Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00180

 

*гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/02449 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *гийн хариуцагч * ХХК, * нарт холбогдуулан гаргасан хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, гэм хорын хохиролд 335,448,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч * ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, түүний өмгөөлөгч Б.Оюу, Э.Билгүүн, хариуцагч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ундрам, хариуцагч * ХХК-ийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагч *гийн өмгөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: * нь үнэт цаасны арилжаанд оролцож, орлого олох зорилгоор * ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ,Арилжааны данс нээх гэрээ-г байгуулсан. Нэхэмжлэгч нийт 3 удаагийн гүйлгээгээр 915,400 хонконг долларыг хариуцагчийн Голомт банкны дансанд шилжүүлсэн. Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд олон удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр үнэт цаас худалдах, худалдан авах арилжаа хийж, дээрх хөрөнгийг дураар захиран зарцуулсныг олж мэдсэн. Үйлчилгээний гэрээнд зааснаас үзэхэд хариуцагч, түүний брокерууд нь нэхэмжлэгчийн мөнгийг захиран зарцуулах эрхгүй байсан. Тухайлбал, Үйлчилгээний гэрээний 2.1.1, 2.1.4, 2.2.4-ийг зөрчсөн. Компани ийнхүү нэхэмжлэгчийн мөнгө, үнэт цаас, түүнтэй холбоотой хөрөнгийн өмчлөх эрхийг захиран зарцуулсан байдлаас үзвэл Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулсан мэтээр ойлгогдож байна. Гэвч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу үнэт цаас итгэмжлэн удирдах үйл ажиллагааг зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан этгээд хэрэгжүүлэх бөгөөд хариуцагч компани энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй. Харин нэхэмжлэгчтэй харилцаж байсан хариуцагчийн брокерууд нэхэмжлэгчид инйхүү огт мэдээлэл өгөлгүйгээр дур мэдэн олон удаагийн гүйлгээ хийж, арилжаа хийсэн талаарх и-мэйлүүдийг тухайн арилжаа хийсний дараа илгээдэг байсан. Тэрхүү и-мэйлүүдэд хувьцаа худалдан авах захиалга, хувьцаа худалдах захиалгын хуудсууд хавсаргасан байх боловч тэдгээр нь гүйлгээ хийх өдөр, эсвэл гүйлгээ хийснээс хойшхи огноотой байгаа нь үнэт цаасны компанийн нэхэмжлэгчид ирүүлсэн и-мэйлүүдээр нотлогддог. Эдгээр баримтуудыг хэрэгт нотлох баримтаар үзлэг хийж, бэхжүүлсэн. Эдгээр баримтуудад ахлах брокер О.Одбаяр гэж хүн гарын үсэг зурсан байх боловч *тай биечлэн уулзаж, брокерын үйлчилгээ үзүүлж, и-мэйл бичиж байсан брокер нь * юм. Өөрөөр хэлбэл түүний зүгээс мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхдээ хууль журам, гэрээгээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг тогтоох шаардлагатай. Мөн тэдгээр захиалгын хуудсуудаас харахад компани хувьцаа биш харин варрант гэх цаасыг худалдан авсан, худалдсан гэдгийг сүүлд нэхэмжлэгчийн бүх мөнгө зарцуулагдаад, дансанд аливаа үнэт цаас хадгалагдаагүй болох нь тодорхой болсны дараа олж мэдсэн. Ойролцоогоор 80 гаруй удаагийн арилжаа явагдсан байхад тэрээр нийт 5 орчим удаа л оффис дээр очиж, маягтууд дээр гарын үсэг зурсан байх ба энэ нь тухайн маягтуудаас ч харагддаг. Тухайн үедээ энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд гарын үсгээ зурж баталгаажуулах шаардлагатай гэсэнд бүрэн итгэж, гарын үсгээ зурсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутэй үйлдэл, эс үйлдлээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан харилцагчийг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлээгүй. Хоёрдугаарт брокер гэдэг бол үнэт цаас худалдаж авахад зуучлах үүрэгтэй, мэргэжлийн этгээд. Брокерын байгууллага нь Үнэт цаасны тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, тусгай зохицуулалттай хуулийн этгээд байгаа. Харилцагч хэрвээ мөнгө байршуулахын бол данс нээгээд тухайн харилцагчийн нэрийн дансанд мөнгийг байршуулдаг. Харилцагчийн нэрийн дансанд мөнгийг байршуулаад харилцагчийн гарын үсэг өгсөн захиалгаар арилжаанд оролцож, худалдаа хийх үүрэгтэй. Гэтэл нэрийн дансанд мөнгийг нь байршуулаагүй, нэхэмжлэгчийн өгсөн мөнгө * ХХК-ийн дансанд байршсан буюу *гийн нэрийн дансанд байршуулаагүй. Мөн нэхэмжлэгчээс гадна бусад арилжаа хийж буй бүх хүний мөнгөн хөрөнгийг өөрийн дансанд төвлөрүүлснээс харилцагч өөрийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг хянах, хэний мөнгөөр хэнд үнэт цаас авч байгааг мэдэх боломжгүй хяналт байхгүй болсон. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх журмаар харилцагчийн хөрөнгийг өөрийн хөрөнгөөс тусгаарлахаар заасан ч журмыг баримтлаагүй. Захиалгыг хэзээ ч урьдчилж авч байгаагүй бөгөөд дандаа арилжааны дараа мэдээллийг утсаар болон и-мэйлээр хүргүүлсэн. Хариуцагч талаас тусгай журмаар буюу утсаар захиалга авдаг байсан гэж хэлж байна. Утсаар захиалгыг өгөх тохиолдолд маргаан гаргахаас сэргийлж, Санхүүгийн зохицуулах хорооноос журам гаргахдаа утсаар авсан захиалгыг брокерийн компани 5 жил хадгалах үүрэгтэй гэж заасан. Гэтэл утсаар захиалга өгсөн талаархи баримт хэрэгт байхгүй. Энэ баримтыг удаа дараа шаардсан боловч хариуцагчаас гаргаж өгөөгүй, байхгүй гэж тайлбарласан. Хариуцагч болох Үнэт цаасны компани болон * нар гэрээнд заасан үүрэг, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журмын холбогдох журмуудыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас *д их хэмжээний хохирол учраад байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу * болон компанийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоож, үүний улмаас учирсан хохирол болох 915,400 Хонконг доллар буюу 335,448,330 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч * ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: * ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 317 дугаар тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авсан. Нэхэмжлэгч * нь гадаад болон дотоод үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлуулах үйлчилгээ авахаар 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ, харилцагчийн арилжааны данс нээх гэрэ болон үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус байгуулж, * ХХК-ийн харилцагч болсон. Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээгээр * компанийн үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны дансанд мөнгөн хөрөнгө байршуулах, *гийн хүсэлт буюу даалгавраар компани уг мөнгөн хөрөнгөөр гадаад улсын үнэт цаас, хөрөнгийн зах зээлээс үнэт цаас худалдан авах, худалдахаар тохиролцсон. Талууд харилцагчийн захиалгыг тусгай хэлбэрээр өгөх талаар гэрээнд заасан. *тай хийсэн анхны уулзалтад тэрээр барилгын салбарт бизнес эрхэлдэг бөгөөд намраас хавар хүртэл богино хугацаанд буюу ойролцоогоор 6 сарын хугацаанд үнэт цаасанд хөрөнгө оруулах хүсэлтэй болохоо тухайн үед брокероор ажиллаж байсан *д мэдэгдэж байсан. Брокер * тус хүсэлтийн дагуу хөрөнгө оруулалтын багцын 50-70 хувийн хэмжээнд тогтвортой өсөлттэй АНУ-ын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг фэйсбүүк, гүүгл, амазон, нэтфликс зэрэг технологийн чиглэлийн хувьцаануудыг авахыг санал болгож хөрөнгө оруулалтын эрсдэлийг тараан байршуулахыг санал болгосон байдаг. Гэвч * илүү өндөр өгөөжтэй богино хугацаатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл хүсэж байсан бөгөөд өндөр өгөөж хүртэх боломжтой ч мөн эргээд өндөр эрсдэлтэй үүсмэл санхүүгийн хэрэгсэл болох варрант худалдан авах шийдвэр гаргаж захиалга өгөхөд брокер * нь тус хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн эрсдэл өндөр тул бага хэмжээгээр худалдан авахыг санал болгосон. * тус бүтээгдэхүүнийг байршуулсан бүх мөнгөн хөрөнгөөр худалдан авсан байдаг. * үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээний 3.2.3.2 дахь хэсэгт заасан 80996565; 891039590 дугаарт өөрийн харилцагчийн бүртгэлд бүртгүүлсэн гар утасны дугаараасаа холбогдон захиалга өгч байсан ба тухай бүрд *гийн өгсөн захиалгын дагуу арилжаа хийгдэн, захиалга биелэгдсэний дараа * руу захиалгын баталгаажсан цахим шуудан болон гүйлгээний баримтыг явуулж байсан бөгөөд энэ нь дур мэдсэн гүйлгээ бус харин *гийн өгсөн захиалга биелсэн тухай баталгаажуулан илгээсэн мэдээлэл болно. Арилжааны хуулганаас харахад анх 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гадаад арилжаанд оролцохоор гэрээнд заасан компанийн 2005003536 тоот номинал дансанд 306,000 хонгконг доллар байршуулсан байна. * нь 2018 оны 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 03 болон 04-ний өдрүүдэд хийсэн эхний варрантын арилжаануудаараа гүйлгээний шимтгэл хассан дүнгээр нийт 39.878,25 хонгконг долларын цэвэр ашиг буюу өөрийн байршуулсан мөнгөний 13.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай арилжааг 6 өдрийн дотор хийсэн байдаг. Тус варрантын арилжааны дараа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 457,000 хонгконг доллар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 152,400 хонгконг доллар нэмж байршуулан, арилжаанд оролцсон байдаг. Варрант арилжааны улмаас хүлээж буй алдагдал өндөр, ийм нөхцөлд дахин арилжаа хийх, мөнгө нэмж арилжаанд ороход эрсдэлтэй зэргээр анхааруулж, варрантын арилжаа хийхгүй байхыг зөвлөж байсан. Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сард * өөрийн алдагдалтай варрантын арилжаан дээр нэмэлтээр 50,000,000 төгрөгөөр варрант авахаар ярихад ахлах брокер байсан О.Одбаяр эрсдэлийг анхааруулж тухайн үед ай пи өү /IPO/ хийж байсан Түмэн шувуут ХК-ийн хувьцаанд хөрөнгө оруулахыг санал болгосноор нэмж варрант авахгүйгээр тус IPO-д хөрөнгө оруулалт хийсэн байдаг. *гийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг брокер болон бусад ажилтнууд нь дур мэдэн түүний захиалгагүйгээр захиран зарцуулаагүй, итгэмжлэн удирдаагүй бөгөөд гэрээнд заасны дагуу захиалга авч түүний сонгосон үнэт цаасыг түүний нэрийн худалдан авах зуучлалын брокерын үйл ажиллагаа үзүүлсэн нь гүйлгээний хуулга, захиалгын баримт бичиг зэрэг нотлох баримтууд болон түүнийг дахин 50.000.000 төгрөгөөр варрантын арилжаа хийх гэхэд эрсдэлийг сануулан, Түмэн шувуут ХК-ийн IPO-д хөрөнгө оруулалт хийлгэсэн зэргээр нотлогдож байгаа болно. Анх нэхэмжлэлд бичснээр 6 сарын хугацаанд хангалттай хэмжээний мөнгө босгох боломжтой байна гэсний үндсэн дээр энэ хөрөнгийг шилжүүлж байгаагаас харагдана. Мэргэжлийн байгууллагынхаа хувьд нэхэмжлэгчид хангалттай мэдээлэл өгөх үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч шаардлагаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар шаардсан гэж тодруулсан. Хэрэв хуулийн дээрх заалтаар шаардах тохиолдолд хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид заагдсан үүсэж болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх ордлого хийгээгүйгээс гэм хор учирсан бол хариуцлагаас чөлөөлөгдөхөөр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дах хэсэгт мөн заасан. Нэхэмжлэгч 300 гаруй сая төгрөг байршуулчихаад өөрөө өөрийнхөө хөрөнгөд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Миний мөнгө юунд хөрөнгө оруулсан байна гээд мэдээлэл авах бүрэн боломжтой. Шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр *тай харилцаж байсан цахим шуудангаар мэдээллийг тухай бүрт нь өгч байсан гэдэг нь нотлогдоно. Гүйлгээ юу болсон талаар лавлаж байсан тохиолдол байхгүй. Түүнээс гадна компанид огт энэ талаар гомдол гаргаж байгаагүй. Мөн түүнд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дансны үлдэгдэл 80,894 Хонконг доллар байна гэсэн мэдээллийг хүргүүлэх үед ч эрхээ хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй, харин ч эрсдэлтэй варрентийг худалдаж авъя гэдэг санаачилгаар хандсан. Хамгийн сүүлчийн гүйлгээ 2019 оны 05 дугаар сард болсон. 2021 оны 08 сард нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Өөрт ашиггүй байдлыг мэдсэн атлаа түүнийг зогсоох, өөрийн зүгээс ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй. Иймд * ХХК нь *гийн өөрийн шийдвэрийн дагуу гадаад улсын үнэт цаасны зах зээлээс худалдан авсан варрантын төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч *гийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие * ХХК-д 2017 оноос 2019 оны хооронд брокер, дилерийн албан тушаалтайгаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр * нь иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ, харилцагчийн арилжааны данс нээх гэрээ болон үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус байгуулж, харилцагч болсон. Агуулгын хувьд * ХХК-аас гаргаж байгаа тайлбартай адилхан байр суурьтай байна. Анх гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан. Хамгийн анхны варрент худалдан авах гүйлгээ нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хийж, амжилттай болсон. Амжилттай болсон гүйлгээ нь арилжааг цааш үргэлжлүүлье гэсэн санаа, сэдлийг нэхэмжлэгчид төрүүлсэн гэж бодож байна. Арилжаа цааш үргэлжилж байх үед тухайн үеийн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал буюу эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалаад алдагдалтай, ашигтай гүйлгээнүүд гарсан. Энэ болгонд ашигтай гүйлгээний үр шимийг нэхэмжлэгч хүртсэн. Алдагдалтай гүйлгээний үр дагаврыг нь хүртэл хүлээсэн. Алдагдалтай гүйлгээний талаархи мэдээлэл нэхэмжлэгчид өөрт нь хэд хэдэн хэлбэрээр хүрсэн. Нэгдүгээрт, дансаар гүйлгээ хийгээд буцаагаад үнэт цаасаа зараад ашигтай байх тохиолдолд мөнгө дансанд нь ороод үр шимийг хүртсэн байна. Дараа дараагийн гүйлгээн дээр хэрвээ ашигтай байж чадаагүй бол алдагдлыг нь дансны мэдээллээр нэхэмжлэгч өөрөө мэдэх боломжтой байгаа нь харагдаж байна. Хэд хэдэн удаа зузаатгал хийсэн буюу дансны хөрөнгийг нэхэмжлэгч дахин санхүүжүүлсэн. Өмнөх алдагдалтай гүйлгээний үр дүнд дансны үлдэгдэл багассан байна. Цаашид гүйлгээ хийхэд нэмж мөнгө байршуулах шаардлагатай гэж үзсэн учраас үргэлжлүүлэн гүйлгээ хийе гээд хөрөнгийг нэмэх тухай шийдвэрийг нэхэмжлэгч бие даан гаргасан гэж үзэх нь үндэслэлтэй. Гүйлгээ хийсэнтэй холбогдуулаад зөвшөөрлийг и-мэйл хаягаар баталгаажуулахаар нэхэмжлэгчид хүргүүлсэн. Үүнийг бас нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр тухайн гүйлгээнүүд алдагдалтай байсан гэж үзэж байсан бол гүйлгээ хийхийг зөвшөөрөхгүй байх байсан. Гүйлгээг зөвшөөрч байгаа нь цаашид энэ төрлийн гүйлгээг хийж, ашиг орлого олъё, магадгүй алдагдалтай байгаа бол алдагдлыг бууруулах, үр дүнг нь өөрчлөөд буцаад ашигтай ажиллах хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж ойлгож байна. Эдгээр дүгнэлтүүдээс харахад нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үндсэн дээр гүйлгээг хийсэн. Хамтран хариуцагч * энэ талаархи тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Талуудын хооронд харилцсан и-мэйл болон вайбер чатаар харилцсан харилцаан дээр гүйлгээнүүдийг нэхэмжлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд * зөвшөөрсний дагуу * гүйлгээг нь гүйцэтгэсэн байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу миний бие * хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаагүй учир * ХХК нь *гийн өөрийн шийдвэрийн дагуу гадаад улсын үнэт цаасны зах зээлээс худалдан авсан варрантын төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч * ХХК-аас 109,103,891 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *д олгож, нэхэмжлэлээс үлдэх 226,344,439 төгрөг болон хариуцагч *д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,905,391 /1.835.191+70.200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 703,469 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн гол үндэслэл нь зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг брокер, үнэт цаасны компанийн Үнэт цаасны тухай хууль, холбогдох журам зөрчсөн буруутай үйлдлээс харилцагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулах юм. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн хийсэн үнэт цаасны арилжаануудыг 2 бүлэгт хувааж дүгнэлт хийсэн. Эхний хэсэг болох 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 19 өдөр хүртэлх нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий захиалгын хуудсуудыг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хожим нь өөрөө гарын үсэг зурж зөвшөөрсөн тул хүчин төгөлдөр гэж үзсэн. Харин нөгөө хэсэг буюу огт захиалгын хуудасгүй, гарын үсэггүй, харин хариуцагч өөрөө нэхэмжлэгчийн нэр дээр хийсэн гэх зохигчдын зөвхөн нэг талын үйлдсэн компанийн дотоод баримт бичиг бүхий арилжаануудыг зөвшөөрөлгүй хийгдсэн, хариуцагч гэм буруутай гэж тогтоосон. Гэвч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид дансны хуулгыг хүргүүлснээр цаашид арилжаанд оролцохгүй байх зэргээр өөрийнхөө хөрөнгийг хамгаалах боломжтой байсан тул хохирлын хэмжээний тал хувийг нэхэмжлэгч өөрөө хариуцахаар тогтоосон. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид аливаа үнэт цаас худалдах, эсвэл худалдан авах захиалгыг урьдчилан өгч байгаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох дүгнэлтүүдийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

5.а.Нийт хувьцаа худалдах, худалдан авах захиалгын хуудас хүчин төгөлдөр бус байх тухайд анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан 79 ширхэг хувьцаа захиалгын хуудсыг нэхэмжлэгч дараа нь өөрөө гарын үсэг зурсан байсныг ... Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар тухайн арилжааг өөрийн үйлдлээр хожим хүлээн зөвшөөрсөн хүчин төгөлдөр гэж үзэх тул хохиролд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэвч тэдгээр хувьцаа захиалгын хуудсууд анхнаасаа хууль тогтоомж зөрчсөн, хүчин төгөлдөр бус байсан талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, шүүхийн шийдвэрт дурдсаны дагуу гэрээний дагуу хариуцагчийн үзүүлсэн үйлчилгээ нь зохицуулалттай үйл ажиллагаа тул Үнэт цаасны зах зээлийн тухайн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Үнэт цаасны зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаан журам-ын 6.14-т зааснаар Бичгээр өгсөн захиалгын баримтад ... огноо, цаг, минутыг тусгах бөгөөд ... эдгээрийн аль нэг нь байхгүй байгаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болно гэсэн. Мөн журмын 1, 2-р хавсралтаар батлагдсан үлгэрчилсэн загваруудад ч захиалга өгсөн огноо, цаг, минут захиалгын хуудсандаа тусгахаар баталсан. Үүний учир нь үнэт цаасны арилжаанд цаасны үнэ, холбогдох мэдээллүүд нь цаг, минут тутамд өөрчлөгдөх магадлалтай захиалагчийн тухайн цаг, минутад өгсөн захиалгын дагуу брокер арилжаанд оролцсон нь чухал ач холбогдолтой мэдээлэл юм. Хэрэгт авагдсан захиалгын хуудсуудад зөвхөн огноо байгаа боловч захиалга өгсөн цаг, минут огт тусгагдаагүй. Ингэснээр хариуцагч өөрийн дураар захиалгыг өөрчлөх нөхцөлийг бүрдүүлж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан зарчмыг алдагдуулсан. Анхан шатны шүүхээс журамд заасан уг зарчмыг шүүхийн шийдвэрт дурдсан атлаа энэ талаарх дүгнэлтийг орхигдуулсан байна. Иймд эдгээр захиалгын хуудсууд нь бүгд журамд заасан шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус захиалгын хуудсууд юм.

5.б.Хариуцагч талаас гаргаж өгсөн нэхэмжлэгчийн гарын үсэггүй захиалгын хуудсуудыг шүүх үнэлж, өөрөө зөвшөөрсөн гэж дүгнэсэн тухайд хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримт гаргаж өгөхдөө гарын үсэгтэй захиалгын хуудасны доор гарын үсэг зураагүй нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлэн, зориудаар нэг хуудсанд хэвлүүлэн шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гарын үсэггүй захиалгын хуудсуудыг гарын үсэг зурж зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Үнэт цаас худалдах, худалдан авах захиалгыг урьдчилан авч, мэдэгдэж байгаагүй тухайд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар хувьцаа худалдах эсвэл худалдан авах захиалгыг Урьдчилж мэйлээр эсхүл вайбер чатаар өгсөн байдал тогтоогдоогүй гэж зөв дүгнэсэн. Гэхдээ дээр дурдсан нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий захиалгын хуудсуудыг арилжаа хийсний дараа хожим хойно нь нөхөж зуруулж байсан нь тогтоогдсон. Учир нь тэдгээр гарын үсэг зурсан захиалгын хуудсуудыг арилжаа хийхээс өмнө биш, харин дараа нь хэдийн арилжаа хийсний дараа и-мэйлийн хавсралтаар илгээж, түүний дараа нь цуглуулж хэвлэсэн захиалгын хуудсуудад гарын үсэг зуруулдаг байсан. Энэ үйл баримт нь тухайн ... и-мэйл дэх огноо, цаг минут болон хариуцагчийн баримтаар ирүүлсэн захиалгын хуудасны огноо, Хонконг дахь хөрөнгийн биржэд арилжааны захиалга өгсөн огноо, арилжаа гүйцэтгэгдсэн огноо цаг минутыг харьцуулбал тогтоогдож байна гэж шүүхийн шийдвэрт тусгагдсаны дагуу нотлогдсон. Мэргэжлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч нь гэрээ болон хуульд заасныг зөрчиж, брокерийн үйл ажиллагааны эрхээ хэтрүүлж, захиалагчийн даалгаваргүйгээр арилжаанд оролцож байсныг шүүх тогтоосон. Захиалгын хуудсууд доторх агуулгыг хариуцагчийн зүгээс урьдчилан шивж бэлтгэсэн баримтууд байсан. Хэрэв тэдгээр захиалгын хуудсанд байгаа мэдээллүүд нь үнэт цаасны арилжаанд оролцдоггүй, энгийн харилцагчдад ойлгомжтой, тодорхой байдлаар тусгагдсан байсан бол тэдгээрийг нэхэмжлэгч өөрөө ойлгоод захиалгаа өгсөн байна гэж дүгнэлт хийх боломжтой байж магадгүй юм. Гэтэл тэдгээр захиалгын хуудсууд дахь үнийн дүн, шимтгэлийн хувиас бусад мэдээллүүд нь тусгай мэдлэггүй энгийн хүнд огт ойлгогдохооргүй мэдээллүүд байгаа нь харагддаг. Мөн захиалгын хуудсууд дээр хувьцаа худалдах, худалдан авах захиалга гэсэн гарчигтай, доторх мэдээллүүд нь ч хувьцааны нэр, хувьцааны код, хувьцааны ширхэг зэрэг бичигдсэн байгаа нь нэхэмжлэгч, бусад харилцагчдыг төөрөгдөлд оруулахаар байна. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмнөөс худалдан авсан гэх үнэт цааснууд нь хувьцаа биш, варрант гэдэг үнэт цаас байсан нь тогтоогдсон. Маргаан бүхий захиалгын хуудсаар худалдан авсан үнэт цаасан дээр заасан хүчинтэй хугацааны дотор цааш худалдахгүй бол хүчингүй болж, мөнгөө алддаг онцгой төрлийн үнэт цаас байсан талаарх мэдээллийг нэхэмжлэгчид огт өгч байгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн хариуцагч Хонконг дахь бирж дээр хийсэн арилжааны цахим платформ дахь үзлэгээс харвал брокерийн буруугаас олон тооны варрантыг хугацаанаас өмнө худалдаж, эсвэл хэрэгжүүлэлгүйгээр хүчингүй болгосон байдаг.

5.в.Нэхэмжлэгч нь хариуцагчаас и-мэйлээр илгээсэн захиалгын хуудсуудыг зөвшөөрч, захиалга өгөх тухай мэдэгдэж байгаагүй тухайд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа нэхэмжлэгч нь утсаар захиалгаа өгдөг байсан гэж тайлбарладаг. Гэвч журмын 6.7-д заасны дагуу захиалгыг бичгээр аваагүй бол дуу болон дүрсний бичлэгээр баталгаажуулах. 6.9, 6.15-д заасны дагуу дуу болон дүрсний бичлэг нь харилцагчийн захиалга өгсөн цаг хугацааг нотолж чадахуйц байх шаардлагатай. Хариуцагчийн зүгээс утсаар ч захиалга авч байгаагүй тул эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн хариуцагчаас и-мэйлээр нэхэмжлэгчид хүргүүлсэн захиалгын хуудсуудын тухай нэхэмжлэгчийн зүгээс хариу илгээж, зөвшөөрөл өгсөн и-мэйл үзлэгийн явцад гарч ирээгүй. Мөн шүүхээс дүгнэсний дагуу вайбер чатаар үнэт цаасны тухай харилцаж байсан боловч үнэт цаас арилжих тухай шийдвэр, зөвшөөрлийг нэхэмжлэгчийн зүгээс өгч байгаагүй. /үндэслэх хэсгийн 7/ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасны дагуу брокер нь харилцагчийн даалгаврыг гэрээнд заасан нөхцөл, шаардлагын дагуу үнэнч шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүрэгтэй. Энэ нь хариуцагчийн гүйцэтгэсэн зөвхөн зарим арилжаанд хамаарах шаардлага биш бөгөөд бүхий л арилжаанд хууль, журмаар тогтоосон шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл ийнхүү шүүхээ мэргэжлийн оролцогч эдгээр үүргээ ноцтойгоор зорчиж байсныг нотлох баримтуудаас унэлж тогтоосон атлаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хохирлын хэмжээг багасгах боломжгүй байсан тухайд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирол гэж тооцсон хэсгийнхээ тал хувийг нэхэмжлэгч хариуцах нь зөв гэж дүгнэсэн. Ингэхдээ нэхэмжлэгчид дансны хуулгыг хүргүүлснээр цаашид арилжаанд оролцохгүй байх боломжтой байсан гэсэн. Гэвч зохигчдын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд хариуцагчийн зүгээс зөвхөн ганц удаа л тайлан, мэдээ хүргүүлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийн 90 гаруй хувийг зарцуулж дууссаны дараа анхны бөгөөд сүүлчийн удаа л мэдэгдсэн нь энэ юм. Хэрэв хариуцагчийн зүгээс хуульд заасан журмын дагуу тухайн арилжаа бүрийн дараа дансны үлдэгдлийг мэдэх боломжоор хангаж байсан бол нэхэмжлэгч өөрийн үлдэгдлийн талаар мэдээллийг бүрэн авч, эрсдэлтэй нөхцөл байдалд орсноо ухаарч, зогсоох арга хэмжээ авах боломж байсан. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9, 36.10, 36.15, 36.14, журмын 3.2.5, 11.7.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №198 дугаар тогтоолоор баталсан Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах уйл ажиллагаа эрхлэх тухай журам-ын 9.2.31, 9.2.51, 9,41-т заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэгч болон * ХХК-ийн бусад бүх харилцагчдад тусгайлсан данс нээлгүйгээр, өөрийн нэрийн дансанд төвлөрүүлж байсан нь тогтоогдсон. Иймд гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэрийн дансыг нээж, мөнгөн хөрөнгийг тусгаарлаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэсэн шиг дансны хуулга гэх баримт байхгүй. Ийнхүү хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч болон бусад бүх харилцагчдын мөнген хөрөнгийг хууль зөрчин өөрийн нэрийн дансанд төвлөрүүлсэн нь дараах эрсдэлийг бий болгож, хохирол учрах, түүний хэмжээ нэмэгдэх гол нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв анхан шатны шүүхээс дүгнэсний дагуу Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзвэл дээр дурдсаны дагуу хариуцагчийн зүгээс анх 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөнгөн хөрөнгөөс 91 хувь нь зарцуулагдсан талаарх тайланг анх хүргүүлсэнээс хойш түүний хөрөнгийн 9 хувийн хохирлыг бууруулахтай холбогдуулан хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шиг хариуцагчийн худалдан авсан үнэт цааснаас худалдсан үнэт цаасны зөрүүг хасаж хохирлын хэмжээг тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

5.г.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг мэдээллээр хангаж байгаагүйгээс хохирол учрахад хүрсэн тухайд хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудаас үзвэл гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид брокерийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл анх гэрээ байгуулагдах үед гадаадын хөрөнгийн биржээс арилжаа хийхтэй холбоотой эрсдэл, бусад мэдээллийг огт өгч байгаагүй. Учир нь журмын хавсралтаар батлагдсан харилцагчийн мэдэгдэл нэртэй Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан эрсдэл, мэдээллийг танилцуулсны дараа харилцагчаар гарын үсэг зуруулдаг маягтыг нэхэмжлэгчээр бичүүлж байгаагүй нь тогтоогдсон. Мөн гэрээ хэрэгжих явцад ч журмын 5.1, 13.1-т тусгасан шаардлагын дагуу мэдээлэл агч байгаагүй. Журмын 5.3 дахь хэсэгт зааснаар брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зевшеерел бүхий зохицуулалттай этгээд нь харилцагчийг зөвхөн мэдээллээр хангах үүрэг хүлээх бөгөөд үнэт цаас худалдан авах, худалдахтай холбоотой аливаа зөвлөгөө өгсөн тохиолдолд түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэж энэ нь брокерийн компанийн тухайн хөрөнгө оруулагчид учруулсан хохирлыг барагдуулах үүргээ чөлөөлөхгүй гэж тодорхой зохицуулсан. Гэтэл хариуцагч *гийн зүгээс мэдээлэл өгөх үүргээ огт хэрэгжүүлээгүй атлаа бүр түүний урьдчилан өгсөн даалгаваргүйгээр арилжаа хийж байсан нь тогтоогдсон. Иймээс хариуцагчийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсэгт заасан Үнэт цаас итгэмжлэн удирдах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн гэж үзэхэд хүргэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч * ХХК-ийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэдэгт санал нэг байна. Захиалгын хуудсыг зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй гэх асуудал болон захиалгын хуудсыг и-мэйлээр илгээхэд нь хариу илгээгүй гэх асуудлын талаар яригдаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахаар * болон * ХХК нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл арилжаатай холбоотой харилцаа үүсэж явагдсан. Анх талуудын хооронд 3 төрлийн гэрээ байгуулагдсан гэдгийг анхан шатны шүүх дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд гэрээний дагуу үүргээ биелүүлэх харилцаа байна. Гэрээ байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч нь 3 удаагийн гүйлгээгээр төлбөрийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, ямар хэмжээгээр үнэт цаасны харилцаанд орж байгаа талаар тодорхойлсон. Гэрээ байгуулснаас 7 хоногийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 306 Хонконг доллар, анхны гүйлгээ хийгдсэнээс хойш 9 хоногийн дотор 457,000 Хонконг доллар, 2 дахь гүйлгээг хийснээс 28 хоногийн дараа 152,000 Хонконг долларыг хийсэн. Хариуцагчтай уулзаж, харилцан тохиролцож, гэрээнд заасан Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс, хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан Хонконг долларын 2005003536 гэх хариуцагчийн эзэмшдэг данс байдаг. *гийн шилжүүлсэн төлбөрийг *гийн дансанд хийгээгүй, өөрсдийнхөө дансанд хийж, захиран зарцуулсан гэх үйл баримтаар үгүйсгэгддэг. Анх хэний дансанд ямар шалтгаанаар мөнгө шилжүүлж байгаагаа мэдэж байсан. Ямар нэгэн далд санаагүйгээр арилжаа хийсэн гэх зүйл яригддаг. Анх *тай манай байгууллагын ахлах брокерууд уулзаж, ярилцахдаа бүх зүйлийг тайлбарлаж өгсөн. *гийн хүсэл зориг нь богино хугацаанд мөнгөө эргэлдүүлэх зорилготой байсан бөгөөд хадгалахыг хүсээгүй. Эрсдэлийг танилцуулж, үнэт цаасны зах зээлд байгаа ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийж, юу худалдаж авах талаар тохиролцсон. Хувьцаа санал болгосон боловч * нь хүлээж аваагүй. Хамгийн хурдан хөрвөх боломжтой хөрөнгө оруулалт нь брант гэх үнэт цаасны хэрэгсэл байна хөрөнгө оруулах уу гэж асуухад тэгье гэж хэлсэн. Үйлчлүүлэгчийн хүсэл зориг нь анх гэрээ байгуулахад үүссэн бөгөөд харилцагч, хариуцагч нар хамтран тохиролцсон. Мөн анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ захиалгын хуудсыг 2 хуваарилж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гарын үсэггүй захиалгын хуудсуудыг гарын үсэгтэй хүргүүлсэн гэж тайлбарласан. Хавтаст хэргийн 65-91 дүгээр хуудсанд авагдсан захиалгын хуудсуудыг өмнө нь дутуу гаргаж өгсөн байсныг нөхөж нотариатаар баталгаажуулж өгсөн. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг шинжлэн судлахдаа үнэн зөв дүгнэсэн. Мөн анхан шатны шүүх нь тооцооллын алдааг гаргасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч * ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж дүгнээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар зохих ёсоор дүгнэлт хийгээгүй, тооцооллын алдаа гаргасан гэж үзэж энэхүү гомдлыг гаргалаа. Нэхэмжлэгч хийгээд хариуцагч нарын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн. Нэхэмжлэгч нь гэрээг өөрийн чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр. аливаа нэг албадлага, шахалтаас ангид байгуулсан гэдэгт итгэлтэй байна. Ийм ч учраас зохигчид гэрээг байгуулах үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгож, биеэ зөв удирдаж чадах чадвартай байсан болно хэмээн баталгааг гаргасан байдаг. Гэрээг байгуулснаар талуудын хооронд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх үүрэг үүссэн. Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс, хувьцаа худалдах, худалдан авах үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны дансанд мөнгөн хөрөнгө байршуулах, *гийн хүсэлт эсхүл даалгавараар * ХХК уг мөнгөн хөрөнгөөр гадаад улсын үнэт цаас, хөрөнгийн зах зээлээс үнэт цаас худалдан авах, худалдахаар харилцсан тохиролцсон. Гэрээний дагуу нэхэмжлэгч * хариуцагчийн дансанд гурван удаагийн үйлдлээр нийт 914,400 Хонконг долларыг шилжүүлсэн. Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах эрсдэлтэй байдгийг сануулсан. Нэхэмжлэгч * аль болох богино хугацаанд өндөр ашиг олохыг хүсч варрантын арилжаанд оролцохыг хүссэн. Нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгөөр Хонконгийн хөрөнгийн бирж дээр варрант худалдан авах, худалдах тухай *д урьдчилан мэдэгдэж, холбогдох гүйлгээнүүдийг хийсний дараа мэдээллүүдийг цахим шуудангаар түүнд хүргүүлж, захиалгыг баталгаажуулж байсан. Тодорхой хугацааны дараа мөнгөн хөрөнгөө нэмж байршуулж, байсан нь нэхэмжлэгчийн чөлөөт хүсэл зоригоороо хийсэн үйлдэл юм.

7.а.Зохигчдын хооронд ийнхүү үүргийн эрх зүйн харилцаа үүссэн байсан боловч нэхэмжлэгч нь 335,448,330 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн бүтцийн хувьд 497, 498 дугаар зүйл нь гэрээний бус үүрэг, түүн дотроо зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтад хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй боловч өөрийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээх тухай зохицуулалт юм. Гэтэл бидний тохиолдолд зохигчдын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *д гэм хор учруулсан үйлдлийг гаргасан гэдгийг тодруулахгүйгээр хариуцагч нарт бүхэлд нь хамруулан дүгнэлт хийсан нь үндэслэлгүй. Мөн чанартаа нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч тус бүрийн үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийх естой. *д * гэм хор учруулсан бөгөөд *гийн үйлдэл *д учирсан гэм хорын хооронд ямар шалтгаан холбоо байгаа гэдэг талаар мөн дүгнэлт хийсэнгүй. Хэрвээ * *д гэм хор учруулаагүй бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг үндэслэх нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч * *гийн үйлдэл, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар * ХХК-д гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл * өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар хууль болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлж, өөрийгөө хамгаалах, учрах эрсдэлийг нэмэгдүүлэхээр урьдчилан сэргийлэх ямар ч санал, санаачлага гаргаж байгаагүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсгийн зохицуулалт үйлчлэх ёстой. Нэхэмжлэгч * хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй гэдгийг тухайн буруутай үйлдлийн улмаас өөрийнх нь эрх ашиг хөндөгдөнө ашиггүй байдал үүсэн бий болох талаар мэдсэн, мэдэх боломжтой байхад эрх бүхий байгууллага, албан тушаалтанд нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг цаг тухайд нь гаргаж шийдвэрлүүлээгүй орхисон үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд хэрэв өөрийн буруугаас урьдчилан сэргийлж чадаагүй боломжийг алдсан бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дах хэсэгт зааснаар тухайн хуулийн этгээд байгууллага хариуцлагаас чөлөөлөгдөнө. Анхан шатны шүүх гэм хорын хэмжээг тооцохдоо тооцооллын алдаа гаргаж, 297,731 гарах байтал 397,471 бичиж алдаа гаргасан. Тус алдаанаас шалтгаалан нэгдсэн дүн мөн буруу болсон. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч * ХХК-тай гэрээ байгуулсан талаар маргадаггүй. Үнэт цаасны арилжаанд брокерын үйлчилгээ авах гэрээ байгуулсан боловч брокерын үйлчилгээ биш, Үнэт цаасны тухай хуульд заасан зохицуулалттай этгээдийн хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа явуулсан. Мөн брокерын үйл ажиллагааныхаа гэрээг огт хэрэгжүүлээгүй асуудал яригдаж байна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 36 дугаар зүйлийн 36.4, 36.8, 36.9, 36.10, 36.12, 36.14, 36.15, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан. Гэрээний үүргийн зөрчлийг дурдах боломжгүй бөгөөд дээрх зүйл заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон. Мөн хариуцагчийн зүгээс мэдээлэл өгөх үүрэг, захиалга авах үүргээ хооронд хольж байна. Үнэт цаасны арилжаанд оролцсоныхоо дараа захиалгын хуудас илгээсэн болохоо мэдээлэл өгч байсан гэж үзсэн. Мэдээлэл өгөх үүрэг нь зохицуулалттай этгээдийн санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу брант гэдэг нь ямар төрлийн үнэт цаас болон ямар эрсдэлтэй талаарх асуудлыг бүрэн тайлбарлаж, тэмдэглэл үйлдэж, харилцагчдаа тайлбарласан гэх агуулгаар гарын үсэг зуруулж авах журамтай. Гэтэл тухайн баримт нь хэрэгт авагдаагүй тул тайлбарлаж байгаагүй нь харагдаж байна. Захиалга нь арилжаа хийгдэхээс өмнө харилцагчийн хүсэл зоригоо илэрхийлж, тухайн компанийн хувьцааг ямар үнээр авах тухай бичгийн баримт байх ёстой. Гэтэл арилжааны компани өөрсдөө захиран зарцуулсан атлаа харилцагчдаа илгээж, гарын үсэг зуруулсан. Уг асуудлаа утсаар захиалга авч, и-мэйлээр мэдэгдэж байсан гэж тайлбарласан. Утсаар захиалга авсан тохиолдолд дуу, дүрсний бичлэгээр баримтжуулж хадгалах үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүх нь тооцооллын алдааг гаргасан болох нь үнэн. Мөн хариуцагч нь шүүхэд үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлдэггүй. Хариуцагч * ХХК-ийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хариу тайлбартаа *гаас гар утасны дугаараас холбогдон хариуцагчид захиалгын талаар мэдээлэл өгдөг байсан гэж хариу тайлбартаа бичдэг. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгч нь үнэт цаасны зах зээл нь хурдан хугацаанд өрнөдөг харилцаа юм. Харилцагч нь тухайн үнэт цаасыг авах талаар захиалга өгөх боломжгүй тэмдэглэлд тусгагдсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК болон * нарт холбогдуулан талуудын байгуулсан гэрээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг зөрчсөн, холбогдох дүрмийн заалтыг хэрэгжүүлээгүй, захиалагчийн бичгээр урьдчилж өгсөн захиалгагүй, нэхэмжлэгчийн гарын үсэггүйгээр гадаад улс дахь хөрөнгийн биржид хувьцаа худалдах, худалдан авах арилжааг гүйцэтгэснээс хохирол учирсан тул хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгож, хариуцагч компаниас хохирлыг гаргуулна гэж шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр харилцагчийн арилжааны данс нээх гэрээ, мөн өдөр үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус байгуулсан байна. /1хх-ийн 6-8-р тал/

 

3.а.Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК, * нарыг хариуцагчаар тодорхойлсон боловч хэнд холбогдуулан ямар шаардлага гаргасан нь тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрийг тодруулах шаардлагатай. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгосноор талуудын маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэхээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талууд нотлох үүргээ хэрэгжүүлэхэд ач холбогдолтой.

 

3.б.Түүнчлэн, анхан шатны шүүх зохигчийн маргааны зүйл болж буй гэрээний үүргийн зөрчил, гэм хор учруулснаас үүсэх үүрэг, хүсэл зоригийн илэрхийлэл зэрэгт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлийг шийдвэрийн үндэслэл болгосон байна. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс хийсэн гүйлгээ гэх 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны цахим захидал болон Хонконгийн биржийн арилжааны цахим систем дэх арилжааны хуулга, гар утасны вайбер чат зэрэгт 2022 оны 03 дугаар сарын 01, 02, 2022 оны 04 дүгээр сарын 27, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус үзлэг хийжээ. /2-р хх-ийн 219-220, 3-р хх-ийн 221, 4-р хх-ийн 148-149, 5-р хх-ийн 2-3-р тал/

 

3.в.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үзлэг хийх ажиллагааг явуулахдаа шүүх хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хоёроос доошгүй хүн оролцуулахаар тогтоосон. Уг ажиллагаанд оролцож байгаа хөндлөнгийн гэрч нь түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэг хүлээж, тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй. Түүнчлэн тухайн гэрч нь үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээхээр зохицуулагдсан байдаг.

3.г.Гэтэл шүүх хөндлөнгийн гэрч нарт энэхүү үүрэг болон эрхийн талаар танилцуулан, тайлбарласан, хариуцлага хүлээх талаар хууль сануулах ажиллагааг хийсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч нар оролцсон талаар тусгагдсан байх боловч тэдгээрийн эрх зүйн бүрэн чадамжтай болох нь нотлогдох иргэний үнэмлэх эсхүл биеийн байцаалт бүхий албан ёсны бичиг баримт хэрэгт авагдаагүй байна.

3.д.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр үзлэг хийдэг. Анхан шатны шүүхийн хийсэн үзлэгийн тэмдэглэлд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус, үзлэг хийсэн гэх баримтуудыг хуулбарласан байгаа нь хятад, англи хэл дээр бичигджээ.

3.е.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд дээрх тохиолдолд үзлэгийн тэмдэглэлийг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт ... хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан.

3.ё.Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэгэн үндэслэл болсон үзлэгийн тэмдэглэлийг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримт гэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулсан гэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

4.Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/02449 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 1,289,673 төгрөг, хариуцагч * ХХК-аас төлсөн 703,469 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Г.ДАВААДОРЖ