Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00900

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 7 дугаар гудамж, 114 тоотод оршин суух Боржигон овогт Лувсаншаравын Даваажав /РД: ШБ67120479/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 7 дугаар гудамж, 114 тоотод оршин суух Боржигон овогт Шагдарын Отгонсүрэн /РД: ШБ67011769/,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Алтай бюлдинг 605 тоотод оршин суух Мятав овогт Ганбатын Мөнхболд /РД:ЧН79100312/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, УБ таун, 83 дугаар байр, 103 тоотод оршин суух Тугчинтай овогт Бямбажавын Нямцэрэн /РД: ШБ71121975/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8 дугаар байр, 16 тоотод оршин суух, Тугчинтай овогт Бямбажавын Нямпүрэв /РД:ШБ75103073/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 59 дүгээр байр, 15 тоотод оршин суух, Банзрагч овогт Банзрагчийн Баяр /РД:УЖ65043058/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороо, 24 дүгээр байр, 27 тоотод оршин суух, Жамъян Банзрагч овогт Банзрагчийн Наран /РД:ШБ62110302/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 39 тоотод оршин суух, Тугчинтай овогт Бямбажавын Нямгомбо /РД:ШБ70032375/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 28 дугаар байр, 4 тоотод оршин суух, Жамъян Банзрагч овогт Банзрагчийн Цэнгэл /РД:ШБ67010451/

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18 дугаар байр, 97 тоотод оршин суух, Жамъян Банзрагч овогт Банзрагчийн Жаргал /РД:ШБ71091016/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 40 дүгээр байр, 65 тоотод оршин суух, Жалайр овогт Бэх-Очирын Батсайхан /РД:ЧК72082152/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18 дугаар байр, 97 тоотод оршин суух, Урт насан овогт Баяртын Пүрэвжав /РД:ШБ38012506/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байр, 55 тоотод оршин суух, Боржигон овогт Чогдовийн Цандэлэг /РД:ЕИ72033100/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 40 дүгээр байр, 55 тоотод оршин суух, Тугчинтай овогт Бямбажавын Долгор /РД:ШБ73052866/ нарт холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Мөнхболд, Ш.Отгонсүрэн, нэхэмжлэгч Л.Даваажавын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Алтансүх, хариуцагч Б.Нямцэрэн, Б.Нямгомбо, Б.Батсайхан, Б.Нямпүрэв, Б.Долгор нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтөгс, хариуцагч Б.Баяр Б.Цэнгэл Б.Жаргал Б.Наран нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мөнхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Монгол шир” ХК-ийн нийт хувьцааны  79 хувийг Баяр болон түүний ах дүү нар болох Наран Цэнгэл, Жаргал нар эзэмшиж байсан одоо “Монгол шир” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Нямцэрэн түүний хүргэн Батсайхан, Нямгомбо, Нямсүрэн, Долгор нарын хооронд 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэлийн гэрээг байгуулан тус компанийг шилжүүлэн авсан байдаг. Энэхүү  бэлэглэлийн гэрээ нь Иргэний хууль болон Компанийн тухай хууль зэргийг зөрчиж, “Монгол шир” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргасан учир Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газарт гомдол гаргасан. “Монгол шир” ХК-ийн хувьцааны хяналтын багцад хяналт тавих эрх бүхий этгээдүүдийн гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос “Монгол шир” ХК-д шалгалт хийсэн. Шалгалтын дагуу 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тайланд  нэгдүгээрт иргэн  Баяр, Нямцэрэн нар нь тус хэлцэлд дурдагдсан  “Монгол шир” ХК-ийн нийт хувьцааны 221.60 ширхэг хувьцааг бусдад шилжүүлэхэд иргэн Баяр нь энэхүү гэрээг хэлцлийг төлөөлөх эрхгүй этгээд, нөгөө талаас бэлэг хүлээн авагч нь бусад  бэлэг хүлээн авагч нарыгаа төлөөлөх итгэмжлэлгүйгээр байгуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар шаардлагыг зөрчиж хийсэн хэлцэл байгуулсан байна. Хоёрдугаарт: Баяр, Нямцэрэн нарын хооронд байгуулагдсан үнэт цаасны гэрээ нь  Иргэний хуулийг 276 дугаар зүйлийн  276.1 дэх заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Баяр болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд “Монгол шир” ХК-ийн хувьцааг худалдаж, нөгөө талаас Нямцэрэн түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд бэлэглэлийн гэрээ байгуулж, хувьцааг худалдан авсан. Наран болон Нямгомбо, Цэнгэл болон Нямпүрэв, Жаргал болон Батсайхан, Баяр болон Нямцэрэн нарын хооронд хууль зөрчиж, бэлэглэлийн гэрээг байгуулагдсан гэж үзэж байна. Харин Долгор, Пүрэвцэрэн нарын хооронд байгуулагдсан гэрээний талаар дурдах шаардлагагүй. Уг нь “Монгол шир” ХК-ийн хувьцааны хяналтын багцаас дээш хувьцаа эзэмшигч нарт хэлцэл байгуулагдах гэж байгаа талаар урьдчилж мэдэгдэж, хувьцааны шилжилт хөдөлгөөн хийгдсэний дараа, тендер зарлаад бусад жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааг худалдан авч бусдын эд хөрөнгө үнэгүйдэхээс сэргийлж, хамгаалдаг үүрэгтэй. “Монгол шир” ХК-ийн 79 хувийн хувьцаа нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлалд 8000 м.кв газартай, 6000 м.кв талбайн хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө мөн бусад эргэлтийн хөрөнгө зэрэг том үйлдвэрийг өөрийн дур зоргоор бусдад хууль бусаар бэлэглэлийн гэрээгээр халхавчлагдан худалдсан. Уг бэлэглэлийн гэрээний цаад тал Монгол шир ХК-ийн 20 орчим хувийн хувьцааг эзэмшдэг жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Тухайн үед буюу 2015 оны 07 дугаар сард “Монгол шир” ХК-ийн нийт хувьцааны 79 хувийн хувьцааг бид нар 900.000 доллароор худалдан авах  саналыг тавьж байсан. Уг бэлэглэлийн гэрээний цаана 900-1000 ам.доллар яригдаж, мөн түүнд хувьцаа худалдсан борлуулсны орлогын албан татвар ноогдуулах 3 хувиар тооцож, 27.000 долларын татварыг улсын орлогод оруулах байсан. Бэлэглэлийн гэрээ нь өөр хэлцлийг халхавчлагдах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ш.Отгонсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ байгууллагад 2000 оноос хойш 15 жил ажиллаж байна. Тухайн үед “Монгол шир” ХК-д 1 манаач, 1 нярав, 1 сантехникийн ажилтантайгаа үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэдгээр ажилтан нь ээлжилж ээлжинд гараад явдаг байсан. Харин манай компани нь 100 орчим ажилтантай, жилд 70.000.000 төгрөгөөс дээш татвар төлж үйл ажиллагааг явуулдаг байсан. Манай Их эргэлт ХХК нь уг хэрэг маргаанаас болоод 2013 оноос хойш үйл ажиллагааг явуулахаа больсон. Уг хэрэг маргааны улмаас хамгийн их хохирол учирсан  нь манай үйлдвэр гэж үзэж байна. Анх үйл ажиллагаагаа зогсоох үедээ ажилчдадаа 6 сарын турш сул цалин өгч байгаад сүүлдээ төлбөрийн боломжгүй болоод ажилчдаа тараасан. Монгол шир ХК-ийн байр нь 1935  оны барилга бөгөөд миний хадам эцэг насаараа тус үйлдвэрт ажиллаж байсан. Хэрэг маргааныг хурдан хугацаанд хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Нямцэрэн, Б.Нямгомбо, Б.Батсайхан, Б.Нямпүрэв, Б.Долгор нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр сүүлд эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжинд Баяр, Наран, Цэнгэл нарыг биечлэн оролцуулах тухай хүсэлтээсээ нэхэмжлэгч тал татгалзаж байгаагаа бичгээр гаргуулж хэргийн материалд хавсаргах нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлүүлж байна гэж ойлгож байна. Анхнаасаа Даваажав Отгонсүрэн нар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Баяр, Нямцэрэн гэх хоёр иргэн өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлэн хуулийн дагуу хийсэн хэлцлийг хэн нэгэн дурын хүн шүүхэд хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм.  Иргэний хуулийн  280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсгийг зөрчиж, бэлэглэлийн гэрээний аль нэг тал биш этгээд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүхээс хаяг нь тодорхойгүй нэр бүхий хариуцагчийг Батсайхан Долгор Цандэлэг, Долгоржав нарын оршин суугаа хаяг тодорхойгүй байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хэргийн материалд авагдсан баримтаар 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2368 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамж гаргасан. 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10830 дугаартай нэр бүхий 4 хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн хангаж, хамтран хариуцагчаар нэр бүхий 11 этгээдийг татан оролцуулж байгаа нь өөрөө хууль бус шийдвэр гэж үзэж байна. Ийнхүү ашиг сонирхлын зөрчилтэй 2 удаагийн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1, 65.1.6, 65.1.9, 65.1.11 дэх заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн. Дээрх 11 нэр бүхий иргэдийн хооронд байгуулсан тус тусын гэрээнд Нямцэрэн огт хамааралгүй байхад Нямцэрэнг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй юм. 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 7130/х дугаартай шүүгчийн захирамжаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, нэхэмжлэлийн үндэслэл түүний нотлох баримт байхгүй, бэлэглэлийн гэрээнд хариуцагчаар татагдсан Нямцэрэн нь хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан зөв шийдвэр гаргаж байсан баримт байна. Бэлэглэлийн гэрээгээр Нямцэрэн нь бусад хариуцагч нарын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 2 дугаар зүйл болон Үнэт цаасаар гэрчлэгдсэн үнэт цаасыг бусдад бэлэглэх журманд зааснаар бусдад үнэт цаас бэлэглэж, өмчлөх эрх нь нээлттэй учраас хариуцагч Нямцэрэн болон бусад хариуцагч нар хоорондоо үнэт цаасны бэлэглэлийн гэрээгээр үнэт цаасаа бэлэглэж, бэлэг хүлээн авсан байдал нь Иргэний хуулийн 276 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 162 дугаартай тогтоолоор батлагдсан Үнэт цаасаар гэрчлэгдсэн үнэт цаасыг бусдад бэлэглэх, өвлүүлэх журмыг зөрчөөгүй нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. 11 нэр бүхий этгээдүүдийн хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан өөр хэлцлийг халхавчилж байгуулсан гэрээ биш. Үнэт цаасаар гэрчлэгдсэн үнэт цаасыг бусдад бэлэглэх, өвлүүлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.14 дүгээр зүйлд зааснаар үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь энэхүү журмын 1.12-т заасан шимтгэлийг хэмжээг, үйлчилгээ үзүүлэхэд гаргах бодит зардлаас гадна өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд бүртгэгдэхгүй байх, зах зээлийн ханшид сөрөг нөлөө үзүүлэх байх үндэслэлийг хангахуйц хэмжээгээр тогтооно гэж заасан 1.15. Энэхүү журмын 1.12-т заасан үйлчилгээний шимтгэлийг гүйлгээний үнийн дүнгээс тогтоосон хувь хэмжээгээр тооцон авах ба гүйлгээний үнийн дүнг гүйлгээ хийх өдрөөс өмнөх тухайн үнэт цаасны арилжааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, хэрэв сүүлийн 52 долоо хоног арилжаа хийгдээгүй бол тухайн үнэт цаасны нийт арилжааны дундаж ханшийг тухайн гүйлгээгээр шилжүүлж буй үнэт цаасны тоонд үржүүлж гаргах замаар тогтооно гэж заасанчлан хариуцагч нар хувьцааныхаа 20 хувийг хуульд заасан журмын дагуу төлсөн баримт хэргийн материалд авагдсан. Өмнө нь Баяр, Нямцэрэн нарын байгуулсан бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлыг уг маргаан бүхий бэлэглэлийн гэрээ байгуулахаас өмнө Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны төвлөрсөн төлбөр тооцооны хадгаламжийн төв зэрэг эрх бүхий байгууллагууд шалгасны дараа нийцүүлсэн хуулийн журмын дагуу хийгдсэн гэрээ гэдгийг шүүх анхааралдаа авахыг хүсч байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь заалтыг зөрчиж, итгэмжлэлгүйгээр төлөөлж, гэрээ байгуулсан, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсгийг зөрчиж Баяр нь төлүүлж байгаа 5 хүнээс хувьцааг нь шилжүүлэх зөвшөөрөл аваагүй гэх нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Нямцэрэн болон бусад 5 нэр бүхий хариуцагчийн тус тусын дансанд  өөр, өөрсдийн хувьцаа бүртгэгдсэн болох нь үнэт цаасны төвлөрсөн төлбөр тооцооны төв ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Бэлэглэлийн гэрээг байгуулахад хэн алинд  нь итгэмжлэл, төлөөлөх эрх олгох шаардлагагүй болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагын 6 болон 7 дугаар үндэслэлүүд нь Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт зааснаар компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ.                                                                                         Тус тусын хувьцааны үнийн 33.33 хувьд хүрэхгүй нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хохироосон байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал 5 хариуцагчийн хувьцааг нийлээд 79 хувьд хүрсэн гэж ойлгоод байх шиг байна. Бэлэглэлийн гэрээгээр Нямцэрэнгийн авсан 37045 ширхэг хувьцаа буюу 14.45 хувийг эзэлдэг гэх мэтчилэн бусад бэлэг хүлээн авагч нарын хувьцааны тоо хэмжээ хяналтын багцад хүрэхгүй байгаа нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хохироосон гэдэг нь тогтоогдохгүй байна. “Монгол шир” ХК нь ашигтай ажилласан тохиолдолд ноогдол ашгаа авах эрх нь нээлттэй учир эрх нь зөрчигдсөн гэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Отгонсүрэнгийн компани нь “Монгол шир” ХК-ийн байранд хууль бусаар үйл ажиллагаа явуулсан учир Отгонсүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж, хариуцагч Отгонсүрэнг “Монгол шир” ХК-ийн байрыг чөлөөлөх тухай шийдвэр гарсан. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд битүүмжлэгдсэн байдалтай байгаа. Нэхэмжлэгч Отгонсүрэн нь “Монгол шир” ХК-ийн 5 хувийн хувьцааг эзэмшдэг байж дураараа уг үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байсан гэдэг нь тогтоогдсон. Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасанчлан өөрийн өмчлөлийн хөрөнгийг захиран зарцуулж Баяр, Нямцэрэн нар болон бэлэглэгч, бэлэг хүлээн авагч нарын хооронд хэн нэгэндээ үнэт цаас бэлэглэх эрх нь нээлттэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагч Б.Баяр, Б.Цэнгэл, Б.Жаргал, Б.Наран нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмч нь тухайн иргэний өөрийн өмч тул өөрийн дураар захиран зарцуулах эрхтэй. Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийн эрхийнхээ хүрээнд Баяр, Цэнгэл, Жаргал, Наран нэр бүхий этгээдүүдэд тодорхой хувьцаагаа бэлэглэсэн. Иргэний хуулийн 276 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 162 дугаартай тогтоолоор батлагдсан Үнэт цаасаар гэрчлэгдсэн үнэт цаасыг бусдад бэлэглэх, өвлүүлэх журмын дагуу бусдад бэлэглэсэн нь жижиг хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг зөрчөөгүй, тэдний эзэмшиж байгаа хувьцааны тоо хэмжээ болон үнийн дүнд нь өөрчлөлт орсон зүйл байхгүй. “Монгол шир” ХК-ийн хөрөнгө нь нэхэмжлэгч нарт огт хамааралгүй. Тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаа болон удирдлагад оролцож, хувьцааны ногдол ашгийг эзэмших эрхтэй. Үнэт цаас төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн журманд бэлэглэлийн гэрээний үйлчилгээний хөлсөөр тооцох хэрвээ бэлэглэсэн бол бэлэг хүлээн авагч талаас үнийн дүнгийн 20 хувиар гэж тогтоосон нь татвараас зайлсхийсэн асуудал биш. Анхны нэхэмжлэлийн шаардлага нь Нямцэрэн тус компанийн 79 хувийн хувьцааг бэлэглэсэн гэсэн утга бүхий шаардлага гаргаж байсан. Гэтэл энэхүү гэрээ нь Баяр болон Нямцэрэн, Наран болон Нямгомбо, Цэнгэл болон Нямпүрэв, Жаргал болон Батсайхан нарын хооронд шилжүүлсэн нь Баяр нь хэн нэгний өмнөөс хувьцаа бусдад шилжүүлээгүй. Бэлэглэлийн гэрээг байгуулахад бэлэг хүлээн авагчаас ямар нэгэн байдлаар шахаж шаардсан зүйл байхгүй хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. “Монгол шир” ХК-ийн хувьцааны 79 хувийг нэг этгээдэд бүгдийг шилжүүлээгүй, тус тусдаа этгээдүүдэд хувьцааг бэлэглэсэн. Нэхэмжлэгч Отгонсүрэн нь “Монгол шир” ХК-ийн үйл ажиллагааг явуулж байсан гэж буруу тайлбарлаад байна. Нэхэмжлэгч Отгонсүрэн нь “Монгол шир” ХК-ийн байрыг түрээсэлж өөрийн компанийн үйл ажиллагааг явуулдаг байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч  Б.Нямцэрэнд холбогдуулан Б.Баяр нарын нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь Б.Нямцэрэн нарын  нэгдмэл сонирхолтой этгээдүүдтэй байгуулсан гэх 2010.08.06-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч “Монгол шир” ХК-ийн хувьцаа эзэмшигч  Л.Даваажав, Ш.Отгонсүрэн, Г.Мөнхболд нар 2013.01.04-нд шүүхэд анх гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2015.03.19-ний өдөр хариуцагчаар Б.Баяр нарын нэр бүхий 10 хүнийг нэмж татаж, Б.Нарангаас Б.Нямгомбод, Б.Пүрэвжаваас Б.Нямгомбод,  Ч.Цандэлэгээс Б.Долгорт, Б.Цэнгэлээс Б.Нямпүрэвт, Б.Жаргалаас В.Батсайханд, Б.Баяраас Б.Нямцэрэнд тус тус хувьцаа бэлэглэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн байна.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Б.Нямгомбо, Б.Пүрэвжав, Ч.Цандэлэг нарын оршин суугаа хаяг тодорхойгүйгээс тэднийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр нэр бүхий хариуцагч нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа хаягийг тогтоолгох ажиллагааг гүйцэтгүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучнаар/ 2015.11.02-ны өдрийн 29 542 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтаас үзэхэд заасан хугацаанд эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч хариуцагч нарын оршин суугаа хаягийг тогтоогоогүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна.

Иймд шүүгчийн захирамжид тодорхой хугацаа заагаагүй хэдий ч өнгөрсөн 9 сарын хугацаанд хариуцагч Б.Пүрэвжав, Ч.Цандэлэг нарын оршин суугаа хаягийг тогтоогоогүй байх тул нэр бүхий хариуцагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Б.Пүрэвжаваас Б.Нямгомбод,  Ч.Цандэлэгээс Б.Долгорт тус тус хувьцаа бэлэглэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хангаж,  Б.Нарангаас Б.Нямгомбод, Б.Цэнгэлээс Б.Нямпүрэвт, Б.Жаргалаас В.Батсайханд, Б.Баяраас Б.Нямцэрэнд тус тус хувьцаа бэлэглэх гэрээнүүдийг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзлээ.

Хэрэгт авагдсан Б.Баяр, Б.Нямцэрэн нарын хооронд байгуулсан 2010.08.06-ны өдрийн  хэлцэлээр /хх-120/ Б.Баяр нь Монгол шир ХК-ийн удирдлагыг Б.Нямцэрэнд шилжүүлж, энэхүү хэлцлийн баталгаа болгож тус компанийн 220 002 ширхэг хувьцаа-/нийт хувьцааны 79,89 хувь/-г Б.Нямцэрэнд шилжүүлсэн, хэлцлийн хугацааг 8 жилээр буюу 2018.08.06-ны өдөр хүртэл тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч нарын гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос “Монгол шир” ХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байх бөгөөд 2010.11.19-ний өдрийн шалгалтын тайлангаар “Монгол шир” ХК-ийн нийт 220 060 ширхэг хувьцааг эзэмшигч нэр бүхий бусад 5 иргэний өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах талаар иргэн Б.Баярт олгосон ямар нэгэн итгэмжлэлгүйгээр, мөн хэлцлийн нөгөө тал Б.Нямцэрэн нь дээрхийн нэгэн адил бэлэг хүлээн авагчдын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөлгүйгээр байгуулсан болох нь тогтоогдсон байна.

 

Улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” байх тул ажлын хэсэг уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзээгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан “бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрсөнөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэсэн хуулийн зохицуулалттай эрх зүйн хувьд зөрчилдөж байна гэж дүгнэжээ.

 

Гэтэл Б.Баяр, Б.Нямцэрэн нар “...өмнөх 2010.08.06-ны өдрийн хэлцлийг 2 тал харилцан тохиролцож, цуцлахаар шийдсэн” талаар хоорондын байгуулсан гэх 2010.11.18-ны өдрийн хэлцэлд тусгаснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь хэсэгт зааснаар талуудын хүлээсэн үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр болгожээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2010.11.19-ний өдрийн шалгалтын дагуу зөрчлийг арилгаж, өмнөх  2010.08.06-ны өдрийн хэлцлийг цуцалж, 2010.08.06-ны өдрийн Үнэт цаасны бэлэглэлийн гэрээг байгуулсан, холбогдох байгууллага бүртгэж баталгаажуулсан гэж хариуцагч тал тайлбарласан байна.

      

            2010.08.06-ны өдрийн Үнэт цаасны бэлэглэлийн гэрээгээр /хх-83/  Б.Баяр нь өөрийн өмчлөлийн 7-620416 тоот данс дахь “Монгол шир” ХК-ийн 37 045 ширхэг хувьцааг бэлэг хүлээн авагч Б.Нямцэрэнд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн байх бөгөөд энэ нь компанийн нийт хувьцааны 13.45 хувь болох нь Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдсон байна.

 

Гэвч зөрчил арилгасан, хэлцэл цуцалсан, хуульд нийцүүлж бэлэглэлийн гэрээг дахин байгуулсан гэх үйл баримтууд нь Санхүүгийн зохицуулах хорооны 2010.11.19-ний өдрийн шалгалтын тайлангаас өмнө хийгдсэн, огноо зөрүүтэйгээс гадна бусад 6 ширхэг хувьцаа бэлэглэх гэрээнүүдийг нэг үйлдлээр, нэг цаг хугацаанд үйлдсэн нь “Монгол шир” ХК-ийн нийт 220 060 ширхэг хувьцааг тарааж татвар, холбогдох бусад зардлаас зайлсхийж, худалдах, худалдан авах гэрээг халхавчилж бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

Тухайлбал 2010.08.06-ны өдрийн Үнэт цаасны бэлэглэлийн гэрээгээр Б.Нарангаас Б.Нямгомбод 28 216 ширхэг, Б.Цэнгэлээс Б.Нямпүрэвт 43 766 ширхэг, Б.Жаргалаас В.Батсайханд 36 872 ширхэг, Ч.Цандэлэгээс Б.Долгорт 48 184 ширхэг, Б.Пүрэвжаваас Б.Нямгомбод 25 977 ширхэг, Б.Баяраас Б.Нямцэрэнд 37 045 ширхэг хувьцааг тус тус бэлэглэсэн, бэлэглэгч болон бэлэг хүлээн авагчийн хүсэлт гаргасан хугацаа нь 2010.08.06-ны өдрийн 11.00, 11.20, 11.40 цагуудад тэмдэглэгдсэн байна.

 

Дээрх үнэт цаасны бэлэглэлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 276 дугаар зүйл, Санхүүгийн Зохицуулах Хорооны  2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 162 дугаартай тогтоолоор батлагдсан “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай журам”-д нийцээгүй, журмын 2.3.3 бэлэглэгч нь компани бөгөөд тухайн бэлэглэл нь их хэмжээний хэлцэлд тооцогдохоор бол Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэр шаардлагатай байсан байна.

            Компанийн тухай хуулийн 87.1-д “..их хэмжээний хэлцэлд дараах хэлцлийг тооцно, 87.1.1-д “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл”, 88.1-д “...их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана”, 92.1-д “..энэ хуулийн 89.1-д заасан этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхийн саналаар гаргана” гэж заажээ.

            Б.Баяр, Б.Нямцэрэн нарын нэгдмэл сонирхолтой  этгээдүүд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нийт 220.060 ширхэг хувьцааг /79 хувь/ 1.1 сая ам.доллараар худалдаж авсан бол нэгж хувьцааны үнэ 6.4 ам.долларт хүрэх бөгөөд жижиг хувьцаа эзэмшигчид энэ үнээр хувьцаагаа худалдан авахыг шаардах эрх үүсэх байсан гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй байна.

Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авах хүсэлтэй этгээд нь энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу энэ тухайгаа нийтэд мэдээлэх замаар худалдан авах санал гаргана” гэснийг зөрчсөн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зохицуулсан жижиг хувьцаа эзэмшигчдийг эрхийг хохироосон байх тул нэхэмжлэгч “Монгол шир” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Даваажав, Ш.Отгонсүрэн, Г.Мөнхболд нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Нарангаас Б.Нямгомбод, Б.Цэнгэлээс Б.Нямпүрэвт, Б.Жаргалаас В.Батсайханд, Б.Баяраас Б.Нямцэрэнд тус тус хувьцаа бэлэглэсэн 2010.08.06-ны өдрийн үнэт цаасны бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвжаваас Б.Нямгомбод,  Ч.Цандэлэгээс Б.Долгорт тус тус хувьцаа бэлэглэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 295 220 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 295 220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭНХЦЭЦЭГ