Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0570

 

 

 

                                   

    

  

 2019 оны 11 сарын 06 өдөр        Дугаар 221/МА2019/0570      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                            “Т.Т.К” ХХК-ийн 

                             нэхэмжлэлтэй захиргааны хэргийн 

                                                      тухай 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2019/0023 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т.Т.К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2019/0023 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Т.К ХХК-ний нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн Т.Т.К ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэг. Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч эзэмшил газартаа бүр нь 7.5х8.5 харьцаатай 63.75м.кв хэмжээтэй 16 хаус барихаар төлөвлөж үүнээс 5 хаус буюу амины орон сууц барьж эхэлсэн боловч орон нутаг дэд бүтцийн асуудлыг шийдээгүйгээс болж орон сууц барьж эхэлсэн боловч орон нутаг дэд бүтцийн асуудлыг шийдээгүйгээс болж орон сууцыг хугацаанд нь ашиглалтад өгөх боломжгүй нөхцөл байдал үүсч ажлаа түр зогсоосон байдалд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжаар “Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн болон газар эзэмших гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн тул..., “Т.Т.К” ХХК-ийн газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосугай гэсэн шийдвэр гарсан. 

Нэхэмжлэгч маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2, 40.6 заалт, хэсгийн үндэслэл болгон “Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн болон газар эзэмших гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэснийг нэхэмжлэгч тал үндэслэлгүй, хууль бус гэж үзнэ. 

Тухайлбал газар эзэмших гэрээ болон хуулиар тусгайлан зохицуулсан ямар заалт, нөхцөлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа талаараа сонсгох ажиллагаа хийж, баримт гаргаж өгөх боломжит хугацаа олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6 дахь заалтад заасан зарчмыг баримтлаагүй, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй гэж шаардлагын үндэслэлээр тодорхойлсон. 

Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн гэх үндэслэлийн хувьд хариуцагч талаас манай компаниас барилгын ажлынхаа зураг төслийг гаргаж өгөх, танилцуулах талаар огт шаардлага тавьж байгаагүй, газын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2019 оны 04 сарын 22-ны өдөр 143 дугаартай албан бичгээр хүргүүлсэн газар эзэмших гэрээний 3.9.2 дахь заалт Засгийн газрын 68 дугаартай тогтоол зөрчсөн үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох санал үндэслэн захирамж гаргахдаа саналд дурдаагүй зөвшөөрөлгүй ажил эхлүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас шаардлага хүргүүлж байсныг нотлох гэрчүүд болох Бат-Эрдэнэ, Бямбарагчаа нарыг гэрчээр оролцуулахдаа хянан шийдвэрлэх ажиллагааны хууль зөрчсөн, ямар нэг нотлох баримтгүйгээр шаардлага хүргүүлж байсан, гэрээг ноцтой зөрчсөн гэж талуудын мэтгэлцээнээс өөр агуулгаар гэрээний 3.9.5 заалт зөрчсөн, барилгын төвөгшил нь 15м хүртэл өндөр олон айлын орон сууц гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү”  гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав. 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж дүгнээгүй, маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгчээс “Т.Т.К” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох “ Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаар захирамжийн “Т.Т.К” ХХК-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий дээрх 2019 оны А/173 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2. 40.4 дэх  заалт болон газар эзэмших 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1652 дугаар гэрээний 3.9.2 дахь заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн тус аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн нутагт орших нэгж талбарын 8208004602 дугаартай 20524 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч талаас “...Манай барьж байгаа хаус буюу амины нийт 5 орон сууц нь тус бүртээ дээврийн хамт 5м өндөртэй, 7.5 х 8.5 харьцаатай 63.75 м.кв хэмжээтэй талбайтай, 1 айлын сууц бөгөөд барилга байгууламжийн төвөгшлөөр барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарах орон сууц байхад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй гэж дүгнэсэн нь хууль бус байна...” гэж маргажээ. 

Анхан шатны шүүхээс “...Гэрээний 3.10-т дээрх нөхцөлүүдийн аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрх хүчингүй болно гэж зааснаар газар эзэмшүүлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж зааснаар барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлын зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн болон газар эзэмших гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй...” дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь маргаан бүхий актын үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэжээ.

Уг шийдвэрийг гаргахдаа захиргааны байгууллага газар эзэмшигчээс хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр ба захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдсон эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг шалган тогтоох үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүйгээр нэхэмжлэгчийн субъектив эрхэд халдаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгох замаар асуудлыг шийдвэрлэсэн нь буруу байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Т.Т.К” ХХК-ийн “Залуус хотхон” амины орон сууц хотхон нь хариуцагчийн гаргасан маргаан бүхий актын үндэслэл болгосон Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.9.2-т “Аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зургийн даалгавар, байршлын схем, техникийн нөхцөл, гадна инженерийн шугамын трансс, барилгын зургийг батлуулах” гэсэн гэрээний заалтыг зөрчиж байна гэдгийг захиргааны байгууллага хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, мөн энэ талаар газар эзэмшигчид хэдийгээр биечлэн очиж мэдэгдсэн гэх боловч, ямар нэг байдлаар мэдэгдэл хүргүүлсэн эсэх, барилгын ажлын зургийг батлуулах талаар, шаардлага хүргүүлсэн эсэх талаар тодруулах ажиллагаа хийсэн тухай баримт хэрэгт авагдаагүй.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Нөхцөл байдлыг тогтоох” ажиллагаа хийгдээгүй гэж үзнэ.

Мөн түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.”, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж зааснаар сонсох ажиллагаа хийж нэхэмжлэгчид ямар нэгэн зөрчил байгаа бол түүнийг засан залруулах боломжийг олгоогүй буруу байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Т.Т.К” ХХК-ийн ирүүлсэн төсөл нь 12 дугаарт тавигдах шаардлага хангаагүй ... шугам сүлжээний зардлыг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэнэ гэснийг яаж шийдвэрлэх тухай төсөл дутуу... ямар ажлын зураг байсан хэзээ хийгдсэн нь тодорхойгүй... гүйцэтгэх график нь тодорхой биш байсан” гэсэн атлаа тус хуулийн этгээдийг хариуцагч нь Аймгийн Засаг даргын 2018 оны А/89 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын ялагчаар тодруулан “Залуус хотхон” амины орон сууцны хотхон байгуулах төслийн хүрээнд 20524 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байсан нь ойлгомжгүй.   

Мөн түүнчлэн барилгын ажлыг эхлүүлэхээс дуусгах хүртэлх үйл ажиллагааны шат бүр нь Барилгын тухай хуульд зааснаар зохицуулагдаж, барилга барих үйл ажиллагаа нь дээрх хуулиар тавигдсан шаардлагад нийцэж хэрэгжих учиртай, барилгын талаарх аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хүрээнд хэрэгжихээр байхад “... барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн..” гэх шалтгаанаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “...хууль болон гэрээний үүргийг зөрчсөн...” гэсэн үндэслэлд хамруулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль нийцээгүй байна. 

Тодоруулбал хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байтал анхан шатны шүүх Барилгын тухай хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь тухайн маргааны үйл баримттай нийцэхээргүй дүгнэлт болсон гэж дүгнэв.

Нөгөө талаар аймгийн Засаг дарга нь Барилгын тухай хуулиар олгогдсон барилгын чанар, стандарт, барилга угсралтын явцын шат бүрт тавигдах шаардлагыг хангуулах, хяналтыг хэрэгжүүлэх тусгайлсан үүрэг бүхий субъектийн үйл ажиллагааг  идэвхжүүлэх замаар иргэд ая тухтай амьдрах нөхцөл бүрдсэн, хотхон байгуулах боломжтойг дурдах зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон: 

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 112/ШШ2019/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6,  24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/173 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Т.Т.К” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

          

 

               ШҮҮГЧ                                 Г.БИЛГҮҮН

               ШҮҮГЧ                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

               ШҮҮГЧ                    Э.ЗОРИГТБААТАР