Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0457/З |
Дугаар | 001/ХТ2020/0075 |
Огноо | 2020-02-17 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2020/0075
“МҮЭХ-ны дэргэдэх ҮҮ т"-ийн гомдолтой,
СБ дүүргийн ТХ-ийн татварын улсын байцаагч
Н.А, Б.С нарт холбогдох зөрчлийн
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “МҮЭХ-ны дэргэдэх ҮҮ т”-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, /14230/ нарны зам гудамж, 64 тоот хаягт байрлах Ү-2203030048 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөнд ногдуулсан 5,072,100.00 /таван сая, далан хоёр мянга, нэг зуун/ төгрөг бүхий №252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0736 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 651 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, өмгөөлөгч Н.Ж, хариуцагч Н.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулж,
Гомдол гаргагчийн төлөөлөгч Н.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0736 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “МҮЭХ-ны дэргэдэх ҮҮ т”-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.А, Б.С нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 651 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0736 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 651 дүгээр магадлалыг гомдол гаргагчийн зүгээс эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Б.Г-ийн гомдлын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07/3391 дүгээр удирдамж, 25180100020 тоот томилолтоор гомдол гаргагчийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх үүрэгтэй байсан ба анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: гомдлын шаардлага болох Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгчид гардуулсан боловч Татварын хяналт шалгалт хийх 25180100025 тоот томилолтын дагуу гомдол гаргагч иргэн Б.Г-аас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, Н.Э-аас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус тус холбогдогчийн мэдүүлэг авсан нь нэхэмжлэлийн шаардлага болох шийтгэлийн хуудас илт хууль бус, хүчин төгөлдөр бус акт болохыг хуульд нийцүүлж зөв үнэлсэн.
5. Захиргааны акт өөрөө илт хуулийн хүчин төгөлдөр бус байхад шүүх үүнд анализ хийх буюу нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөх боломжгүй... гэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх шийдвэртээ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу ...гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор шийдвэрлэх байтал хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зөрчлийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 40 минутад илрүүлсэн мэт боловч зөрчил илрүүлэх томилолтыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 105 хоног сунгасан нь ойлгомжгүй байна..., гэсэн нь үндэслэл бүхий болсон. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх хугацааг үндэслэлгүйгээр зөрчиж “Шийтгэлийн хуудас" гаргасан нь хэт нэг талыг барьсан, татвар төлөгчөөс ямар ч хамаагүй арга, үндэслэл зааж хууль бус торгууль ногдуулах гэсэн үйлдэл болсныг илтгэж байна.
6. Энэ нь шударга, хууль ёсны байх гэсэн үндсэн зарчмыг зөрчсөн, илт хууль бус акт гэж үзэж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэг бүрчлэн хуулийн үндэслэл, шалтгаант холбоог зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагад бүхэлд нь хуулийн үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
8. Гомдол гаргагч “МҮЭХ-ны дэргэдэх ҮҮ т” нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “...2016 онд Үйлдвэр үйлчилгээний т нь Чингэлтэй дүүргийн Татварын албанд 9133003 гэсэн татварын регистрээр үл хөдлөх хөрөнгийн болон бусад татварын тайлангаа тайлагнаж байсан бөгөөд 9 сая төгрөгийн татвар төлсөн. 2017 оны 2 дугаар сарын 15-нд 2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн татвараа тайлагнасан, үүнийг бүтэн 1 жил 8 сарын дараа тайланг буцаасан, иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс дээр тайлангаа илгээнэ гэсний дагуу 2018 оны 01 дүгээр сард хүсэлт өгч бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн 2015-2017 оны ногдол болох 22.301.370 төгрөгийг нөхөн тайлагнасан... Гэтэл хариуцагч нар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэгэнт тайлагнасан, шалгаж байгаа төлөвтэй, татвараа төлчихсөн байхад шийтгэлийн хуудас гаргасан нь хууль бус...” гэжээ. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль бус гэж маргахдаа “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдаатай” гэж маргаагүй, харин агуулгын хувьд нь буюу “...татварын тайлангаа гаргасан, татвараа төлсөн /11 сая төгрөгөөс 9 саяыг нь төлсөн/, харин тайланг хугацаа хожимдуулж гаргасан нь татварын байгууллагын нэгдмэл бус байдал, хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан учир бид шийтгэл хүлээх ёсгүй” гэсэн агуулгаар маргасан байна.
9. Гэтэл анхан шатны шүүх маргааны энэхүү гол үйл баримттай холбоотой нотлох баримтыг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдаатай гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7 “шүүх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлд хамаарч байна.
10. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалд заасанчлан гомдол гаргагч нь Сүхбаатар дүүрэгт байрлах 2016 онд ашиглалтад орсон “А” зочид буудлын барилгын үл хөдлөх эд хөрөнгийн татварын ногдлыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст тайлагнаж байсан эсэх, тус хэлтсээс “Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст тайлагна” гэсэн хариуг хэдийд өгсөн, татвар төлөгчийн төлсөн гэх 9 сая төгрөг нь Сүхбаатар дүүрэг дэх “А” зочид буудлын үл хөдлөх хөрөнгийн татварт хамаарах эсэх, тодруулбал, татвар төлөгчөөс тухайн үл хөдлөх хөрөнгийн татварт төлснийг нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс тус дүүрэгт төлөх татварын өрд суутгасан эсэх, 2016 оны татварын тайлан нь үнэхээр 1 жил 8 сар “шалгаж байгаа” гэсэн төлөвтэй байсан эсэх, үүний шалтгаан зэргийг тодруулж, үл хөдлөх хөрөнгийн татварыг хугацаандаа төлөөгүй гэх зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байгаа эсэхийг, өөрөөр хэлбэл уг зөрчил нь хариуцагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэхийг тогтоох шаардлагатай.
11. Мөн анхан шатны шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудасны огноо нь бичиглэлийн алдаатай байх боломжтойг нотлох бусад баримтыг үнэлээгүй, татварын хяналт шалгалт хийх болон зөрчил шалгах шийдвэрлэх журам нь тусдаа бөгөөд хяналт шалгалтын явцад зөрчил тогтоогдсон тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхлэх боломжтой, үүнд нэг бол ердийн журмаар /зөрчлийн хэрэг нээж/, эсхүл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;…” зэрэг үндэслэлд хамаарах бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтойг анхааралгүйгээр “...шийтгэлийн хуудас нь 2018 оны 05, 06 сар гэж зөрүүтэй бичигдсэн, шийтгэлийн хуудас бичсэн өдрөө зөрчлийг илрүүлсэн мэт ойлгогдохоор байна, хэрэв зөрчлийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 40 минутад илрүүлсэн бол татварын хяналт шалгалт хийх хугацааг яагаад 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 29-нийг хүртэл 105 хоногоор сунгасан нь ойлгомжгүй,... Иймд шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, огнооны зөрүүтэй...” гэх зэргээр дүгнэсэн нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй байх тул энэхүү тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
12. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 651 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ