Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00482

 

“Ихбиндэр хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/05947 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 323 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Ихбиндэр хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-д холбогдох,

325 392 851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ихбиндэр хайрхан” ХХК нь “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2015/05 тоот худалдах-худалдан авах гэрээг байгуулж, худалдагч тал болох манай компани РС /Пи Си/ төрлийн хүнд бетоны нэмэлтийг 1 тн-ыг хөнгөлөлттэй үнэ болох 2 752 860 төгрөгөөр худалдан авагч талын захиалгыг үндэслэн нийлүүлэх, “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь 15 хоног тутам тооцоо нийлж, төлбөрийг төлж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.Уг гэрээний дагуу “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь 2015 онд захиалга хийж, нийт 312 219 600 төгрөгийн бетоны нэмэлт бүтээгдэхүүн авсан. Худалдан авагч 2015 онд 13 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 124 390 000 төгрөгийг бартерын хэлбэрээр төлж, нийт 137 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд 2014 онд нийт 8 890 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. 2014 оны төлбөрийн үлдэгдэл 8 890 000 төгрөгийг хасч тооцсоноор 2015 оны худалдан авалтын төлбөрөөс 128 500 000 төгрөг төлөгдөж, нийт 183 719 600 төгрөг төлөгдөөгүй байгаа.Гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр шаардсан боловч төлбөрийг төлөөгүй. Гэрээний 3.4-д “Хэрэв Б тал гэрээнд заагдсан төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги тооцно” гэж заасан ба алдангийн хэмжээ 2014 онд 5 824 000 төгрөг, 2015 онд 182 331 177 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын байдлаар 42 255 508 төгрөг, нийт 230 410 985 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүн болох 183 719 600 төгрөгийн 50 хувь болох 91 859 800 төгрөгийн алданги тооцож, үлдэгдэл төлбөр 183 719 600 төгрөг, алдангид 91 859 800 төгрөг, нийт 275 579 400 төгрөгийг гаргуулж өгнө үү.Түүнчлэн худалдан авагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь их хэмжээний худалдан авалт хийгээд төлбөрөө хугацаанд нь төлөлгүй хуримтлал үүсгэснээс болж манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, доголдоход хүрсэн ба бетоны нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд материалын дутагдалд орж, компанийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж ирсэн. Энэ үед хариуцагч нь төлбөрөө удахгүй төлнө гэж байсан тул яаралгай санхүүжилт олохын тулд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хас банктай ЗГ1470006915 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 183 334 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлж авч, зээлийн гэрээний шимтгэлд 550 000 төгрөг, өнөөдрийг хүртэлх 9 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөрт нийт 7 877 505 төгрөг, нийт 8 427 505 төгрөгийг төлөөд байна.Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу “Хөтөл тэлмэн констракш” ХХК-иас үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйн хохиролд зээлийн гэрээний шимтгэлд төлсөн 550 000 төгрөг, өнөөдрийг хүртэлх 9 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 7 877 505 төгрөг, нийт 8 427 505 төгрөгийг 275 579 400 төгрөгийн хамт нийт 284 006 905 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу худалдан авагч нь худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг бараа нийлүүлснээс хойш 15 хоногийн дараа төлж байхаар харилцан тохиролцсон хэдий ч худалдан авагч нь гэрээгээр хүлээн үүргээ хугацаанд нь биелүүлэлгүй байсаар 183 719 600 төгрөгийн хуримтлал үүссэн.Хариуцагч сүүлчийн төлбөр хийх өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөхгүй хохироож байна. Манай компани Бетоны нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн, худалдан авагч нартаа нийлүүлдэг. Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд, материал нь манай улсад байдаггүй бөгөөд БНСУ-ын “КМВ” ХХК-иас гэрээний дагуу ам.доллараар худалдан авдаг. Төлбөрийг Хас банкны сүлжээгээр дамжуулан шилжүүлэг хийх бүрт зохих хэмжээний ам.долларын шимтгэл төлөн худалдагч БНСУ-ын “КМВ” ХХК-ийн данс руу шилжүүлдэг.“Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь төлбөрийн үүргээ хугацаанд гүйцэтгээгүйн улмаас манай компани маш их алдагдалд орж байгаагийн нэг нь өнөөдрийн ам.долларын өсөлт болоод байна. Хариуцагчийн төлбөр гүйцэтгэх үеийн буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ам.долларын Монгол банкнаас зарласан ханш 1991.89 төгрөг байсан бол 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 2446.56 төгрөг болж 1 ам.доллар дээр 455 төгрөгийн зөрүү гарч байна. Ам.доллараар бараа бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг худалдаж авдаг бидний хувьд хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шууд хамааралтай хохирол учраад байна.Хэрэв хариуцагч гэрээний үүргээ биелүүлэн төлбөрөө хугацаанд нь төлсөн бол тухайн үед 92 234 ам.доллар худалдан авч түүгээрээ түүхий эд худалдан авч, тэр хэмжээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээ өсөх, ашиг нэмэгдэх байсан. Хэрэв хариуцагчийг өнөөдөр үүргээ гүйцэтгэн төлөх ёстой төлбөр буюу 183 719 600 төгрөгийг төлсөн гэж үзэн өнөөдрийн ханшаар ам.доллар худалдан авна гэж үзвэл 75 093.03 ам.доллар худалдан авч 17 141 ам.долларын алдагдал хүлээж, үүнээс үүдэлтэй түүхий эд худалдан авалтын хэмжээ багасаж түүгээр үйлдвэрлэн худалдаалах бүтээгдэхүүний хэмжээ буурч энэ хэмжээгээр бодит хохирлууд учиран алдагдал хүлээгээд байна. Гэтэл хариуцагч үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд цаашид хэр хугацаагаар сунахыг тооцоолох боломжгүй байна. Учир нь энэ бүхэн зөвхөн хариуцагчаас шалтгаалж хугацаа алдаж байгаа. Гэвч бид энэ бүхнийг тооцолгүйгээр зөвхөн ханшийн зөрүүнээс үүссэн хохирлыг хамгийн сүүлчийн худалдан авалтын хугацаанаас тооцон 17 141 ам.доллар буюу энэ өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу үүргээ хугацаанд гүйцэтгээгүйн улмаас учирсан ханшийн зөрүүнд нийт 41 935 946 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.Иймд “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-иас нийт 325 392 851 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани нь 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2015/05 дугаартай худалдах-худалдан авах гэрээг “Их Биндэр Хайрхан” ХХК-тай төлбөрийн нөхцлийг нь бартераар хийхээр тохиролцож байгуулсан. Уг гэрээний дагуу төлбөрөө хэвийн төлж барагдуулж байсан. 2015 онд 124 390 000 төгрөгийг бартерын хэлбэрээр төлж, мөн 13 000 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Гэтэл барилгын салбар хямралд орж зогсонги байдалтай болсноор төлбөрөө төлөх боломжгүйд хүрсэн. Зуурмагийн үйлдвэр нь өөрөө өвөл үйл ажиллагаа явуулах боломжгүй онцлогтой тул жилийн тэн хагаст нь буюу 6 сар бүтээгдэхүүн үйлдвэрлэлгүй сул зогсдог. “Их Биндэр Хайрхан” ХХК-иас төлбөрөө төлөхийг шаардсан албан бичиг манайд ирүүлээгүй ба гэнэт шүүхэд өгчихсөн байсан. Шүүхэд байсан бүхий л хугацаанд эвлэрэхийг бид санал болгон зуны турш зуурмаг юмуу байр авахыг хүсэж олон янзаар хувилбар өгч байсан. Эцэст нь эвлэрүүлэн зуучлагч дээр хүртэл төлбөрийг бэлэн мөнгөөр бус бартераар төлөх саналуудыг гаргасан ч манай байгууллагатай эвлэрэхийг хүсээгүй. Манай байгууллагын хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний үлдэгдэл болох 183 719 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ч алданги 91 859 800 төгрөг, мөн нэхэмжлэгч банкнаас авсан зээлийн гэрээний хүүнд төлсөн төлбөр болон шимтгэлийн төлбөрт төлсөн нийт 8 427 505 төгрөг, түүнчлэн, ам.долларын ханшны зөрүүний 41 935 946 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь бидний төлөөгүй төлбөрөөс болж нэхэмжлэгч банкнаас зээл авсан, мөн бид төлбөрийг төлөөгүйгээс болж ам.долларын ханш өсөж нэхэмжлэгч хохирсон гэж үзэх боломжгүй. Харин алдангийн хувьд хэт өндөр байх тул шүүх алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/05947 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.8, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-иас 233 719 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ихбиндэр хайрхан” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 91 673 251 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 053 547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 326 548 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  2017 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 323 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/05947 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа “Ихбиндэр хайрхан” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619 070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т “Бүтээгдэхүүнийг нийлүүлснээс хойш хуанлийн 15 хоногийн дотор төлбөрийг барагдуулна. Дээрх хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрөөс эхлэн нийт үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө” гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр худалдан авагчид худалдах барааны нэг бүрийн үнийн талаар тохиролцсоноос нийлүүлэх барааны нийт хэмжээг тохиролцоогүй учир энэ гэрээнд нийт үнийн дүн гэсэн ойлголт байхгүй. Харин худалдан авагч нь гэрээний 2.3-т заасны дагуу худалдсан барааныхаа хэмжээг худалдагчид урьдчилан 1 өдрийн өмнө мэдэгдэх ба 3.4-т заасны дагуу барааг нийлүүлснээс хойш 15 өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөх үүрэг хүлээсэн. Энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцно гэж тохиролцсон бөгөөд алданги тооцох үнийн дүн нь нийт үнийн дүн буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1 удаагийн захиалгаар худалдан авсан үнийн дүн болох нь гэрээний заалтаас тодорхой байна. Тиймээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу алданги нэхэмжлэх эрхтэй.Мөн “Ихбиндэр хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийг үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцох эрхтэй эсэх дээр маргаагүй, үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээ ч хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан хэмжээгээр алдангийг шаардах эрхтэй байтал давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.“Ихбиндэр хайрхан” ХХК болон “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нар 2015 оны 3 сарын 19-ний өдөр 2015/05 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “гэрээ байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс...” гэж бичсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлтэй байна. Хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөр нь нийт 183 719 600 төгрөг, үүнээс алданги тооцон Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алдангийн 50 хувь 91 859 800 төгрөг нэмж нэхэмжлэхэд үүнийг хэт их хэмжээн үзэж хариуцагчийн хүсэлтээр алдангийн хэмжээг 50 000 000 төгрөг болгосон байдаг. Шүүх алдангийн хэмжээг хэт их хэмээн үзэж багасгахдаа ямар баримт сэлт, шалгуур болоод хэргийн нөхцөл байдлыг үндэслэн юуг хамааруулан багасгах шаардлагатай гэж үзсэн, алдангийн хассан үндэслэлээ тодорхойлоогүй байтал давж заалдах шатны шүүх мөн энэ үндэслэлээр алдангийг багасгаж тооцсон нь үндэслэлтэй гэдгээ тодорхой тайлбарлалгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй....Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол болоод хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан гэх шалтгаант холбоотой талаархи нотлох баримтаа иргэний хэрэгт хангалттай гаргаж өгсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хууль зөрчсөн. ...Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан гомдлыг хянаж үзсэн эсэх нь үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байх ба энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлтэй байна.Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангалттай хэрэгжүүлж чадаагүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжих зарчмыг зарим талаар зөрчсөн, зохигчдын хоорондох гэрээний заалтыг буруу тайлбарласнаар шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх хуулийн шаардлагад нийцээгүй байх боловч шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Их биндэр хайрхан” ХХК хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг, алдангийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэлд заасан хэмжээгээр зөвшөөрч алданги болон хохирлын шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нэхэмжлэлд заасан хэмжээгээр тогтоосон, харин алдангийн хэмжээг гэрээ болон хуульд зааснаас багасгаж, хохирлын талаарх нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч “Их биндэр хайрхан” ХХК болон хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-ийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 05 дугаартай худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь РС2 төрлийн хүнд бетоны нэмэлт бүтээгдэхүүнийг 1тн-ыг хөнгөлттэй үнээр буюу 2 752 860 төгрөгөөр худалдах, хариуцагч төлбөрийг төлөх үүрэг хүлээжээ.

Уг гэрээний дагуу хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь 2015 онд 312 219 600 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авч, 13 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж, 124 390 000 төгрөгийн төлбөрийг бараагаар барагдуулж, урд оны өр 8 890 000 төгрөгийг тооцож, 128 500 000 төгрөгийг төлсөн тул 183 719 600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоноос гадна хариуцагч энэ үнийн дүнгийн талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Худалдан авагч хүлээн авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй бол худалдагч дутуу төлбөрийг шаардах эрхтэй тул хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 183 719 600 төгрөг гаргуулсан шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй болжээ.

Зохигчид 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний 3.4. дэх заалтад “бүтээгдэхүүнийг нийлүүлснээс хойш хуанлийн 15 хоногийн дотор төлбөрийг барагдуулна. Дээрх хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн нийт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно” гэж тохиролцжээ.

Анхан шатны шүүх алдангийн хэмжээг илт их гэж үзэн нэхэмжлэгчийн шаардсанаас багасгаж тогтоосон бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч алдангийн талаарх талуудын тохиролцоог Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болдог байна.

Хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа “барилгын салбар хямралд орж, зогсонги байдалтай болсон” гэх үндэслэл зааснаас өөрөөр гэрээгээр тохирсон алдангийг төлөхгүй байх шалтгаан нөхцлийг тодорхойлоогүй, шүүхэд ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх “хэргийн нөхцөл байдлыг харгалзан” гэж дүгнэж, алдангийн хэмжээг хууль болон гэрээнд заасан хэмжээнээс багасгасан нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна. Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т зааснаар шүүх шийдвэрээ анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн  дээр гаргаж, шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах үүрэгтэй.

Алдангийн хэмжээг илт их гэж үзэх үндэслэл, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад түүний хэмжээг багасгасан анхан шатны шүүхийн шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Зохигчдын гэрээнд алданги тооцох арга, журмыг тодорхой бус тусгасан байх нь алдангийн талаар тохиролцоогүй гэж үзэх, эсхүл уг тохиролцоог хуульд харшилсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тухайлбал, гэрээний алдангийн талаарх заалтад “нийт үнийн дүнгээс” гэж заасан нь гэрээний нийт үнийн дүн, эсхүл гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүн гэж ойлгох нь тодорхой бус, “0.5 хувийн алданги” гэдэг нь хугацаа хэтэрсэн хоног тутамд бодогдох эсэх нь ойлгомжгүй тодорхойлогдсон гэж үзэхээр боловч энэ нь гэрээний тухайн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй, харин Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2.-т заасан “гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэх зарчмын дагуу гэрээг тайлбарлах үндэслэл болох юм.

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд  зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз, хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж ойлгохоор Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.6.-д тус тус тодорхойлсон байх ба талууд худалдах-худалдан авах гэрээндээ нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулах хугацаа, хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн алданги тооцох талаар зааснаас дүгнэвэл анзын талаар хэлэлцсэн, уг анз нь алданги хэлбэртэй байхаар тохиролцсон гэж үзэв.

Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ банкнаас зээл авч, зээлийн хүү, шимтгэлд 8 427 505 төгрөг төлсөн, гадаадаас авах түүхий эдийн төлбөрийг хожимдуулан төлж, валютын ханшны зөрүүд 41 935 945 төгрөг илүү төлсөн гэж хохирлынхоо агуулгыг тодорхойлжээ.

Хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК нь 8 427 505 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбартаа зааснаас өөрөөр уг шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан, үндэслэлийг огт дурдаагүй, татгалзлаа нотлох ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 6.3.-т заасныг зөрчиж, хариуцагчийн мэтгэлцээгүй, нотлоогүй үндэслэлийг өөрөө санаачилгаар тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “Их биндэр хайрхан” ХХК нь  2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хас банкнаас хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-ийн хуримтлагдсан 183 719 600 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй дүйцэхүйц хэмжээний буюу 183 334 000 төгрөгийн зээл авсан ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 9 сарын хугацаанд зээлийн хүү, шимтгэлд 8 427 505 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн уг нэмэгдүүлсэн шаардлагаа нотолсон үндэслэл болон баримтыг хариуцагчийн зүгээс баримтаар үгүйсгээгүй, татгалзлынхаа үндэслэлийг ямар нэг байдлаар тодорхойлоогүй байхад шүүх тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэлтэй байна.   

Нэхэмжлэгч “Их биндэр хайрхан” ХХК нь бетоны нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг БНСУ-аас худалдан авдаг ба хариуцагч төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс БНСУ-ын “КМВ” компаниас цаг хугацаандаа түүхий эдээ худалдан авч чадаагүй, харин ам.долларын ханш өссөн үед төлбөрөө гадаад гуйвуулгаар шилжүүлсэн тул ханшийн зөрүүгээр алдагдал хүлээж хохирсон гэж 41 935 945 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч уг нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2., 72.3.-т зааснаар хариуцагч  нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэлийг хүлээн авсан боловч дээрх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зохицуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн татгалзсан эсэх нь тодорхойгүй, мэтгэлцээгүй асуудлаар өөрөө дүгнэлт хийж, гадаад гуйвуулгын баримтыг гадаад хэл дээр бичигдсэн гэж \монгол хэлээр давхар бичигдсэн маягт\, валютын ханшны зөрүү хариуцагчийн буруутай ажиллагаатай холбоотой эсэх нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 6.3., 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шаардлагад нийцээгүй байна.

Харин нэхэмжлэгч хохирол гаргуулах уг шаардлагадаа БНСУ-ын “КМВ” компанитай гэрээний харилцаатай гэж заасан боловч гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийг шаардлагынхаа үндэслэлийг нотлоогүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагч “Хөтөл тэлмэн констракшн” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 183 719 600 төгрөг, алдангид 91 859 800 төгрөг, банкны зээл авснаас учирсан хохиролд 8 427 505 төгрөг, бүгд 284 006 905 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Их биндэр хайрхан” ХХК-д олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн 323 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/05947 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232 дугаар зүйлийн 232.8.” гэснийг хасч, “233 719 600 төгрөг” гэснийг “284 006 905 төгрөг” гэж, “91 673 251 төгрөгийг” гэснийг “41 385 946 төгрөгийн шаардлагыг” гэж, 2 дахь заалтын “1 326 548 төгрөгийг” гэснийг “1 577 984 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 619 070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН