Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02083

 

 

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/02083

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/02108 дугаар шийдвэртэй,

А ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох,

гэрээний үүрэгт 49,910,521 төгрөг гаргуулах тухай үндсэн, 4,860,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогос, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 Б ХХК нь өөрийн барьж буй Олимпик резиденси барилгын ажилд зориулж бараа материал худалдан авахаар харилцан тохиролцож 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 320,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий "Бараа нийлүүлэх гэрээ-г А ХХК-тай байгуулсан. Гэрээний хэрэгжилтийн явцад барааны төлбөрт хариуцагч 33,622,942 төгрөгийг төлсөн.

Хариуцагч талын хүсэлтийн дагуу нийт 33,273,681 төгрөгийн үнэ бүхий цахилгааны самбарын тоноглолууд болох давхрын нэгдсэн самбар, гэрлийн самбар, цахилгааны самбар, дифферанциаль автомат, провод, тэдгээрийн туслах материалуудыг худалдан авагч талд нэхэмжлэгч нь нийлүүлсэн. Гэтэл уг барааны төлбөрийг хариуцагч төлөөгүй. Худалдагчийн зүгээс төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа шаардсан ч үр дүнд хүрээгүй.

Гэрээний тусгай нөхцөлийн 7-д төлбөр төлөөгүй хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөх, алданги гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй гэж талууд тохиролцсон. Иймд 2018 оны 10 дугаар сараас нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги 16,636,840 төгрөг, төлбөрийн үлдэгдэл 33,273,681 төгрөг, нийт 49,910,521 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. А ХХК нь доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг Б ХХК-д захиалгын дагуу нийлүүлсэн. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, гэрээний дагуу цөөн тооны тарифтай буюу электрон тоолууруудыг нийлүүлсэн. Эдгээр нийлүүлсэн тоолуурууд Стандарт хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн загварын баталгаат гэрчилгээтэй буюу стандартын шаардлага хангасан. Талууд гэрээндээ нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний баталгаат хугацааг тодорхой заагаагүй учир Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу бараа бүтээгдэхүүний доголдлын шаардлага гаргах 6 сарын хугацаа дууссан. Монхорус Интернэйшнл ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн талаарх асуудал энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй, гэрээгээр зөвхөн бараа нийлүүлэх эрхийг шилжүүлж авснаас тухайн байгууллагын урьд нийлүүлсэн бүтээгдэхүүний чанар стандартыг хариуцаж аваагүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 33,273,681 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин санхүүгийн хүндрэлтэй байгаа талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж байсан тул алданги төлөх боломжгүй. Барааг нийлүүлэлтийн хуваарийн дагуу хүлээж аваагүй, харин тухай бүрт ажлын гүйцэтгэлтэй холбоотой хүлээн авч байсан. Талуудын хоорондох гэрээний 7-д алдангийн нийт хэмжээ гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байхаар тохиролцсон. Тухайн гэрээний нийт үнэ 320,000,000 төгрөг боловч бодитоор талууд энэ гэрээний дагуу 66,896,623 төгрөгийн бараа материал хүлээн авсан. Гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тул гэрээний дагуу бодитоор хүлээн авсан нийт барааны үнийн дүнгийн 5 хувиас алданги хэтрэхгүй буюу алдангид 3,344,623 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

2.2. Б ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Олимпик резиденс үйлчилгээний орон сууцны барилгын ерөнхий захиалагчаар ажилласан. Барилгыг барихад Монхорус Интернэйшнл ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Барилгын цахилгааны материал, тоног төхөөрөмж нийлүүлэх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2018 он хүртэл хамтран ажилласан. Улмаар дээрх гэрээний үргэлжлэл болгож А ХХК нь өмнөх компанийнхаа эрх, үүргийг шилжүүлэн авч 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан.

Барилга ашиглалтад орох үед улсын комисс 2017 онд барилгын 5-10 дугаар давхрын айлуудын цахилгааны самбарын механик тоолуурыг электрон тоолуураар солих шаардлагыг тавьсан юм. Тухайн үед бид зарим айлын давхрын самбарын тоолуурыг сольсон боловч бүхэлд нь сольж амжаагүй. 2020 оны 3 дугаар сард айлууддаа орон сууцыг нь хүлээн өгөх үед механик тоолуурыг цахилгаан тоолуураар сольж дуусгасан. Дээрх давхрын нэгдсэн самбарыг гэрээний дагуу Монхорус Интернэйшнл ХХК нийлүүлсэн байсан тул тус компанид хандахад тоолууртай холбоотой асуудлаар А ХХК-д хандахыг манайд мэдэгдсэн. Нийт 54 айлын 54 механик тоолуурыг электрон тоолуураар солиход гаргасан зардалд тоолуурын үнэ болох 4,860,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Энэхүү тооцоонд ажлын хөлс ороогүй. Иймд А ХХК-аас 4,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 255 дугаар зүйлийн 255.1.2-д зааснаар Б ХХК-иас 49,287,068 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 623,453 төгрөг болон нэхэмжлэгчээс 4,860,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,503 төгрөг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 404,385 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Хүсэлт хянан шийдвэрлэх тухай тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/14179 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний алданги тооцох зохицуулалтыг буруу тайлбарлаж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Талуудын гэрээ байгуулж буй үеийн хүсэл зориг нь гэрээ бүрэн хэрэгжсэн үед гэрээний үнийн дүн нь 320,267,747 төгрөг ба уг гэрээний алдангийн зохицуулалт 5 хувь буюу 16,013,387 төгрөг байна. Харин дутуу гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн буюу гэрээ биелсэн хэмжээтэй уялдаж 66,896,623 төгрөгийн хэмжээний бараа нийлүүлж улмаар үүнээс цааш гэрээний харилцаа үргэлжлээгүй тул биелсэн хэмжээтэй уялдах нь шударга юм. Иймд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийг багасгах боломжтой байсан.

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шийдвэрлэсэн шийдлийн хувьд маргахгүй боловч үндэслэх хэсэгт хийсэн зарим дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийн хэмжээг гэрээнд зааснаар 3,344,623 төгрөгийн хэмжээнд нийцүүлж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Учир нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг авч үзнэ гэж байдаг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Уг эрхийнхээ дагуу гэрээнд анзын зохицуулалтыг оруулж, гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй гэж хязгаарлалт тавьж өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Тухайн гэрээ нь анх 2018 онд байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч талаас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгч тал нь бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн байсан боловч хариуцагч тал төлбөрийн чадваргүй болсноос үүдэж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт зогссон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нийт үнийн дүнгээр анзын хэмжээг хязгаарласан нь хууль зөрчөөгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангаж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь Б ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 49,910,521 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчид холбогдуулан 4,860,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. А ХХК нь Б ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Бараа нийлүүлэх гэрээ-г байгуулсан, уг гэрээгээр А ХХК Монгол Улсын норм стандарт, техникийн шаардлага хангасан цахилгаан самбар, нэмэлт тоолуур, дотор цахилгааны кабель, туслах материалыг гэрээний хавсралтад заасан тоо хэмжээгээр нийлүүлэх, Б ХХК гэрээний үнэд 320,267,747 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

Худалдагч нь худалдан авагчид 66,896,623 төгрөгийн бараа хүлээлгэн өгснөөс 33,622,942 төгрөг төлөгдөж, үлдэх 33,273,681 төгрөг төлөгдөөгүйн улмаас гэрээг цуцалсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 33,273,681 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

5. Харин алдангийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуулийн зохицуулалт, гэрээнд заасан талуудын тохиролцоог буруу тайлбарласан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

5.1 Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Бараа нийлүүлэх гэрээ-ний ерөнхий нөхцөлийн 6.2-т хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд хугацаа хэтрүүлсэн үүргийн үнийн дүнгээс тусгай нөхцөлд заасан хэмжээгээр алданги төлөх-өөр, тусгай нөхцөлийн 7-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгээс тооцох алданги 0,1 хувь, алдангийн нийт хэмжээ гэрээний үнийн дүнгийн 5%-иас хэтрэхгүй гэж заажээ. Үүнээс алдангийн нийт хэмжээ гэрээний үнийн дүнгийн 5%-иас хэтрэхгүй гэх нөхцөлийг тайлбарлаж, хэрэглэх асуудалд талууд маргасан.

 

5.2 Гэрээний уг нөхцөлийн утга ойлгомжгүй байх тул түүний агуулгыг бусад нөхцөлтэй харьцуулан тайлбарлах нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасантай нийцэх юм.

Гэрээний тусгай нөхцөлийн 7-д алдангийн нийт хэмжээ гэрээний үнийн дүнгийн 5%-иас хэтрэхгүй гэж заасан байх ба гэрээ хэрэгжсэн үнийн дүнгийн хэмжээ буюу нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн үнийн хэмжээгээр гэрээний хариуцлагын хэмжээг хязгаарлахаар талууд тохиролцсон гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн бараа материалын нийт үнийн дүн болох 66,896,623 төгрөгийн 5 хувиас хэтрэхгүй хэмжээний буюу 3,344,816 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

6. Дээрхээс дүгнэвэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаас 36,618,497 төгрөг /33,273,681+3,344,816/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,292,024 төгрөг /49,910,521-36,618,497/ гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт оруулав.

 

7. Хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 4,860,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагчийг эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн байна.

 

7.1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4, 162.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн аль зүйл заалтыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг тодорхой заагаагүй, зохих улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэлд дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэл үүсээгүй байна, энэ талаар хариуцагч давж заалдах гомдолдоо дурдах агуулгаар бичсэн нь буруу болжээ.

 

8. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалт нь шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд уг заалтыг хассан өөрчлөлт оруулна.

 

8.1 Учир нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/14179 дүгээр Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосон байна.

 

8.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьдчилж авч буйн зорилго нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүртэл хүчин төгөлдөр байх, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээгээр битүүмжилсэн, зогсоосон хөрөнгөөс шаардлагаа хангуулахад оршино.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэсэн нь буруу тул дээрх заалтыг хассан өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Уг заалтыг хасч байгаатай холбоотойгоор шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж дугаарласан өөрчлөлтийг оруулна.

 

9. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөн найруулах нь мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцнэ.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/02108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 255 дугаар зүйлийн 255.1.2-д зааснаар Б ХХК-иас 36,618,497 төгрөг төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,292,024 төгрөг гаргуулах хэсгийг болон нэхэмжлэгч А ХХК-д холбогдох 4,860,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын 404,385 төгрөг гэснийг 341,042 төгрөг гэж өөрчилж,

3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,411 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ