Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00048

 

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00048

 

 

Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02279 дугаар шийдвэртэй,

 

Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

А-, Б-, В-, Г- нарт тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 85,028,734 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 85,059,234 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А-, Б-, В-, Г- нар нь Банктай 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ЗГ13/159 тоот барилгын зээлийн гэрээ, мөн тус өдөр БГ13/159A, БГ13/159Б, БГ13/159В тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 170,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар зээлдэгч нар нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/159-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Зээлийн барьцаанд

- А-ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтайн 22 дугаар гудамжны ** тоот хаягт байршилтай *** м.кв талбайтай, хоёр давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-. А-ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтайн 22 дугаар гудамжны ** тоот хаягт байршилтай *** м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон зээлдэгч нарын гэрийн эд хогшил, тоног төхөөрөмж зэрэг үл хөдлөх эд хөрөнгө,

- В-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар хороолол, Замчдын гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай *** м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Г-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар хороолол, Замчдын гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай *** м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулсан.

1.2. Зээлдэгч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийт 239,136,626 төгрөг төлсөн байна. Иймд зээлдэгч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 41,673,511 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 41,615,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,739,438 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 85,059,234 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Зээл авсан цагаас эхлэн зээлдэгч А- нь зээлээ бүрэн төлөхийн тулд бүхий л чармайлтаа гарган зүтгэж ирсэн бөгөөд эдийн засаг хүндэрч явуулж байгаа үйл ажиллагаагаараа зээлээ төлөх боломжгүй болсон тул БНСУ-д 3 сарын хугацаанд ажиллаж, зээлээ төлж байсан. Гэтэл 2019 оны 7 сард БНСУ-д Солонгос улсад ажиллаж байх үедээ харвалт өгч, биеийн байдал маш муу онгоцоор ирж эмчилгээнд орсон. Үүнээс хойш 2021 онд дахин харвалт өгч, одоо нүд юм харахгүй болсон тул группэд байдаг. Тэрээр банкны зээлээ төлөх гэж хэтэрхий их стресс, дарамтад орж ажиллаж ирсэн ба банкнаас 170,000,000 төгрөгийн зээл авч 240,000,000 төгрөгийг төлсөн байхад дахин 80,000,000 гаруй төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй.

2.2. Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 41,673,511 төгрөгийг төлнө, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж буй төлбөрийг зөвшөөрөхгүй. 2019 оноос хойш банкны зээлийн ажилтнуудтай удаа дараа уулзаж, зээлийн гэрээний нөхцөлд хөнгөлөлт үзүүлэх талаар өргөдөл, хүсэлт гаргаж байсан боловч ямар ч хариу өгөөгүй тул зээлийн хүү зогссон гэж бодож байтал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа их хэмжээний үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардсан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн зээл олгосны шимтгэлд 3,490,000 төгрөгийг төлсөн, уг шимтгэлийг төлөх ёсгүй тул нэхэмжилж буй мөнгөн дүнгээс хасуулж тооцуулна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А-, Б-, В-, Г- нараас 84,861,941 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 197,292 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-, Б-, В-, Г- нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох

- Улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22 гудамж, ** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, А-ын өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22 гудамж, ** тоот хаягт байршилтай, ***** нэгж талбарын дугаартай, *** м.кв талбайтай, А-ын өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

- Улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хороолол/16051/, Замчдын гудамж ** дугаар байрны ** тоот орон сууцны зориулалттай, *** м.кв талбайтай, В-ийн өмчлөлийн 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө,

- Улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хороолол/16051/, Замчдын гудамж, ** дугаар байрны ** тоот орон сууцны зориулалттай, *** м.кв талбайтай, Г-гийн өмчлөлийн 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,446.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-, Б-, В-, Г- нараас 652,459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй боловч шүүх Банк ХХК-аас гаргаж өгсөн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн картаар үндсэн үүрэг нь 41,673,511 төгрөг, мөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг тус тус нотлогдсон гэж дүгнэж шийдвэрлэсэн.

Зээлийн бүртгэлийн картаар хийсэн тооцоолол нь зөрүүтэй, үндэслэлгүй байгаа талаар шүүхэд тайлбар гаргасан боловч нэхэмжлэгчийн бүх зүйл программаар бодогддог, томьёололд оруулсан гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн.

4.1.1. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Банк ХХК зээлийн гэрээний дагуу 170,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн. Зээлийн гэрээний 3.1.7-д заасны дагуу зээлийн хүү нь 21,6 хувь бөгөөд хүүг жилийн 365 хоногоор тооцохоор тохиролцсон. Эхний 6 сар зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зөвхөн хүү төлөхөөр хуваарь гаргажээ. Энэ хугацаан дахь хоногийн хүүгийн хэмжээг тооцоолбол үндсэн зээл 170,000,000 төгрөгийн жилийн буюу 365 хоногийн хүү 36,720,000 төгрөг, нэг хоногийн хүү нь 100,602 төгрөг байхад зээлийн тооцооллын картаар

- 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэг хоногийн хүү 150,904 төгрөг,

- 2013 оны 09 дүгээр сарын 02-ны нэг хоногийн хүү 103,956 төгрөг,

- 2013 оны 10 дугаар сарын 02-ны нэг хоногийн хүү 104,328 төгрөг гэж тооцсон байна. Үндсэн зээлийн хэмжээ нэмэгдэж, хасагдаагүй байхад хоногт бодогдсон хүүгийн хэмжээ өөр өөр байх бөгөөд 365 хоногоор тооцоолсноос зөрүүтэй байна.

4.1.2. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 хоногийн хүүг 176,141 төгрөг гэж тооцоолсон нь хоногийн хүүг 88,070 төгрөгөөр тооцжээ. Гэтэл энэ өдөр зээлийн үлдэгдэл гэж харуулсан нь 99,215,367 төгрөг байх ба хоногийн хүү нь 58,713 төгрөг байхаар байна.

4.1.3. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 605,523 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцоолсон байгаа. Зээлийн гэрээний 3.1.8-т зааснаар нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэжээ. Гэтэл ямар дүнгээс энэ нэмэгдүүлсэн хүүг тооцоолон гаргасан нь огт ойлгомжгүй байна.

Энэ мэтчилэн шүүхийн шийдвэрийн нотолгоо болсон баримтууд нь зөрүүтэй, тооцоолол нь ойлгомжгүй, дээр дурдсанаар зээлийн хэмжээ өөрчлөгдөөгүй байхад хүүг тооцоолсон дүн зөрүүтэй байгаа. Гэтэл шүүх уг баримтыг хөдөлбөргүй үнэн, нотлогдсон гэж үзсэн нь хууль зөрчсөн.

4.2. Зээлийн тооцоолол болон В-ийн зээлийн төлбөрийн асуудлаар Банк ХХК-д гаргаж байсан өргөдөл зэрэг баримтуудыг гаргуулахаар хариуцагч нараас зээлийн хувийн хэргийг шүүхэд нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Банк ХХК-ийн төлөөлөгчөөс зээлийн хувийн хэрэг хэт зузаан материал тул газар дээр нь очиж үзэж танилцах боломжтой гэсний дагуу Банк ХХК дээр очиж, зээлийн хувийн хэрэгтэй танилцсан. Гэтэл зузаан материал байгаагүй бөгөөд зээл анх олгохтой холбоотой судалгаа, мөнгө шилжүүлсэн баримтууд л байсан. Үүнээс хойшхи материалууд хаана байгааг асуухад зээл хариуцаж байсан эдийн засагч нарт үлддэг, шүүхэд материал өгөөд явцын дунд активын газарт шилжиж ирсэн тул бусдыг мэдэхгүй, тооцоолол бол программаар хийгддэг гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлсэн.

Шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө шүүх дээр ирж Банк ХХК-аас ирүүлсэн нотлох баримттай танилцах гэхэд одоогоор нэмэлт материал өгөөгүй байна гэсэн. Маргааш нь буюу 10 дугаар сарын 12-ны өдөр ирэхэд Банк ХХК-аас банкнаас баримт ирүүлсэн гэснээр хурлаас өмнө танилцаад шүүхэд хүсэлт бичиж байтал шүүх хурал эхэлж, гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Гэрчээс Банк ХХК-д гаргаж байсан өргөдөл болон тооцооллыг нарийн сайн тодруулах шаардлагатай байсан.

4.3. 2020 оны 9 сард Банк ХХК-д В- нь зээлийн төлбөр төлөх саналаа тусгасан өргөдөл гаргаж байсан. Энэ үед улс орон даяар коронавирусын тархалттай холбоотой хөл хориотой, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогссон байдалтай байсан ба энэ нь 2022 он хүртэл үргэлжилсэн. Банк ХХК-д өргөдөл өгсөн тул ямар нэг байдлаар шийдвэрлэж өгнө гэсэн итгэл найдвар байсан. Гэтэл тэр өргөдөл хаачсан нь мэдэгдэхгүй байна.

2022 оны 2 сард В-ийг Банк ХХК дээр дуудаж уулзахад 82,000,000 төгрөг дээрээ эвлэрлийн гэрээ байгуул, эсвэл шүүхэд өгнө гэсэн. Өргөдлөө асуухад Таны асуудлыг шийдээгүй, шүүхэд өгнө гэсэн гээд тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан.

Иргэний гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалт байгаа. Иргэдээс гаргасан өргөдлийг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх нь тухайн байгууллагын үүрэг гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн дурдсанаар Банк ХХК нь зээлдэгчээс хүсэлт ирсэн тохиолдолд тухайн үед бодогдож байсан хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасах, зарим дүнг хөнгөлөх талаар шийдвэрлүүлэхээр Зээлийн хорооны хурлаар оруулдаг ба зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр шийдвэр гарган шийддэг байна. Банк ХХК-д хандаж гаргасан өргөдөл алга болсноор хариуцагч В-ийн дээрх боломжийг үгүйсгэсэн. Өргөдлийг минь банкны холбогдох ажилтан хүлээн авсан боловч албан ёсоор надад хариу өгөөгүй тул өргөдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

4.4. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдар хариуцагч В-тэй уулзсан банкны ажилтан н.С-гийн үйлдсэн тэмдэглэлийг нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны өмнө нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ тэмдэглэл нь хариуцагч В-тэй уулзсан үед үйлдэж, гарын үсэг зуруулсан тэмдэглэл биш байна. Учир нь тэр үед н.С-гаас гадна 2 билүү 3 хүн хамт уулзсан, мөн тэмдэглэл дээр гарын үсэг зурахдаа өргөдөл гаргав гэж бичээд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тэмдэглэл нь хариуцагч В-ийн гарын үсэггүй, тэмдэглэл солигдсон байх магадлалтай гэж үзэж гэрч асуулгах хүсэлт гаргасан. Энэ нь хэрэгт ач холбогдолтой байсныг шүүх хурлын явцад дурдаж байсан. Гэтэл энэ тэмдэглэлийг шүүх нотлох баримтаар үнэлж, дүгнэсэн.

4.5. Шүүхэд банкны шимтгэлд суутгуулсан төлбөрөө банканд төлөх зээлээсээ суутгуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар хэдэн төгрөгийн шимтгэл авснаа нотолж баримтаа ирүүлсэн. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн талууд тохиролцож төлсөн тул үндэслэлгүй гэж үзсэн. Шимтгэл төлөх үндэслэл болсон зээлийн гэрээний дагуу төлбөрөө Банк ХХК нэхэмжилж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Мөн зээл олгох, судлах, зээлийн үйлчилгээний шимтгэлд 1 хувь буюу нийт 2,400,000 төгрөг төлсөн нь үндэслэлгүй байсан бөгөөд зээл олгох нь банкны өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл юм байна.

Иймээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын тооцоолол үндэслэлгүй, хүүг буруу бодсон, гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хүлээн аваагүй, зөвхөн банкны гаргаж өгсөн тооцооллыг нотлогдсон хөдөлбөргүй үнэн гэж үзэж шийдвэрээ гаргасан нь хууль зөрчсөн, алдаа гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Банк ХХК нь хариуцагч А-, Б-, В-, Г- нарт тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 85,028,734 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 85,059,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 41,673,511 төгрөгийг зөвшөөрч, үлдсэн хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нар нь 170,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувиар төлөхөөр тохиролцжээ.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Банк ХХК нь А-, В-, Б-, Г- нартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр

-Улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22 гудамж, ** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, А-ын өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22 гудамж, ** тоот хаягт байршилтай, ***** нэгж талбарын дугаартай, *** м.кв талбайтай, А-ын өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

-Улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хороолол/16051/, Замчдын гудамж ** дугаар байрны ** тоот орон сууцны зориулалттай, *** м.кв талбайтай, В-ийн өмчлөлийн 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө,

-Улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хороолол/16051/, Замчдын гудамж, ** дугаар байрны ** тоот орон сууцны зориулалттай, *** м.кв талбайтай, Г-гийн өмчлөлийн 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан байна.

 

4. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр талууд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, тус гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 99,000,000 төгрөгийг үндсэн зээлд тооцож, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгаж, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр үргэлжлүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

5. Талуудын хооронд 2013 онд байгуулагдсан 170,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нар 239,136,626 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч тодорхойлсон бөгөөд хариуцагч тал зээлийн бүртгэлийн картын тооцоолол зөрүүтэй гэж зээлийн тооцоололд маргаж байгаа тохиолдолд шүүх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг шалгаж, үйл баримтыг хэрхэн тогтоосон байдлыг тодруулах учиртай.

 

6. Түүнчлэн, хариуцагч талаас шүүхэд Банк ХХК-ийн мэргэжилтэн н.С-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн байна.

Шүүх гэрчээс зээлийн эргэн төлөлтийн асуудлаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

7. Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02279 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 652,459 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЗОЛЗАЯА