Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00483

 

Л.Даваажав, Г.Мөнхболд, Ш.Отгонсүрэн нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00900 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 301 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Л.Даваажав, Г.Мөнхболд, Ш.Отгонсүрэн нартын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Батсайхан, Б.Баяр, Б.Долгор, Б.Жаргал, Б.Наран, Б.Нямгомбо, Б.Нямпүрэв, Б.Нямцэрэн, Б.Пүрэвжав, Ч.Цандэлэг, Б.Цэнгэл нарт холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Мөнхболдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Мөнхболд, Ш.Отгонсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, Д.Эрдэнэтөгс, нарийн бичгийн даргаар Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол шир” ХК-ийн нийт хувьцааны 79 хувийг Б.Баяр. Б.Наран, Б.Цэнгэл, Б.Жаргал нар эзэмшиж байсан ба Б.Нямцэрэн, Б.Батсайхан, Б.Нямгомбо, Б.Нямсүрэн, Б.Долгор нар 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан тус компанийг шилжүүлэн авсан. Дээрх бэлэглэлийн гэрээ нь Иргэний хууль, Компанийн тухай хуулийг зөрчиж, “Монгол шир” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх, ашиг сонирхолд халдсан тул Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газарт гомдол гаргаж, 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тайланд зааснаар Б.Баяр, Б.Нямцэрэн нар нь тус хэлцэлд дурдагдсан “Монгол шир” ХК-ийн нийт хувьцааны 221.60 ширхэг хувьцааг бусдад шилжүүлэхэд төлөөлөх эрхгүй этгээд, нөгөө талаас бэлэг хүлээн авагч нь бусад бэлэг хүлээн авагч нарыгаа төлөөлөх итгэмжлэлгүйгээр байгуулсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан шаардлагыг хангаагүй, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.Б.Наран болон Б.Нямгомбо, Б.Цэнгэл болон Б.Нямпүрэв, Б.Жаргал болон Б.Батсайхан, Б.Баяр болон Б.Нямцэрэн нарын хооронд хууль зөрчиж, бэлэглэлийн гэрээг байгуулагдсан гэж үзэж байна. Харин Б.Долгор, Б.Пүрэвцэрэн нарын хооронд байгуулагдсан гэрээний талаар дурдах шаардлагагүй. 2015 оны 7 дугаар сард “Монгол шир” ХК-ийн нийт хувьцааны 79 хувийн хувьцааг бид нар 900 000 доллараар худалдан авах саналыг тавьж байсан. Уг бэлэглэлийн гэрээний цаана 900-1000 ам.доллар яригдаж, мөн түүнд хувьцаа худалдан борлуулсны орлогын албан татвар ноогдуулах 3 хувиар тооцож, 27 000 ам.долларын татварыг улсын орлогод оруулах байсан. Бэлэглэлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Энэхүү маргааны улмаас “Их эргэлт” ХХК-ийн үйл ажиллагаа 2013 оноос хойш зогссон, хамгийн их хохирол учирсан нь манай үйлдвэр гэж үзэж байна. Анх үйл ажиллагаагаа зогсоох үедээ ажилчиддаа 6 сарын турш сул цалин өгч байгаад сүүлдээ төлбөрийн боломжгүй болж ажилчдаа тараасан. “Монгол шир” ХК-ийн байр нь 1935 оны барилга гэжээ.

Хариуцагч Б.Батсайхан, Б.Долгор, Б.Нямгомбо, Б.Нямпүрэв, Б.Нямцэрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Л.Даваажав, Ш.Отгонсүрэн нар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Б.Баяр, Б.Нямцэрэн гэх хоёр иргэн өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлэн хуулийн дагуу хийсэн хэлцлийг хэн нэгэн дурын этгээд шүүхэд хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүх нэр бүхий хариуцагч нарын оршин суугаа хаяг тодорхойгүй байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.Өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.9, 65.1.11-д заасныг ноцтой зөрчсөн. Дээрх 11 нэр бүхий иргэдийн хооронд байгуулсан тус тусын гэрээнд Б.Нямцэрэн огт хамааралгүй байхад түүнийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй юм.2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 7130/х дугаартай шүүгчийн захирамжаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримт байхгүй, бэлэглэлийн гэрээнд хариуцагчаар татагдсан Б.Нямцэрэн нь хамааралгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байсан байна. Бэлэглэлийн гэрээгээр Б.Нямцэрэн нь бусад хариуцагч нарын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2 дугаар зүйл болон Үнэт цаасаар гэрчлэгдсэн үнэт цаасыг бусдад бэлэглэх журамд зааснаар бусдад үнэт цаас бэлэглэж, өмчлөх эрх нь нээлттэй учраас хариуцагч Б.Нямцэрэн болон бусад хариуцагч нар хоорондоо үнэт цаасны бэлэглэлийн гэрээгээр үнэт цаасаа бэлэглэж, бэлэг хүлээн авсан байдал нь Иргэний хуулийн 276 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 162 дугаартай тогтоолоор батлагдсан Үнэт цаасаар гэрчлэгдсэн үнэт цаасыг бусдад бэлэглэх, өвлүүлэх журмыг зөрчөөгүй.Нэр бүхий 11 этгээдийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан өөр хэлцлийг халхавчилж байгуулсан гэрээ биш. Үнэт цаасаар гэрчлэгдсэн үнэт цаасыг бусдад бэлэглэх, өвлүүлэх журмын 1.14, 1.15-д зааснаар хариуцагч нар хувьцааныхаа 20 хувийг хуульд заасан журмын дагуу төлсөн баримт хэргийн материалд авагдсан. Өмнө нь Б.Баяр, Б.Нямцэрэн нарын байгуулсан бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлыг уг маргаан бүхий бэлэглэлийн гэрээ байгуулахаас өмнө Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны төвлөрсөн төлбөр тооцооны хадгаламжийн төв зэрэг эрх бүхий байгууллагууд шалгасны дараа нийцүүлсэн хуулийн журмын дагуу хийгдсэн гэрээ гэдгийг шүүх анхаарна уу.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь заалтыг зөрчиж, итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулсан, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсгийг зөрчиж Б.Баяр нь төлүүлж байгаа 5 хүнээс хувьцааг нь шилжүүлэх зөвшөөрөл аваагүй гэх нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Б.Нямцэрэн болон бусад 5 нэр бүхий хариуцагчийн тус тусын дансанд өөр, өөрсдийн хувьцаа бүртгэгдсэн болох нь “Үнэт цаасны төвлөрсөн төлбөр тооцооны төв” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Бэлэглэлийн гэрээг байгуулахад хэн алинд нь итгэмжлэл, төлөөлөх эрх олгох шаардлагагүй болох нь тогтоогдож байна.Нэхэмжлэлийн шаардлагын 6, 7 дугаар үндэслэлийн хувьд хувьцааны үнийн 33.33 хувьд хүрэхгүй нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хохироосон байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал 5 хариуцагчийн хувьцааг нийлээд 79 хувьд хүрсэн гэж ойлгоод байна. Бэлэглэлийн гэрээгээр Б.Нямцэрэнгийн авсан 37045 ширхэг хувьцаа буюу 14.45 хувийг эзэлдэг гэх мэтчилэн бусад бэлэг хүлээн авагч нарын хувьцааны тоо хэмжээ хяналтын багцад хүрэхгүй байгаа нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хохироосон гэдэг нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэнгийн компани нь “Монгол шир”  ХК-ийн байранд хууль бусаар үйл ажиллагаа явуулсан учир Ш.Отгонсүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж, Ш.Отгонсүрэнг “Монгол шир” ХК-ийн байрыг чөлөөлөх тухай шийдвэр гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Баяр, Б.Жаргал, Б.Наран, Б.Цэнгэл нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Иргэн өөрийн өмчөө захиран зарцуулах эрхтэй. Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд заасан эрхийнхээ хүрээнд Б.Баяр, Б.Цэнгэл, Б.Жаргал, Б.Наран нар Иргэний хуулийн 276 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 162 дугаартай тогтоолоор батлагдсан Үнэт цаасаар гэрчлэгдсэн үнэт цаасыг бусдад бэлэглэх, өвлүүлэх журмын дагуу нэр бүхий этгээдүүдэд тодорхой хувьцаагаа бэлэглэсэн нь жижиг хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг зөрчөөгүй, тэдний эзэмшиж байгаа хувьцааны тоо хэмжээ болон үнийн дүнд нь өөрчлөлт орсон зүйл байхгүй. “Монгол шир” ХК-ийн хөрөнгө нь нэхэмжлэгч нарт огт хамааралгүй. Тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаа болон удирдлагад оролцож, хувьцааны ногдол ашгийг эзэмших эрхтэй.Үнэт цаас төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн журамд бэлэглэлийн гэрээний үйлчилгээний хөлсөөр тооцох, хэрвээ бэлэглэсэн бол бэлэг хүлээн авагч талаас үнийн дүнгийн 20 хувиар гэж тогтоосон нь татвараас зайлсхийсэн асуудал биш.Анхны нэхэмжлэлийн шаардлага нь Б.Нямцэрэн тус компанийн 79 хувийн хувьцааг бэлэглэсэн гэсэн утга бүхий шаардлага гаргаж байсан. Гэтэл энэхүү гэрээ нь Б.Баяр болон Б.Нямцэрэн, Б.Наран болон Б.Нямгомбо, Б.Цэнгэл болон Б.Нямпүрэв, Б.Жаргал болон Б.Батсайхан нарын хооронд шилжүүлсэн, Б.Баяр хэн нэгний өмнөөс хувьцаа бусдад шилжүүлээгүй. Бэлэглэлийн гэрээг байгуулахад бэлэг хүлээн авагчаас ямар нэгэн байдлаар шахаж шаардсан зүйл байхгүй хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. “Монгол шир” ХК-ийн хувьцааны 79 хувийг нэг этгээдэд бүгдийг шилжүүлээгүй, тус тусдаа этгээдүүдэд хувьцааг бэлэглэсэн. Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн нь “Монгол шир” ХК-ийн үйл ажиллагааг явуулж байгаагүй, тус компанийн байрыг түрээсэлж өөрийн компанийн үйл ажиллагааг явуулдаг байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00900 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар Б.Нарангаас Б.Нямгомбод, Б.Цэнгэлээс Б.Нямпүрэвт, Б.Жаргалаас В.Батсайханд, Б.Баяраас Б.Нямцэрэнд тус тус хувьцаа бэлэглэсэн 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн үнэт цаасны бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвжаваас Б.Нямгомбод, Ч.Цандэлэгээс Б.Долгорт тус тус хувьцаа бэлэглэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 295 220 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 295 220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 301 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/00900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрахаас төлсөн 225 020 төгрөг, Д.Эрдэнэтөгсөөс төлсөн 225 090 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч Г.Мөнхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр бол аливаа хэлцэлд оролцоогүй этгээд буюу сонирхогч этгээд нь “хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах”, “хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагыг гаргах эрхгүй, зөвхөн “хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах” эрхийг л хэрэгжүүлэх боломжтой байх ажээ. Энэхүү дүгнэлт нь илэрхий алдаатай дүгнэлт болох нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж сонирхогч этгээд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58, 59, 60 дугаар зүйлүүд болон хуульд заасан өөр бусад үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус байх буюу бус гэж тооцуулахаар шаардлага гаргах эрхтэй болохыг баталгаажуулснаас тодорхой байна. Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.4-т “сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэсэн нь сонирхогч этгээд зөвхөн уг шаардлагыг л гаргах эрхтэй гэж хязгаарлалт тогтоосон агуулгыг огт илэрхийлээгүй байна. Ингэж тайлбарлах нь хуулийн хэм хэмжээг бодит агуулгаас хэт явцууруулан тайлбарлаж байгаа, мөн хуулиар тогтоогоогүй хязгаарлалтыг шүүх үзэмжээр тогтоосон хэрэг болох юм.Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаатай үйл ажиллагаа, дүгнэлт болжээ гэж үзэх үндэстэй....Шүүх хуралдааны хүсэлт хэлэлцүүлэх шатанд “Б.Нямгомбо, Б.Пүрэвжав, Ч.Цандэлэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй” болгосон зүйлгүй харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх явцдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу дээрх хариуцагч нарт холбоотой шаардлагын хүрээнд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэснээр хэргийн оролцогчдын гомдол гаргах зөрчигдсөн зүйлгүй, хэрвээ шүүхийн эл шийдлийг эс зөвшөөрч байгаа тохиолдолд түүнд гаргах гомдол нь давж заалдах гомдол гаргах журмаар бүрэн хэрэгжих боломжтой байх тул хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэх дүгнэлт үндэслэлгүй болох нь тодорхой юм.Иймд хууль зүйн үндэслэлгүй, алдаатай дүгнэлт хийсний үндсэн дээр гарсан давж заалдах шатны шүүхийн 301 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00900 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох, улмаар талуудын хоорондох маргааны зүйл, нотлох үүргийн хуваарилалт зэргийг үндэслэлтэй тогтоож, тухайн харилцаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломжийг хангах шаардлагатай гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх зарим хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4.-т заасан журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчдын энэ талаар гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4.-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах бөгөөд захирамжид хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл, түүнийг хэрхэн засах талаар тусгах ёстой. Хэргийн оролцогч мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.-д зааснаар энэхүү захирамжид тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

Анхан шатны шүүх дээрх асуудлыг шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бус харин хэргийг агуулгаар нь хэлэлцсэн шүүх хуралдааны  шийдвэрээр хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.3., 168.3.-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн 301 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.              

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН