Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02117

 

 

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/02117

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03919 дугаар шийдвэртэй,

А-гийн нэхэмжлэлтэй Б-д холбогдох,

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, түүний өмгөөлөгч Э.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, гуравдагч этгээд В-, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 49-*** тоот хаягт өөрийн төрсөн хүү Г-тэй амьдарч байгаад 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Г- зуурдаар нас барсан. Уг хаягт байрлах 400 м.кв талбай бүхий газрын өмчлөгч Г- байсан бөгөөд төрсөн эх нь байхад холбогдох бичиг баримтыг хууль, журмын дагуу бүрдүүлж, хяналгүйгээр хууль зөрчиж, хамт амьдарч байгаагүй В-т өвлөх эрхийн гэрчилгээгээр тухайн газрыг олгожээ. Өвлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх баримтыг бүрэн бүрдүүлээгүй байхад гэрчилгээ олгосон нь Нотариатын тухай хуулийн 3, 43 дугаар зүйл, нотариатын үйлдэл хийх зааврын 8-д заасныг тус тус зөрчсөн тул В-т 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаарт бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг иргэн В-т олгохдоо Иргэний хууль, Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх заавар зэрэг эрх зүйн актыг чанд баримтлан олгосон. Тухайн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт-оос үзэхэд Г- нь нас барах хүртлээ эхнэр В-тэй хамт амьдарч байсан нь нотлогддог. Мөн Улсын Бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн лавлагаагаар В- нь өвлүүлэгч Г-гийн хууль ёсны эхнэр мөн гэдэг нь нотлогдсон.

Түүнчлэн Монголын Нотариатчдын танхимаас өвлүүлэгчийг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан өвлөгч байгаа эсэхийг тодруулахад хүсэлт гаргасан өвлөгч олдоогүй гэсэн хариуг өгсөн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар аливаа өвлөгч нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргаагүй тохиолдолд түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үздэг. Иймд нотариатч Б- нь үйлчлүүлэгчийн хувийн байдал, шалгавал зохих баримт бичгийг хуульд зааснаар шалгаж, өвлөх эрхийн гэрчилгээг өвлөгч В-т олгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В-ийн тайлбар, татгалзлын агуулга: В- нь талийгаач Г-тэй 2000 онд танилцан, 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулан 17 жил хамт амьдарсан. В- нь Г-гийн ах дүү нартай нийлж, 4 айлын 1600 м.кв газрыг авсан бөгөөд нэгийг нь А- гуай, хоёрыг нь ах нь авч, бид нэг айлын газар болох 400 м.кв талбай бүхий газрыг В-, Г- нар авч, нийтэд нь хашаа барьж, удалгүй гэр барьсан ч цахилгааны утас татаж чадаагүйн улмаас тухайн газар суурьшин амьдраагүй. Гэтэл Г- 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зуурдаар нас барсан. Хууль ёсны өвлөгч В- нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нотариатчид өвлөх эрхийг гэрчилгээ авах хүсэлт гаргаснаар 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В-т 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 255 дугаартай нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1 Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.13 дахь заалт нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/210 дугаар тушаалаар нэмэгдсэн заалт бөгөөд уг заалт буцаан хэрэглэгдэхгүй байтал анхан шатны шүүх баримталсан нь буруу. Хууль ёсны өвлөгч Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт заасны дагуу нотариатад өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргах бөгөөд нотариатч миний бие энэхүү хүсэлтийг хууль ёсны өвлөгч В-ээс бичгээр авсан бөгөөд бусад хууль ёсны өвлөгчийг өв хүлээн авах хүсэлт гаргасан эсэх талаар холбогдох лавлагаа авах хугацааг хуульчлан тогтоогоогүй юм. Нотариатч хууль ёсны өвлөгч өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай үйлчлүүлэгч хандах үед тухайн үйлчилгээ авахад шаардлагатай баримтын бүрдүүлбэр, бусад нөхцөл байдлын талаар зөвлөгөө өгдөг бөгөөд Б- миний бие лавлагаа авах тухай хүсэлтийг В-ээс бичгээр авсны үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр лавлагаа гаргуулсан. Энэхүү лавлагаа авдаг учир нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан бусад хууль ёсны өвлөгч тус 528.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор өв хүлээн авах хүсэлтийг холбогдох этгээдэд гаргасан эсэхийг шалгах зорилготой бөгөөд энэхүү лавлагаагаар аливаа өвлөгч хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргаагүй байдаг.

5.2 Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан /бичгээр хүсэлтийг авсан, иргэний үнэмлэх, нас барсны бүртгэлийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, Хорооны Засаг даргын тодорхойлолт, Г-, В- нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа бусад өвлөгч өв хүлээн авах хүсэлт гаргасан эсэх талаарх лавлагаа зэрэг баримт/ учраас Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт зааснаар нэг жил өнгөрсний дараа өвийг хүлээн авсан хууль ёсны өвлөгч В-т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч нь ижил эрхтэй боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэх хугацаа, үндэслэлийг мөн хуулийн 528 дугаар зүйлд тодорхой заасан байх бөгөөд анхан шатны шүүх хугацаа хэтрүүлж өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргасан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь В-ийг гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ. Харин өвлүүлэгчийн төрсөн эх А- нь өв хүлээн авах хүсэлтийг 1 жилийн хугацаанд гаргасан эсэх нь тогтоогдоогүй.

5.3 Анхан шатны шүүх илт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Иргэний хууль болон Нотариатын тухай хуульд зааснаар хууль ёсны өвлөгч нь өв хүлээн авах хүсэлт гаргах, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргах, өвлөх эрхийн гэрчилгээ авах, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрх зүйн зохицуулалт байдаг. Харин өвлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримт бүрдүүлж байсан бол өвлөх эрхийн гэрчилгээ авна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Мөн гэрчүүд /Р.Дэжид, Б.Лхамжав, Б.Цэрэнлхам нар/ эх сурвалжаа тодорхой зааж чаддаггүй ба тэдгээрийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогддоггүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн аливаа өвлөгч нотариатч дээр бичиг баримт бүрдүүлэн очиж уулзсаныг хуульд зааснаар өв хүлээн авах хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтаар гэрчүүдийн мэдүүлэгт дурдаад байгаа бүхий л баримт бүрдсэн байсан гэдэг нь үгүйсгэгддэг.

5.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа миний бие 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд шамбарам өвчин хүндэрсний улмаас босож чадахгүй, эмнэлэг ч явж чадаагүй бөгөөд энэ хугацаанд шүүгчийн туслахтай тухай бүр утсаар холбогдон Баянзүрх дүүргийн шүүхийн албан ёсны и-мэйл хаягаар цахимаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ гаргаж байсан. Гэтэл хариуцагч талыг оролцуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хуульд заасан мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн, хариуцагчийн эзгүйд гэрчүүдээс мэдүүлэг авч хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй өгнө үү.

 

6. Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч А- гуай бидний маргаад байгаа Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 49-*** тоотод хүү Баатархүүтэй хоёул хамт амьдарч байхад хүү нас барсан гэж оршин суугаа газрын хаягийг худал хэлж байна. А- гуай Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 50-731 тоотод байрлах хашаанд амьдардаг. Тэрээр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 49-*** тоотод амьдарч байгаагүй. Энэ хаягт байрлах газар дээр талийгаач бид хоёр гэр бариад амьдарч байсан.

Хуульд заасны дагуу талийгаачийн хууль ёсны гэр бүл, эд хөрөнгийн өвлөгч В- миний бие 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаснаар надад өвлөх эрхийн 55 дугаартай гэрчилгээ олгосон. Газар өвлөх эрхийн гэрчилгээ нэг жилийн дараа гарсан. Нэхэмжлэгч А- гуай газар өвлөх тухай хүсэлтийг Нотариатын газар гаргаж байгаагүй. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Р.Дэжид, Б.Лхамжав, Б.Цэрэнлхам нар нь нэхэмжлэгч А-гийн ойрын төрөл садангийн хүмүүс, зээ охин, охин, төрсөн дүү нар байх бөгөөд бүгд илт худал мэдүүллээ.

Нэхэмжлэгч А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2021/0756 дугаар шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг зэргийг анхааралтай нягтлан үзэж, хэргийн нөхцөл байдалд тал бүрээс нь дүгнэлт хийн, анхан шатны шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В-т 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 255 дугаартай нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Хариуцагч болон гуравдагч этгээд нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Талийгаачийн эхнэр болон ээж нь Иргэний хуульд зааснаар нэгдүгээр өмчлөгч болно. Гэтэл нотариатч юуны өмнө үүнийг шалгах үүрэгтэй. Энэ тохиолдолд Нотариатын тухай хуулийн зорилго, зарчим бүх заалтыг зөрчсөн. Нотариатын тухай хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах гэсэн байна.

А- 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нотариат дээр очсон. А- нь нотариатч Б-д итгэж холбогдол өргөдлөө бичгээр гаргаж, газрын гэрчилгээ болон бусад өөрт байсан баримтаа тухайн үед гаргаж өгснийг хамт очсон гэрч нар мэдүүлдэг. Тухайн үед нотариатч Б- зөвлөгөө өгч дутуу баримтыг нь хэлж өгсөн. Хавтаст хэргийн 34 дүгээр талд байгаа лавлагааг нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Хэрэв А- нь нотариатч Б- дээр очоогүй бол 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дугаар сарын он, сар, өдөртэй лавлагаанууд хаанаас гарч ирэх вэ. Энэ хоёр хүн хоёулаа нэг нотариатчид очсон. Цаг хугацааны хувьд А- нь В-ээс өмнө очсон. Хариуцагч зөвлөгөө авсан гэдэгт маргадаггүй, он сар өдөр дээр маргадаг. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр очиж уулзсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа.

Мөн болсон бодит байдалд А- нь очиж зөвлөгөө аваад баримтаа бүрдүүлээд дахин очиход гэрлэлтийн гэрчилгээг хараад В-тэй уулз гэж явуулсан. Гэтэл нэхэмжлэгч В-ийг хайгаад олоогүй учир тухайн үед холбогдож чадаагүй. 2018 оны 10 дугаар сард В- нь нотариатч Б- дээр очоод ээж нь байдаг гэж хэлсэн талаар мэдүүлдэг. Энэ тохиолдолд нотариатч нь Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт материал шаардлагатай гэх үндэслэлээр тухайн үйлдлийг хойшлуулах шаардлагатай байсан. Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-д шаардлагатай баримт бүрдсэн тохиолдолд үйлдлийг хийнэ гэсэн байдаг. Иймд гомдлуудыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр талийгаач Г-гийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархад 49-*** тоот хаягт байрлах 400 м.кв газрыг өвлөх эрхийн 55 дугаартай гэрчилгээг В-т олгосон 255 дугаартай нотариатч Б-гийн үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

3.1 Г- нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан, В- болон Г- нар нь гэр бүл болж 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, А- нь талийгаач Г-гийн эх болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон /1хх 4, 59-60/.

 

3.2 Хариуцагч Б- нь В-т 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ...Г- нь Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархад 49-*** тоот хаягт албан ёсны бүртгэлтэй, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч В- байна... гэх тодорхойлолтыг үндэслэн олгожээ.

 

3.3 Хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн баримтаас үзэхэд өвлөх гэрчилгээ авахаар хүсэлт гаргахдаа В- нь Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархад 50-731 тоот хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхний хуулбарыг хүсэлтийн хамт гаргаж өгсөн байна.

Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.11 дэх хэсэгт өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолт /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/-ыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгохоор заасан.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасан өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэх нөхцөл байдлыг тодруулахад шаардагдах баримт зөрүүтэй байхад В-т өвлөх гэрчилгээ олгосон байна.

 

3.4 Иймд өвлөх эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах баримтыг Нотариатын үйлдэл хийх зааварт заасны дагуу нягтлан шалгалгүйгээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан нас барагчийн эхнэр, эх зэрэг хууль ёсны өвлөгчдөөс зөвхөн эхнэр В-т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт нийцсэн гэж үзэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүндэтгэн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг баримтаар нотлогдоогүй гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШЗ2022/22302 дугаар захирамжийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03919 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ