Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00125

 

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00125

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/03317 дугаар шийдвэртэй,

 

А-ийн нэхэмжлэлтэй,

Б-, В- нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30,970,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, хариуцагч Б-, В-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б-т 20,000,000 төгрөгийг зээлдүүлж, мөн өдөр түүний Хаан банкны **** тоот дансанд шилжүүлсэн. Зээлүүлэх болсон шалтгаан нь Б-ын нөхөр В-ийн “би таньдаг хүнээрээ яриулж, банк бус санхүүгийн байгууллагаас 150,000,000 төгрөгийн зээл авч өгье, үүнээс 20,000,000 төгрөгийг нь эхнэр бид хоёр авч, эхнэрийн Нарантуул зах дээрх бөөний контейнерт бараа авч эргэлдүүлье, 20,000,000 төгрөг болон зээлийн хүүг нь бид хоёр хариуцан төлье” гэснийг зөвшөөрч, “П ББСБ” ХХК-аас нийт 150,000,000 төгрөгийн зээлийг өөрийн нэрээр авсан.

1.2. Банк бус санхүүгийн байгууллагаас 150,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд өөрийн зээлсэн 130,000,000 төгрөгийг, хүүгийн хамт хугацаанаасаа өмнө төлж барагдуулсан.

1.3. Б- нь өөрийн авсан 20,000,000 төгрөгийн эхний хэдэн сарын хүүг төлж байсан бөгөөд сүүлдээ төлөхөө байсан тул өмнөөс нь 4 сарын хүүд 2,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд хүү нь хуримтлагдаж 12,463,330 төгрөг болсон. Одоо тус банк бус санхүүгийн байгууллагаас А-т холбогдуулан зээл 20,000,000 төгрөг, хүү 12,463,330 төгрөг, нийт 32,463,330 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх 30,470,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, үүн дээр Б-ын өмнөөс 2019 оны 07 сард 500,000 төгрөгийн хүүг А- төлсөн тул нэмж 30,970,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч В-ийн татгалзал, тайлбарын агуулга: 2018 оны 6 дугаар сарын эхээр А-тай танилцсан болно. А- түүнд алт олборлох шугам үйлдвэр тоног төхөөрөмжүүд байгаа, газрын зөвшөөрөлтэй хүнтэй хамтарч ажиллана гэж итгүүлсэн болно. В- би газрын зөвшөөрөлтэй Е- таньдаг байсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн үеэр Е-, А- бид гурав Сэлэнгэ аймаг Жаргалант сумд зам дагуу байрлах Е- цайны газарт уулзаж хамтран ажиллахаар тохиролцсон юм. Тохиролцохдоо А- техник, тоног төхөөрөмж, санхүүгийн асуудлаа бүрэн даахаар, Е- нөхөн сэргээлтийн зөвшөөрөлтэй газраа, мөн нутгийн ард иргэдээс ажиллах хүч зохион байгуулах, В- би техник, тоног төхөөрөмжийн засвар болон үйл ажиллагааг хариуцаж хөдөө ажиллахаар тус тус тохиролцсон. Учир нь А-ийн экскаватор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойн гол нэртэй газарт эзэнгүй хөдөө хээр талд, ковш, скруббер хоёр нь Ерөө сумын Бугант тосгоны 35-ын амд эвдрээд засварын газрын гадна талд гудманд байгаа, эдгээрийг бүгдийг нь засч хамтарч ажиллах газартаа буюу Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд зөөвөрлөх шаардлагатай гэдгээ хэлж байсан тул бид гурав дээрхи тохиролцоонд хүрсэн. 2018 оны 07 дугаар сарын дундуур би А-ийн хамт Дархан орж гудманд хаягдсан байсан автокраныг янзлуулж засуулаад бид автокранаа унаад Ерөө сумын 35-ын ам нэртэй газар буюу эзгүй хээр талд ирэхэд ковш, скруббер хоёр нь тоногдсон байдалтай байсан. Тэнд А- Зүүн салаад байдаг өөрийн манаач н.Одко гэх залууг миний туслахаар үлдээгээд энэ төхөөрөмжүүдийг засна биз гээд өөрөө мөнгө хөөцөлдөнө гэж хэлээд хот руу явсан. Би тэр 35-ын ам нэртэй газарт 2018 оны 8 дугаар сарын дунд үе хүртэл хугацаанд хөдөө байж, ковшийн кроп ажиллахгүй байсныг засч янзлан, скруббер төхөөрөмжийн бууны тохиргоо, бууны мотор зэргийг зассан. Засч дуусах үед А- ирээд би экскаватороо засах хэрэгтэй байгаа тул Улаанбаатар хот руу хамт ирж, экскаваторын мотороо боолгоод Ерөө сумын Могойн гол нэртэй газарт ирж мотороо тавиулахад асахгүй байсан тул дахин хот руу орж экскаваторын оператор дагуулан буцаж ирэхэд А- та нар наад экскаватороо ажилд оруулаарай гэж хэлээд явсан. Экскватор ажиллахгүй байсан тул түүнийг засах гэж нэлээд удахад байрлаж байсан Р- гэх айлынх нүүсэн тул экскаваторын жолоочтой хамт Ч- гэх айлд байрлаж эвдэрхий экскаваторыг засч байсан юм. Энэ хугацаанд сүлжээ барьдаггүй тул арайхийж Е-тай холбогдоход тэр хилийн цэргээс авах бичгээ авсан, ажил бүтсэн, бичиг баримт хөөцөлдөөд зардал гарсан, мөн ажилчдаа байрлуулах гэр, хоол хүнс хэрэгтэй байна, А-т хэл гэсэн. 2018 оны 9 сард А-ийг ирэхэд нь “хоёулаа Е- руу явъя” гээд очиж, бид гурав ярилцаад А- Е-д 20,000,000 төгрөг өгөхөөр болоод 2-3 гэр, ажил хөөцөлдөхөд нь зориулж Ланд 100 маркийн машинаа өгсөн гэж хэлсэн. Е- удалгүй утасдаад “Дарханд ажил хөөцөлдөөд явж байтал нөгөө машин нь эвдэрчихсэн, Дарханд эвдэрсэн газарт нь орхиод ирлээ, очиж аваарай, муу машин байна” гэж хэлсэн байсан.

Түүний дараа А- надад “Е-д чи авгайгаасаа 20,000,000 төгрөг зээлж аваад өгчих, эхнэр чинь Нарантуул зах дээр контейнер ажиллуулдаг гэсэн биз дээ, мөнгө хурдан бүтэх юм байна” гээд шаардаад байсан тул би эхнэр Б-т хэлээд, Е-д эхнэрийн **** УНЭ улсын дугаартай улаан өнгийн мицубиши субару форестер маркийн суудлын автомашинаа 12,000,000 төгрөгт бодож өгүүлсэн. Яагаад гэвэл хөдөө гадаа явдаг машиныг эргүүлж авах боломжгүй гэж тооцсон. Үүний дараа Е- машинаа унаж ирээд манай эхнэр Б-оос 2,607,550 төгрөгийн ахуйн хэрэглээний барааг ачиж авч явсан бөгөөд манай эхнэр надад 3,000,000 төгрөгтэй банкны картаа өгөхөд би картыг Е-д өгөхөд Е- уг картнаас 3,000,000 төгрөг авсан. Удалгүй эхнэр Б- зээлдүүлсэн мөнгөө буцааж авмаар байна гэхэд нь А-ийн зээл бүтсэн, өөрөө хэлсэн учраас “Б-оос зээлсэн мөнгөө буцааж өгмөөр байна, чи өгчхөөрэй” гэж хэлсэн юм. Гэтэл А- 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Б-т зээлсэн мөнгөө буцааж өгөхдөө “зээлэв” гэсэн бичгийг өөрөө хэлж бичүүлээд нөхөр В- ингэж бич гэсэн гэж худал хэлсэн байдаг. Түүнээс биш эхнэр Б- А-аас мөнгө зээлэх шаардлага байхгүй, мөнгө зээлсэн юм биш, өөрийнхөө мөнгийг авсан болно. А- нь намайг хамтран ажиллаж байна гэж хууран мэхэлж, өөрийнхөө техник болох 25,000,000 төгрөгийн үнэ бүхий автокран, 250,000,000 төгрөгийн үнэ бүхий скруббер, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий ковш, 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 20 тоннын контейнер, 70,000,000 төгрөгийн үнэтэй экскаватор, нийт 800,000,000-850,000,000 төгрөгийн үнэтэй техник тоног төхөөрөмжүүдээ үнэ төлбөргүй засуулж, хөдөө хээр байхад нь тоногдохоос нь хамгаалж, зөөвөрлөх ажлыг намаржин, өвөлжин хийгээд дараа зун хамтарч ажиллана гэх итгэлээр 100 хувь өөрт нь буюу аваач гэсэн газруудад нь аваачиж өгсөн. 4-5 сарын хугацаанд хамтарч ажиллаж байна гэж итгэн намар, өвлийн хүйтэнд уулын мухарт орох оронгүй хаягдаж түүний техникийг засч, цуглуулж өгөөгүй бол энд тэнд хаягдсан техник, тоног төхөөрөмжүүд тоногдоод алга болох байсан юм. А- нь олон сая төгрөгийн техник, төхөөрөмжөө засуулж ашигтай ажиллачхаад эхнэр Б-ыг хуурч мэхлэн зээлэв гэх бичгийг нөхөр чинь бичүүл гэсэн гэж хэлж бичүүлсэн, намайг “П ББСБ” ХХК дээр очоод өгөөч гэж өдөр бүр ирж дарамттай байсан бөгөөд очиход зээлийн эдийн засагч гэх эмэгтэй бичээд өгчих гээд байсан болохоор нь бичээд өгвөл банк бус санхүүгийн байгууллагад хэрэгтэй юм байна гэж ойлгож бичсэн. Гэтэл түүнийг ашиглаад А- намайг өрөнд оруулна гэж огт бодож байгаагүй. А- хамтран ажиллана гэж хуурч мэхэлж намайг уулын мухарт хөдөө аваачин хамаг эвдэрхий техник төхөөрөмжүүдээ засуулчхаад хамтын ажилд өөрөө санхүү мөнгө төгрөгийг гаргах ёстой мөнгөө эхнэрээс гаргуулаад буцааж өгөхдөө зээлэв гэх бичгийг хуурч бичүүлэн намайг хохироож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд бусдыг ашиглан өөрөө ашиг хонжоо олдог А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч Б-ын татгалзал, тайлбарын агуулга: Миний нөхөр В- 2018 оны 8 сарын үед өөрийн найз А-, Е- нартай алт угаах ажил хийнэ гэж хэлэлцэн тохиролцсон. А- хамтран ажиллах зардлыг, Е- алт угаах зөвшөөрлийг, манай нөхөр В- хөдөө байрлаж алтаа угаах ажлаа хариуцахаар тохиролцлоо гэж хэлсэн. Удалгүй миний нөхөр В- “Е- алт угаах газрынхаа зөвшөөрлийг авсан байна. Зөвшөөрөл авахад 20,000,000 төгрөг гарсан тул энэ зардлыг мөнгө бүтэх хүртэл эхнэрээсээ зээлээд өгч байгаач, танай эхнэр контейнер ажиллуулдаг тул мөнгө хурдан бүтэх боломжтой гэж байна, А- хөөцөлдөж байгаад зээлээ бүтэхээр буцаагаад өгчихнө, бид алтаа угаагаад ашиг хуваахаар энэ мөнгийг А-т буцаагаад өгнө гэж тохирсон” гэж хэлэхэд нь би итгээд 12,000,000 төгрөгийн **** УНЭ улсын дугаартай субару форестер маркийн машин, 2,607,550 төгрөгийн ахуйн хэрэглээний зориулалттай бараа, үлдэх 3,000,000 төгрөгийг миний Хаан банкны картын эрхээр өгсөн. Эдгээрийг хүлээж авсан тухайгаа Е- гэрчилнэ. Манай нөхөр 2018 оны 8 сараас эхлэн А-, Е- нартай хамтран ажиллаж А-ийн өмчлөлийн алт угаах тоног төхөөрөмж Сэлэнгэ аймгийн Бугант сум, Дархан хотод байсныг зөөвөрлөж Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хүргэсэн. Зөөвөрлөхөөсөө өмнө тухайн тоног төхөөрөмжүүдийг засварлаж байсан бөгөөд эдгээр газар нь холбоо барих боломжгүй газар байсан юм. Энэ хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А- ирээд танай нөхөр намайг зээл авахад хүнд хэлж өгөөд тэр хүн нь “П ББСБ” ХХК-д зуучилж өгсөн юм. Зээл нь бүтсэн. Танай нөхөр надаас 20,000,000 төгрөг зээлж байгаа юм. Чамд хэлээд зээлсэн гэх бичиг бичүүлээд 20,000,000 төгрөг өгчхөөрэй гэж хэлсэн гэхэд нь надаас зээлж авсан мөнгөө буцааж өгнө гэж хэлсэн гэхэд үгүй, ийм бичиг бичүүл гэсэн гээд байсан тул тухайн үедээ хамтарч ажиллаж байгаа улсууд ажил нь бүтэмжтэй болж байгаа юм байлгүй, ямар нэг ажилд зориулж тохиролцоонд хүрсэн юм байлгүй гэж итгээд нөхрийнхөө нэр төрийг бодоод хэлснээр нь бичиг хийж өгсөн. Тухайн үед нөхөртэйгөө холбоо барих ямар ч боломжгүй байсан болно. Түүнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр В- ирээд А- гэнэт хамтран ажиллахаа болилоо гээд миний засч угсарсан тоног төхөөрөмжүүдээ өг гээд байсан тул аваачаад өгчихлөө гэж хэлэхэд нь би А-аас юун мөнгө зээлсэн юм гэж асуухад би мөнгө зээлээгүй, тохиролцсоноороо манай эхнэр Б-оос авсан 20,000,000 төгрөгөө буцааж өгөөрэй, бид алтаа угаагаад ашиг олохоороо чиний оруулсан мөнгийг чинь тооцож өгнө гэж тохиролцсон шүү дээ гэж хэлсэн гэхэд нь А- намайг хууран мэхэлж бичиг бичүүлсэн болохыг мэдсэн юм. Иймд би А-аас илүү авсан 2,392,450 төгрөгийг буцааж өгсөн, цаашид бидний хооронд ямар ч төлбөр тооцоо байхгүй болно.

 

4. Хариуцагч Б-ын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай нөхөр В- нь А-, Е- гэх хүмүүстэй танилцаж, хамтран ажиллахаар боллоо гээд 2018 оны 8 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу яваад 2018 оны 12 дугаар сарын сүүл хүртэл 5 сар ажиллаж байгаад ирсэн. Нөхөр В- 2018 оны 10 сарын эхээр нэг удаа ирэхдээ “Е- алт угаах газрын зөвшөөрөл авч өгнө, А- алт угаах тоног төхөөрөмж, бүх зардлаа даана, намайг алт угаах ажлаа хариуцаж хөдөө ажилла гэсэн, би А-ийн тоног төхөөрөмжүүдийг засах, зөөвөрлөх ажил хийж байгаад ирлээ, Е- газрын зөвшөөрөл бүтчихлээ, зөвшөөрөл авахад 20,000,000 төгрөг шаардлагатай гэж байна, А- намайг эхнэрээсээ 20,000,000 төгрөг аваад өгөөч, зээл бүтэхээр буцаагаад өгье гэж байна” гэж хэлэхэд нь би зөвшөөрч түүнд өөрийн 3,000,000 төгрөгтэй картаа, өөрийн өмчлөлийн **** УНЭ улсын дугаартай улаан өнгийн мицубиши субару форестер маркийн суудлын автомашинаа 12,000,000 төгрөгт бодож Е-д өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Е- миний машиныг унаж дахин ирээд 2,607,550 төгрөгийн ахуйн хэрэглээний барааг ачиж авч явсан бөгөөд зарж, зөвшөөрөлд зарцуулсан зардлаа нөхнө гэж хэлж байсан. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А- ирээд “танай нөхөр В- манай эхнэрт хэлээд зээлсэн гэж бичиг бичүүлээд 20,000,000 төгрөг өгчхөөрэй гэж хэлсэн” гэхэд нь “надаас авсан 20,000,000 төгрөгөө буцааж өгнө гэж ярьж байсан шүү дээ” гэхэд “үгүй ээ, зээлэв гэх бичиг бичүүлээрэй гэсэн” гэхэд нь хамтарч байгаа хүмүүс ямар нэг тохиролцоонд хүрсэн юм байлгүй гэж итгээд “юу бич гэсэн юм” гэхэд А- өөрөө хэлж бичүүлсэн. 2018 оны 12 сарын сүүлээр нөхөр В- ирээд “А- алт угаах газартаа ирээд хамтарч ажиллахаа болилоо, наад тоног төхөөрөмжүүдээ буцаагаад зөө гэхэд нь хүргэж өгчхөөд ирлээ” гэсэн юм. Би түүнд “А- мөнгө зээлсэн гэх бичиг нөхөр чинь бичүүл гээд бичиг бичүүлсэн” гэхэд “би огт тийм юм хэлээгүй, мөнгө чинь бүтсэн бол тохиролцсоноороо эхнэрээс авсан мөнгөө буцааж өгчхөөрэй” гэж хэлсэн гэхэд нь би А- утасны сүлжээ барьдаггүй хөдөө газар манай нөхөр байх хооронд холбоо бариулалгүй байж байгаад хэлснийг нь өөрөөр ойлгуулж зээлийн бичиг бичүүлсэн байна гэж мэдсэн болно. Энэ зээлэв гэж бичүүлсэн 20,000,000 төгрөг нь А-, Е-, В- нарын хамтран ажиллахдаа надаас зээлж авсан мөнгө байсан. Энэ гурав хамтран ажиллаж байсныг Е-, В-, тухайн үед тоног төхөөрөмжийг нь харж байсан Ч- нар гэрчилнэ. Энэ 3 хүн хамтран ажиллахдаа надаас 20,000,000 төгрөг зээлж авсан болохыг Е-, В- нар гэрчилнэ. Мөн Ч- нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр В- хөдөө утасны сүлжээ байхгүй газар байсныг гэрчилнэ. Нөхөр В- ирснийхээ дараа “А-тай уулзаж юун бичиг бичүүлсэн юм бэ, чи өөрөө тэр мөнгөө төлөөрэй гэж хэлээд А- өөрөө төлөхөөр тохиролцсон” гэж хэлсэн юм. Дараа нь А- утсаар яриад “мөнгөгүй, зээл төлөхөд хүрэхгүй байна” гээд байсан учраас В-ийн хамт тооцож үзээд илүү авсан мөнгөө түүнд шилжүүлсэн юм.

Иймд А-ийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр надад хэлж бичүүлсэн 20,000,000 төгрөг зээлсэн гэх зээлийн хэлцэл нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Анх хариуцагч нартай ярьж тохирсны дагуу гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч зээлээ өгөөгүйгээс ийм асуудал үүссэн. Би мөнгө хэрэггүй хүнд зээл авч өгөөд, хүчээр гарын үсэг зуруулсан гэж сөрөг зүйл яриад байна.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б-, В- нараас 30,470,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож,

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А-т холбогдох 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Б-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,217 төгрөг, хариуцагч Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-, В- нараас 310,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, улсын төсвөөс 206,950 төгрөг гаргуулан хариуцагч Б-т олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч Б-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй, хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон нотлох баримтуудыг орхигдуулсан, үнэлээгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

7.1. Нэхэмжлэгч А-, хариуцагч В- нар 2018 оны 6-7 сард алт угаахаар хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд тэд хамтын ажилдаа Б-оос 17,607,550 төгрөгийг 2018 оны эхээр буюу 10 дугаар сарын 19-ний өдөр зээлж, буцааж өгөхөөр тохиролцсон.

Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-оос зээлсэн мөнгийг буцааж өгөхөөр 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирэхдээ хариуцагч В- зээлэв гэх бичиг бичүүлээд энэ 20,0 сая төгрөгийг өг гэсэн гэж итгүүлээд өөрөө хэлээд бичүүлсэн. Би өөрийнхөө өгсөн мөнгийг буцааж авахын тулд өөртөө тусалж түүний шаардсаны дагуу уг бичгийг бичсэн нь үнэн болно.

Б- нь А-аас өгсөн 20,0 сая төгрөгөөс тэдний Б-оос зээлсэн 17,607,550 төгрөгийг хасаж, 2,392,450 төгрөг шилжүүлж өгөөд дахин мөнгө өгөхөө зогсоосон.

В- 2019 оны 1 сард хамтын ажлаасаа ирэхэд нь нэхэмжлэгч А- нь хариуцагч В-ийн хэлээгүй зүйлийг өөрөө зохиож, хариуцагч Б-оор “зээлэв” гэх бичиг бичүүлснийг мэдсэн. 

Хариуцагч Б- нь нэхэмжлэгч А-, хариуцагч В- нарын хамтын ажлаа эхлүүлэхэд нь тусалж мөнгө зээлдүүлчхээд эцэст нь 20,0 сая төгрөг зээлж авсан мэтээр надаас 30,470,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шударга бус шийдвэрийг ойлгохгүй байна.

7.2.Б-, В- 2019 оны зун чиний өгсөн машиныг хамтын ажил дуусгавар болсон тул буцааж өгсөн байна гээд машины эвдрэл гэмтлийг хасаад үлдсэн мөнгийг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн бол шударга шийдлээ гэж үзэх байсан.

Мөн уг зээлийн бичгийг бичүүлэхдээ В- ийм бичиг бичүүлээрэй гэсний дагуу бичсэн гэдэгтэй зохигч нар маргаагүй нь В-, А- нарын хоорондох хэлцэл гэдэг нь тогтоогдсон байхад Б-, В-ийн хамт зээлсэн гэж буруу дүгнэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

8. Хариуцагч В-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: н.Галсандагва, А- бид гурав Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд уул уурхайн чиглэлээр алт олборлох чиглэлээр хамтарч ажилласан. А- техник, санхүүгийн үйл ажиллагаанд зарцуулахаар банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Тухайн үед А- “надад зээл гарах боломжгүй байна, чамд таньдаг хүн байна уу” гэхээр нь би нэг хүнтэй уулзуулсан. Чи эхнэрээсээ мөнгө аваад өгчих гэхээр нь 17,650,000 төгрөг, н.Галсандагвад машин, карт, бэлэн мөнгө зэргийг авч, манай эхнэрээр гарын үсэг зуруулсан. Банк бус санхүүгийн байгууллага дээр А-тай хамт очиж, намайг гарын үсэг зураад өгөөч гэхээр нь зурсан. Үүнийг хариуцагч талын эсрэг ашиглаж, мушгин гуйвуулсан. Хамтарч ажилласан юм чинь эрсдэл, хариуцлагаа гурвуулаа хувааж, төлөх үүрэгтэй.

 

9. Нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Би В-той танилцаж, “алт олборлох ажилд хамтарч ажиллъя, мөнгө хэрэгтэй байна” гэхэд надад 20,000,000 төгрөг зээлж, гарын үсэг зурсан. Алт олборлох газар нь хориотой бүс байсан учраас эргэж ирээд мөнгөө буцааж өгсөн. Хүүг нь 4, 5 сар төлж байгаад гэнэт төлөхөө байсан. Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийг би төлөхөөр болсон. Хариуцагч тал мөнгө өгсөн гэж ярьж байна, би мэдэхгүй. Надаас зээлсэн мөнгөө төл гэсэн нэхэмжлэл гаргасан. Гарын үсэг хүчээр зуруулсан гэж ярьж байна. В- өөрөө банк бус санхүүгийн байгууллага дээр хамт очиж “би төлнө” гэж гарын үсэг зурсан.

Хариуцагчийн дансаар хүү төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Хүүгээ төлж байгаад төлөхөө байсан. Ингээд банк бус санхүүгийн байгууллага нь А-т холбогдуулан 32,463,330 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс 30,470,000 төгрөг болгож үнийн дүнг багасгасан учраас нэхэмжлэгч тал багасгасан үнийн дүнгээр нэхэмжлэлээ гаргасан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-, В- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,463,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ 30,970,000 төгрөг болгон бууруулан шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00824 дүгээр шийдвэрээр А-аас зээлийн гэрээний үүрэгт 30,470,000 төгрөг гаргуулж “П ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрээр “П ББСБ” ХХК болон А-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ЗҮ18/15 тоот зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогджээ.

 

3.2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-ын эзэмшлийн, “Хаан банк” ХХК-ийн дансанд 20,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн болох нь банкны дансны хуулгаар  тогтоогдсон байхаас гадна  мөн өдөр “20,000,000 төгрөгийг банкны хүүгээр нь зээлсэн” гэх бичгийн баримтыг хариуцагч Б- үйлдэж, гарын үсэг зурсан байна. Түүнчлэн  В- нь “П ББСБ” ХХК-д гаргасан хүсэлтдээ: “А-аас авсан 20,0 сая төгрөгийг төлж барагдуулах болно ...” гэж илэрхийлсэн зэргээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдан гэж үзнэ Мөн Б- нь “Хаан банк” ХХК дахь **** тоот данснаас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 183,700 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг, 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 510,000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус А-ийн дансанд “Б-”, “А- Б-”, “А- зээл”, “А- хүү” гэх зориулалтаар шилжүүлж байснаас үзэхэд зээлийн үүргийн харилцаа үүссэн болохыг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх тул “....Б-, В-ийн хамт зээлсэн гэж буруу дүгнэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй....” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.   

   

3.3. Хариуцагч Б- нь нэхэмжлэгч А-т 20,000,000 төгрөг зээлсэн, уг мөнгөө буцааж авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, Б- нь 12,000,000 төгрөгийн Субару форестер маркийн автомашин, 2,607,550 төгрөгийн ахуйн хэрэглээний бараа, банкны 3,000,000 төгрөгийн картыг шилжүүлэх байдлаар 20,000,000 төгрөгийг зээлсэн гэх боловч тэрээр уг автомашиныг буцааж авсан, ахуйн хэрэглээний барааг иргэн н.С-т хүлээлгэж өгсөн, банкны картыг өөрийн нөхөр В-т өгсөн зэрэг үйл баримт  хариуцагч В-ийн “...манай эхнэр надад 3 сая төгрөгтэй банкны картаа надад өгөхөд...” гэсэн тайлбар, бараа хүлээлгэж өгсөн зарлагын баримт, гэрч Е- “Машиныг буцаагаад В- өөрөө ирж, аваад явсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогджээ.

 

4. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч А- болон Д.Б- нарын хороонд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа 20,000,000 төгрөгийг Д.Б-т шилжүүлснээр үүссэн, хариуцагч В- нь уг зээлийн үүргийг хамтран хариуцаж төлөхөө илэрхийлсэн тул хамтран зээлдэгч болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцжээ.   

Түүнчлэн хариуцагч В- нь “нэхэмжлэгчийн гуйснаар нь бичиж өгсөн” гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тодорхойлсноор өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “20,000,000 төгрөгийг банкны хүүгээр нь зээлсэн” гэх бичмэл баримтыг хариуцагч Б- үйлдэж, хэлцэл хийгч нөгөө талдаа хүлээлгэж өгсөн тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болжээ. Иймд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх хариуцагч Б-ын сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, анхан шатны шүүх уг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5. Хариуцагч нар нь 20,000,000 төгрөгийг буцааж төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6. Харин анхан шатны шүүх хариуцагч нараас хохирол тооцож гаргуулахдаа хүү тогтоосон зээлийн гэрээний хугацааг буруу тооцсоныг залруулан дүгнэх боломжтой.  Нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг хариуцагч нарт 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлж өгсөн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00824 дүгээр шийдвэрт дурдсанаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны хүртэл зээлийн хүүг тооцвол 1 жил 3 сар 12 хоногийн зээлийн хүү болох 7,699,999 төгрөгийг, “П ББСБ” ХХК-д нэхэмжлэгчийн төлсөн нэмэгдүүлсэн хүү 1,539,000 төгрөгийг тус тус хохиролд тооцож хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Хэрэгт авагдсан 3,693,700 төгрөгийн төлбөр төлсөн баримтуудын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн боловч уг төлбөрийг зээлийн нийт үүргээс хасаж тооцоогүй байх тул уг төлбөрийг 29,238,900 төгрөгөөс хасаж, нийт 25,545,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

7. Хариуцагч В- нь анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 30,470,000 төгрөгөөр тодорхойлж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүйг дурдав.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/03317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “30,470,000” гэснийг “25,545,200” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,154,800 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “310,300” гэснийг “285,676” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.