Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 4

 

                                                               Л.Сарантуяад холбогдох эрүүгийн

                                                                                хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Дэлгэрмаа,

ялтан Л.Сарантуяагийн өмгөөлөгч Ц.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

   Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор Л.Бадралтын бичсэн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлээр Л.Сарантуяад холбогдох эрүүгийн 201625031837 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Лхагвасүрэнгийн Сарантуяа, 1972 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 3 дугаар гудамжны 21 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 8 дугаар гудамжны 63 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЗЮ72112269/,

Л.Сарантуяа нь 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 25 тоотод оршин суух иргэн Л.Цэцэгбалын гэрт цай уухаар орох үедээ түүний “Самсунг Жи-7” загварын гар утсыг хулгайлан авч, 230.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Л.Сарантуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Сарантуяаг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 105 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар уг ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийг ажлын нэг хоногт тооцон баривчлах ялаар сольж болохыг мэдэгдэж, Л.Сарантуяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Л.Сарантуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Л.Бадралт тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Л.Сарантуяаг “...бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж, 2 дахь заалтад, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 105 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй...” гэжээ. Дээрх шүүхийн тогтоолын агуулга нь хэргийн бодит байдалтай тохироогүй, шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна...” гэжээ.

Прокурор Д.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Л.Сарантуяаг “...бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдаагүй асуудал буюу “...орон байранд нэвтэрч...” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэн үзэх нөхцлийг дурдсан байна. Иймээс шийтгэх тогтоолын энэ хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т зааснаар зохих өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Ялтан Л.Сарантуяагийн өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Л.Сарантуяаг гэм буруутайд тооцохдоо “...орон байранд нэвтэрч...” гэж дурдсаныг залруулах боломжтой гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад бүрэн нийцээгүй байх ба давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүхийн тогтоолыг хуульд нийцүүлэн зөвтгөх боломжтой байна.

Хавтаст хэргийн материалыг бүхэлд нь судлахад: Л.Сарантуяа нь 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 25 тоотод оршин суух иргэн Л.Цэцэгбалын гэрт түүний эцэг Б.Лхагвадоржийн хамт цай уухаар орох үедээ Л.Цэцэгбалын “Самсунг Жи-7” загварын гар утсыг хулгайлан авч, түүнд 230.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

- хохирогч Л.Цэцэгбалын “...би өөрийн гар утсаа аавынхаа гар утастай хамт гал тогооны өрөөндөө цэнэглэж үлдээгээд ... гэртээ ирэхэд алга болсон байсан. Манай аав тэр өдөр гадаа сууж байхдаа Сарантуяа гэх эмэгтэйтэй танилцаад ... хамт архи ууж гэр лүүгээ цуг орж ирсэн гэдгээ сүүлд надад хэлсэн... би өөрийн “Самсунг Жи-7” загварын гар утсаа нэхэмжилнэ...” /хх-10-11/,

- иргэний нэхэмжлэгч Б.Лхагвадоржийн “...Сарантуяа бид хоёр байрны гадаа сууж байхдаа танилцаад манай гэрт орсон. Сарантуяа эхлээд том өрөөний буйдан дээр сууж байгаад “00”-ын өрөө орсон. Энэ хооронд нь би цай хийж өгөх гээд байж байсан. Тэрээр манай гэрт удаагүй байж байтал зээ хүү маань гаднаас орж ирээд бид гурав цугтаа гэрээс гарцгаасан ба Сарантуяа салаад явсан. Орой манай охин Цэцэгбалыг гэртээ ирэхэд гар утас нь алга болсныг мэдсэн. Би өөрийнхөө алдагдсан гар утсыг нэхэмжлэхгүй...” /хх-13/,

ялтан Л.Сарантуяагийн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-20, 23, 60/, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн тухай баримт /хх-9/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Анхан шатны шүүх Л.Сарантуяаг төлбөрийн чадваргүй ба шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргаж байгааг үндэслэн өмгөөлөгч томилуулан шүүн таслах ажиллагаанд оролцуулж, гүйцэтгэвэл зохих ажиллагааг нөхөн гүйцэтгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан заалтад нийцсэн байна.

Иймээс мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзлээ.

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, эдгээр нотлох баримтуудаар Л.Сарантуяаг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс хохирогч Л.Цэцэгбалын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаарх хүсэлтийг үндэслэн Л.Сарантуяаг бусдад төлөх төлбөргүйд тооцсоны гадна, Л.Сарантуяаг бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд нь гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд 105 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Л.Сарантуяаг “…бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заагдаагүй буюу “орон байранд нэвтэрч” гэсэн хүндрүүлэн үзэх нөхцлийг ялтны гэм буруугийн хэлбэрт оруулж бичсэнийг буруу гэж үзэн хуульд нийцүүлэн зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх энэ гэмт хэргийн хохирлын хэмжээг тодорхойлохдоо, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус хэмжээний хохиролд тооцно”  гэсэн заалтыг баримталсан болно.

Иймд дээд шатны прокурор Л.Бадралтын бичсэн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Сарантуяаг “Бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж зөвтгөн өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                 ШҮҮГЧИД                                                   Т.ӨСӨХБАЯР

                                                                                                      Д.МӨНХТУУЛ