Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 578

 

Э.О, А.Б  нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Б.З, шүүгдэгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 442 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 991 дүгээр магадлалтай, Э.О, А.Б нарт холбогдох 2005003360223 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Б овгийн Э-ын О.

2. Монгол Улсын иргэн, 2002 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, техник, технологийн дээд сургуулийн тогоочийн 3 дугаар курсын оюутан, М овгийн А-ын Б.

Э.О, А.Б  нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б овогт Э-ын О, И м овогт А-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Оыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.О, А.Б  нараас тус бүр 2.947.750 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол 8 дугаар байрны 164 тоотод оршин суух Олхонууд овгийн Балдангомбын Ганбатад олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... Э.О, А.Б  нараас тус бүр 2.947.750 төгрөг ...” гэснийг “... Э.Оаас 2.947.750 төгрөг, А.Б ийн хууль ёсны төлөөлөгч А.Алинзулаас 2.947.750 төгрөг тус тус ...” гэж өөрчилж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.О, А.Б нар гаргасан гомдолдоо “...магадлалыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

Учир нь хохирогч Б.Г нь Эм Би Жи Мед гэх эмнэлэгт хагалгаанд орсон гэж баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргасан. Бидний зүгээс уг эмнэлэгт очин Б.Г гэх хүн хагалгаанд орсон эсэхийг тодруултал “манайх хагалгаа хийхээ больсон 2020 оноос хойш хагалгаа хийгээгүй. Нүдний мэс засал хийхээ больсон” гэж эрх бүхий албан тушаалтнууд нь хэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан хохирол нэхэмжилсэн баримтууд нь он сар зөрүүтэй, хуурамч байж болзошгүй байгаа тул дээрх асуудлыг нэмж шалгуулахаар прокурорт буцаах, эсхүл иргэний нэхэмжлэлтэй хэсгийг тусад нь шийдвэрлүүлэхээр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн А.Б  миний бие суралцдаг тул нийтэд тустай ажил хийхэд хүндрэлтэй байгаа тул торгуулийн арга хэмжээ авч өгөхийг хүсье” гэжээ.

Шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч Б.З шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... гэм буруугийн талаар маргасан зүйлгүй, хохирлын асуудал маргаантай байгаа. Хохирогч Б.Гын эмчилгээ хийлгэсэн төлбөр гэх 1.200.000 төгрөг нь шүүгдэгч тус бүрээс гаргуулахаар шийдвэрлэсэн 2.947.750 төгрөгтэй давхардсан. Сүүлд авч ирсэн хохирлын баримт нь хагалгаа хийлгэсэн өдөртэй таардаггүй. Гэтэл хуурамч нотлох баримтыг үндэслэж бусад нотлох баримттай харьцуулахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин 1.200.000 төгрөгийн баримт тухайн өдөртэй таардаг” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хохирогч Б.Г нь 49 настай бөгөөд шинжээчийн дүгнэлтээр түүний биед баруун нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд зулгаралт, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд үүссэн болох нь тогтоогдсон. Дээрх гэмтлүүдийг шүүгдэгч А.Б , Э.О нар нь түүний нүүрэн тус газар өшиглөх, гараар цохих явцдаа учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2020 оны 02 дугаар 03-ны өдрийн албан тоотоор “Эм Би Жи Мед” эмнэлгээс хагалгаанд орсон тэмдэглэл болон хохирлын талаарх бусад нотлох баримтуудыг авсан. Шүүх Э.О, А.Б  нарт хуульд заасан, тэдний үйлдсэн хэрэгт тохирсон ял оногдуулсан буюу хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.О, А.Б  нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн тэд нарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хоёр шатны шүүх шүүгдэгч Э.О, А.Б  нарыг бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн  6 дугаар хороо Сувиллын сургуулийн хойд талын автомашины задгай зогсоол дээр иргэн Б.Гыг “шөнө унтуулсангүй, орилж хашгирлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь өшиглөж биед нь баруун нүдний ухархайн гадна хана, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд зулгаралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.О, А.Б  нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тэд нарын үйлдэл хамаарч буйг тодорхойлж, хэргийг зөв зүйлчилсэн байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч нар нь “...хохирогч Б.Г нь “Эм Би Жи Мед” эмнэлэгт хагалгаанд орсон гэх баримт хуурамч, тус эмнэлэг 2020 оноос хойш хагалгаа хийгээгүй, эрх бүхий албан тушаалтан нь хэлсэн...” гэх гомдлыг гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2020 оны 02 дугаар сарын 30-ны өдөр “Эм Би Жи Мед” эмнэлгээс хохирогчийн өвчтөний түүх болон хагалгаанд орсон баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж “хуулбар үнэн” дарж хэрэгт хавсаргасан байх бөгөөд шүүгдэгч нарын гаргасан гомдлыг нотлох бусад баримт байхгүй, хуурамч хохирлын баримт гаргаж өгсөн гэх үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй болно.

Түүнчлэн хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрхгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч А.Б өд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ба шүүгдэгч торгуулийн арга хэмжээ авч өгөх талаар хяналтын шатны шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлд өсвөр насны хүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрлийн хуульчилсан байдаг ба түүнд оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний байдал, түүнчлэн нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуунд нь тохирсон, нийгэмд өөрийн байр суурийг олоход чиглэгдсэн болно.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 01-ний өдрийн 442 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн      991 дүгээр магадлалтай тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН