Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/00531

 

Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2016/01532 дугаар шийдвэр,        

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Ганзоригт холбогдох,

8 004 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, гуравдагч этгээд М.Отгончимэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Оюун-Эрдэнэ миний бие хариуцагч М.Ганзоригт 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Мөн дахин 600 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр сарын 8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болно. Зээлдэгч Ганзориг нь 3 000 000 төгрөгний 1 сарын хүү 240 000 төгрөгийг 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. Мөн 600 000 төгрөгний 1 сарын хүү 48 000 төгрөгийг 1 удаа өгсөн болно. Үүнээс хойш элдэв шалтаг шалтгаан тоочсоор өнөөдрийг хүрсэн. Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн хашаа байшин болох Баян-Өндөр сумын Наран багийн 63-01 тоот дахь 48.75 м2 газартай байшинг тавьсан болно. Зээлээ төлөхийг удаа дараа шаардахад удахгүй зээл аваад бүгдийг нь төлж дуусгана гээд нэг мөсөн 1 жил буюу 360 хоногоор сунгуулсан. Сунгалтын хугацаа дуусахад мөн л зээлээ төлөөгүй бүр утсаа ч авахгүй болсон. Бидний хооронд хийсэн зээлийн гэрээнд зээлээ төлөөгүй тохиолдолд хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх заалт байгаа.Үүний дагуу хариуцагч М.Ганзориг зээлээ төлөөгүй 64 хоног хэтэрч байна. Сүүлд авсан 600 000 төгрөгний хэтэрсэн хугацаа 28 хоногоор хэтэрсэн болно. Үүний дагуу эхний авсан 3 000 000 төгрөгний 64 хоног хэтэрсэн алдангийн хэмжээ 960 000 төгрөг болж байна. Дараагийн авсан 600 000 төгрөгний хэтэрсэн 28 хоногийн алдангийн хэмжээ 84 000 төгрөг болж байна.Иймд хариуцагч М.Ганзоригоос үндсэн зээл 3 600 000 төгрөг зээлийн хүү 3 360 000 төгрөг, 600 000 төгрөгний 360 хоногийн хүү 480 000 төгрөг, 3 000 000 төгрөгний 360 хоногийн хүү 2 880 000 төгрөг, алданги 1 044 000 төгрөг, 3 000 000 төгрөгний алданги 960 000 төгрөг, 600 000 төгрөгний алданги нийт 8 004 000 төгрөгийг барьцаанд тавьсан М.Ганзоригийн хувийн хашаа байшингаас хангуулж нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Би энэ хүнээс мөнгө авсан нь үнэн юм. 3 000 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сард авсан. 2 сарын хугацаатай аваад 1 сарын хүү гэж 240 000 төгрөг төлөөд 5 сард хүү өгч чадаагүй юм. Тэгсэн чинь Б.Оюун-Эрдэнэ нь уурлаад харааж загнаад 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ хийсэн юм. Тэгээд зээл хүүгээ төлж чадаагүй явж байгаад 2015 оны 8 дугаар сард албан байгууллагынхаа хэрэгцээнд зориулж 600 000 төгрөг дахиад 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд 1 сарын хүү болох 48 000 төгрөгийг төлсөн. Ломбардны бичиг дээр гарын үсэг зуруулж өгсөн. Одоо би 600 000 төгрөгийг ажлын газрын хүмүүсээсээ цуглуулж авч өгнө. Алданги болон хүү төлөхгүй. Б.Оюун-Эрдэнэ нь уурлаж, харааж, загнаж байгаад надад уншуулахгүйгээр олон юман дээр гарын үсэг зуруулж байсан. Анх 3 000 000 төгрөг өгөхдөө мөнгө өгсөн баримт үйлдээгүй мөртлөө бүр хожим ломбардны бичгэн дээр гарын үсэг зуруулсан. Ингэж шүүхэд өгөх гээд баримт цуглуулсан юм байна.Би анх тохирсон ёсоор 3 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй авсан учраас 3 480 000 төгрөг төлөх ёстой. Тиймээс төлсөн 240 000 төгрөгийг хасаад 3 240 000 төгрөг, үүн дээр 600 000 төгрөг бүгд 3 840 000 төгрөгийг төлнө.Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг бүр хожим албан шахалт дарамтан дор хийсэн учраас хашаа байшингийн үнээс төлүүлэх ёсгүй гэж бодож байна. Хэдийгээр миний нэр дээр байдаг боловч хашаа байшин бол манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч юм гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Отгончимэг шүүхэд гаргасан шаардлагадаа:Миний бие М.Ганзоригтой 2002 онд гэр бүл болоод 10 гаран жилийн дараа орох оронтой болсон. Гэтэл нөхөр Ганзориг 2015 оны хавар хүүхэд хагалгаанд ороход 3 000 000 төгрөг ломбарднаас авсан гэсэн мөртлөө өөрсдийн газар хашаа байшингаа тэр ломбардны хүнд барьцаалсан байна. Надад энэ тухай огт хэлээгүй. Газар хашаа байшинг 10 000 000 төгрөгөөр 2015 оны 6 дугаар сарын эхээр худалдан авсан юм. Гэтэл 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр барьцаанд тавьсан байна. Уг хашаа байшин манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч учраас Ганзориг ганцаараа дур мэдэн барьцаанд тавих эрхгүй.Иймд Ганзориг, Оюун-Эрдэнэ нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:М.Ганзориг нь 3 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр авсан. Би түүнийг танихгүй тул мөнгө авсан өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зохих газарт бүртгүүлэх зэргээр гэрээгээ хуулийн дагуу байгуулсан. Түүнээс биш түүний өмгөөлөгч Д.Оюунчимэгийн бичээд байгаачлан гэрээг нөхөж, харааж загнаж гарын үсэг зуруулсан удаа ер байхгүй. Миний таньдаг Алтангэрэл дагуулан ирж гуйж байгаад 3 000 000 төгрөг зээлж авсан. Би Ганзоригийг танихгүй тул барьцаа авахгүйгээр мөнгө өгөх ямар ч үндэслэлгүй. Гэрээнд заасан хугацаа өнгөрсөн тул шаардах нь зүй ёсны хэрэг, хэзээ яаж төлөх талаар асуухад 2016 оны 8 дугаар сард цалингийн зээл аваад бүх өрөө төлнө гэсэн тул түүний гуйж хүссэний дагуу 2016 оны 8 дугаар сар хүртэл сунгасан. Сунгасан хугацаа дуусаад мөнгөө нэхэхэд та шүүхэд ханд гомдолгүй гэсэн гэжээ.

Хариуцагч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:Бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлээд барьцаанд тавьсан тухайгаа эхнэртээ хэлээгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2016/01532 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасныг баримтлан хариуцагч М.Ганзоригоос 7 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс 804 000 төгрөг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Б.Оюун-Эрдэнэ, М.Ганзориг нарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн барьцаалан зээлдүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нотлох баримтаар ирүүлсэн Ү-2101008746, Г-2101005521 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээнүүдийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143 050 төгрөг, М.Отгончимэгийн төлсөн 62 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ганзоригоос 130 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд, 31 475 төгрөг гаргуулан М.Отгончимэгт олгож, Б.Оюун-Эрдэнээс 31 475 төгрөг гаргуулан М.Отгончимэгт олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний 1532 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “...7.200.000 төгрөг” гэснийг “...7.056.000 төгрөг” гэж “...нэхэмжлэгчээс 804.000 төгрөг гэснийг 948.000 төгрөг гэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сум 10-р баг Наран 63 гудамж 01 тоотод байрлалтай 48,75 метр квадрат талбай бүхий хувийн сууц, 838 м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж өөрчлөн Шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Отгончимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн 4 дэхь заалтанд “...М.Ганзоригоос 130.150 төгрөг” гэснийг “..127.846 төгрөг” гэж Ганзоригоос 31.475 төгрөг гаргуулж М.Отгончимэгт, Б.Оюун-Эрдэнээс 31.175 төгрөг гаргуулж М.Отгончимэгт гэснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг, хариуцагч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.942 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгожээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх гэрээний хугацаа сунгасан үйл баримт дээр хууль зүйн дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүх залруулаагүй бөгөөд мөн ямар ч дүгнэлт өгөөгүй. Талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн нь тогтоогдсон ч гэрээний хугацаа сунгасан нь хууль зөрчсөн байгааг анхаараагүй. Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь 2015 оны 6 дугаар сарын 24-нд 2 сарын хугацаатай сарын 8%-ийн хүүтэй 3 000 000 төгрөгийг М.Ганзоригт зээлүүлсэн боловч зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээл болон 1 сарын хүүг төлөөгүй тул мөнгөө төлөхийг шаардсаар бүтэн 1 жил өнгөрсний дараа 2016 оны 7 дугаар сарын 24-нд гэрээ сунгасан, бүтэн жилийн хүү төлөхөөр өөрт байгаа гэрээний хувь дээр сунгалт гэж бичээд М.Ганзоригоор гарын үсэг зуруулсан гэдгээ анхан шатны шүүх хурал дээр хэлсэн. Мөн 600 000 төгрөгийн зээлийн гэрээг ч ингэж сунгасан гэдгээ хүлээдэг. Гэтэл гэрээний хугацаа дуусаад бүтэн жил өнгөрсний дараа гэрээ сунгах тухай асуудал яригдахгүй. Энэ талаар Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 226.1.2-т заасан нэмэлт хугацаа тогтоох боломжит хугацаа өнгөрсөн байх тул энэ сунгалтыг хуулийн дагуу гэж үзэх үндэслэлгүй юм.Анхан ба давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх байтал хэрэглээгүй. Тэгээд ч гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг бүтэн жилээр сунгана гэж байхгүй. Харин гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн хариуцлагыг М.Ганзориг хүлээх юм. Иргэний хуулийн 284 дугаар зүйлийн 282.2-т заасан зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол шүүх багасгаж болох тухай зохицуулалтыг шүүх хэрэглээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн талаас нь үнэлэлт дүгнэлт өгвөл хариуцагчаас 2 зээлийн гэрээгээр авсан үндсэн мөнгө 3 600 000 төгрөг түүний 1 сарын хүү 288 000 төгрөг, бүгд 3 888 000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хяналтын журмаар гаргасан гаргасан гомдолдоо:Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 29 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хууль зүйн үндэслэл бүхий гарсан шийдвэрийг хууль буруу хэрэглэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Миний нөхөр М.Ганзориг нь гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хашаа байшин газраа өөрийн өмчлөлд бүртгэгдсэн байсныг ашиглаж надад хэлэлгүйгээр барьцаанд тавьсан байсан тул би бие дааж шаардлага гаргасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн барьцаанд авсан Оюун-Эрдэнэ миний нөхөр Ганзориг нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон юм.Гэтэл давж заалдах шатны шүүх нь намайг энэ талаар гомдол гаргах эрхгүй гээд миний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 126, 128 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Энэ барьцаанд тавьсан хашаа байшин газар бол бидний дундын өмч мөн. Иймд миний шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэхдээ талуудын маргааны үндэслэл болж буй гэрээний зарим нөхцлийг зөв тайлбарлаж чадаагүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ. Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ хариуцагч М.Ганзоригоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүү, алданги шаардсан байна. Хариуцагч М.Ганзориг нь анх авсан зээлийг гэрээнд тохирсон хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч, харин хожим гэрээний хугацааг сунгасан үеийн хүү, мөн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаснаас гадна барьцаа эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр З 000 000 төгрөгийн, сарын 8% хүүтэй, 2 сарын хугацаатай, 2015 оны 8 дугаар  сарын 01-ний өдрийн 600 000 төгрөгийн, сарын 8% хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн хоёр гэрээ, 3 000 000 төгрөгийн зээлийн үүргийн биелэлтийг хангуулахаар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулжээ.

Талууд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 360 хоногоор, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүрттэл 360 хоногоор тус тус сунгасан тэмдэглэгээ гэрээ тус бүрт хийжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын гэрээгээр тохирсон хүүгийн хэмжээ, гэрээний хугацааг сунгасан байдал зэрэгт эрх зүйн үүднээс зохих дүгнэлтийг хийж чадаагүй байна.

Тухайлбал, зээлийн дээрх хоёр гэрээ 1 сар болон 2 сарын хугацаатай анх байгуулагдахад талуудын тохирсон хүүгийн хэмжээ богино хугацааны зээлд нийцсэн байж болох боловч урт хугацааны гэрээнд хэт өндөр байгаа байдлыг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болсон гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болдог боловч мөн зүйлийн 282.2.-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоор зохицуулжээ.

Зээлийн гэрээний хугацааг сунгах талаар талууд гэрээнд нэмэлт оруулахдаа зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх талаар тохиролцоогүй байх боловч ийнхүү сунгасан үйл баримтын талаарх талуудын өгсөн тайлбараас үзэхэд зээлдэгчийн хүсэл зориг хангалттай бүрэн илэрхийлэгдсэн гэж үзэх нь эргэлзээтэй байгаагаас гадна гэрээг сунгасан хугацаанд төлөх хүүгийн хэмжээ үндсэн зээлийн хэмжээнээс бараг нэг дахин давсан \3 000 000 төгрөгийн зээлийн хувьд\, үндсэн зээлийн хэмжээнд ойртсон \600 000 төгрөгийн зээлийн хувьд\ байгааг шүүх анхаараагүй байна.

Хариуцагч М.Ганзориг нь зээлийн гэрээний хугацааны сунгалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.   

Харин хариуцагч М.Ганзориг нь зээлийн гэрээний хүүг багасгах талаар шууд тодорхойлсон хүсэлт гаргаагүй боловч тэрээр гэрээг сунгасан хугацааны хүүг огт төлөхгүй гэж маргаж байгаа байдлыг харгалзан хүүгийн хэмжээг багасгах тухай Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг баримтлах боломжтой гэж дүгнэн зээлийн гэрээний сунгагдсан хугацааны хүүг 50% бууруулан 4%-иар тооцов.

Мөн зохигчид 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дуусах 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний хугацааг 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд сунгасан байгааг зээлийн гэрээний үүргийн хэмжээг тодорхойлохдоо тооцох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч М.Ганзориг нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3 000 000 төгрөг, гэрээний 2 сарын хугацааны 1 сарын хүүг 8%-иар бодож 240 000 төгрөг төлсөн тул үлдэх 1 сарын хүүд 240 000 төгрөг, хугацаа сунгасан 11 сарын хүүд 1 320 000 төгрөг \сарын 120 000 төгрөгөөр тооцон\, алдангид нэхэмжлэлд заасан 960 000 төгрөг, нийт 5 520 000 төгрөг төлөх үндэслэлтэй байна.

Харин 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 600 000 төгрөг, гэрээний 1 сарын хугацааны хүүнд 48 000 төгрөгийг төлсөн тул зөвхөн сунгасан  12 сарын хугацааны хүүд 288 000 төгрөг \сарын 24 000 төгрөг\, алдангид нэхэмжлэгчийн шаардсан 84 000 төгрөг нийт 972 000 төгрөг төлнө.

Улмаар хоёр зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 6 492 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээ эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр хэлцэл болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Барьцааны гэрээ байгуулагдах үед үл хөдлөх эд хөрөнгө зөвхөн хариуцагч М.Ганзоригийн нэр дээр нэг хүний өмч гэж бүртгэгдсэн байх тул барьцааны гэрээг М.Ганзориг байгуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байх ёстой боловч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Отгончимэг нь үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг М.Ганзоригоос шаардаагүй, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2., 128.4.-т зааснаар М.Ганзориг дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд мэдэгдэлгүй, дур мэдэн захиран зарцуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул үүргийн гүйцэтгэлийг хүчин төгөлдөр барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөс гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 165 дугаар зүйлийн 165.1.-д заасан зохицуулалтад нийцжээ. Гуравдагч этгээд М.Отгончимэгийн бие даасан шаардлага болон гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2016/01532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтыг

 “1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.2., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч М.Ганзоригоос 6 492 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгон, нэхэмжлэлээс 1 512 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гуравдагч этгээд М.Отгончимэгийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч дээрх төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сумын 10 дугаар баг, Нарангийн 63 дугаар гудамж, 01 тоотод байрлалтай 48,75 мкв талбай бүхий хувийн сууц, 838 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг албадан   худалдаж, үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 050  төгрөг, гуравдагч этгээд М.Отгончимэгийн төлсөн 62 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ганзоригоос 118 822 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 67 942 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН