Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0050/з |
Дугаар | 001/ХТ2020/0039 |
Огноо | 2020-01-20 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2020/0039
“Тб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД, НГЗБА-нд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Мөнхтуяа
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан Нийслэлийн Газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0557 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 587 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.И, өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.И болон өмгөөлөгч Д.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0557 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.3, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан Нийслэлийн газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах ”Тб” ХХК-ийн захирал Л.И-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 587 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0557 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0557 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 587 дугаар магадлалыг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4. Нэхэмжлэлийн “Мэдээллийн сангаас нэгж талбар устгасан Нийслэлийн газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх үүнийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой. Нэхэмжлэгч нь хариуцагчийг нэгж талбарыг хуульд заасан үндэслэлээр устгаагүй, устгахдаа маргаан бүхий байршлыг гуравдагч этгээд болох “Э б” ХХК-ийн өмч хувьчлалаар авсан газрыг Хятад улсын иргэний нэр дээр бүртгэсэн мэтээр, өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын эзэмшил нь гуравдагч этгээд буюу “Эх булаг” ХХК-ийн эзэмшил газарт хамаардаг байдлаар устгасан нь хууль бус байсан талаар маргасан байхад, шүүх бүртгэсэн үйлдэл нь хууль бус байсан тул устгасан үйлдэл нь хуульд нийцсэн талаар нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн, маргаагүй үйл баримт болох анх мэдээллийн санд бүртгэсэн үйл баримтад дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцэхгүй.
5. Хууль ёсоор маргаан бүхий нэгж талбар бүртгэгдсэн эсэх талаар шүүх шалгаагүй хирнээ шалгаад хууль бусаар бүртгэгдсэн байсныг тогтоосон мэтээр дүгнэлт гаргасанд гомдолтой. Нэгдүгээр хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03/743 дугаар албан бичгийн дээрээсээ 3 дахь догол мөрт “....Нэгж талбарын 18643312317096 бүхий 24 м.кв талбайтай газар нь 2006 оноос хойш регистрийн /ЮД:48110919/ дугаартай иргэний нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд 2016 оны 05 дугаар сарын архивын зурган мэдээллээс хойш уг байршилд нэгж талбарын бүртгэл байхгүй байна...” гэж маргаан бүхий нэгж талбар нь газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн талаар уг албан бичигт дурдсан байдаг. Мөн энэхүү албан бичгийн 4 дэх догол мөрт “...Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газар буюу нэгж талбар тус бүрт нэгж талбарын хувийн хэргийг холбогдох журамд заасны дагуу зайлшгүй үүсгэн эрх зүйн нотлох баримт, мэдээ материал зэргийг агуулан тухайн засаг захиргааны нэгж дэх Газрын асуудал эрхэлсэн алба хадгалан хамгаалж, өөрчлөлт шинэчлэлтийг хөтлөн явуулдаг тул уг бүртгэл ямар шийдвэрийг үндэслэн бүртгэл хийсэн болох, 18643312317096 нэгж талбарын бүртгэл нь ямар шалтгаанаар байхгүй болсон талаарх мэдээллийг Нийслэлийн болон харьяа дүүргийн газрын албанаас гаргуулж авна уу...” гэж нэгж талбар бүрт хувийн хэрэг байдаг, уг хувийн хэрэгт анх бүртгэл ямар шийдвэрийг үндэслэж хийгдсэн, устгахдаа ямар шийдвэрийг үндэслэж устгасан талаарх бүх мэдээлэл агуулагддаг, яг газрын хувийн хэрэг шиг нэгж талбарын хувийн хэрэг байдаг талаар тодорхой дурдсан байдаг. Гэтэл шүүх маргаан бүхий нэгж талбарын хувийн хэргийг холбогдох байгууллагаас авсан мэтээр, уг нэгж талбарын хувийн хэрэгт маргаан бүхий нэгж талбарыг хууль бусаар устгасан талаарх нотлох баримт байсан, мөн маргаан бүхий нэгж талбар анх мэдээллийн санд хууль бусаар бүртгэгдсэн мэтээр дүгнэлт хийсэнд гомдолтой.
6. Мөн хоёрдугаар хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01-04/4089 тоот албан бичгийн 3 дахь догол мөрт “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18643312317096 тоот нэгж талбарын дугаар бүхий 24.1 м.кв газрыг анх уг төслийн хүрээнд Нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгэхдээ “ММ” ХХК-ийн 2005 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хэмжилтийг үндэслэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газар хуучнаар 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр UBGIS системд хөрвүүлэн бүртгэсэн байна” хэмээн албан бичгийг шүүхэд ирүүлсэн байдаг. Гэтэл уг албан бичигт маргаан бүхий нэгж талбар хууль бусаар бүртгэгдсэн талаар огт дурдаагүй бөгөөд шүүх тухайн үед эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хэрэгжсэн төслийн хүрээнд маргаан бүхий нэгж талбарыг бүртгэсэн үйл баримтыг үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, төсөл тухайн үед эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хууль ёсоор хэрэгжсэн байдлыг шүүх анхаарч үзсэнгүй.
7. Дээрх “ММ” ХХК-ийн 2005 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хэмжилтийг үндэслэн мэдээллийн санд орсон нэгж талбарыг ямар нотлох баримтыг үндэслэж хууль бусаар мэдээллийн санд бүртгэсэн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд байхгүй нотлох баримтад тулгуурлан хийсвэрээр хууль бусаар мэдээллийн санд орсон мэтээр дүгнэлт хийсэнд гомдолтой. Шүүх мэдээллийн сангаас устгасан хариуцагчийн үйлдлийг зөвтгөхдөө уг бүртгэл хууль ёсны дагуу хийгдээгүй болох нь тогтоогдсон тул маргаан бүхий газрын нэгж талбарыг мэдээллийн сангаас устгасан хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд нийцсэн талаар үндэслэлгүй, байхгүй нотлох баримтыг үндэслэж, хэрэгт авагдаагүй баримтад хийсвэрээр дүгнэлт хийснээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасантай нийцэхгүй байна.
8. Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2013 оны А/528 дугаар тушаал хэрэгт авагдаагүй. Шүүх хэрэгт авагдаагүй, хүчин төгөлдөр бус журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасантай нийцсэн талаар дүгнэлт хийжээ. Гэтэл уг журамд заасны дагуу хавтаст хэрэгт мэдээллийн санд хяналт тавих эрх бүхий ажлын хэсгийн шийдвэр авагдаагүй, энэ талаар шийдвэр байгаа эсэхийг шүүх тодруулаагүй хирнээ зөвхөн хариуцагчийн шүүх хурал дээр гаргасан тайлбарыг үндэслэн хууль, шүүхийн байгууллагаас бүртгэлийг хууль бусаар бүртгэсэн талаар хүчин төгөлдөр шийдвэр байгаа мэтээр өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой.
9. Хариуцагч нь 2001 оноос хойш хэрэгжсэн Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Кадастрын зураглал ба газрын кадастр” төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд тоон кадастрын мэдээллийн санг үүсгэсэн... хэмээн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01-04/4089 тоот албан бичгээр ирүүлдэг. Өөрөөр хэлбэл, уг төслийн хүрээнд маргаан бүхий нэгж талбарын тоон мэдээллийн санг үүсгэсэн талаар албан бичиг шүүхэд ирүүлдэг. Гэтэл 2005 онд төслийн хүрээнд бүртгэсэн бүртгэлээ одоо яагаад үгүйсгээд хууль бус бүртгэсэн гээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүх хариуцагчийн баталсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2015 оны хууль зүйн яаманд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус журмыг 2005 оны бүртгэл рүү буцаан хэрэглэсэнд гомдолтой.
10. Хариуцагч тухайн үед нэгж талбарыг гуравдагч этгээд буюу “Э б“ ХХК-ийн эзэмшил газар хэмээн андуурч нэгж талбарын бүртгэлийг устгасан болох нь хэрэгт авагдсан нэгдүгээр хавтаст хэргийн 128-130 дугаар хуудаст авагдсан “Эх булаг” ХХК-ийн.... албан бичиг болон Сүхбаатар дүүргийн газрын албаны албан бичгүүдээр хангалттай нотлогддог. “Э б” ХХК-ийн өмч хувьчлалаар авсан үл хөдлөхийн газар маргаан бүхий нэгж талбар орохгүй болох нь Геодези зураг зүйн газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03/743 тоот албан бичгийн хавсралт болон 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/487 тоот албан бичгийн хавсралтаас тодорхой харагддаг. Гэтэл шүүх хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтыг огт үнэлээгүй.
11. Өөрөөр хэлбэл, хариуцагч Газар зохион байгуулалтын алба маргаан бүхий нэгж талбарыг гуравдагч этгээд болох “Э б” ХХК-ийн өмч хувьчлалаар авсан газарт хамаарна хэмээн устгасан бөгөөд хариуцагчийн энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус болох” талаар нэхэмжлэлдээ хангалттай дурдсан бөгөөд энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байгааг шүүх харгалзаж үзсэнгүй.
12. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд “Захиргааны актыг бичгээр гаргах” талаар, мөн 40 дүгээр зүйлийн 40.1-д “энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргахыг” тус тус хуульчилсан байдаг. Гэтэл маргаан бүхий нэгж талбарыг мэдээллийн сангаас устгах үйлдэл /захиргааны актыг/-ийг хуулийн 41 дүгээр зүйлд заасан бичмэл бус хэлбэрээр гаргах аль ч үндэслэлд хамаарахгүй бөгөөд захиргааны байгууллага болох Нийслэлийн газар зохион байгуулалтын алба маргаан бүхий нэгж талбарыг газрын мэдээллийн сангаас бичмэл хэлбэрээр акт гаргахгүйгээр мэдээллийн сангаас шууд устгах 47.1.6-д заасан үндэслэл байгаагүй байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой.
13. Маргаан бүхий 18643312317096 тоот нэгж талбарын дугаар нь 2013 онд өмчлөх эрх нь нэхэмжлэгчид “Худалдах худалдан авах гэрээ”-ээр шилжиж ирсэн, 2017 онд нэхэмжлэгчийн нөхөр нас барснаас хойш 2018 онд өмчийн талаар маргаан үүсэн, 2019 онд иргэний шүүхээр өмчлөгч болохоо тогтоолгосон, эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэсэн нэгж талбарын дугаар болохыг шүүх анхааралдаа авна уу.
14. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа Нийслэлийн Засаг даргад 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хандаж “газар эзэмших эрх олгож өгнө үү” гэх өргөдөл гаргасныг Нийслэлийн Тамгын газар “Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт”-аар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгэн авч, Нийслэлийн Газрын алба руу шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ. Нийслэлийн Засаг даргын шилжүүлсэн өргөдлийн хариуг Нийслэлийн Газрын алба нь 2018 оны 12 дугаар арын 20-ны өдрийн 01-06/6036 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад “24.1 м.кв газарт газар эзэмших эрх олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл маргаан бүхий газрын хэмжээ явган хүний зам хаасан гэх нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоогдсон объектын хэмжээ бодит байдал дээрээ 28 м.кв талбайтай юм. Өөрөөр хэлбэл, илүү 4 м.кв газрыг нэхэмжлэгч хүсэлт дээрээ бичээгүй бөгөөд энэхүү илүү хэмжээг нэхэмжлэгч нийтийн эзэмшил буюу явган хүний замд чөлөөлөх бүрэн боломжтой юм. Гэтэл хариуцагч болон шүүх энэ байдалд огт дүгнэлт хийгээгүй төдийгүй нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоогдсон 24.1 м.кв талбайтай байр нь бүхэлдээ явган хүний замыг хаасан байдлаар дүгнэлт хийж шийдвэр, магадлал гаргасанд гомдолтой. Илүү гарсан 4 м.кв газраар явган хүн явах бүрэн бололцоотой байдлыг харгалзан үзнэ үү. Анхан шатны шүүх дээр энэ талаар огт хэлэлцээгүй бөгөөд дүгнэлт хийлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулахдаа мөн л бүхэлдээ явган хүний зам хаасан мэтээр дүгнэлтээ гаргасанд гомдолтой.
15. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргахдаа 24.1 м.кв хэмжээгээр хүсэлт гаргасан байгааг шүүх анхааралдаа авахыг хүсье. Маргаан бүхий байршилд нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоогдсон 24.1 м.кв бүхий 1981 оноос хойш хуучин гутал засварын цех байж байгаад хожим нэхэмжлэгч томруулж засаж сайжруулж цайны газар болгосон бөгөөд Хүнсний 4 дүгээр дэлгүүр болох объектоос өргөтгөж барьсан байр биш болно. Гэтэл хариуцагч 30 дугаар байрны өргөтгөл хэмээн үндэслэлгүйгээр татгалзсан бөгөөд 2015 оноос хойш нэхэмжлэгч газрын төлбөр төлж байсан баримт хэрэгт авагдсан байдаг. Мөн нийтийн эзэмшлийн явган хүний замыг хаасан гэх боловч нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоогдсон уг объект 1981 оноос хойш байсан байрлалаасаа өөрчлөгдөөгүй, эсрэг талын “Р М”, хуучны 2 байшингийн дундуур хороолол руу ордог хэсэгт барилга барьснаас улбаалан хороолол руу ордог машин зам багасаж, машины зам нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоогдсон барилгад тулгаж тавигдсан байдлыг шүүх харгалзаж үзээгүйд гомдолтой. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
17. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн “Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан Нийслэлийн Газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь, маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрхгүй БНХАУ-ын иргэн Ж овогт Я-ийн нэр дээрх нэгж талбарын 18643312317096 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг устгасан хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүйгээс гадна, уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна. Тодруулбал, БНХАУ-ын иргэн Ж овогт Я-ийн нэр дээрх кадастрын зураг буюу газрын нэгж талбарын бүртгэл хэвээр байсан ч нэхэмжлэгч “Т б” ХХК-д шилжихгүй /газар эзэмших эрх олгосон шийдвэргүйгээр/, газар эзэмших эрхийг үүсгэхгүй юм.
18. Иймээс энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-13-т заасан “кадастрын нэгж талбар устгасан Нийслэлийн Газрын албаны үйлдэл илт хууль бус байхад анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн утгатай нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
19. Харин шүүхүүд “Нийслэлийн Газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг буруу дүгнэснээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
20. Тодруулбал, нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан .... “Тб” ХХК нь Л Ф Г, Л Ж Я нарын өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан гутал засварын газрыг 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан билээ... Иймд энэхүү байрныхаа газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх зарчмыг баримталж, ...уг байшингийн суурийн газар эзэмших эрхийг олгож өгнө үү...” гэсэн хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргажээ /1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал/. Тухайн хүсэлтийг Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн газрын албанд шилжүүлсний дагуу тус албанаас маргаан бүхий акт болох 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч ”Тб” ХХК-д “...Танай компаниас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 м2 газар эзэмших эрх хүсч ирүүлсэн хүсэлтийн дагуу судалж, тус албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчсөн, нийтийн эзэмшлийн, явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өргөтгөл барьсан байх тул боломжгүй, “эс зөвшөөрсөн” тухай дүгнэлт гарсан...” гэсэн татгалзсан хариу өгсөн нь хууль бус юм.
21. Учир нь, маргаан бүхий газар дээрх нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө нь 1989 оноос хойш байсан, орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг өөрчилж, нэмэлт ачаалал өгч давхарласан, өргөтгөл биш /Хүнсний 4 дүгээр дэлгүүрийг өргөтгөж барьсан байр биш гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон/, мөн тухайн үл хөдлөх хөрөнгийн суурийн газар нь “нийтийн эзэмшил” газар гэдгийг нотлох баримт байхгүй байхад /нийтийн эзэмшилд авсан эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй/ хариуцагчаас үндэслэлгүйгээр татгалзсан, өөрөөр хэлбэл захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байхад маргаан бүхий актыг гаргаснаараа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-ыг зөрчсөн хууль бус акт гэж үзнэ.
22. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь 1989 онд баригдсан байхад сүүлд хүчин төгөлдөр болсон Газрын тухай хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрх олгохоос татгалзах учиргүй.
23. Мөн энэхүү маргаан бүхий актад “... явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өргөтгөл барьсан байх тул боломжгүй... иймд дээрх зөрчлөө арилгаж газар чөлөөлөхийг үүгээр мэдэгдье...” гэсэн нь утга агуулгын хувьд тодорхойгүй, өөрөөр хэлбэл, газрыг өргөтгөсөн хэсгээрээ чөлөөлөх үү /өргөтгөлийг нураах уу/, эсхүл бүхэлд нь чөлөөлөх үү /барилгыг бүхэлд нь нураах уу/ гэдэг нь ойлгомжгүй, хэрэв өргөтгөсөн хэсэг нь нийтийн эзэмшлийн явган хүний замд хамаарч байгаа бол барилгын үндсэн хэсэг буюу өргөтгөөгүй газарт /24.1м2/ ямар үндэслэлээр газар эзэмших эрх олгохоос татгалзаж байгаа нь ойлгомжгүй, энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
24. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн /2002 оны/ 12 дугаар зүйлийн 12.2. “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус ... зэрэг газар хамаарна”; 21 дүгээр зүйлийн 21.2.3.“нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...”; 31 дүгээр зүйлийн 31.2.“Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”; мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-д зааснаар “нийтийн эдэлбэр газрыг нийтээр ашиглах тул иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хууль ёсны гэж дүгнэсэн нь буруу байна. Иймд, энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 14-15-д заасан хяналтын гомдлыг хангах үндэслэлтэй.
25. Ийнхүү Нийслэлийн Газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай шийдвэр буюу “нийтийн эзэмшлийн газар” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Т б” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус тул маргаан бүхий газрыг эзэмших тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нь зөв байна.
26. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0557 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 587 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47 дугаар зүйлийн 47.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж, үлдэх хэсэг болох Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан Нийслэлийн газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ