Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 224/МА2023/00005

 

2023         01           27                                 224/МА2023/00005

 

С.П-ын нэхэмжлэлтэй, Ж.М-т

холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, тус шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 152/ШШ2022/00496 дугаар шийдвэртэй,

С.П-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.М-т холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.П, хариуцагч Ж.М, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие 2013-2015 онд иргэн С.М-тайхамтран 16 айлын орон сууц барьж, 2015 оны 6 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн. 2013-2015 оны хооронд С.М бид 2 хамтарч барилга барьсан, цэцэрлэгийн зориулалттай байрнаас С.М нь Ж.М-т 2 байр өгсний нэгийг Ж.Мын хүү М.Б-ын нэр дээр авсан. Тус байранд би гэрээний дагуу 2 давхрын 5, 1 давхрын 3 байр авах ёстой.

Гэтэл тус байр ашиглалтад орсон цагаас иргэн Ж.М нь С.М-тайхуйвалдаж миний өөрийн өмчлөлд бүртгэлтэй .. дугаартай байрыг гадны иргэдэд түрээслээд өгөхгүй байна. Би хууль дүрмээ мэдэхгүйн улмаас 1 давхрын 3 байрыг авахаар шүүхэд хандсан боловч иргэн С.М хурал хийлгэхгүй явсаар 3 жил болсон. Би аргагүйн эрхэнд Улаанбаатар хотоос өмгөөлөгч авч энэ асуудлыг ярьсан. Өмгөөлөгч чи байрыг барьсан, шударга өмчлөгч мөн, 1 давхрын 3 байрны гэрчилгээ байсаар байтал бусдад ашиглуулж байгаа нь буруу, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буруу ажиллаж байна гэсэн зөвлөгөө өгсөн. Улмаар тус байгууллагад хандаж албан бичиг авч гэрчилгээгээ 100 хувь болгуулсан. Гэрчилгээ 100 хувь миний өмчлөлд байсаар байтал иргэн Ж.М тус байрыг чөлөөлж өгөхгүй өдий хүрлээ. Миний байр буруу талаасаа дугаарлаад 4 тоот юм. Ж.Мын эзэмшиж буй 2 байрны нэг нь түүний хүү М.Бын нэрээр .. дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй, нэг нь С.П миний нэр дээр ... дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй. Бид өөр өөрсдийн авах байраа дугаарласан учраас 1 тоот байр 2 ширхэг, 2 тоот байр 2 ширхэг, 4 тоот байр 2 ширхэг байдаг гэдгийг хүн бүр мэдэх бөгөөд шүүхийн шийдвэрүүд, улсын бүртгэгч Г.Б-ийн мэдүүлэг, мөн Улсын бүртгэлд бүрдүүлж өгсөн материалд тодорхой байдаг. Мөн үзлэг хийхэд байр, ордер аль нь ч давхцаагүй болохыг тогтоосон. Иймд миний өмчлөлд байгаа буруу талаасаа дугаарласан 4 тоот байрыг Ж.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай.

“Би уг байрыг С.П-аас аваагүй, С.М гэдэг хүнд үнийг нь төлөөд авсан. Зөв талаас нь тоолоод 4 тоот байрыг М.Бод өгнө гэж хэлж гэрээ байгуулаад, бичиг баримт нь гарах болоход буруу талаас нь тоолоод 4 тоот гэж залруулга хийж эхэлсэн.

Уг байрны гэрчилгээ тухайн үед С.Мын өр төлбөртэй холбоотойгоор Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байсан. 1 давхрын бусад байруудын бусад гэрчилгээ бүгдээрээ зөв талаас нь дугаарладаг юм байна лээ. Энэ нь улсын бүртгэлийн байцаагч Г.Б-ийн гэрчийн мэдүүлгээр ч тогтоогддог. Мөн С.П өөрөө улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан байдаг. С.П нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээ нь хаяг буруу, м.кв буруу, улсын ахлах бүртгэгчийг улсын бүртгэгч гэсэн зэрэг нь худал хуурмаг зүйл болох нь нотлогдож байна.

С.П нь өөрийн гараар бичсэн зөв талаасаа тоолоод 4 гэж бичиж баталгаа гаргасан баримтыг хавсаргасан. Эдгээр үйл ажиллагаатай холбогдуулаад хүсэхэд С.П-ын хуурамч ... дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Энэ байр миний хүү М.Б авсан байр юм. Одоо орон сууцны зээлийн баталгаанд Хас банкид 3 жил болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.М тайлбартаа: С.П нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ барьцаалж, зээл авах нэрийдлээр намайг төөрөгдүүлж, хуурч мэхлэх зорилго агуулж байсныг би мэдээгүй. Өөрийн газарт барьсан 3 давхар, 16 айлын орон сууцны барилгаас зөвхөн 2 давхарт тус байрны 30 хувьд ч хүрэхээргүй 333 м.кв дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авч, намайг хохироосон юм.

Тухайн анхдагч бүртгэлээс өнөөдрийг хүртэлх хийгдсэн бүх бүртгэл хууль зөрчсөн байсан нь захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон байдаг. Барилгын зурагт үндэслээгүй, м.кв-ын зөрүүтэй, тоот дугаарлалт хаягжилт гээд бүх зүйл нь тодорхой бус байгаагаас хууль бус гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн тус байрны 3 тоот 38,4 м.кв байр нь С.П-ын 4 тоот 45 м.кв тодорхойгүй, хүчингүй гэрчилгээтэй давхцахгүй бөгөөд С.П-ын 4 тоот нь улсын бүртгэлийн хууль зөрчиж хийгдсэн гэрчилгээ болно. Уг байр ашиглалтад орсон хугацаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс С.М миний ... дугаартай ерөнхий гэрчилгээнээс салгалт хийж байсан бөгөөд одоогоор 187,4 м.кв ерөнхий гэрчилгээнээс Ж.М худалдаж авсан 3 тоот 38,4 м.кв байр салгаагүй байгаа нь захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон байдаг.

2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 333 м.кв бохир хэмжээтэй гэрчилгээнээс хууль зөрчиж шууд 8-ыг салгаж, С.М миний өмчлөх эрхийг зөрчиж байгааг захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон. 2015 онд тус барилга 84 хувьтай байхад оройгүй, араг яс хэлбэртэй байсан. Гэтэл С.П-ын 2014 онд хийсэн бүртгэлд барилга 90 хувийн гүйцэтгэлтэй гэж алдаатай бүртгэлүүд хийж байсан. Ж.М нь уг байрны 3 тоот 38,4 м.кв байрны шударга өмчлөгч, худалдан авсан хүн мөн болно. 3 давхар орон сууцны барилгад С.П нь оруулсан хөрөнгөөрөө, тогтоогдсон хувь хэмжээгээрээ байр эзэмшиж, захиран зарцуулж байсан тохиолдолд шударга өмчлөгч болно” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 152/ШШ2022/00496 дугаар шийдвэрээр:

-Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.П-ын хариуцагч Ж.М-т холбогдох бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгч С.П давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие шүүхэд Увс аймгийн Улаангом сумын 8-р байр 4 тоотод байрлалтай 45м/кав талбай бүхий орон сууцны зориулалттай Ү-1520004451 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байрыг иргэн Ж.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Гэтэл шүүх  намайг тус байрыг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ зөв талаас нь дугаарласан гэдэг үгийг бичээгүй байна, мөн хаягийг зөвтгөх шаардлагатай гэсэн үндэслэлээр эд хөрөнгийг үнэгүйдүүлж иргэн Ж.М-т давуу эрх олгож хуулийг өөрт ашигтай байдлаар хэрэглэж иргэн надад чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ: С.П нь дээрхи байрны хаягийн бүртгэлийг зөвтгөсний дараа дахин энэ талаар нэхэмжпэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй гэж дүгнэсэн ба мөн буруу талаас нь тоолж 4 тоот гэж дугаарласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь уг хэргийг сайн судлаагүй, хэрэгжих боломжгүй шаардлага тавьж байгаа тул хэрэгт авагдсан материалуудыг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

Тус байрны Увс аймгийн Улаангом сум 8-ийн 1 тоот гэдэг хаягийг праграммын шаардлагаас болоод 8-р байр гэж өөрчилсөн гэж улсын бүртгэгч Б гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Одоо ч тэр байрууд бүгдээрээ тэр хаяган дээр байдаг гэдэг нь М-ынхүү Бын байрны ордероос харахад тодорхой байдаг.

Улсын бүртгэлийн тухай хуульд иргэн өөрийн эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ тодорхой материал бүрдүүлнэ гэж заасан. Тухайн үед би Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ улсын бүртгэгчийн тавьсан шаардлагын дагуу бичиг баримтаа бүрдүүлж уг хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улсын бүртгэлд өргөдөл гаргахдаа зүүн талаасаа эсвэл барун талаасаа гэж бичих шаардлага тавьдаггүй, уг байрны план зургаар л байрлалыг тодорхойлдог. Миний бүрдүүлж өгсөн материал хавтаст хэргийн 25, 26, 27 дугаар хуудаснуудад байгаа бөгөөд тус байрны байрлалыг тогтоож, план зургийг нь тодотгож зурж өгсөн байдаг. М-ынбүрдүүлж өгсөн баримт дээр ч баруун талаасаа зүүн талаасаа гэсэн үг өгүүлбэр байхгүй байна. Зөвхөн миний М-т бичиж өгсөн гар ноорог дээр баруун талаасаа гэж бичсэн үгийг ашиглаж ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргаж тус байрыг 100 хувийн гүйцэтгэлтэй ордер гаргуулахдаа тус 4 тоот байр нь буруу талаасаа дугаарласан гэдгийг тодорхой бичиж өгсөн байгаа./ хавтаст хэргийн 30-р хуудас/.

Миний бие 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  анхан шатны шүүхэд: тус байрны 1-р давхарт 1 тоот байр 2ш, 2 тоот байр 2ш, 4 тоот байр 2 ш байгаа тул тус байранд үзлэг хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх захирамж гаргахдаа тус байруудад үзлэг хийлгэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн нь тухайн дугаарлалт нь бусдын эд хөрөнгийг чөлөөлж өгөхөд саад болохгүй гэж үзсэн. /хх-ийн 46-р тал/.

Давж заалдах шатны шүүх  2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хэргийг анхан шатны шүүх рүү буцаахдаа тус байр нь иргэн Бын байртай нэг байр юмуу эсвэл тусдаа 2 өөр байр юм уу гэдгийг газар дээр нь үзлэг хийж тогтоох шаардлагатай гэж үзсэн.

Анхан шатны шүүх  хэргийг 2022 оны 3 дугаар сарын эхэнд хүлээж авсан атлаа 8-н сарын дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хугацааг зөрчиж бусдад давуу эрх олгосон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх миний хүсэлтийн дагуу  2022 оны 8 дугаар сард үзлэг хийсэн ба үзлгээр тус байр нь иргэн Б бид 2-ын нэр дээр тус тусдаа бүртгэлтэй 2 өөр байр гэдгийг тогтоосон бөгөөд  иргэн Мягмар миний нэр дээрхи байрыг түрээслэж байгаа талаар  үзлэгийн тэмдэглэл дээр тодорхой тусгасан байдаг.

Анхан шатны шүүх тус байрны бүртгэлийг зөвтгөсний дараа нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж үзсэн байна. Улсын бүртгэлийн тухай хуулиар бол тухайн үл хөдлөх хөрөнгийг анх улсын бүртгэлд бүртгэхдээ иргэний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэж бүртгэх бөгөөд цаашид анхны бүрдүүлсэн материал дээр “зүүн талаасаа дугаарласан” гэдэг үгийг оруулох боломжгүй гэдгийг хуульчилсан байдаг. Шүүх уг шаардлагыг тавихдаа хуулиас гадуур хэрэгжих боломжгүй шаардлага тавьж байна гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн байгууллага тус 4 тоот байрыг  улсын бүртгэлд бүртгэхдээ иргэн миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэсэн бөгөөд уг материалд тус байрны план зургийг тодорхой тод зуруулж авсан байгаа нь хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд тодорхой байгаа бөгөөд тус план зураг дээр зүүн талаасаа 4 тоот байр гэдэг нь тодорхой байгаа. Мөн үзлэг хийхэд зөв талаасаа дугаарласан 42 м.кв байранд М амьдарч байсан. П-ын өмчлөлийн 4 тоот хаягт байрлах байрыг буруу талаас дугаарлахад 3 тоот гэх дугаарын хувьд талууд маргаагүй болно гэж дүгнэсэн.

Шүүх эдгээр нотлох баримтууд байсаар байтал зөвхөн буруу талаас нь тоолж 4 тоот гэж дугаарласан нь тогтоогдохгүй байна гэж үзэж нотлох баримтыг санаатайгаар мушгин гуйвуулж миний хөрөнгийг бусдад завших боломж олгож чирэгдэл учруулж байгаа бөгөөд хариуцагч талаас миний гэрчилгээтэй байранд ямар нэгэн давхардсан гэрчилгээ гаргаж маргах нөхцөл үүсгээгүй байхад ийм шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.

Анхан шатны шүүх нь одоогийн байдлаар миний нэхэмжпэлтэй холбоотой маргаанд 3 дахь удаагаа ийм шийдвэр гаргаж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаж дахин үнэн мөнөөр нь шийдүүлж байсан учраас анхан шатны шүүх иргэн надад удаа дараа чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна. Миний энэхүү гомдлыг хуулийн хугацаанд нь багтаан хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгч С.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн байрыг С.М бид 2 барьж байхад Мягмар, Баясгалан нар  дундуур нь орж асуудлыг ийм байдалд хүргэсэн. Энэ хүмүүсийн буруугаас болж өнөөдөр хүртэл гэр оронгүй явж байна. Би хууль шүүхийн байгууллагыг хүндэлдэг учраас нэг ч буруутай зүйл хийгээгүй. Өнөөдөр хүртэл тэвчээртэй байсан.

Тухайн байрыг улсын комисс хүлээж авсны дараа хүмүүс оруулсан. Би өр зээл тавьж барьсан хүнийхээ хувьд булаалцалдаад орох байсан боловч буруу зүйл хийж үзээгүй учраас хууль шүүхийн байгууллага нь шийдээд өгчих байх гэж бодсон. Мягмар нь шүүхэд гаргасан тайлбартаа “Энэ Пүрэвжав гэдэг хүн миний хүүхдийн байр гэдгийг нотолчихсон байхад авах гэж байна” гэж хэлсэн. Гэтэл би М-ынхүүхдийн байрыг авах гэж байгаа биш, хажуу талд нь байгаа байраа авах гэж байна гэж олон удаа хэлсэн.

Анхан шатны шүүхээс үзлэг хийхэд М-ын хүүхдийн байр энэ байна, С.П-ын байр 4 тоот гэсэн гэрчилгээтэй байна гэж үзлэгээр тогтоож өгсөн. Мягмар нь энэ 4 тоотод миний байр нь давхцаж байна гэсэн нотлох баримт гаргаж өгч, няцаагаагүй. Анхан шатны шүүхээс С.П-ын 333 мкв байрнаас 45 мкв байрыг салгасан гэдгийг тусгасан. Мөн 3, 4 тоот гэсэн дугаар дээр энэ хоёр хүн маргаагүй гэдгийг тодорхойлж өгсөн. Зөв талаасаа дугаарласан байрыг М-ынхүүгийн байр гэж бичсэн, харин Мягмар нь өөрийнхөө байранд буруу талаасаа дугаарласан 4 тоот байрыг тодорхой тусгаагүй байна гэсэн үндэслэлээр намайг чирэгдүүлсэн. Байрыг өөрийн эзэмшилд авахдаа тухайн байрны план зургийг чухалчилж үздэг. П-д байгаа план зурагт аль байрыг нь тодруулж зурж өгсөн байна гэдгийг хавтаст хэргийн 25, 26, 27 талд тодорхой заасан.

Анх би 333 мкв байрнаас салгуулж авахдаа зүүн талаасаа гэж бичээгүй ба бичих боломж байгаагүй. Тэр үгийг бичигдээгүй гэж миний байрыг үгүйсгэх боломжгүй гэж үзэж байна. Зүүн талаасаа дугаарласан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байдаг. Миний нотлох баримтаар гаргаж өгсөн шүүхийн шийдвэрүүдэд 02, 04 тоот байрыг авахад буруу талаас нь дугаарласан байна гэдгийг тогтоосон.Улсын бүртгэлийн хэлтэст П-ын энэ байрыг 100% өмчлөлийн болгож өгнө үү гэсэн бичгийг хийж өгсөн. Энэ бичгийг 2019 оны 6 дугаар сард хийж өгсний дараа уг байрыг 100 хувь миний эзэмшлийнх болгож өгсөн. Энэ өгсөн баримт дотор  байрыг буруу талаас нь дугаарласан гэдэг нь тодорхой байгаа. Уг байрыг буруу, зөв талаас нь дугаарласан гэдгийг харах биш, тэр байр нь хэний өмч бэ, давхацсан зүйл байгаа эсэх, уг байрыг авах гэж хэдэн жил явж байгааг дүгнэхгүйгээр ийм шийдвэр гаргаж байгаад гомдол гаргасан. Шүүхээс тухайн хаягийг зөвтгөсний дараа шүүхэд ханд гэж хэлсэн. Хаяг нь 8-01 тоот байрыг ингэж бүртгэсэн гэдгийг улсын бүртгэгч Б нь программын өөрчлөлтөөс болсон гэдгийг тодорхой хэлж өгсөн. Ийм учраас байрны хаягийг өөрчлөх шаардлагагүй байна.

Би байраа хувь хүмүүсээс хүүтэй зээл авч барьсан. Гэтэл тэр байраа хоёр хүнд булаалгаж байна. Намайг ингэж доромжилж байгаад нь гомдолтой байна. Би шүүхэд итгэж шийдвэрээ хүлээсэн. Энэ хэрэг маргаан нь 2016 оноос хойш явсан. Манай аймгийн байруудын хаяг үүнээс хойш 3 удаа солигдсон байна. Хаягийн өөрчлөлт хийх боломжгүй.

Ийм нөхцөл байдал байсаар байхад шүүх шийдвэрлэх боломжгүй нөхцөл тавьж, шийдвэр гаргасанд гомдолтой байна” гэв.

8. Хариуцагч Ж.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс намайг дуудсан. С.П нь 4 номер гээд бичиг баримт өргөдөлдөө гаргасан. 28 хоносны дараа буруу талаас нь тоолж 4 тоот гэдгийг гаргаж ирсэн. Тэр байр нь Мөнхбатын нэр дээр одоо хүртэл байгаа. Гэрчилгээг нь гаргаж өгөхгүй шийдвэр гүйцэтгэл хураагаад авчихсан. 3 болон 4 тоот давхцаад гараад ирэхэд та энэ байрыг зөв талаас нь тоолж хуулийн дагуу гарын үсэг зурж өгсөн байна гэж анхан шатны шүүхээс үзсэн. 28 хоногийн дараа буруу талаас нь тоолоод 3 тоот гэдгийг гаргаж ирсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гэрчилгээг солих, өмчлөл эзэмшлийн тогтоож өгдөг газар биш гэж бодож байна. Энэ байр нь буруу талаас нь тоолсон учраас миний байр гэж хэлсэн.С.П нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр 100% болгосон гэрчилгээ авчихсан байгаа.

Улсын бүртгэгч Б  гэрчээр мэдүүлэг өгөхдөө байрыг давхцуулахгүй байхын тулд нар зөв эргүүлж дугаарладаг гэж хэлсэн. Улсын бүртгэгч Бат-Өлзий нь би Мөнхбатын нэр дээрээс салгаж, нар зөв тойруулж энэ байрыг бүрдүүлж ирсэн материалын дагуу бүртгэж өгсөн гэж хэлсэн. Нар зөв тойруулж тоолно гэсэн албан ёсны хууль дүрэм байхгүй гэсэн ч тэгж бүртгэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. С.П-ын .. гэсэн ордер нь хүчингүй. Энэ нь Захиргааны хэргийн шүүхээр хүчингүй гэдэг нь тогтоогдсон. Яагаад гэвэл би тэр байрыг М-аас худалдаж авсан.  нь ордер гаргаж өгөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн мэдэлд байгаа. Арай гэж байртай болсон хүмүүсийн байрыг авсан. Хоёр хүний байрыг ингэж авсан, дараагийнхан би болж байна. Нар зөв тойруулж дугаарласан байраа 1, 2, 4 байр гэж үзсэн. Гэтэл энэ нь дарааллаар нь биш байна. Нэхэмжлэгч нь ингэж итгэмээргүй зүйл хийсэндээ өөрөө ч ичихгүй байна. Маргаж байгаа байр нь С.П-ын нэр дээр байхгүй. Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах байцаагч, бүртгэгч хоёр нь нар зөв тойрдог гэж хэлсэн” гэв.

9. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.П-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 496 дугаар шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч нь 000598762 дугаартай Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 8 байрны 04 тоотод байрлалтай, 45 мкв талбайтай орон сууцны зориулалтай Ү-1520004451 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн.

Хариуцагчийн зүгээс Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 22-р байрны 04 тоот байранд 42 мкв талбайтай орон сууцны зориулалтай орон сууцны өмчлөгч гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлсэн. Хаалганы дугаарлалтыг улсын хэмжээнд нар зөв тойруулж дугаарладаг. Гэтэл нэхэмжлэгч С.П нь буруу талаас нь дугаарлаж тоолоод 04 гэсэн дугаартай байр нь минийх гэж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн байрны хаяг нь буруу байдаг. 8-р байр гэж байхгүй. Тухайн 16-р айлын орон сууцанд 45 мкв талбайтай байр байхгүй. Гэрч Б, Б нарын мэдүүлгээс үзэхэд нар зөв тойруулж дугаарладаг болохоос буруу эргүүлж дугаарладаггүй болох нь харагдаж байгаа. Тухайн тоотод Б өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Галбошигт хороолол 22-р байрны 04 тоот 42 мкв байрны гэрчилгээ байдаг. 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Мөнхбат нь ашиглалтад оруулсан. 04 тоот 42 мкв байрыг М.Б-од шилжүүлж өгөхийг хүссэн тодорхойлолт гаргаж өгсөн. 

2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Пүрэвжавын хувьд захиалагч Бод шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Зөв талаас нь тоолж номер 4 болно гэсэн бичгийг хийж өгсөн байна. Дээрх баримтуудаас харахад 04 тоот байр нь М.Б-ынх гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. Нэхэмжлэгч талаас 04 тоотыг буруу талаас нь тоолж 16 айлын орон сууцыг барьж гүйцэтгэсэн Мөнхбатын өмчлөлд тэр мкв талбай байгаа. Уг байрны 04 тоотын хууль ёсны өмчлөгч нь Мягмар гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, бусад гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тухайн байранд үзлэг хийсэн. Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 22-р байр зөв төлөөс дугаарласан 04 тоот, 42 мкв орон сууцанд үзлэг хийхэд уг байранд Мягмар амьдарч байсан. Уг байр нь М-ынхүү Бын нэр дээр бүртгэлтэй байсан гэсэн үзлэгийн тэмдэглэл үйлдэгдсэн. Гэрч  Б нь М-ын өмчлөлийн бүртгэлээс дээрх байр салгасан. Б-ын нэр дээр анх бүртгэл хийгдсэн. П нь өөрөө зөвшөөрөл өгсөн болохоор Б-ын нэр дээр шилжүүлсэн. Хаалганы дугаарлалтыг нар зөв эргүүлж дугаарласан гэдгийг мэдүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч П-ын .... тоотод байрлалтай 45 мкв талбайтай орон сууцны зориулалтай ... дугаартай үл хөдлөх хөрөнгө бол буруу талаас нь дугаарласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй. Ийм учраас анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь тухайн маргаан бүхий байрны асуудлыг хуулийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэсэн гэж миний зүгээс үзэж байгаа тул Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.П-ын  давж заалдах гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 152/ШШ2022/00496 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Ж.М-т холбогдуулан, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байрны 4 тоот хаягт байрлах байрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байрны 4 тоот хаягт байрлах байрыг хариуцагч Ж.М-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаарджээ.

3. Хариуцагч Ж.М нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

4. Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 152/ШШ2022/00496 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.П-ын хариуцагч Ж.М-т холбогдох бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.П анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос гаргаж, хэрэгт цугларсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэлээ.

5.1. Нэхэмжлэгч С.П нь Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 8 дугаар байрны 4 тоот хаягт байрлах байрыг Ж.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ”миний бие 2013-2015 онд иргэн С.М-тайхамтран 16 айлын орон сууц барьж 2015 оны 6 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн. Уг байрнаас С.М нь Ж.М-т нэг байр өгсөн.Уг байрыг Ж.Мын хүү Бын нэр дээр гэрчилгээ гарсан. Энэ байр дээр маргаан байхгүй. С.М бид хоёрын хамтран барьсан байраас гэрээний дагуу би 2 давхрын 5 байр, нэг давхрын 3 байр авах ёстой. Гэтэл уг байр ашиглалтад орсон цагаас эхлэн иргэн Ж.М нь С.М-тайхуйвалдаж миний өөрийн өмчлөлд бүртгэлтэй .. дугаартай байрыг иргэдэд түрээслээд өгөхгүй байгаа тул уг байрыг Ж.Мын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  нотлохоор  

- С.П-ын өмчлөлийн  Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрших, 8-р байрны 4 тоот, 45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1520004451 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000598762 дугаартай гэрчилгээг,

хариуцагч Ж.М шүүхэд : “ Би энэ байрыг С.Паас аваагүй, С.М гэдэг хүнд үнийг нь төлөөд авсан. Нэхэмжлэгч нь өөрөө зөв талаас нь тоолоод 4 тоот байрыг миний хүү М.Бод өгнө гэж хэлж гэрээ байгуулаад, бичиг баримт нь гарах болоход буруу талаас нь тоолоод 4 тоот гэж залруулга хийж эхэлсэн. Уг байрны гэрчилгээ тухайн үед С.Мын өр төлбөртэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байсан. 1 дүгээр давхрын бусад байрнуудын гэрчилгээ бүгдээрээ зөв талаас нь дугаарласнаар гарсан нь улсын бүртгэлийн байцаагч Г.Б-ийн мэдүүлгээр нотлогдсон байдаг. С.П-ын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээнд заасан хаяг, метр квадрат зэрэг нь буруу байгаа, мөн ахлах улсын бүртгэгчийг улсын бүртгэгч гэж буруу бичих зэргээр хуурамч болох нь нотлогдсон. Нэхэмжлэгч өөрөө зөв талаас нь нар зөв дугаарлаад 4 номерийн байрыг өгөхөд татгалзах зүйлгүй гэж тодорхойлолт бичиж өгсөн. Эдгээрээс харахад 4 номерийн байрны гэрчилгээ давхцаж гарсан нь харагдаж байгаа юм. Энэ байр миний хүү М.Бын авсан байр юм. Миний байрны ордер давхцсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ” гэж тайлбарлан,татгалзлын үндэслэлээ нотлохоор

- М.Бын өмчлөлийн Увс аймгийн ... тоот, 42 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай, улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000377154 дугаартай  гэрчилгээг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээс үзвэл уг хоёр гэрчилгээнд тусгагдсан орон сууцнууд нь нэг дугаартай буюу 4 тоот нэг байр мэт харагдаж байгаа боловч уг байрны талбайн хэмжээ, улсын бүртгэлийн Ү дугаар, гэрчилгээний дугаар, гэрчилгээ олгосон огноо зэрэг нь өөр өөр  2 байр байх бөгөөд нэхэмжлэгч С.П нь 45 м.кв талбай бүхий орон сууцны, хариуцагч Ж.М-ын хүү М.Б нь 42 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.П-ын хүсэлтээр  шүүхээс С.П-ын өмчлөлийн  Увс аймгийн Улаангом сумын ..тоотод байрлалтай, 45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1520004451 дугаарт бүртгэгдсэн, .. дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцанд,

мөн М.Б-ын өмчлөлийн Увс аймгийн Увс аймгийн Улаангом сумын .. тоотод байрлалтай, 42 м.кв талбай бүхий орон сууцны зориулалтай, улсын бүртгэлийн Ү-1. дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0... дугаар  гэрчилгээтэй орон сууцанд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт  / 2-р хавтаст хэргийн 132-133 –р тал/  авагдсан байна.

Уг үзлэгээр Увс аймгийн Улаангом сумын ... дугаар байрны зөв талаас дугаарласан 4 тоот буюу 42 мкв талбайтай байранд Ж.М амьдарч байгаа, уг байр нь Ж.М-ын хүү М.Бын нэр дээр бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000377154 дугаар  гэрчилгээтэй болохыг, тус 4 тоот байртай зэрэгцээ байрлах 3 тоот, 45 м.кв талбайтай байрыг Ж.М эзэмшиж бусдад түрээслүүлж байгаа үйл баримт тус тус тогтоогдсон  байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар зохигчдын гаргаж ирүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдэд хаалганы дугаар 4 тоот гэж адил бүртгэгдсэн байх боловч уг  42мкв, 45 мкв талбай бүхий байрнууд нь бүртгэл давхцаагүй, хоёр өөр байр болох нь тогтоогджээ.

Иймд хариуцагч Ж.Мын хүү М.Бын өмчлөлийн 4 тоот байртай зэрэгцээ байрлал  бүхий,  үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар 3 тоот, 45 м.кв талбайтай орон сууцыг маргаан бүхий орон сууц  гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5.2. Иргэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх бөгөөд мөн зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-т заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.

            Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.4-т зааснаар улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, 4.1.5-т зааснаар улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх тул нэхэмжлэгч С.П-ыг Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрлалтай, 8 дугаар байрны  4 тоот / хаалган дээр 3 гэж дугаарлагдсан/, 45 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.П-ын өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан  “ 4 ”  гэх хаалганы дугаар нь одоо “ 3 ” гэж дугаарлагдсан байгаа нь түүнийг тус байрны өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг  үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь өөрийн татгалзал, тайлбарын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй .

Нэхэмжлэгч С.П-ын шүүхэд гаргаж ирүүлсэн, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 8-р байр, 4 тоотод байрлалтай/ одоо 3 тоот гэж дугаарлагдсан/, 45 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, Ү-1520004451 дугаарт бүртгэгдсэн, 000598762 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч Ж.М шүүхэд нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Хариуцагч Ж.М нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж бусдад түрээслүүлж байгаа үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч уг байрыг хууль ёсоор, эсхүл хуульд заасны дагуу эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. 

Хариуцагч Ж.М татгалзалдаа “маргаан бүхий орон сууцыг С.Маас худалдаж авсан” гэж тайлбарлаж байх боловч Ж.М нь уг орон сууцыг өмчлөх эрхтэй болсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар нотлох баримт гаргаж нотлоогүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”  гэж заасан.

Ж.Мын өмчлөх эрх улсын бүртгэлээр баталгаажаагүй, түүнчлэн тус орон сууцыг хуульд заасан журмын дагуу эзэмшил, өмчлөлдөө авсан нь нотлогдоогүй тул түүнийг орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байна гэж үзэх боломжгүй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Мын “ С.П-ын 4 тоот нь улсын бүртгэлийн хууль зөрчиж хийгдсэн гэрчилгээ болно. Ж.М нь 3 тоот 38.4 м.кв байрны шударга өмчлөгч, худалдан авсан хүн мөн болно” гэх тайлбар нь бичгийн баримтаар нотлогдоогүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй болно.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан: “ нэхэмжлэгч С.П-ын гаргаж буй гэрчилгээ нь зохигчдын маргаж буй байрны гэрчилгээ биш ба маргаан бүхий байр нь 38.4 мкв талбай бүхий байр бөгөөд энэ байр дээр хэн ч гэрчилгээ гаргуулж аваагүй” гэх тайлбарын үндэслэлээ нотлоогүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй  байна.

7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т: Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т: “ Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Хуулийн энэ зохицуулалтаар шаардлага гаргаж буй этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхтэй байхаас гадна шаардлага тавигдаж буй этгээдийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч С.П нь хариуцагч Ж.М-ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн байраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна гэж дүгнэв.          

8.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Ж.Маас гаргуулж нэхэмжлэгч С.Пт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн далан мянга хоёр зуун  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 152/ШШ2022/00496 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.М-т холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Ж.Мын хууль бус эзэмшлээс Увс аймгийн Улаангом сумын ..дугаар байр, .. тоот /одоо .. тоотоор дугаарлагдсан/ 45 м.кв талбайтай, улсын бүртгэлийн V-.. дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсүгэй гэж,

тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.П-ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн далан мянга хоёр зуун төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М-аас далан мянга хоёр зуун төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.П-т олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.П-ын давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.П-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн далан мянга хоёр зуун төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалданхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,” шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн  гэх үндэслэлүүдээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ  

ШҮҮГЧИД                                                     Н.ТУЯА        

                                                                                                М.НЯМБАЯР