Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2017/00501

 

Эрэл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/01164 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 282 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Шүүхээс гарах шийдвэрийн баталгаажуулах тухай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр шүүгчийн захирамжийг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Хаан банк” ХХК-д холбогдох иргэний хэрэгт 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр шүүгчийн захирамжаар “Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжаар Сангийн сайдын тушаалаар Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журмын дагуу 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №11/163 тоот зээлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №11/165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд “муу” ангилалд бүртгүүлсэн бүртгэл мөн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээг “эргэлзээтэй” ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохыг даалгах захирамж гарч, хүчин төгөлдөр болсон.Дээрх шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд улмаар уг захирамжийг албадан биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хаан банк, Монгол банкинд 1/43964 албан тоотоор мэдэгдсэн боловч дээрх мэдэгдлийг Хаан банк биелүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Шүүгчийн захирамжаар гүйцэтгэх ажиллагаа нь дээрх зээлүүдийг муу, эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал нь бүртгэлээс хасах арга хэмжээ авсан байтал “Хаан банк” ХХК нь өөрт ашигтайгаар захирамжийг тайлбарлаж Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон. Хаан банкны тайлбараар дээрх зээлүүдийг муу, эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг захирамж гарснаас хойш дахин нэмж бүртгэх ажиллагааг зогсоосон гэж тайлбарлаж шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байна. “Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журамд” зааснаар Хэвийн, хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу гэсэн ангилал байдаг. Гэтэл “Хаан банк” муу, ангилалыг дахин бууруулж өөрчилж бүртгэх боломж тухайн журмаар байхгүй цаашид муу ангилалыг өөрчлөх нэмж санг ангилах боломж байхгүй гэдгийг мэдсээр байж илт үндэслэлгүй санаатай худал тайлбар хийж байгаа юм.Манай компани Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр №108 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу яаралтай явуулах тухай гомдол гаргасан боловч ямар нэгэн тайлбар ирүүлээгүй тул 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5/821 албан тоотод, хариуцагч Хаан банкинд захирамжийг биелүүлэхийг мэдэгдэн, бүртгэлүүдийг түр зогсоох ажиллагааг гүйцэтгэсэн байна, гэсэн тайлбар ирүүлсэн. Энэ нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг нэг мөр ойлгоогүй эсхүл хариуцагч “Хаан банк” ХХК-ийн талд илт үйлчилж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг санаатайгаар явуулахгүй байгаа нь тодорхой харагдаж байна.Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 тоот захирамжийг биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр захирамжаар “Эрэл” ХХК-ийн Хаан банктай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №11/163 тоот зээлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №11/165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд “муу” ангилалд бүртгэсэн бүртгэл мөн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №ЗШГ-13/109 тоот зээлийн шугамын гэрээг “эргэлзээтэй” ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохыг хариуцагчид даалган захирамжилснийг тус шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 878 дугаар тогтоолоор шүүгчийн 24194 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу хариуцагч Хаан банкинд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3/41489 дүгээр, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/43181 дүгээр албан бичиг хүргүүлэхэд шүүгчийн захирамжийн дагуу зээлүүдийг ангилах, эрсдэлийн санг нэмж байгуулах ажиллагааг түр зогсоосон талаар хариу ирүүлсэн. Мөн Монгол банкинд шүүгчийн захирамжийг биелүүлэх тухай 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/43964 дүгээр албан бичгээр хандахад Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй Хаан банкнаас “Эрэл” ХХК-д олгосон зээлүүдийн ангилал нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өөрчлөлт ороогүй, түр зогссон байдалтай байгаа талаар хариу ирүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх захирамжид заасан бүртгэлийг түр зогсоох гэдэг нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд уг бүртгэл нь харагдахгүй байх буюу бүртгэлийг хасч бүртгэснээр уг захирамжийг биелэгдсэнд тооцох талаар удаа дараа гомдол гаргаж байна.Дээрх захирамжаар бүртгэлүүдийг түр зогсоохыг хариуцагчид даалгасныг хэрхэн ойлгох талаар тус шүүхээс тодруулахад Эргэлзээтэй зээлийг Муу ангилалд бүртгэж өөрчлөхгүй байх, Муу зээлийг тэр хэвээр нь байлгаж зогсоох гэж ойлгох, харин банкны зээлийн мэдээллийн сангаас ямар нэгэн бүртгэлийг хасах, өөрчлөх ажиллагааг танай алба хийх эрхгүй талаар хариу өгсөн. Иймд тус алба нь шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/01164 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” арга хэмжээ авсан 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр шүүгчийн захирамж биелүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 282 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/01164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эрэл” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүх, маргаан бүхий хэргийн эрх зүйн дүгнэлтийг буруу хийж, шүүх хэрэглэх хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэснээр шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй, хууль ёсны бус шийдвэр гарсан болно.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийн агуулга нь хариуцагч “Хаан банк” ХХК-д “Эрэл” ХХК-тай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №11/163 тоот зээлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №11/165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд муу ангилалд бүртгүүлсэн бүртгэл мөн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №зшг-13/109 тоот зээлийн шугамын гэрээг эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохыг даалгаж, банкны зээлийн мэдээллийн сангаас дээрх бүртгэлүүдийг бүрэн арилгаж, нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн зөрчигдсөн эрх ашиг сонирхолыг түр сэргээх зорилгоор шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан юм.Гэтэл хариуцагч дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байсаар эцэст нь өөрт ашигтайгаар захирамжийг тайлбарлаж, дээрх муу, эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг захирамж гарсанаас хойш дахин нэмж бүртгэх ажиллагааг зогсоосон гэж тайлбарладаг. ...Шүүхээс захирамжаа тайлбарласан тайлбартаа “...Дээрх бүртгэлүүдийг түр зогсоох гэдэгт ...бүртгэлүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал, банкны мэдээллийн сангаас арилгаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг түр сэргээж, өмнөх байдалд нь оруулахыг ойлгоно...” гэж нарийн тайлбарлаж өгсөн төдий, уг захирамж болоод захирамжийн тайлбарын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нэг ч ажиллагаа хийгээгүй болно.Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийн “...Түр зогсоох” агуулга нь Түр буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал хүртэлх хугацаанд, зогсоох буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалтын агуулгад нийцүүлэн хариуцагч Хаан банк ХХК-иас, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал, сэргээх зорилготой байгааг анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж чадаагүй болно.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                                     ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ “Хаан банк” ХХК-иас “Эрэл” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 11\163 дугаартай, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 11\165 дугаартай зээлийн гэрээг муу ангилалд бүртгэсэн, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13\109 дугаартай зээлийн гэрээг эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохоор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр захирамжийг биелүүлэхийг даалгуулах шаардлага гаргажээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүгчийн захирамжийг биелүүлсэн гэж маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр захирамжаар  ““Эрэл” ХХК-ийн ХААН банктай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №11\163 тоот зээлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11\165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд Муу ангилалд бүртгэсэн бүртгэл, мөн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №ЗШГ-13\109 тоот зээлийн шугамын гэрээг Эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохыг хариуцагчид даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” гэж заасан байна.

Энэхүү шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3\41489 дүгаартай, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1\43181 дугаартай албан бичгүүдээр ХААН банкинд дээрх бүртгэлүүдийг түр зогсоох талаар мэдэгдэл хүргүүлжээ.              

Хаан банк 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 29\9697 дугаартай албан бичгээр “зээлүүдийг ангилах, эрсдлийн санг нэмж байгуулах ажиллагааг түр зогсоосон” болохоо  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгджээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх байдлаар шүүгчийн захирамж биелэгдсэн гэж үзэж, нэхэмжлэгч “Эрэл” ХХК-д 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5\821 дүгээр албан бичгээр хариу хүргүүлжээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээнүүдээс 69.1.5.-д заасан “тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах” арга хэмжээг авахдаа “бүртгэлүүдийг түр зогсоох” гэж агуулгыг нь ойлгомжгүй тодорхойлсноос шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагаанд хүндрэл учирчээ.

Аливаа бүртгэл гэдэг нь ямар нэг байдлыг илэрхийлж буй тогтсон тодорхойлолт байдаг тул банк бүртгэлийг “түр зогсоох” гэх ойлголтод байгаа байдлаас нь өөрчлөхгүй байхыг ойлгож, эргэлзээтэй ангилалын зээлийн бүртгэлийг муу ангилалд шилжүүлэхгүй, муу ангилалын бүртгэлийг хэвээр үлдээснээр шүүгчийн захирамжийг биелүүлсэн гэж үзжээ.

Гэтэл “Эрэл” ХХК болон “ХААН банк” ХХК-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа хэрхэн үүссэн, зээл хугацаандаа, бүтэн олгогдсон эсэх, улмаар зээлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй байгаа байдлын талаар эрх зүйн маргаан үүссэн, зээлийн гэрээнүүдийг эргэлзээтэй, мөн муу ангилалд бүртгэгдсэн үйл баримт нь өөрөө маргааны зүйл болж байгаа тохиолдолд тухайн бүртгэлүүдийг хөдөлгөөнд оруулахгүй, өөрчлөхгүй байх нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үндэслэл болохгүй харин эдгээр бүртгэлийг түр арилгах явдал нь “тодорхой ажиллагаа гүйцэтгэх” даалгаврын агуулга болохоор байна.

Тийм ч учраас анхан шатны шүүхийн шүүгч захирамжийнхаа агуулгыг тайлбарлахдаа ““тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах” гэсний дагуу маргааны зүйл болох тодорхой ажиллагааг гүйцэтгэх буюу урьд бүртгэсэн бүртгэлийн үйлчлэлийг зогсоох \мэдээллийн сангаас түр хугацаагаар арилгах\ үйлдлийг гүйцэтгэхийг даалгаж, цаашид хийх бүртгэлийг гүйцэтгэхийг зогсоож, эрх зөрчсөн шийдвэрийг бүхэлд нь түдгэлзүүлж буюу зөрчихөөс өмнөх байдалд түр хугацаагаар сэргээх ажиллагаа” гэж тодорхойлжээ.

Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжид туссан  арга хэмжээ бүрэн утгаараа хэрэгжээгүй байх тул нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 282 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/01164 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1., 143 дугаар зүйлийн 143.3.-т заасныг баримтлан шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор “Эрэл” ХХК-ийн ХААН банктай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №11\163 тоот зээлийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 11\165 тоот зээлийн гэрээг банкны зээлийн мэдээллийн санд Муу ангилалд бүртгэсэн бүртгэл, мөн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №ЗШГ-13\109 тоот зээлийн шугамын гэрээг Эргэлзээтэй ангилалд бүртгэсэн бүртгэлүүдийг түр зогсоохыг хариуцагчид даалгасан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 24194 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэхийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН