Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 15

 

Ү.Алтайбаатар, У.Батсүх нарт
холбогдох хэргийн талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Т.Жаргалсайхан даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Баттогтох, тус шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Одбаярыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч шүүгдэгч У.Батсүх болон түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ү.Алтайбаатар, У.Батсүх нарт холбогдох 201607000068 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч, нягтлан бодогч, улс төр судлаач мэргэжилтэй, “Өвгөн буурал” компанийн захирал ажилтай, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, 2000 онд 1 жилийн ял эдэлж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төвд оршин суудаг, Домч Овогт Үржингийн Алтайбаатар.
 Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын мал эмнэлэг үржлийн тасгийн эрхлэгч ажилтай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 4-р багт оршин суудаг, Ундрах овогт Уртнасангийн Батсүх.
 Шүүгдэгч Ү.Алтайбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төвд байрлах Мал эмнэлэг, үржлийн тасагт бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлан танхайрч хохирогч У.Батсүхийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, Шүүгдэгч У.Батсүх нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төвд байрлах Мал эмнэлэг, үржлийн тасагт хохирогч Ү.Алтайбаатарыг “Даваадоржийн бууны нохой, чам шиг бууны нохой хийж амьдрахгүй, чиний эцэг чинь үхэхдээ надад гай болж үхсэн, чиний авгай чинь биеэ худалдаж байж сургуулийн захирал болсон” гэж доромжиллоо хэмээн маргалдан зодолдож улмаар хохирогч Ү.Алтайбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Домч овогт Үржингийн Алтайбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Алтайбаатарт 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ундрах овогт Уртнасангийн Батсүхэд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах гомдол, тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 38 дугаартай Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:
У.Батсүх нь 2016 оны 4-р сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд албан өрөөндөө сууж байхад нь Ү.Алтайбаатар орж ирж зодож танхайрсан бөгөөд уг үйлдлийн талаар холбогдох газруудад У.Батсүх нь гомдол гаргаснаар уг асуудал эхэлсэн байдаг бөгөөд анхан шатны шүүхээс У.Батсүхэд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгааг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь У.Батсүх нь Ү.Алтайбаатарыг зодож гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт 2016 оны 05-р сарын 04-ний өдрийн шинжээчийн анхны дүгнэлтээр /ХХ-н 39-40-рт/ Ү.Алтайбаатарын биед учирсэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч нарыг оролцуулсан бөгөөд 2016 оны 05-р сарын 16-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт буюу Ү.Алтайбаатарын биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоосон шинжээч эмч Ү.Алтайбаатарыг оролцуулж дүгнэлтийг тайлбарлуулсан бөгөөд шинжээч эмч нь өөрийн үзлэгээр ямар нэгэн хөнгөн зэргийн гэмтлийн шинж огт илрээгүй бөгөөд аймгийн гэмтлийн эмч болон мэс заслын эмч нарын оношоор уг гэмтлийг гаргасан болохоо тайлбарласан. Мөн тархи доргилтын шинж нь комьпютер томографикийн шинжилгээгээр тодорхой гардаг боловч Ү.Алтайбаатарын шинжилгээгээр уг гэмтэл илрээгүй талаар анхан шатны шүүх хуралд оролцсон шинжээч эмч нар мэдүүлсэн зэргээс харахад уг гэмтэл нь бодитой учирсан эсэх нь эргэлзээтэй байгаа.
Иймд 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 38 дугаартай Шийтгэх тогтоолд аөрчлөлт оруулж У.Батсүхийг цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч У.Батсүх давж заалдах гомдолдоо: Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр албан өрөөндөө ажил үүргээ гүйцэтгэж байхад Ү.Алтайбаатар гаднаас согтуу орж ирж, агсам тавьж миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болно. Ү.Алтайбаатар намайг зодсон гэж гүтгэж эрүүгийн хэрэгтэн болгосон. Харин 2016 оны 10 дугаар сарын 28-нд болсон шүүх хурал дээр Ү.Алтайбаатар нь У.Батсүх намайг зодож цохьсон зүйл байхгүй надад огт гар хүрээгүй гэдгээ шүүх хурал дээр хэлсэн. Ү.Алтайбаатар нь өөрт гарсан гэмтлээ урьд нь 2 удаа аваарт орж байснаас тийм гэмтэл гарсан байх гэж шүүх хурал дээр хэлсэн. Би энэ хэргийн үнэн зөвийг тогтоолгох гэж өдий хүртэл явсан учир энэ хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:

2016 оны 04 дүгээр сарын 27-ны орой 17 цагийн орчимд Г.Алтайбаатар нь Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн албан ажлын өрөөнд согтуу орж, тухайн байгууллагын даргаар ажиллаж байсан У.Батсүхийг “Даваадоржийн бууны нохой, гөлөг, гэх мэтээр доромжилж, ширээний ард сууж байхад нь толгой руу нь цохьсон байх бөгөөд У.Батсүх нь босч ирж Г.Алтайбаатартай брилцаж авч, зууралдаж, түлхэлцсэн байна. Энэ үйлдлийн явцад Г.Алтайбаатар, У.Батсүх нарын хамраас цус гарсан байсан бөгөөд У.Батсүхийн биед нь тархины доргилт, толгойн ар дагз хэсэг, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирч, Г.Алтайбаатарын биед тархины доргилт, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, баруун шанаа, хоёр шуунд зулгаралт зэрэг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирчээ. Эдгээр үйл баримтууд нь мөрдөн байцаалтын явцад гэрч Г.Тунгалагийн өгсөн: “Алтайбаатар Батсүхийг Чи Даваадоржийн бууны нохой гэж хэлээд компютер дээгүүр гараараа далайж байсан” гэсэн мэдүүлэг болон уг мэдүүлгийг бататгаж гэрч 
Б.Батбаатартай нүүрэлдүүлж байцаах үед гэрч Г.Тунгалагийн гаргасан “Алтайбаатар орж ирээд Батсүхрүү Даваадоржийн бууны нохой хийж амьдрахгүй гээд Батсүхийн сууж байсан компютерийн дээгүүр Батсүхийг гараараа цохиод авсан” гэсэн мэдүүлэг, 
Гэрч Б.Батбаатарыг гэрч Г.Тунгалаг, З.Баатархүү нартай нүүрэлдүүлэн байцаасны дараа гэрч Б.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг араас нь яваад ороход Алтайбаатар, Батсүх нар нь хоорондоо маргалдаад Алтайбаатар нь хашгираад нохойн гөлөг гэх мэтээр хэлж орилоод хэл амаар Батсүхийг доромжилсон. Эхлээд Алтайбаатар нь Батсүхийг сууж байхад нь толгойд нь цохьсон. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад зууралдаж байгаад салахдаа Алтайбаатар Батсүхийг түлхсэн. Тэгэхэд Батсүх хойшоо савахдаа ардаа байсан шилэн нүүртэй сефин шкапны шилийг хагалсан. Тэгээд салсан чинь тэр хоёрын хоёулангийнх нь хамраас цус гарсан байсан бөгөөд Алтайбаатар нь хамраасаа урсаж байсан цусыг нулимаад байсан.  Мөн тэр хоёр салсан байхад Алтайбаатар нь суурин компютерийн дэлгэцийг Батсүхрүү шидэх гэхээр нь би салгасан юм. Тэр үед гаднаас Баатархүү болон Ичинхорлоо нар орж ирээд Алтайбаатарыг авч гарсан” гэсэн мэдүүлэг, Гэрч З.Баатархүүгийн: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг : “...2016 оны  04 сарын 27-ны орой намайг дэлгүүрийн үүдэнд зогсож байхад Ү.Алтайбаатар, Б.Батбаатар 2 мал эмнэлэгрүү орж байгаа харагдсан. Удалгүй муудалцаад байхаар нь ороход ширээний 2 талд хэрүүл маргаан хийгээд зогсож байсан” гэсэн мэдүүлэг,    
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ундармаа, Б.Ганзориг, М.Золжаргал нарын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн:  “У.Батсүхийн биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн 150 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн 843 дугаар дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ундармаа, Б.Ганзориг, М.Золжаргал нарын: “Ү.Алтайбаатарын биед тухайн үед тархи доргилт, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, баруун шанаа, хоёр шуунд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн 151 дугаартай дүгнэлт үндэслэл муутай, Шүүх эмнэлгийн  167 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн 843А дугаар дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. 
Шүүх Ү.Алтайбаатарын үйлдлийг хууль бус хэмээн зөв дүгнэсэн атлаа хууль бус халдлагын эсрэг хуулиар зөвшөөрөгдсөн идэвхтэй үйлдэл хийж Ү.Алтайбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан У.Батсүхийн үйлдэлд дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, түүнийг бусдын бие махбодид санаатайгаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж дүгнэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.  
    Ү.Алтайбаатар нь согтуугаар У.Батсүхийг “Бууны нохой, гөлөг, аав чинь үхэхдээ хүнд гай болсон, эхнэр чинь биеэ худалдаж захирал болсон” гэх мэтээр  доромжилж, хэрүүл маргаан өдүүлж, хамраасаа гарсан цусыг нулимах зэргээр нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчиж, У.Батсүхийн халдашгүй байдлыг алдагдуулж, хүч хэрэглэн эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, уг үйлдлийг нь таслан зогсоосны дараа У.Батсүхийг дахин компютерийн дэлгэцээр цохихоор далайсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд хэргийн үйл баримт, хэрэг гарсан нөхцөл байдал, маргаан гарсан шалтгаан тэдний гаргаж байсан зан авир зэргийн талаар гэрч Г.Тунгалаг, Б.Батбаатар, З.Баатархүү нарын мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.        
Тиймээс анхан шатны шүүхээс Ү.Алтайбаатарын үйлдлийг эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар догшин авирлаж танхайрсан гэж зүйлчилж хуульд заасан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Харин Ү.Алтайбаатарын зүгээс гаргасан хууль бус довтолгоон буюу танхайрсан үйлдлийн эсрэг түлхэх, барилцах, зууралдах явцад тархины доргилт, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, баруун шанаа, хоёр шуунд нь зулгаралт зэрэг гэмтэл учруулсан У.Батсүхийн үйлдэл нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан санаатай, идэвхтэй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл боловч, агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай, аргагүй хамгаалалтын үйлдэл байна. 
Тиймээс аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд өөрийн, хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг хуулиар хориглосон нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан У.Батсүхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахаар шийтгэх тогтоолын холбогдох заалтыг зөвтгөн өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээн, У.Батсүх болон түүний өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгуулж, цагаатгуулах тухай давж заалдах гомдлыг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 мөн хуулийн 324 дүгээр зүйлийн  324.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Говь-Алтай аймгийн прокурорын газраас У.Батсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, У.Батсүхийг цагаатгасугай” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Батсүх, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЖАРГАЛСАЙХАН
                                     
                                       ШҮҮГЧИД                                   Б.НАМХАЙДОРЖ

                                                                                           Ч.ЭНХТӨР