Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02091

 

 

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/02091

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02528 дугаар шийдвэртэй,

А-ийн нэхэмжлэлтэй Б-т холбогдох,

хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, хариуцагчийн өмгөөлөгч А.Эрдэнэтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч А- нь Б-тай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр А-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б- нь өмгөөлөгчөөр оролцох, эрх зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалахаар тохиролцсон.

Өмгөөллийн үйл ажиллагааны нийт хөлс 80,000,000 төгрөг байхаар, гэрээний урьдчилгаа 20,000,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөгийг, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг шүүх хурал болох өдөр төлөхөөр болсон. А- урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б-ийн дансанд шилжүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б- биечлэн оролцох боломжгүй байсан тул 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өмгөөлөгч Б-ийн туслах В-д нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг эдлүүлэхээр 2 жилийн хугацаатайгаар итгэмжлэл олгосон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч В- нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 101/Ш32019/02125 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн. Үүнээс хойш дахин шүүхэд хандаагүй, энэ талаар олон удаа шаардаж байсан.

Нэхэмжлэгч нь өмгөөлөгч Б-аас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.1.1-д заасан ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээн үйлчлүүлэгчийн өмгөөлөгчөөр оролцох гэх ажил үйлчилгээг аваагүй, Б- нь гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 20,000,000 төгрөгийг тодорхой хугацааны дараа буцааж төлөхөө амаар болон мессежээр илэрхийлж байсан. Иймд өмгөөлөгч Б-тай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б- нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Жи Кей Эм Кей ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэгт А-ийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, үйлчлүүлэгч нь өмгөөлөгчийг хууль зүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай үнэн зөв, мэдээлэл өгөх, шаардлагатай баримт, материалыг гаргаж өгөх үүрэг хүлээн харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Өмгөөлөгч талаас гэрээнд заасан үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нэр бүхий 4 өмгөөлөгч ажилласан. Ингээд өмгөөлөгч В-д Жи Кей Эм Кей ХХК-аас итгэмжлэл олгож, нэхэмжлэл гаргахад компанийн шаардлагатай санхүүгийн тайлан баланс, бичиг баримт дээр ажиллаж байсан, өмгөөлөгч Б-, А.Мөнхсайхан, М.Түмэннаст нар нэхэмжлэл гаргах шүүхийн харьяалал, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэх нотлох баримт бүрдүүлэх зэрэг ажиллагааг хамтран гүйцэтгэж гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлсэн. 2019 оны 8 дугаар сард А- нь шүүхэд нэхэмжлэл гаргахаа болилоо гэж хэлээд өөрийн компанийн бичиг баримтыг авч явсан. Иймд гэрээний 3.4-т Энэхүү гэрээг үйлчлүүлэгчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд өмгөөлөгчөөс үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдон төлсөн урьдчилгаа хөлс болон бусад төлбөрийг буцаан олгохгүй гэж тохиролцсон байх тул урьдчилгаа төлбөрийг буцаан олгох боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б-аас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 235,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтуудыг эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.1 Нэхэмжлэгчийн гаргасан ...удаа дараа очиход миний хэрэг дээр хэн ч ажиллаагүй, материал хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тул би 2019 оны 08 сард хайж байж олж авсан гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2125 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дараагаар нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэл гаргахад шаардлагатай улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл гаргахаа түр хүлээж байгаарай, хариуцагч компанитай эвлэрэн хэлэлцэх асуудал яригдаж байгаа гэдэг үндэслэлээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргах ажиллагааг хойшлуулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс А-ийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 2,900,000 төгрөг түүний дансанд буцаан олгогдоод өмгөөлөгч тал руу шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж нөхцөлөөр хангасан эсэх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор улсын тэмдэгтийн хураамж хэний дансанд буцаан олгогдсон талаарх лавлагааг гаргуулах хүсэлт гаргахад нэхэмжлэгч нь өөрийн дансанд улсын тэмдэгтийн хураамж буцаан олгогдсон эсэх болон өмгөөлөгч тал руу улсын тэмдэгтийн хураамж шилжүүлээгүй зэрэг үйл баримтад маргахгүй гэсэн тул шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байдаг.

4.2 Мөн шүүхээс нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байхад хариуцагч талыг дээрх үндэслэлийг үгүйсгэж чадаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгчийн гэрээг цуцлах болсон үндэслэл нь хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн буюу биелүүлээгүйгээс болж гэрээг цуцалсан үйл баримт тогтоогддоггүй.

Улмаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г цуцлах болсон шалтгаан нөхцөл нь өмгөөлөгч талаас шалтгаалаагүй бөгөөд 100 хувь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ цуцлагдсан тул гэрээний 3.4-т заасны дагуу өмгөөлөгч талын үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой гэрээний нийт төлбөр 80,000,000 төгрөгөөс 25 хувь буюу урьдчилгаа төлбор 20,000,000 төгрөгийн хэмжээнд ажил гүйцэтгэсэн үйл баримттай холбоотой нотлох баримтуудыг бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөвөөр үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

4.3 Шүүхээс талуудын тэгш эрхийн үндсэн дээр үүссэн гэрээний эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгч талын хүсэл зоригийн илэрхийлэл болох өмгөөлөгч тал нь 5,000,000 төгрөгийн хэмжээнд ажил гүйцэтгэсэн гэх тайлбарыг үндэслэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тодорхойлсон нь хариуцагч талын гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг хэрхэн, яаж тооцож 5,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь тодорхойгүй байхаас гадна хариуцагч талаас тухайн үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй байхад хэт нэг талын нотлох баримтад үнэлэлт өгч гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдол ойлгомжгүй, үндэслэлгүй. Хариуцагч талаас өнгөрсөн хугацаанд татгалзлаа нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгчөөр оролцсон үйл баримттай холбоотой нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч талын гаргасан үзлэгийн тэмдэгтээр бэхжүүлсэн А- болон Б- нарын фэйсбүүк чат, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэн хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-т холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

3. А-, Б- нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгч Б- нь Жи Кей Эм Кей ХХК-ийг М ХХК-д худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх, А- нь өмгөөллийн хөлс 80,000,000 төгрөг төлөхөөс гэрээ байгуулах үед урьдчилгаа 20,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг шүүх хурал болох өдөр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр болохыг үндэслэл бүхий дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний урьдчилгаанд 20,000,000 төгрөг өгсөн, мөн 2019 оны 08 дугаар сард компанийн бичиг баримтаа А- нь Б-аас буцаан авсан үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

 

4. Өмгөөлөгч Б-тай хамтран ажилладаг В-д 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А- итгэмжлэл олгосны дагуу В- нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр М ХХК-д холбогдуулан Жи Кей Эм Кей ХХК-ийн хувьцаа эзэмшигч А-ийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр М ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Liao Ailong-тай байгуулсан Жи Кей Эм Кей ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх гэрээнээс, мөн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээнээс тус тус татгалзсан болохыг тогтоолгох, Жи Кей Эм Кей ХХК-ийн 100 хувийн хувьцааны эрхийг М ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Liao Ailong-аас гаргуулан авч, Жи Кей Эм Кей ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр А-ийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2019/02125 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй үндэслэлийг зааж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

4.1 Б- нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг үзүүлэх үүргээ биелүүлж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзснаас хойш зохих бүрдүүлбэрийг хангаж дахин шүүхэд нэхэмжлэл гаргаагүй үйл баримт тогтоогдсон.

 

4.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь үнэн зөв, бодит мэдээлэл өгөх, шаардлагатай баримт гаргаж өгөх үүргийг биелүүлээгүй, өөр хэрэг маргаан өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талаар мэдэгдээгүйн улмаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж маргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2018/19515 дугаар захирамж, мөн шүүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШТ2018/00627 дугаар тогтоол, уг тогтоолд гаргасан гомдлоос татгалзсан үйл баримтыг харьцуулан дүгнэж хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.3 Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, шүүхэд дахин нэхэмжлэл гаргаагүй нь нэхэмжлэгч шаардлагатай улсын тэмдэгтийн хураамж, орчуулгын зардлыг төлөөгүйтэй холбоотой гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сар хүртэл үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзсэн анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

Үүргийн зөрчлийн улмаас гэрээ цуцлагдсан байх тул 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 3.4-т заасан ...гэрээг үйлчлүүлэгчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд өмгөөлөгчөөс үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдон төлсөн урьдчилгаа, хөлс болон бусад төлбөрийг буцаан олгохгүй... гэх зохицуулалт хамаарахгүй.

 

5. Хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээний үүргийг гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар хариуцагчийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлтгэсэн байдал нэхэмжлэл гаргасан ажил, үйлчилгээг 5,000,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Харин хариуцагч нь 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4, 162.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн аль зүйл заалтыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг тодорхой зааж, зохих улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлж гомдол гаргаагүй тул дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэл үүсээгүй болно.

 

7. Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ