Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/0072

 

“Т т к” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй, Г-А аймгийн

ЗД-д холбогдох захиргааны

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                  Танхимын тэргүүн М.Батсуурь                                  

Шүүгчид:                      Б.Мөнхтуяа

                                           П.Соёл-Эрдэнэ

                                           Ч.Тунгалаг       

Илтгэгч шүүгч:          Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/173 дугаар захирамжийн “Т т к” ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2019/0023 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 570 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С-ийг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2019/0023 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ”Т т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн “Т т к” ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 570 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2019/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6,  24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн ”Т т к” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан.  

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “Т т к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-О би Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2019/0023 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 570 дугаартай магадлалаар хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж, зохих хуулийг хэрэглээгүйгээр хэрэг хянан шийдвэрлэсэн гэж үзэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэсэн нотлох баримтын талаас нь хянах, шийдвэрт дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт хийлгүйгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг тус тус баримтлан аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаар захирамжийн “Т т к” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан байх бөгөөд хуульд заасан журмаар гаргасан Засаг даргын захирамж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай байгуулсан гэрээ, тэдгээрээс олгосон гэрчилгээ нь цогцоороо газар эзэмших эрхийг баталгаажуулна.

5. “Т т к” ХХК-д Солонго хороололд хаус барих зориулалтаар 15 жилийн хугацаатай, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Солонго хороолол нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасан “Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар” гэдэгт, мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан “барилга байгууламжийн техникийн нөхцөл” авах газар бөгөөд “Т т к” ХХК-д эзэмшүүлж, газар эзэмшүүлэхдээ тавигдах шаардлагаа гэрээний 3.9.2-т “Аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зургийн даалгавар, байршлын схем, техникийн нөхцөл, гадна инженерийн шугамын трасс, барилгын ажлын зургийг батлуулах” гэж тусган өгч харилцан тохиролцож, гэрээг байгуулж, ёсчилсон”, 3.10-т “дээрх нөхцөлүүдийн аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрх хүчингүй болно” гэж заасан.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг ... зөрчсөн” гэдэгт гэрээний дээр дурдсан заалтыг /нэхэмжлэгч Хаус барихаасаа өмнө техникийн нөхцөлөө авсан байх г.м/ зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй хамаарах байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд гэрээний заалтыг зөрчиж байна гэдгийг захиргааны байгууллага хэрхэн тогтоосон нь тодорхойгүй гэж, мөн нэхэмжлэгч талаас гэрээний заалтыг зөрчөөгүй, нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад захиргааны байгууллагыг буруутгасан дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий акттай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу газар дээр нь очин хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарыг оролцуулан үзлэг хийсэн.

7. Маргааны үйл баримттай холбогдуулан Барилгын тухай хуулийг тайлбарлан хэрэглэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор” заасан, хариуцагчаас энэ талаарх хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрсөн боловч энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь үгүйсгэж, хүчингүй болгох үндэслэлгүй.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй гэж үзнэ” гэсэн найруулгын алдаатай. Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 570 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “Т т к” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бий болоогүй буюу бүрэн тогтоогдоогүй байхад маргаан бүхий акт болох 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаар захирамжийг гаргасан нь хууль бус байна.

11. Тодруулбал, нэхэмжлэгчийн хувьд “газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үйл баримт тогтоогдохгүй байтал анхан шатны шүүх Барилгын тухай хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь тухайн маргааны үйл баримттай нийцэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12. Мөн нэхэмжлэгч нь Газар эзэмшүүлэх гэрээний 3.9.2-т “Аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зургийн даалгавар, байршлын схем, техникийн нөхцөл, гадна инженерийн шугамын трасс, барилгын ажлын зургийг батлуулах” үүргийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд, газар эзэмшүүлэгч буюу хариуцагч захиргааны байгууллагын зүгээс энэхүү гэрээний үүргийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьсан /Гэрээний Дөрөв. Газар эзэмшүүлэгчийн эрх, үүрэг 4.1/, гэрээний үүргийн зөрчлийг арилгах талаар ямар шаардлага тавьсан, түүнийг нь газар эзэмшигчийн зүгээс хэрхэн яаж удаа дараа буюу ноцтойгоор зөрчсөн /Гэрээний 4.2/ зэрэг нь тодорхойгүй, гэрээг дүгнээгүй /Гэрээний 4.3/, гэрээ дүгнэх 1 жилийн хугацаа болоогүй байхад буюу гэрээ байгуулагдсанаас хойш 10 сарын дараа маргаан бүхий актыг гаргасан нь захиргааны акт “бодит нөхцөлд тохироогүй”, нэг үгээр хэлбэл, хариуцагч өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй атлаа нэхэмжлэгчийг буруутгасан нь хуульд нийцээгүй байна.

13. Ялангуяа энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газар дээрээ шалгарсан төслийнхөө дагуу хөрөнгө оруулалт хийж, хэд хэдэн амины орон сууц барьсан, газрыг зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн буюу гэрээнд заасан эрх, үүргээ бодитойгоор хэрэгжүүлж эхэлсэн байхад хариуцагчийн зүгээс газар эзэмшигчид сануулж, мэдэгдэлгүйгээр түүний эрхэд шууд халдаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6. “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

14. Иймд, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаар захирамж нь шийдвэр гаргах ажиллагааны алдаатай, тухайлбал, уг захирамжийг гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй нь хууль бус бөгөөд эдгээр алдааны улмаас маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлтэй. Учир нь, хэрэв хариуцагч эдгээр ажиллагааг хийсэнсэн бол маргаан бүхий акт гарахгүй байх боломжтой байсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.

15. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагааны алдаагаа хүлээн зөвшөөрсөн байхад давж заалдах шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн утгатай хяналтын гомдол нь /Тодорхойлох хэсгийн 4-7/ маргаан бүхий актыг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 570 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                            Г.БАНЗРАГЧ