Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/00172

 

            

    2023         01            18                                       210/МА2023/00172

 

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02480 дугаар шийдвэртэй,

 

“Банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,498,593 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, Г.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б- нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/КР/ тоот зэс кредит картын гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг авсан.

Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах  юм. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.

1.2. Зээлдэгч Б- нь кредит картын зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа тул 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 2,039,523 төгрөг, үндсэн хүүний төлбөр 2,124,962 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,060,727 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,101,887 төгрөг, нийт 6,327,100 төгрөгийг түүнээс гаргуулж “Банк” ХХК-д олгож өгнө үү.

1.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 1,171,493 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 7,498,593 төгрөг болгосон байна.  

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Банк” ХХК-тай 2,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, 24 сарын хугацаатай Зэс карт эзэмших гэрээ хийсэн.

2.2. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сар буюу гэрээнд заасан хоёр жилийн хугацаанд бэлэн болон бэлэн бус зээл, зээлийн хүү, шимтгэлийг төлж байсан. Картын нийт зарлага 7,131,542 төгрөг, нийт орлого 6,080,800 төгрөг байгаагийн зөрүү болох 1,050,742 төгрөг бол хариуцагчийн ашигласан мөнгө бөгөөд үндсэн зээл гэж нэрлэгдэж байгаа 2,039,523 төгрөгөөс авч ашигласан 1,050,742 төгрөгийг хасаж, үлдэх 988,781 төгрөг нь банкны бодсон хүү юм.

2.3. 2,039,523 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй тус картаар дахин гүйлгээ хийгээгүй хаагдсан. Карт хаагдсанаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Банк” ХХК-ийн мэргэжилтэн утсаар холбогдоход би нярайлаад удаагүй, ажилгүй байгаа тул төлөх боломжгүй байгаагаа хэлсэн. Тиймээс картын гэрээг дахин сунгах эсвэл бөөнд нь төлөх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх, хүүг зогсоох тухай удаа дараа саналаа хэлсэн.

2.4. Гэрээний хугацаа дууссан тул 2018 оны эцсийн үлдэгдэл 2,039,523 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, картыг дахин ашиглаагүй тул эрх хэтрүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон үндсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэх ёсгүй бөгөөд гэрээнд төлөх хүртэлх хугацаанд хүү, анз тооцогдоно.

2.5. 2,039,523 төгрөгийн зээлийн үнийн дүнгээр банкны нэхэмжлэлийг хангаж, энэ үнийн дүнгээр 2022 оны 4 дүгээр сардаа багтаан “Банк” ХХК-тай эвлэрэх хүсэлтэй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-аас 4,472,993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгож, үлдсэн 3,025,599 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 86,518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагаас хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,456,926 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,568,673 төгрөг, нийт 3,025,899 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.

4.2. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.2-т заасны дагуу хариуцагч зээлийн гэрээний нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээг байгуулсан.

Зээлийн гэрээний 3.5-д зээлийн хэрэглэсэн тохиолдолд 2 хувиар тооцохоор заасны дагуу 2018 оны 09 дүгээр 01-ний өдрөөс хойш эрхийн хэмжээг хэтрүүлсний хүүд 1,568,673 төгрөг, 3.6-д заасны дагуу зээлийн төлбөрийг сар бүрийн 15-аас өмнө төлнө гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний хүү сарын 1 хувиар тооцож, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрүүлсний хүүд 1,456,926 төгрөг, нийт 3,025,599 төгрөгийн хүү гэрээний дагуу бодогдсон байхад шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

4.3. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 222 дугаар зүйлийн 222.5, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь зээлээ төлөх өдөр хүртэл гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

4.4. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг тусгалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх боломжийг хязгаарласан гэж үзэж байна.

4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

 

5. Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “Банк” ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,498,593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч  нь нэхэмжлэлээс үндсэн зээл 2,039,523 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг  эс зөвшөөрч маргажээ. 

 

3. “Банк” ХХК болон Б- нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Б- нь 2,000,000 төгрөгийн зээлийн эрхийг 2 жилийн хугацаанд ашиглах, бэлэн бус гүйлгээнд жилийн хүү 24 хувь, бэлэн гүйлгээнд жилийн хүү 42 хувь, эрх хэтрүүлсний сарын хүү 2 хувь, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн сарын хүү 1 хувиар тус тус тооцож төлөхөөр тохиролцсон байна.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр, зээлийн хүүгийн талаарх тохиролцоо мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

5. Хариуцагч Б- нь үндсэн зээлд 2,039,528 төгрөг төлөөгүй талаар талууд маргаагүй байна. Иймд анхан шатны шүүх нэг талын баримт болох тооцооллын хүснэгтийг нотлох баримтаар үнэлж уг үйл баримтыг тогтоох ажиллагаа явуулсан нь шаардлагагүй байсныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Банк” ХХК нь зээлийн үндсэн үүрэгт 2,039,258 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэж хариуцагч Б-аас уг мөнгөн хөрөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөрт 2,433,469 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш уг зээлийн хүүг төлсөн гэх баримтыг шүүхэд гаргаагүй тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд хариуцагчаас зээлийн хүүд 2,433,469 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв.

Харин анхан шатны шүүх хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүүг 3,422,251 төгрөг гэж тодорхойлж дүгнэлт хийсэн нь нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдагдаагүй үйл баримт болохоос гадна зээлийн эрх олгох гэрээний харилцааны онцлог болох зээлийг бэлнээр авах болон бэлэн бусаар авах нөхцөлөөс хамаарч зээлийн хүү өөр өөр байгааг харгалзаж үзээгүй, алдаатай болсныг дурдах нь зүйтэй байна.  

 

7. Гэрээний 2.1 дэх хэсэгт талууд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тооцож зээлдэгч төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. Гэрээний уг заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж дүгнэнэ. Иймд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан энэ тохиролцоо нь нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо биш харин “зээлийн эрх хэтрүүлсэн хүү”, “зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү” буюу зээлийн хүү гэсэн агуулгатай тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Гэрээний 2.1 дэх хэсэгт заасан зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг ямар хугацаанд тооцох талаар тусгаагүй байх боловч нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, шаардлагаас дүгнэвэл зээлдэгч зөрчил гаргасан тохиолдолд сар тутам тооцохоор тохиролцсон байна. Уг тохиролцоогоор тогтоосон хувь хэмжээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээнээс хэтэрсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг баримтлаагүйг залруулж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалт хэрэглэсэн нь оновчгүй гэж дүгнэж хасах нь зүйтэй байна. 

 

8.1. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх хязгаарын хүрээнд талууд тохиролцох учиртай. Бэлэн мөнгө авсан тохиолдолд сарын 3,5 /жилийн 42 хувь/, бэлэн бус зээлд сарын 2,0 хувь /жилийн 24 хувь/-ийн тал хувь /сарын 1,0 хувь/ болон тэнцүү /сарын 2 хувь/ хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү тооцсоныг хууль зөрчөөгүй гэж дүгнэхгүй тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

8.2. Нэхэмжлэгч талын гаргасан “Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.2-т заасны дагуу хариуцагч зээлийн гэрээний нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний 3.5- т зааснаар... нийт 3,025,599 /төгрөг/ бодогдсон тул гэрээний дагуу бодогдсон дээрх хүүг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.     

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.2-т зааснаар “нөгөө тал нь дээрх нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсөн бол” стандарт нөхцөл нь талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болох юм. Хуулийн энэ зохицуулалт нь хуульд заасан хэмжээнээс хэтрүүлж нэмэгдүүлсэн хүү тогтоож, хэрэглэгчид санал болгож, зөвшөөрүүлсэн аж ахуй эрхлэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл биш болно. 

 

8.3. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хүүгийн талаарх зохицуулалт нь иргэний эрх зүйн хариуцлагын нэг төрөл болох бөгөөд уг хүүг гэрээгээр тохиролцох учиргүй юм. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч хүү төлөх үүрэгтэй гэх нэхэмжлэгчийн гаргасан холбогдох гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

8.4. Анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмыг дүгнээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь банк зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд үйл ажиллагаа нь хуулийн хүрээгээр хязгаарлагдана. Банк зээлийн гэрээний дагуу зээлдэгчид иргэний эрх зүйн хариуцлага тооцохоор түүнтэй тохиролцох эрхийн хэмжээнд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хязгаарлалт тогтоосон болно. Иймд энэ хязгаарыг давж хэрэглэгчид хохиролтой нөхцөл тодорхойлсныг зөвтгөх боломжгүй юм. 

Гэрээний чөлөөт байдлын зарчим банкны зээлийн үйл ажиллагаанд зээлдэгчээ чөлөөтэй сонгох, зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн хэмжээ, зээлийн хүү тогтооход үйлчлэх бөгөөд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт талуудын гэрээний чөлөөт байдлын зарчмыг хэрэгжүүлэхэд саад болоогүй, хязгаарлаагүй байна.

 

9. Анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг буруу бичсэн буюу оноосон нэрийн эхний үсгийг том үсгээр бичээгүйг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6.3-т “зүйлийг араб тоогоор, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" зүйл гэж” бичнэ гэснийг баримтлаагүй байгааг залруулах нь зүйтэй байна.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02480 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “451.1” гэсний дараа “, 452 дугаар зүйлийн 452.2” гэж нэмж, “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” гэснийг хасаж,

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1,” улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Банк” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.БАДРАХ

                                           

         ШҮҮГЧИД                                             Д.БЯМБАСҮРЭН

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА