Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/02102

 

 

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/02102

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01930 дугаар шийдвэртэй,

А-гийн нэхэмжлэлтэй Б-д холбогдох,

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 43,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвадорж, Э.Ганхөлөг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А- нь Г ХХК-аас 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Юу Би таун хотхон 38 байр, 2 дугаар орц, *** тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн. Уг орон сууцыг 2013 онд өөрийн үеэл дүү В-ээр дамжуулан хөлслүүлэхээр зар өгсний дагуу 2013 оны 5 дугаар сард Д- ирж орон сууцыг хөлслөхөөр тохиролцон түрээсийн төлбөрт тодорхой хэмжээний мөнгө төлж, орон сууцны түлхүүр авч явсан.

Улмаар Д.Энхцэцэг нь миний хамаатны хүмүүс байгаа гэж нэхэмжлэгчид итгүүлэн хөлслөн авсан дээрх байранд хариуцагч Б-г амьдруулсан. Гэвч дээрх байранд 2013 оны 9 сараас орж амьдарсан хариуцагч Б- нь Д-ыг дээрх орон сууцны өмчлөгч гэж итгэн анх удаа уулзахдаа худалдаж авахаар тохиролцон урьдчилгаа болгон тодорхой хэмжээний төлбөр Д-д өгсөн нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Ийнхүү өөрийн болгоомжгүй үйлдлээс болж гэмт хэргийн хохирогч болсон атлаа хууль ёсны өмчлөгч А-гийн өмчлөх эрхийг одоог хүртэл үндэслэлгүйгээр зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч А-гийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 597 дугаартай шийтгэх тогтоол гарсан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойших 30 сар буюу 2022 оны 1 сар хүртэлх хугацаанд 1 сарын 1,000,000 төгрөгөөр тооцож 30,000,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сараас хойших 8 сар буюу 2022 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд 1 сарын 1,700,000 төгрөгөөр тооцож 13,600,000 төгрөг, нийт 43,600,000 төгрөгийг Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд олох ёстой үр шимийг нөхөн үүрэгтэй гэснийг үндэслэн хариуцагч Б-гээс гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б- нь тухайн орон сууцыг Д-аас худалдан авч 70,000,000 төгрөг шилжүүлсэн боловч түүнд залилуулсан байсан. Хариуцагч нь орон сууцыг хууль бус эзэмшил гэдгийг мэдээгүй, энэ хүртэл хугацаанд шударга эзэмшигч ойлгож байсан. Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. М.Одгэрэл нь цар тахалтай холбоотойгоор тухайн үед санхүүгийн байдал хүнд байсан тул орон сууцыг чөлөөлж чадаагүйг харгалзан үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрч байна. Хохирол гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан УБ, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 хороолол Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж 38 байр *** тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203027143 дугаарт бүртгэлтэй, 84,96 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч Б-гээс 38,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 669,100 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 222,950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч Б-гээс 446,150 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлого гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 43,600,000 төгрөг гэж тодорхойлохдоо Б-д үүссэн бүх нөхцөл байдлуудыг ойлгон харгалзан үзсэнээр, хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 2013 оноос хойш одоог хүртэл буюу нийт 9 жил гаруй хугацаанд эзэмшсэн төлбөрийг нэхэмжлээгүй, мөн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойших хугацаанд олох ёстой байсан орлогоо нэхэмжлэхдээ 30 сарын хугацааны төлбөрийг 1,000,000 төгрөг хүртэл болгож бууруулсан байгааг шүүх анхаарсангүй. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдлээ одоог хүртэл үргэлжлүүлж байгаа буюу орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйл баримтыг шүүх харгалзан үзсэнгүй. Мөн хариуцагч Б- нь Д-д залилуулсан 70,000,000 төгрөгийг буруутай этгээдээс шаардах бүрэн боломжтой.

4.2 Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзалдаа дурдаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбараас үзвэл олох ёстой байсан орлогыг шүүхийн шийтгэх тогтоол гарснаас бус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тооцох учиртай гэсэн агуулгаар мэтгэлцсэн. Түүнээс түрээсийн 1 сарын зах зээлийн үнэ цэнийн талаар маргаагүй. Хариуцагч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийн дагуу нэмэгдүүлсэн шаардлагын үнийн дүнг үндэслэлгүйгээр бууруулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлага гаргаснаар тухайн хөрөнгийн хувьд хариуцагч Б- нь шударга бус эзэмшигч болох бөгөөд шударга бус эзэмшигч нъ эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эрхийн үр шимийг буцааж өгөх хэрэгтэй гэжээ. Гэвч хариуцагч Б- нь маргаан бүхий байрны шударга эзэмшигч юм. Учир нь хариуцагч нь тухайн байрыг өмчлөх хүсэл зоригоо илэрхийлэн Д- гэх хүнд 70,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Хариуцагч нь дээрх маргаан бүхий байрыг худалдан авч буй тул өөрийн өмчлөл гэж ойлгож байсан.

Мөн Д-д холбогдох эрүүгийн хэрэг нь хяналтын шатны шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдэж 137 дугаартай тогтоол гарсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хууль бусаар эзэмшсэн гэж үзэн үр шимийг төлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Б- нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж байсан. Иргэний хуулийн 88 дугаар зүйл 88.2 дахь хэсэгт ...Эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухай эрхийн үр шим гэнэ. гэж заасан байна. Үүнээс үзэхэд хариуцагч Б-д уг маргаан бүхий орон сууцыг зориулалтын дагуу ашиглаж бий болгосон орлого байхгүй бөгөөд тэрээр анхнаасаа уг орон сууцад амьдрах, оршин суух зорилготой байсан. Иймд хариуцагч Б- нь эрхийн үр шимийг олж аваагүй, өөрөөр хэлбэл хариуцагч Б- болон нэхэмжлэгч А- нарын хооронд аливаа үүргийн харилцаа үүсээгүй байх тул эрхийн үр шимийг буцааж өгөх, олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна.

5.2. Анхан шатны шүүх гэм хор учруулахтай холбоотой маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдэхээр зохицуулсан байтал шүүгч дангаар уг хэргийг шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

5.3 Талуудын хооронд аливаа үүргийн харилцаа үүсээгүй буюу иргэний эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөгдөх дуусгавар болгоход чиглэгдсэн хэлцэл бий болоогүй байтал иргэний хуулийн 229 дүгээр зүйл 229.1 дэх хэсгийг баримталж уг хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь иргэний хуулийн 229 дүгээр зүйлд заасан гэм хорыг арилгах үүрэг нь нэгэнт үүссэн үүргийн харилцааны хүрээнд бий болдог. Дээрхээс үзэхэд талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, өөрөөр хэлбэл ямар нэгэн харилцаа үүсгэхээр талууд харилцан тохиролцож, холбоо тогтоогоогүй байхад шүүх иргэний хуулийн 229 дугаар зүйл 229.1, 229.2 дахь заалтыг тус тус баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд хариуцагч Б-гээс 38,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Б- нь нэхэмжлэгч А-гийн орон сууцыг аливаа хууль болон гэрээний үндсэнд эзэмшээгүй. Б- н.Энхжаргалд залилуулсан буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахдаа өмчлөх эрхийг шалгаагүй үйлдэлд хариуцагч тал буруугүй.

Б- нь А-гийн өмчлөлийн орон сууцыг эзэмших эрхгүй гэдгээ мэдсэн үеэс эхлэн чөлөөлөх үүрэг үүссэн. Энэ үүргийг нэхэмжлэгч болон шүүхээс тайлбарласан бөгөөд энэ үүргийн хүрээнд А-гийн олох ёстой байсан орлогыг гаргуулахаар шүүх хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх тайлбарын тухайд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 95 дугаар зүйлд зааснаар олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн бөгөөд энэхүү үндэслэл нь Иргэний хуульд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хуулийн зохицуулалт хамаарна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээний явцад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтайгаар хариуцагч тал оролцсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй. Энэ талаар давж заалдах гомдолд тодорхой дурдсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол буюу олох ёстой байсан орлого 43,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч орон сууц чөлөөлөхийг зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. А- нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Г холдинг ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 хороолол, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 38 байр *** тоот хаягт байрлах 84,96 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон, Б- нь 2013 оноос одоог хүртэл дээрх орон сууцад амьдарч байгаа үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

3.1 А-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хөлсөлж байсан Д- нь өөрийгөө уг орон сууцыг захиран зарцуулах эрхтэй гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Б-д 70,000,000 төгрөгөөр худалдаж хохирол учруулсан үйл баримт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ДШМ/1109 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаар тогтоолоор тус тус тогтоогджээ.

 

3.2 Үл хөдлөх эд хөрөнгө бусдаас худалдан авч буй этгээд нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо нотлохыг худалдагчаас шаардах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу бусдад худалдах эрхтэй этгээд мөн эсэхийг улсын бүртгэлийн байгууллагаас лавлах боломжтой.

Хариуцагч Б- нь хэдийгээр эрүүгийн гэмт хэргийн хохирогч болсон ч түүнийг шударга эзэмшигч гэж үзэхгүй. Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Тодруулбал, өмчлөгч нь эд зүйлээ бусдад хөлслүүлэх, түрээслэх тохиолдолд хөлслөгч болон түрээслэгч нь гэрээний үндсэн дээр эд юмсыг эзэмших эрхтэй болдог.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийг шилжүүлэхтэй холбоотой аливаа харилцаанд ороогүй байна.

 

3.3 Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг өмчлөгчийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор эрх зөрчсөн этгээдээс орон сууцыг чөлөөлүүлэх эрхтэй гэж үзэн тухайн орон сууцыг хариуцагч Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэл болсон дээрх хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх нь зүйтэй.

 

4. Хариуцагчаас 43,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээхдээ давж заалдах шатны шүүхээс үйл баримт, хууль хэрэглээний дараах дүгнэлтийг өгч байна.

 

4.1 Хариуцагч Б- нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэн байх тул нэхэмжлэлд дурдагдаж буй 2019 оны 09 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан этгээд түүнийг буцаах үүрэгтэйгээс гадна Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн хөрөнгийг ашиглаж олсон үр шимийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй.

Иймд шударга эзэмшигч тул 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрийг хариуцахгүй гэх хариуцагч Б-гийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх дээрх үйл баримтыг Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 96 дугаар зүйлийн 96.3, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 дахь хэсэгт зааснаар дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

4.2 Хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан байхад 5,600,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгч гомдол гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нэхэмжлэгчийн гаргасан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан, Премиум стар проперти ХХК-ийн ханшийн тодорхойлолт зэргийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж нэхэмжлэгчээс анх нэхэмжлэлдээ дурдсан 1,000,000 төгрөгөөр тооцож, 38 сарын олох ёстой байсан орлогод 38,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхийн зүгээс дүгнэж байна.

 

5. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол гэх 43,600,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэл нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээхтэй холбоотой нэхэмжлэл биш тул тухайн хэргийг анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасантай нийцжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг хэрэглээгүйг зөвтгөнө.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 106.3, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь гэснийг 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх гэж өөрчилж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж өөрчилж, 56.2 гэсний дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 104,550 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 347,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ