Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00293

 

 

 

 

 

 

 

 

2023 02 01 210/МА2023/00293

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02473 дугаар шийдвэртэй,

*******-ийн нэхэмжлэлтэй, *********д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 109,857,808.93 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ********* нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 210004366 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 100,000,000 төгрөгийн зээлийг орон сууц худалдаж авах зориулалтаар, 120 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 109,846,308.93 төгрөгийн өртэй болсон.

********* нь үүргээ хугацаанд нь төлөөгүй, удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй..

Банкны зүгээс гэрээний 5.2.3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 98,013,394.19 төгрөг, хүү 11,817,089.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,825.65 төгрөг, нийт 109,846,308.93 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 109,857,808.93 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

*********, Т.Цибүүдэй нарын *******-аас авсан 2015 оны зээл бол энэ зээлээс тусдаа асуудал. 2015 онд авсан зээлийн үлдэгдэл 2017 онд 200,000,000 төгрөг болсон байсныг зээлдэгч нар худалдах, худалдах авах гэрээгээр орон сууцаа 100,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн. Банк зээлийн үлдэгдлээс 100,000,000 төгрөгийг хассан. Үлдэгдэл 99,000,000 гаруй төгрөг дээр ********* худалдах, худалдан авах гэрээгээр одоогийн зээлийн барьцаа хөрөнгө болох байрыг хүү Т.Цибүүдэйгээс 250,000,000 төгрөгөөр худалдан авч 150,000,000 төгрөгийг бэлнээр, 100,000,000 төгрөгийг банкны зээлээр шийднэ гэсэн гэрээ байгуулсан. Орон сууц *********гийн нэр дээр шилжсэн. Ингээд ********* банкнаас 100,000,000 төгрөгийн зээл аваад Т.Цибүүдэйгийн дансанп 100,000,000 төгрөгийг орон сууцны төлбөр гэж шилжүүлснээр 2015 оны зээл хаагдсан.

*********гийн дангаар авсан зээл болон өмнөх зээлийг хамаатуулах боломж байхгүй. Өмнөх зээл хаагдаад дууссан, хүү бодоогүй. *******-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээн дээр ямар нэг маргаан гараагүй. Худалдан авсан байраа шилжүүлж өгөхгүй байсаар шүүхээс албадан чөлөөлөх шийдвэр гарч банк байрыг шилжүүлэн авч борлуулсан байдаг. ********* 7 удаагийн зээлийн төлөлт хийсэн. 2019 онд шүүхэд хандах хүртэл дахин төлбөр төлөөгүй. Үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжгүй болсон. Банк зээлийн хүүгээс ашиг олдог байгууллага. 2019 оноос хойш одоо хүртэл хүү төлөхгүй, муу зээлийн ангилалд орсон байгаа. Нэхэмжлэлийн шаардлага багасгах боломжгүй.

Иймд 109,857,808,93 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд буй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 байр, 14 тоотод байрлалтай Ү-2203026998 дугаартай 194,64 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа буюу 32,940,808 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

******* нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21004366 дугаар зээлийн гэрээний үүргийг шаардсан. Хариуцагчийн хувьд шаардах эрхгүй гэж үзэж байна. Анх 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө нь орон сууцны зориулалттай 4 өрөө орон сууц байсан. Маргаж байгаа зээлийн гэрээний барьцаа хөрөнгө мөн энэ хөрөнгө. Гэхдээ хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн.

********* 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2101011848 барьцааны гэрээ байгуулан 150,000,000 төгрөгийг 30,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусах байсан. Гэтэл банкнаас 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17209 дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дагуу ********* зээлийн барьцаа хөрөнгө болох 2 үл хөдлөх хөрөнгийг солих хүсэлт тавьсан. Банкнаас хүсэлтийг хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-220326998 дугаартай, 194,64 м.кв 4 өрөө орон сууцыг хэвээр үлдээж, 2 дахь барьцаа хөрөнгө болох Ү-2202017479 дугаартай, 130,4 м.кв үйлчилгээний талбайг чөлөөлж, үүргийн гүйцэтгэлийг сольсон.

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******-ийн зээлийн эдийн засагч А.Одонтуултай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, алтай замчдын гудамж, 43 дугаар байр, 8 тоот буюу 64,34 м.кв 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдсан. Тухайн үеийн *******-ийн мэдэгдэлд 209,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгт нь орон сууц худалдан аваад 109,000,000 төгрөг үлдсэн гэж бодож байсан. Тэгэхэд тухайн барьцаа хөрөнгөөр сольсон эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сард бодитоор түлхүүр гардуулан өгсөн. Тухайн үед түлхүүр өгөхөд 100,000,000 төгрөгөөр худалдсан байрыг 160,000,000 төгрөгөөр худалдах гэж байгаагаа илэрхийлж байсан. Банк хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс ашиг олох байтал бусдаас худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг бусдад 160,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, ашиг олж байгаа нь хууль бус юм. Иймд 60,000,000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна.

******* нь *********тай 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийг бодитоор олгоогүй. ********* зээлийн эргэн төлөлтийн үед 16,917,000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн. *********гийн зээлийн хүүгийн тооцооллоос харахад зээлээс 1,986,605 төгрөг хасаж, хүүд 14,927,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,418 төгрөг авсан.

Банк ашгийн төлөө байгууллага боловч нэмэгдүүлсэн хүү болон хүүгээс дахин хүү тооцсон асуудал харагдаж байна. Иймд 16,917,000 төгрөгийг нийт дүнгээс хасаж тооцвол нийт 109,857,808 төгрөгөөс 60,000,000 төгрөг болон 16,917,000 төгрөгийг хасахаар *********гийн төлөх ёстой дүн 32,940,808 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ иргэн *********, Т.Цибүүдэй нарын нэр дээрх хөрөнгө байсан. Барьцаанд байгаа хөрөнгийг давхар барьцаалсан нь хууль зөрчсөн. Дүр үзүүлэн орон сууц худалдан авах гэрээ байгуулж, *********д олгосон зээлээрээ 99,832,500 төгрөг төлүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна.

Сүүлд байгуулсан энэ зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т зааснаар хууль зөрчиж хийсэн гэрээ.

Мэдэгдлээс харахад хэтэрсэн хугацаа 145 хоног, үүний хүүгийн тооцоолол 209,000,000 төгрөгийн үлдэгдэлд хүрэхгүй. А.Одонтуултай 64,34 м.кв 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгт зарна гэж гэрээ байгуулсан. Тэгэхээр цаана нь 109,000,000 төгрөгийн үлдэгдэл үлдэж байна. 145 хоногоор тооцох юм бол 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 140,005,600 төгрөгийн үлдэгдэлтэй. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө 130,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Зээлийн дансны хуулгаар орон сууц борлуулсан болон төлбөр төлсөн тухай дансны хуулгаар харагдаж байна. Дүр үзүүлэх байдлаар хийсэн гэрээний 100,000,000 төгрөгийг төлөх сүүлийн гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Зээл хаав гээд 150,000,000 төгрөгийн зээл хаасан нь хүүтэй мөнгө байна. Хүүтэй мөнгөн дээрээс дахиж хүү бодоод байгаа нь буруу. Сэлэнгэ-Эстимэйт ХХК-аар барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн. Банкны үнэлгээгээр 230,000,000 төгрөг гэж тооцсон байна. Банк 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний 100,000,000 төгрөгийг хасаад үлдэж байгаа мөнгийг шаардаж болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч *********гаас 109,857,808.93 төгрөг гаргуулан *******-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч ********* нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд *********гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026998 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Авто замчдын гудамж, 40 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай 194,64 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 847,639.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 847,639,04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна..

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөхдөө тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Банк 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 17/299 дугаар Барьцаа хөрөнгө Ариг банкны нэр дээр шилжүүлэх тухай мэдэгдэл ирүүлснээр дээрх барьцааны гэрээнд дурьдсан барьцаа хөрөнгүүдийг өөр барьцаа хөрөнгөөр солих санал гаргаж, зээл, зээлийн хүүгийн тооцооллыг банкнаас гарган өгсөнөөр нийт 209,000,000 төгрөгийг төлөх зээлийн үлдэгдэлтэй гэсэн тооцоо гарсан.

Уг тооцоололыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******-ийг төлөөлж Одонтуултай худалдах, худалдан авах гэрээг байгуулж 64,34 м.кв талбайтай, 2 өрөө сууцыг 100,000,000 төгрөгт буюу уг зээлийн дүнгээс хасуулж тооцохоор шилжүүлсэн.

Банк уг орон сууцыг 160,000,000 төгрөгөөр үнэлж бусдад борлуулсан тул 60,000,000 төгрөгийг хасч тооцуулна.

2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлсэн хийсэн буюу бодитоор 100,000,000 төгрөг олгогдоогүй.

Тодруулбал 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлсэнээр 2015 оны 11 дүгээр сарын 24-ний зээлийг хаагдсан гэж дүгнээд , дахин 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлсэнээр талууд хусэл зоригоо илэрхийлсэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж буй нь үндэслэлгүй. Дээрх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол банк хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсон дүнгээс дахин хүү бодоод шаардаад байгаа хууль зөрчиж байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн барьцааны гэрээ болон 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн барьцааны гэрээнүүдийн барьцаа эд хөрөнгө давхацсан хууль зөрчсөн байхад шүүх хууль зүйн үнэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Тодруулбал эхний гэрээний дагуу барьцаалсан эд хөрөнгийг дахин давхар барьцаалсан хууль зөрчсөн байхад шүүх хууль зүйн дүгнэлт хийж чадсангүй.

Иймд 76, 917,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Т.Цибүүдэй нь үндсэн зээлдэгч бөгөөд ********* нь хамтран зээлдэгчээр 2015 онд *******-аас 150,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлийг төлөлтийг хийхгүй зөрчил үүсгэснээр 2017 онд зээлийн хүү нь 200,000,000 орчим төгрөг болсон. Т.Цибүүдэй, ********* нартай ******* нь харилцан тохиролцсоны үндсэн дээр Т.Цибүүдэй өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг зээлийн төлбөрт суутгаж, шилжүүлэхээр хүсэлт гаргасны дагуу 100,000,000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ хийж, *******-д шилжүүлсэн. Тухайн 100,000,000 төгрөг нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Т.Цибүүдэйгийн дансанд 100,000,000 төгрөг орж, зээлийн данснаас хасагдсан. Гэтэл Т.Цибүүдэйгээс ********* нь 4 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийж, 250,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *********д холбогдуулан 2100004366 тоот зээлийн гэрээг цуцалж, зээл 98,013,394.19 төгрөг, хүү 11,817,089.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,825.65 төгрөг, нийт 109,846,308.93 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, бүгд 109,857,808.93 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 32,940,808 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, үлдэгдэл 76,917,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. ******* болон ********* нар 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2100004366 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 100,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 22,8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлэх, ********* нь зээл хүүг сар бүр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх10-13/

2.б. Мөн өдөр ******* болон ********* нар 2100004366 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд *********гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026998 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Авто замчдын гудамж, 40 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай, 194,64 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, 11-1056104 тоот барьцаалбар үйлдсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. /1хх14-17/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

2.в. Хариуцагч талаас дээрх зээлийг бодитоор олгоогүй, *********, Т.Цибүүдэй нарын *******-аас 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр авсан зээлийг хаах зорилгоор уг гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан.

*******-ийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр *********гийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *******-д нээлгэсэн 2104010055 тоот харилцах дансанд орон сууцны зээл олгов гэх утгатай 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн, уг данснаас мөн өдөр DP-2101011135 тоот дансанд орон сууцны төлбөр шилжүүлэв Янсанмаа гэх гүйлгээний утгатай 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга, мемориалын баримтаар тогтоогдсон. /1хх,18, 119, 204-205/

2.г. Хэрэгт авагдсан баримтаар Т.Цибүүдэй, ********* нар *******-тай 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2101011148 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 150,000,000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар жилийн 30,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн, мөн өдөр 2101011148 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, Т.Цибүүдэйгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203026998 дугаартай, 194,64 мкв талбайтай 4 өрөө орон сууц, Т.Цибүүдэйгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202017479 дугаартай, 130,4 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 11-569222 дугаартай барьцаалбар үйлдсэн.

Т.Цибүүдэй, ******* нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Т.Цибүүдэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байр, 8 тоот хаягт байрлах 64,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******-д 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, дээрх гэрээний дагуу ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Автозамчдын гудамж, 40 дүгээр байр, 8 тоот хаягт байрлах 64,34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1хх,177, 230/

Т.Цибүүдэй, ********* нар 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Т.Цибүүдэй нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 196,64 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч *********гийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч ********* нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 250,000,000 төгрөгийн 150,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн, үлдэх 100,000,000 төгрөгийг Ариг банкны зээлээр төлөхөөр харилцан тохиролцож, ********* нь 196,64 м.кв талбайтай хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1хх, 17, 223/

Т.Цибүүдэй, ********* нарын *******-аас 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр авсан зээл нь дээрх хоёр гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 100,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлснээр 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хаагдсан байна. /1хх,236-238, 2хх,4-12, 85, 89-90, 119, 180/

Иймд хариуцагч ********* нь *******-аас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөгийг зээлсэн, улмаар захиран зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээ болон барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1, 451 дүгээр зүйлийн 451.2, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзнэ.

Зохигчид гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

********* нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2100004366 дугаар орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлд 1,986,605.81 төгрөг, хүүд 14,927,976.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,418 төгрөг, нийт 16,917,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцоолол гэх баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч хуваарийн дагуу зээл, хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчээс мэдэгдэл хүргүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдрөөр гэрээг цуцалсан нь зээлийн гэрээний 5.2.3, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2-т нийцсэн.

Зээлдэгч ********* нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 98,013,394,төгрөг, хүү 11,817,089 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,825 төгрөг, нийт 109,846,308 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлийн тооцоолол гэх баримтаар тогтоогдож байна. /1хх, 19, 120/

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэхэмжлэлийг бүрэн хангасныг зөв гэж үзнэ.

2.д. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 11,500 төгрөгийг хохиролд тооцож гаргуулсан нь зөв байна.

2.е. Мөн хариуцагч ********* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *********гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026998 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Авто замчдын гудамж, 40 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай 194,64 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлэсэн нь үндэслэлтэй.

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. орон сууцыг хүлээлгэж өгөхөд ******* нь тус орон сууцыг 160,000,000 төгрөгөөр үнэлж, энэ үнээр бусдад худалдан борлуулж 60,000,000 төгрөгийн ашиг олж байгаа нь хууль бус гэх гомдлын тухайд

Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд худалдах-худалдан авах гэрээний зүйлийн үнийг өөрсдөө харилцан тогтооно. Банк нь хуулийн этгээдийн хувьд иргэний эрх зүйн харилцаанд оролцох боломжтой.

Тухайн орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр 100,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлэх, худалдагч нь харилцан тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээр тухайн худалдах-худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болно. Худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан эд хөрөнгөө бусдад хэдэн төгрөгөөр худалдах эсэх нь өмчлөгчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал юм.

Иймд энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 613,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ш.ОЮУНХАНД