Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2023/00015

 

 

     

 

 

    

 

 

Ш.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00948 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч **** оршин суух Т.Ж-, хамтран хариуцагч **** оршин суух С.Е- нарт холбогдох,

 

“Зээлээр худалдаж авсан махны үнэ 16,065,000 төгрөг, зээлдэж авсан мөнгө 3,000,000 төгрөг, нийт 19,065,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Т.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Ш.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Т.Ж-, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Т.Ж-, С.Е- нар мах цуглуулахаар Баян-Өлгий аймгийн Д суманд ирсэн. Тухайн үед тэд надаас 16,065,000 төгрөгийн үнэтэй мах авсан ба Т.Ж- энэ талаар өөрийн гарын үсэгтэй баримт үйлдэж өгсөн байсан. Улмаар Т.Ж- махыг Улаанбаатар руу ачаад явсан.

1.2. Түүнийг Улаанбаатар хотоос ирэх үед түүнээс мөнгө нэхэхэд өөрийнхөө Ланд круйзер-80 маркийн маркийн ****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 20 сая төгрөгөөр үнэлж өгсөн. Би түүнд уг мөнгөнд 3 сая төгрөг нэмж өгсөн.

1.3.  2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Т.Ж- надад “таны авсан машиныг нэр дээр чинь буулгаж өгье хүрээд ир” гэсний дагуу аймгийн төвд ирээд тухайн машиныг миний нэр дээр шилжүүлэх гэж байхад Т.Ж- машинаа буцаагаад авсан. Үүнээс хойш 4 жил өнгөрсөн боловч би махны мөнгөө авч чадаагүй. Иймээс махны үнэ 16,065,000 төгрөг, бэлэн өгсөн 3,000,000 төгрөгийг Т.Ж-, С.Е- нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Т.Ж-гийн тайлбар, татгалзал:

2.1. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Н- гэх хүн 500 боодол өвсийг Д суманд буулгаад ирье гэсэн санал тавьсан тул түүнтэй тохироод машинаараа Д суманд өвс хүргэж өгөхөөр болсон. Д суманд шөнийн 12 цаг гээд очсон учраас өвсөө нэхэмжлэгчийн хашаанд буулгасан.

2.2. Тэгэхэд нэг залуугаас маргааш нь мах авахаар болж тохиролцсон. Н- болон нэхэмжлэгч Ш.А- нар Д сумын Засаг дарга байсан А.А-тэй ярьж байсан. Тухайн үед 5 тонн махыг килограмм нь 3100 төгрөгөөр үнэлээд авахаар тохиролцож сургуулийн хойд талд байдаг агуулахаас мах жинлэж авсан. Энэ талаар хоорондоо баримт бичиж өгсөн ба 15 хоногийн дараа махны үнийг төлөхөөр болсон.

2.3. Баян-Өлгий аймагт махны үнэ хямд байсан учраас махаа Улаанбаатар хот руу аваачиж зарахаар болж махаа Улаанбаатар хотод худалдаад олсон ашгаа тэнцүү хувааж авахаар тохиролцсон байсан. Гэтэл Н- би ажилтай учраас Улаанбаатар руу явж чадахгүй гэсэн учраас Е- “би та нартай 6000 төгрөгөөр тооцоо хийе, харин 500 төгрөгийг би өөрийнхөө ашгаа болгоё” гээд надтай хамт явсан. Дараа нь Эмээлтэд очоод махаа буулгасан. Мөнгөө компаниас очоод авахаар болоод би машиндаа сууж байхад хоёр машин ирсэн ба Ж- машинд суугаад зугтаад явсан. Ж- надаас миний дансны дугаарыг аваад Таван шар ороод байж байгаарай гэсэн тул би тэнд очоод хүлээж байсан. Би түүний утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Дараа нь тэр өөрөө над руу залгаад орж ирж 1 сая төгрөг хийлээ, буудал аваад байж байгаарай гэсэн. Дараа нь түүний утас ерөөсөө холбогдоогүй. Цагдаад хандах гэхээр маргааш өглөө мөнгөө өгөх байх, хүлээж байя гээд цагдаад хандаагүй. Дараа нь шүүхэд хандсан.

2.4. Улаанбаатар хотод ачаа цуглуулж байхад Д сумын хүмүүс залгаж, Д сум руу ачуулах ачаа байна гэхээр нь тэдний ачааг ачаад Д суманд ирсэн. Замд С.Е- надад аймгийн Байгаль орчны газарт ажилладаг С гэх ах маань байдаг, ахдаа хэлээд ирвэсийн асуудлыг чинь шийдүүлээд өгнө гэсэн. Д суманд ирэхээр Ш.А-, С.Е- нар намайг нэг байшинд дагуулаад орсон. Тэгсэн тухайн газар нотариат байж таарсан. Нотариатад тэд намайг ирвэсийн асуудлаар сүрдүүлэхээр нь айгаад гарын үсэг зурж баримт бичээд өгсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг Ж- төлөх ёстой.

 

3. Хариуцагч С.Е-ий хариу тайлбар, татгалзал:

3.1. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бид Д суманд очсон. Н- өмнө нь Т.Ж-гаас авах авлагатай байсан учраас тээврийн хөлсийг авлагадаа тооцуулсан. Д суманд очсоны дараа Т.Ж- би Улаанбаатар луу ачих ачаагүй боллоо гэхээр нь энд зарах мах байдаг юм байна, чи авах уу гэхэд Т.Ж- авна гэж хэлсэн. Тэгээд Т.Ж- уг махыг аваад бид нар зараад өгөхөөр болсон.

3.2. Дараа нь би махыг авахаа больсон гэсэн боловч Т.Ж- надад махыг зараад өгөх найз нөхөд байгаа гэж хүчээр шахуу авсан. Улаанбаатар хотод очсоны дараа Т.Ж- махыг болон ирвэсийн арьсыг нэг хүнд зараад, тэр хүнээсээ 1 сая төгрөг авсан. Тэгээд би түүнд “үлдсэн мөнгийг хурдан аваад өгөөрэй, Ш.А-ад өгье” гэхэд Т.Ж- “би маргааш зохицуулаад өгье” гээд худлаа яриад махны мөнгийг тэд хуваагаад авсан. Дараа нь Т.Ж- цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө махны мөнгийг авснаа хүлээн зөвшөөрөөд мэдүүлэг өгөөд тээврийн хөлсний мөнгөөрөө Ш.А-ын мөнгийг өгөхөөр болсон.

3.3. Т.Ж- нь Ш.А-ад өгөх ёстой мөнгөндөө өөрийн Ланд-80 маркийн машинаа өгөөд нэр дээр нь шилжүүлээд өгөхөөр болсон боловч одоо хүртэл Ш.А-ын мөнгийг өгөөгүй юм байна. Т.Ж- Ш.А-аас 3 сая төгрөг нэмж аваад баримт үйлдэж өгсөн байна. Ш.А-аас тухайн махыг Т.Ж- худалдаж авсан. Бид зөвхөн холбож өгсөн. Өөрөөр хэлбэл би нэхэмжлэгч Ш.А-тай мах худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, тийнхүү харилцаанд ороогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

4. Сөрөг нэхэмжлэлд:

4.1. Миний бие Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт ачих ачаа тээш хайж явтал Д сумын наймаачид Улаанбаатар хотоос Д сум хүртэл бараа таваар хөлсөөр ачсан болно. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос гараад 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Д суманд С.Е- бид хоёр орой ирсэн бөгөөд тэр үед С.Е- Ш.А-ыг утсаар дуудаж авсан. Ачааг буулгаж дууссаны дараа С.Е- Ш.А- нар намайг машинтайгаа Д сумын Засаг даргын Тамгын газрын байрны хажууд зогсоож байгаад, миний машиныг хүчээр битүүмжилж, урьд С.Е-, Н- нарын Ш.А-, А.А- нараас зээл авсан, сүүлд Ж-ад /сары хуйын/ алдсан "махны оронд барьцаална" гэж надад хүч хэрэглэсэн.

4.2 Иймд намайг олон цагаар саатуулж, хүч хэрэглэн машиныг барьцаалан авсан тул аргагүйн эрхэнд тэдний эрхшээлд орж, 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн "хүчин төгөлдөр бус хэлцэл" болох гарын баримтыг бичиж өгсөн.

4.3. Түүнээс биш би Ш.А-аас зээлээр мах худалдаж авсан явдал байхгүй. Ш.А-ын нотлох баримт болгож өгсөн Т.Ж- миний бичсэн баримт бичиг бол хуурамч болох нь түүний он сарыг хоёр өнгийн үзгээр 2019 оны 4 дүгээр сарын 06-нд гэснийг 3 дугаар сарын 22-ны өдөр болгон өөрчилсөн бичилт, мөн Д сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нотариатын тэмдэг дарж баталгаажуулсан цаг хугацаа, тухайн 2019.04.06-ны өдөр хагас сайн өдөр буюу амралтын өдөр байсан зэргээр илт тодорхой юм.

4.4. Т.Ж- миний Ш.А-тай хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 1.1-д "хүч хэрэглэж хийсэн хэлцэл" учир хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Т.Ж- миний Ш.А-тай хийсэн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

5.Нэхэмжлэгч Ш.А-ын сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбарт:

5.1. Т.Ж- сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойгүй, тогтоогдоогүй үйл баримтаар болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож, иргэн Ш.А- Т.Ж- нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болгохыг хүсжээ.

5.2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаж буй үйл баримтыг тогтоосон нотлох баримтаа хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй нь тухайн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй.

5.3. Сөрөг нэхэмжлэлдээ дурдсан үйл баримт нь Ш.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай огт холбоогүй байх ба Нурлан, С.Е-, Ж- /сары хуйын хочтой/ гэгч нартай холбогдох асуудал нь өөрөө тусдаа эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэгдэх, цаашлаад Т.Ж- өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа бол С.Е-, Ж- нарт холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргах журмаар хохирлоо барагдуулах боломжтой болохоос биш энэ хэрэгт хамааралгүй.

5.4. ...Хэрэв зохигчид харилцан буулт хийж, тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “...энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй...” гэж заасан тул хариуцагч Т.Ж-гаас нэхэмжлэгч Ш.А-ад 3150 кг махыг буцаан өгөх, боломжгүй бол 16,065,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээнэ.

5.5. Хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг ойлголт гэмт хэргийн шинжтэй байх ба Т.Ж-гийн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар түүнийг барьцаалж, олон цагаар саатуулж, машиныг нь хүчээр битүүмжлэх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байхаар байна. Энэ тохиолдолд Т.Ж- өөрийнхөө хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар хуулийн байгууллагад өнөөдрийг хүртэл хандах, гомдол гаргах бүрэн боломжтой байсныг шүүх анхаарах ёстой.

5.6. Т.Ж- нь өөрийн өмчлөлийн Ланд круйзер-80 маркийн, ****БӨТ улсын дугаартай саарал өнгийн авто машиныг 20 сая төгрөгөөр үнэлж, хэлцэл хийгдсэнээс 3 сарын дараа сайн дурын үндсэн дээр машинаа Ш.А-ад хүлээлгэн өгөх, цаашлаад 3 сая төгрөгийг бэлнээр авто машины зэрүүд авсан гэх үйл баримтуудаас харахад, хүчин төгөлдөр бус хэлцэл хийх, хүч хэрэглэсэн хэлцэл хийсэн гэх үйл баримт үгүйсгэгдэж байна.

5.7. Тэрээр, сөрөг нэхэмжлэл гаргагч талаас хүч хэрэглэж хийсэн гэх хэлцэл нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэж хугацаагаа тодорхойлсон бөгөөд энэ талаар шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзвэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00948 дугаар шийдвэрээр:

6.1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Ж-гаас зээлээр авсан махны үнэ 16065000 төгрөг, зээлж авсан мөнгө 3000000 төгрөг, нийт 19065000 /арван есөн сая жаран таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.А-ад олгож, хариуцагч /сөрөг нэхэмжлэгч/ Т.Ж-гийн Ш.А-тай 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16065000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

6.2. Хамтран хариуцагч С.Е-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

6.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253275 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч Т.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238275 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Т.Ж-гаас 253275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.А-ад олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч Т.Ж-гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

7.1. Т.Ж- миний бие хувийн “DAEWOO” маркийн 20 тн даацтай ачааны тээврийн хэрэгслээр хот хооронд тээврийн үйлчилгээ хийж, хөлсөөр ажил гүйцэтгэдэг. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр С.Е- гэх хүн Д сумын төвд Ш.А- гэх хүнээс 16,065,000 төгрөгөөр үнэлж хонины махыг зээлээр худалдан авч, миний машиныг хөлслөн Улаанбаатар хотод борлуулахаар С.Е- өөрөө дагаж очоод Улаанбаатар хотын Эмээлтийн түүхий эд, хүнсний захад очоод К.Ж- (сары хуйын хочтой) гэх хүнд залилан мэхлүүлж алдсан.

7.2. К.Ж-ад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг нээж шалгасан ба К.Ж- нь уг махыг бүрэн бүтэн хүлээн авсныг зөвшөөрсөн. Тухайн Эрүүгийн хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр С.Е-ийг мөрдөгчийн тогтоолоор тогтоосон.

7.3. Эдгээр нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан учраас хэргийн хариуцагч нь С.Е- болох нь нотлох баримтаар батлагдсан байхад анхан шатны шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон гэж гомдол гаргаж байна.

7.4. Хариуцагч Т.Ж- надаас хүч хэрэглэж, баримт бичүүлэн авсан үйлдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасныг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Учир нь миний бие тухайн хэлцлийг хариуцагч С.Е- нь махыг К.Ж-ад алдсаны дараа сүүлд бичсэн болох нь нэхэмжлэгч Ш.А-аас мах зээлээр худалдан авснаас хойш хийгдсэн болох нь 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан Т.Ж- миний гарын баримтаар батлагдаж байна.

7.5. Нэхэмжлэгч Ш.А-аас махыг зээлээр худалдан авсан дараа нь  К.Ж- гэх хүнд махыг хүлээлгэн өгсөн эзэн нь С.Е- болох нь хууль ёсны нотлох баримтаар тогтоогдож, Е-ийг хамтран хариуцагчаар татан  оролцуулсан атлаа анхан шатны шүүхээс хамтран хариуцагч С.Е-ийг төлбөрөөс чөлөөлсөн явдалд гомдолтой байна.

7.6. Эцэс сүүлд нь Ш.А-ын нэхэмжилж байгаа 16,065,000 төгрөгийн хонины махыг залилан мэхэлж авсан гэмт этгээд К.Ж- болох нь нотлогдож, илэрхий тогтоогдсон байхад тухайн К.Ж-аас нэхэмжлэх хохирлыг барагдуулах эрх нь С.Е-д хууль ёсоор байгаа, түүнийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байхад хүчин төгөлдөр бус хэлцэл, гарын баримтыг үндэслэж Т.Ж- надаас төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан нь цаашид хохирлыг гэмт хэрэгтэн К.Ж-аас нэхэмжлэх эрхийг бүрэн хязгаарласан хууль бус үйл баримт болсон юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Т.Ж-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлага болох 16,065,000 төгрөгийг С.Е-ээр төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

8. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Хариуцагч Б.Ж- 3 жилийн хугацаанд миний махны мөнгийг өгөхгүй сунжруулаад явж байгаа. Би өөрөө төлөх зээлтэй. Б.Ж- Д суманд ирээд махыг авч яваад Улаанбаатар хот руу аваачаад алга болгоод ирсэн. Өнөөдрийн хүртэл надад тэр махны мөнгийг өгөхгүй байна. Тухайн үед надад ланд-80 маркийн машинаа өгсөн байсан боловч Өлгийд ирэхдээ нэр дээр чинь буулгаж өгье гэж дуудаж авчраад машинаа өөрөө авчихсан. Тухайн үед би зээлээ төлж чадахгүй байна 3 сая төгрөг өгөөч гэхээр нь би өгсөн байсан. Махны үнэ болох 16,065,000 төгрөг, зээлдэж авсан мөнгө 3,000,000 төгрөг, нийт 19,065,000 төгрөгийг хариуцагч Б.Ж-гаас төлүүлж өгөхийг хүсэж байна.  

 

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

9.1. Ш.А- 2020 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсний дараа давж заалдах шатны шүүхээс С.Е-ийг хариуцагчаар татах ёстой гэсэн магадлал гарсан. Уг магадлалыг эс зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргаад магадлалыг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхэд хэрэг 2022 оны 8 дугаар сард ирсний дараа С.Е-ийг хариуцагчаар татах тухай хүсэлт гаргаад анхан шатны шүүх хуралдаан болсон.

9.2. Б.Ж- том оврын машинтай Улаанбаатар хот руу хүмүүсийн ачааг ачдаг. Б.Ж- гарын баримтыг надаар хүчээр бичүүлж авсан гэдэг нь үндэслэлгүй. Ш.А-ад гарын баримтыг Б.Ж- өөрөө бичиж өгсөн. Б.Ж- Ш.А-ад Ланд-80 маркийн машинаа өгч 3-4 сар унуулж байсан. Дараа нь нэр дээр чинь буулгаж өгнө гэж дуудаж авчраад машинаа авчихсан. Ш.А-ын махыг ачиж яваад 3-4 жил болсон. Тэрнээс хойш мөнгийг нь өгөхгүй яваад байна. Ш.А- маш их хэмжээний зээл төлж, дарамтад орсон. Жолооч ачсан ачаандаа эзэн болох ёстой. Тэгээд худлаа Ж- авсан гэж байгаа. Ж- ямар хүн бэ гэдгийг өөрөө мэдэж байгаа. Залилан хийдэг хүн. Гарын баримтыг хүчээр бичүүлсэн бол машиныг нь бас хүчээр авсан юм уу. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

10. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, Ш.А-ын хариуцагч Т.Ж-, хамтран хариуцагч С.Е- нарт холбогдуулан  гаргасан 19.065.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн Т.Ж-гийн “хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

            11. Нэхэмжлэгч Ш.А- болон хариуцагч Т.Ж- нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр нэхэмжлэгч Ш.А- нь 3150 кг хонины махыг 1 кг 5100 төгрөгөөр тооцож өгөхөөр, хариуцагч Т.Ж- нь махны үнэ 16.065.000 төгрөгийг дараа төлөхөөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч Ш.А- нь 3150 кг махыг өгснөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хэрэгт хуульд заасан үндэслэлээр цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтад үндэслэгдсэн байна.

12. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний дагуу хариуцагч Т.Ж- 3150 кг хонины махыг өөрийн автомашинаар Улаанбаатар хотод хүргэж К.Ж-ад худалдаж, нэхэмжлэгч Ш.А-ад махны үнэд тооцон өөрийн эзэмшлийн Ланд круйзер-80 маркийн машиныг 20.000.000 төгрөгөөр үнэлэн өгч, зөрүүд нь 3.000.000 төгрөгийг Ш.А-аас бэлэн авч, дараа нь нэхэмжлэгчээс уг автомашиныг буцааж авсан нь хариуцагч Т.Ж-гийн гараар бичсэн баримт /хавтаст хэргийн 6-7 дахь тал/ нэхэмжлэгч болон хариуцагч, хамтран хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогджээ.

13. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гарын баримтыг няцаах үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар, мөн худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгч Ш.А- нь хариуцагч Т.Ж-гаас өөр этгээдтэй байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.Ж-гаас худалдаж авсан махны үнэ 16,065,000 төгрөг, зээлж авсан 3,000,000 төгрөг, нийт 19,065,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.А-ад олгож, хэрэгт авагдсан бичгийн баримтаар Ш.А- болон Т.Ж- нарын хооронд хэлцэл хийгдсэн нь тогтоогдож байх тул хамтран хариуцагч С.Е-д холбогдох үндсэн нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

14. Хариуцагч Т.Ж- нь “С.Е- нь махны эзэд болох А.А-, Ш.А- нараас зээлээр худалдан авч, миний ачааны машинаар тээвэрлэлт хийж хүргэсэн, А.А-, Ш.А- нараас махыг С.Е- зээлээр худалдан авсан, С.Е- өөрөө Улаанбаатар хотод дагаж очоод махыг борлуулах гэтэл К.Ж-ад залилан мэхлүүлж, махыг бүрэн хэмжээгээр алдсан. Би зөвхөн машинаараа тээвэрлэлт хийсэн, тээврийн хөлсөө одоо болтол аваагүй, уг мөнгийг С.Е- төлөх ёстой” гэж Ш.А-тай 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16,065,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Т.Ж- нь уг махыг Улаанбаатар хотод хүргэж К.Ж-ад өгч урьдчилгаанд 1.000.000 төгрөг авсан, мөн 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн  “миний бие Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Тогталын Ж- 2019.03.22-ны өдөр Д сумын 9 дүгээр багийн иргэн Шугайпын А-аас 3150 кг хонины мах 5100 төгрөгөөр үнэлж 16,065,000 төгрөгөөр авсан. Энэхүү мөнгийг 2019.05.01-ний өдөр хүртэл өгнө” гэх, мөн “би Ш.А-аас 3150 кг мах авсан. Уг махны оронд Ланд 80 маркийн **** БӨТ машинаа 20 сая төгрөгөөр үнэлж өглөө. Махны 16 сая төгрөгийн зөрүү 4,000,000 төгрөг авлаа. Одоо махны тооцоо байхгүй” гэх гарын баримтууд, хариуцагч өөрийн эзэмшлийн  Ланд 80 маркийн **** БӨТ улсын дугаартай автомашинаа нэхэмжлэгчид өгч, зөрүү мөнгө авч, 2 сарын дараа машинаа буцааж авсан үйл баримт, нэхэмжлэгч, хамтран хариуцагч нарын тайлбараар хариуцагчийн “Ш.А-тай 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3150 кг хонины махны үнэ 16,065,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлөх тухай бичгээр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг хангаж хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

15. Хариуцагч Т.Ж-гийн “...Т.Ж- надаас хүч хэрэглэж, баримт бичүүлэн авсан үйлдлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасныг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна. Учир нь миний бие тухайн хэлцлийг хариуцагч С.Е- нь махыг К.Ж-ад алдсаны дараа сүүлд бичсэн болох нь нэхэмжлэгч Ш.А-аас мах зээлээр худалдан авснаас хойш хийгдсэн болох нь 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан Т.Ж- миний гараар бичсэн баримтаар батлагдаж байна. Нэхэмжлэгч Ш.А-аас махыг зээлээр худалдан авсан дараа нь  К.Ж- гэх хүнд махыг хүлээлгэн өгсөн эзэн нь С.Е- болох нь хууль ёсны нотлох баримтаар тогтоогдож, Е-ийг хамтран хариуцагчаар татан  оролцуулсан атлаа анхан шатны шүүхээс хамтран хариуцагч С.Е-ийг төлбөрөөс чөлөөлсөн явдалд гомдолтой байна...” гэх давж заалдах гомдол нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэргийн оролцогчийн гаргаж өгсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын талаар үнэлж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

            16.  Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/00948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

                                                                                                          

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ