Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0660/з |
Дугаар | 001/ХТ2020/0050 |
Огноо | 2020-01-27 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2020/0050
“Тб ф ББСБ” ХХК-ийн
гомдолтой, СЗХ-ны ХШЗГ-ын
хянан шалгагч улсын байцаагч
Д.С-д холбогдох зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Мөнхтуяа
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С-ийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/11 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0713 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 682 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулж,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0713 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Тб ф ББСБ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Д.С-ийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2/11 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 682 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Тб ф ББСБ” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч улсын байцаагч Д.С-ийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2/11 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 682 дугаар магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд:
4. Анхан шатны шүүхээс зөрчлийг зөв дүгнэсэн атлаа зөрчил таслан зогсоогдоогүй үргэлжилсээр байсан нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг буруу хэрэглэж, зөрчилд тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. “Тб ф ББСБ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулсан нь 2013 оноос эхэлсэн боловч 2017 оны 11 дүгээр сард хяналт шалгалт хийх хүртэл таслан зогсоогдоогүй, арилаагүй, хэвээр байсан тул Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.
5. Зөрчил үйлдсэн хугацааг тоолоход Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэж заасан байдаг. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацааг зөрчил таслан зогсоогдсон өдрөөс эхлэн тоолохоор хуулийг буруу хэрэглэн тайлбарлалаа. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт үүнийг зөв хэрэглэж тайлбарласан. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-т "Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол....” гэж заасан байдаг. Тус зохицуулалтаас үзвэл Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтад 2 өөр агуулга бүхий объектив үйлдэлд 1 ижил санкц оноохоор хуульчилжээ.
6. Тодруулбал, хорооны зөвшөөрөлгүй салбар нээсэн, мөн банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол шийтгэл оногдуулахаар байна.Тус шийтгэлийн хуудсаар “Тб ф ББСБ” ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын салбарыг санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй нээсэн гэх зөрчил үйлдсэн. Өөрөөр хэлбэл, “Тб ф ББСБ” нь банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд биш ББСБ тул үйл ажиллагаа эрхлэн явуулах эрхтэй этгээд юм. Харин Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтаас үзвэл банк бус санхүүгийн байгууллагын салбарын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй нээсэн гэх зөрчил нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэж төгссөнд тооцох тул зөрчил үйлдсэн хөөн хэлэлцэх хугацааг зөвхөн салбар нээсэн хугацаагаар тодорхойлно. Тухайлбал, “Т ф” ББСБ нь 2016 оны 3 дугаар сард хамгийн сүүлийн салбараа “Г” ХК-ийн хямдралын нэрийн дэлгүүрт нээсэн тул зөрчил үйлдсэн хугацааг 2016 онд үйлдсэнд тооцно.
7. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-д зааснаар маргаан бүхий зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байхаар хуульчилсан. Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу зөрчил үйлдэгдсэнээс хойш 1 жил 8 сарын дараа шийтгэлийн хуудас ногдуулжээ. Учир нь эрх бүхий албан тушаалтан нь салбар анх нээсэн хугацааг бүрэн тогтоож шалгаагүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шийтгэл ногдуулсан байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Д.С-ийн гаргасан “Тб ф ББСБ” -д холбогдох 2/11 тоот шийтгэлийн хуудас нь анх гарсан цагаас эхлэн эрх зүйн үйлчлэлгүй баримт бичиг болжээ.
8. 2016 оны 3 дугаар сард Зөрчлийн тухай хууль нь хэрэгжиж эхлээгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн /2017.05.11/ дагуу шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 5 дахь хэсэгт “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасны дагуу гаргасан зөрчилд бидний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх учиртай. Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу биднийг 40 сая төгрөгөөр торгож байгаа нь хуулийн хамгийн өндөр торгууль тул бидний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж буй явдал юм.
9. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 682 дугаар магадлалд “мөн нэгэнт санхүүгийн хяналт шалгалтын явцад тогтоогдсон зөрчлийг дахин зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагаа явуулах шаардлагагүй байхад анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн нь үндэслэлгүй" гэж дүгнэн хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийж чадсангүй. Анхан шатны шүүх шийдвэртээ “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан нь энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулах үүрэгтэй байх ба энэхүү маргааны тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь “Тб ф ББСБ” ХХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй салбарын үйл ажиллагаа хэзээнээс эхлэн явуулсан талаарх үйл баримтыг тодруулсан нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтуудыг цуглуулах, түүнчлэн зөрчлийг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байхад зөрчилд нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй гэж үзэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн байна” гэж хууль зүйн зөв дүгнэлт хийсэн.
10. Эрх бүхий албан тушаалтан нь 2015 оноос эхлэн зөвшөөрөлгүй салбарын үйл ажиллагаа эрхэлсэн талаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд дурдсан байдаг боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн, үндэслэл бүхий хийж чадаагүй болно. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 682 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч баримталбал зохих хуулийн заалтуудыг Тогтоох хэсэгт орхигдуулсан нь буруу байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
12. Гомдол гаргагч “Тб ф ББСБ” ХХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нээнэ” гэснийг зөрчиж, 2015 оноос хойш хорооны зөвшөөрөлгүйгээр салбарын үйл ажиллагаа явуулсаар байсан нь хариуцагчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-наас 23-ны өдрүүдэд хийсэн санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн, энэ нь Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт “Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн” гэсэн зөрчилд тооцогдох ба энэхүү зөрчлийг шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
13. Харин анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
14. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэсний дагуу “Тб ф ББСБ” ХХК-ийн “зөрчил үйлдсэн хугацаа” нь тухайн зөрчил хяналт шалгалтаар таслан зогсоогдсон өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэж үзэхээр байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно” гэсэн бөгөөд мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-т зааснаар энэхүү зөрчлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байна.
15. Дээр дурдсанаар гомдол гаргагчийн зөрчил үйлдсэн хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тул үүнээс хойших хугацаанд хариуцагч зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр маргаан бүхий акт болох 2/11 дүгээр шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан нь хөөн хэлэлцэх хугацааны дотор байна. Тодруулбал, зөрчил үйлдсэнээс хойш 2 сар гаруйн дараа шийтгэл оногдуулсан байх тул “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-7-д заасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
16. Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, холбогдох зөрчлийг шалган тогтоож, маргаан бүхий актыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан тул “...зөрчил гаргасан үед буюу 2016 оны 3 сард эдгээр хуулиуд хэрэгжиж эхлээгүй байсан тул хэрэглэх ёсгүй байсан, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-д заасан хяналтын гомдол үндэслэлгүй. Учир нь, энэхүү хэргийн тухайд хариуцагчаас шинэ хууль үйлчилж эхэлснээс хойш гарсан буюу “үргэлжилсэн” зөрчлийг шалган тогтоож, шийдвэрлэсэн тул “хууль гарахаас өмнө нь гарсан зөрчилд Зөрчлийн хуулийг буцааж хэрэглэсэн” гэж үзэхгүй юм.
17. Мөн “...нэгэнт санхүүгийн хяналт шалгалтын явцад тогтоогдсон зөрчлийг дахин зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагаа явуулах шаардлагагүй...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, учир нь гомдол гаргагчийн зүгээс банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээж, үйл ажиллагаа явуулсан гэдэг зөрчлөө үгүйсгэдэггүй, гагцхүү цаг хугацааны хувьд “...2016 оны 3 дугаар сард хамгийн сүүлийн салбараа нээсэн тул зөрчил үйлдсэн хугацааг тухайн цаг хугацаагаар тооцно...” /Тодорхойлох хэсгийн 6-д/ гэж маргадаг, гэвч уг зөрчил нь санхүүгийн хяналт шалгалт хийх хүртэл үргэлжилсэн бөгөөд шалгалтаар илэрч таслан зогсоогдсон, хөөн хэлэлцэх хугацааг тухайн зөрчил таслан зогсоогдсон үеэс хойш тооцно, өөрөөр хэлбэл, зөрчил анх хэзээ гарсныг шалгаж тогтоох нь ач холбогдолгүй тул “... эрх бүхий албан тушаалтан нь 2015 оноос эхлэн салбарын үйл ажиллагаа эрхэлсэн талаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд дурдсан байдаг боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн хийгээгүй...” гэсэн хяналтын гомдлыг /Тодорхойлох хэсгийн 9-10/ хангах боломжгүй.
18. Дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 682 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож…,” гэсний дараа “Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг, 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан” гэж нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ