлбөрт өгсөн боловч уг объектыг түрээслээгүй. Улмаар ******* 50,000,000 төгрөгт багтаагаад баригдаж байгаа байрнаасаа нэгийг өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Бид тохиролцоог хуульд заасан журмын дагуу хийсэн бөгөөд А дүүрэгт холбоонд байрлах *********** гэх нотариатч дээр очиж ************ХХК болон түүний захирал ******* бид уг байрыг өгнө, авна гэж гэрээг байгуулсан. Би мөнгөнийхөө зөрүүнд 8 ширхэг усан тамхи, хөгжим гэх мэт зүйлсийг *******ийн ахад хүлээлгэж өгсөн. Эд хөрөнгө хүлээлгэж өгөхдөө ямар нэг акт үйлдээгүй, гэхдээ гэрчлэх гэрчүүд байгаа. Ингээд бид өр ширээ дуусгая гэж тохиролцож, бидний хоорондох эрх зүйн маргаан дууссан учраас би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлөө татаж авсан. Би *******ээс авсан байраа хэзээ ашиглалтад орох вэ гэж асуухад хавар ашиглалтад орох байх гэж хэлсэн. Би *******эд мөнгө өгөхдөө хүмүүсээс мөнгө зээлсэн, өртэй байсан учраас unegui.mn-д зар тавьж байраа зарсан. Нэхэмжлэгч нь надтай зарын дагуу холбогдож, надад учир шалтгаанаа хэлсэн учраас уг байрыг 38,000,000 төгрөгөөр би зарсан. Би *******тэй уулзаж миний орон сууц захиалан бариулах гэрээг ******** руу шилжүүлээд өг гэхэд ******* зөвшөөрсөн. Тэгээд ******* бид 2 орон сууц захиалан бариулах гэрээг нотариатч н.Маярагүль дээр очиж эрх шилжүүлэх гэрээг хийсэн. Нэхэмжлэгч ******** нь бүх зүйл баталгаатай боллоо гээд над руу 38,000,000 төгрөгийг шилжүүлж, мөн тэр гэрээг үндэслэж холбоонд байрлах нотариатч дээр очоод ************ХХК-тай гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч ******** болон ************ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ 2019 бил үү, 2020 онд дахин шинэчлэгдсэн байсан. Би ********д байр өгсөн, авсан гэх зүйл дээр маргах зүйл байхгүй. ************ХХК болон ******** нарын хооронд гэрээ байгуулагдаад энэ асуудал дууссан. Тэгээд нэхэмжлэгч нь надад хандаж гэнэт л байраа авч чадахгүй байгаа талаар яриад эхэлсэн гэсэн. Би нэхэмжлэгчид шүүхэд хандаарай гэж зөвлөсөн. Би хуулийн дагуу эрхээ шилжүүлж, мөнгө авсан. Иймд надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. *********** нотариатын гэрчилсэн нийслэлийн архиваас авах гэтэл Нийслэлийн архивт байхгүй гэсэн хариуг өгсөн гэжээ.

3. Хариуцагч ************ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нэхэмжлэгчтэй тухайн орон сууцны 1 м.кв-ыг 1,300,000 төгрөг, нийт 36 м.кв байрыг 47,866,000 төгрөг байхаар тохиролцож орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэтэл гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс ************ХХК-д өнөөдрийн хүртэл хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгч ********г төлбөрөө төлөөгүй учраас тухайн орон сууцыг худалдан авахаа больсон гэж ойлгосон. Нэхэмжлэгч нь орон сууц захиалан бариулах гэрээнд заасан төлбөрөө төлөхгүй байгаа учраас бид түүнд орон сууц өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Гэрээ байгуулагдсан хэдий ч төлбөр тооцоо хийгдээгүй. Өөрөөр хэлбэл орон сууц худалдан авах гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй. ********* болон ************ХХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч нь ************ХХК-д биш, хариуцагч *********т мөнгө өгсөн байдаг. Тийм учраас 38,000,000 төгрөг өгсөн *********ээс тухайн мөнгийг гаргуулах нь үндэстэй. Орон сууц захиалгын гэрээг цуцлах шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *********ээс 38,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ************ХХК-аас байрны төлбөр гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 20/49 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч ************ ХХК-ийн зөвшөөрлийг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ************ ХХК-аас 70,200 төгрөг, хариуцагч *********ээс 277,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч *********ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас өөрөөр буюу яриагүй, тайлбарт дурдаагүй зүйлүүдийг багтаан бичсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгч тал орон сууцны үнэ 38,000,000/гучин найман сая төгрөг/-ийг хариуцагч *********т бэлнээр болон Х.Сосорын 5749300315 тоот дансаар дамжуулан өгсөн байна гэж дүгнэсэн нь тус хэрэгт байхгүй оролцогчийн нэр, банкны дансыг оруулан бичиж алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрт зохигчдын шүүх хуралдаанд мэтгэлцсэн асуудлуудыг багтаан түүнийг үнэлж шийдвэр гаргах хуулийн хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Мөн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг 01604 дугаар бүхий захирамж хэрэгт ач холбогдолгүй буюу хэн ч ийм агуулгатай баримт гаргуулахаар хүсэлт гаргаагүй байхад шийдвэрлэжээ.

Хариуцагч ********* шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчтэй 2020 онд барилга захиалан бариулах тухай гэрээний эрх шилжүүлэх тохиролцооны бичиг хийж байсан, түүнийгээ А дүүргийн 5 дугаар байрны эмэгтэй нотариат дээр хийлгэсэн гэж, түүнийг гаргуулж авах талаар дурджээ.

Гэвч шүүгч нотариатаас хэргийн зохигчдын хэн ч мэдүүлээгүй буюу ******** ************ХХК нарын хооронд байгуулагдсан ямар нэгэн гэрээ хэлцэл 2020 онд байгуулагдсан талаар баримт ирүүлэхийг захирамжилжээ. Нотариатч н.******** өөрийн архиваас үзлэг хийж ямар нэгэн баримт байхгүй талаах баримт илгээжээ. Тус нотариатч дээр нэхэмжлэгч ******** хариуцагч ************ХХК нарын хооронд анхнаасаа ямар нэгэн гэрээ хэлцэл тохиролцоо огт хийж байгаагүй, харин нэхэмжлэгч 1 нь хариуцагч *********тэй тохиролцооны бичиг гэж үйлдэн "барилга захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх талаар баталгаажуулсан байна. Шүүгч хэрэгт зохигчдын гаргасан талбар татгалзал нэхэмжлэлийг бүрэн уншиж судлалгүйгээр, хайхрамжгүй хандаж захирамж буруу гаргаснаас болж хэрэгт шаардлагагүй буюу буруу баримтыг нотлох баримтаар хавсаргаснаар талуудын мэтгэлцэх эрхэд ноцтой халдаж хариуцагч талд татгалзал тайлбараа нотлох боломж олгоогүй байна.

Мөн нэхэмжлэгч ******** болон хариуцагч ********* нар хариуцагч ********* нь ************ХХК-тай Барилга захиалан бариулах гэрээ байгуулсан байсан, талууд түүнийг үндэслэн эрх шилжүүлэх тохиролцоо хийсэн гэж мэдүүлсээр байтал, шаардлагатай нотлох баримт буюу *********** гэх нотариатчаас гаргуулах хүсэлтийг хариуцагчийн зүгээс гаргасныг, нийслэлийн архивын газарт 2018 оноос хойш аль дүүргийн нотариатын баримтыг хадгалаагүй байгаа гэх тайлбар хэлснийг "байхгүй байна" гэж дүгнэсэн нь, нотариатын танхимаас ирүүлсэн *********** гэх нотариатчийн баримтууд нийслэлийн архивт хадгалагдаж байна гэх агуулгатай албан тоотыг хариуцагч нарын хооронд урьд өмнө нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж тайлбарлаж, байж боломгүй алдаа гаргаж дүгнэсэн нь тус шүүхийн шийдвэр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хэсгийг ноцтой зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

Шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч *********ийн өгсөн тайлбарууд өөрөөр бичигдсэн нь шүүхийн шийдвэрт тусгагджээ. Иймд тус анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг, шүүх хуралдааны бичлэгтэй тулган хянаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж, дүгнэж хууль ёсны шийдвэр гаргасан гэж үзэж байна. Орон сууц захиалах, бариулах гэрээтэй холбоотой төлбөрийг нэхэмжлэгчийн зүгээс *********т төлсөн бөгөөд ********* маргадаггүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар татсан ************ХХК нь *********ийн зүгээс манай компанид ямар нэгэн төлбөр орж ирээгүй учраас захиалгын гэрээ биелэгдэх боломжгүй гэх тайлбар өгсөн. Шүүх *********ээс 38,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ************ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан бөгөөд хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч *********ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн аль хэсэгт, ямар зүйлийг бичээгүй орхигдуулсан гээд байгаа талаараа ********* тодорхой тайлбарлаж өгсөнгүй. Анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд үндэслэл болгож гомдол гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн ********д эрхээ шилжүүлээд өгчихсөн гэх асуудал яригдаж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд юуны эрхийг, хэзээ шилжүүлсэн талаар баримт огт авагдаагүй байдаг. *********, ******** нарын хооронд Мөнгө хүлээж авсан гэх гараараа бичсэн зүйл байдаг боловч хуульд зааснаар гэрээний эрх, үүргийг шилжүүлсэн талаар ямар ч нотлох баримт байдаггүй. Мөн шүүх буруу захирамж явуулаад, буруу материал авсан гэх зүйл яригддаг. Шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулахдаа нотлох баримт шаардсан. Тухайн шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж дээр дурдагдсан нотлох баримтуудыг холбогдох материал боловсруулагчаас шаардаж авсан бөгөөд үүний дагуу сүүлд шүүх хуралдаан явуулж хэргийг шийдвэрлэсэн. ********* нь Би гэрээний оролцогч биш байхад надаас мөнгө гаргуулахаар заасан нь буруу гэх зүйлийг ярьсан. ******** болон ************ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу ************ХХК-д ирэх ёстой мөнгийг ********* дундаас нь авчихсан. Энэ үйлдэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл юм. ******** гэх хүн тухайн мөнгийг 2 хувааж шилжүүлсэн байдаг. *********ээс ********гийн өгсөн мөнгө ************ХХК-д ирэх ёстой мөнгө мөн юм уу гэж асуухад Тийм гэж ********* хариулж байсан. Ямар үндэслэлээр компанид ирэх ёстой мөнгийг ********* аваад захиран зарцуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Үнэхээр *********, ************ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаж, тухайн гэрээний дагуу ********* нь ************ХХК-аас мөнгө нэхсэн бол ********* тэр талаар нотлох ёстой. Холбогдох баримтууд нь *********т өөрт нь байх ёстой. Гэтэл ********* энэ үйл баримтыг нотлоогүй, ************ХХК *********ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ************ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээг цуцлах, мөн ************ХХК болон ********* нарт холбогдуулан 38,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ************ХХК орон сууц захиалгын гэрээг цуцлах шаардлагыг зөвшөөрч, 38,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 104/ШЗ2022/01604 дугаар захирамжаар Монголын нотариатчдын танхимаас 2019 онд *********, ************ХХК нарын байгуулсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ, А дүүргийн нотариатч Х.Майрагүлээс ************ХХК, ******** нарын байгуулсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээг гаргуулж, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны дотор ирүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна. /хх. 62-66/

Дээрх захирамжид заасан баримтыг бичиглэлийн алдаанаас шалтгаалан нэр нь буруу бичигдсэнээс болж тухай баримт ирэх боломжгүй тухай албан бичиг иржээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж хүсэлтийг хангасан атлаа захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, улмаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 104/ШШ2022/00526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *********ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

С.ЭНХБАЯР