Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02135

 

 

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02135

 

 

А банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/02808 дугаар шийдвэртэй,

А банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Б ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 32,644,352 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тамир, хариуцагчийн өмгөөлөгч Л.Отгондорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар А банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилогдсон бөгөөд Банкны эрх хүлээн авагчийн тайлан тэнцэлд Б ХХК-аас 32,644,352 төгрөгийн авлага шилжин ирсэн. Үүнд: 1/. А банк ХХК-ийн өмчлөлийн эд хогшлыг Б ХХК нь худалдан борлуулдаг байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлсэн актаар хөрөнгө худалдан борлуулсны үлдэгдэл дүн 8,256,513 төгрөгийн өр төлбөр,

2/. Б ХХК нь 66,000 төгрөгийн үнэтэй камерын суурь хөлийг А банк ХХК-аас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр авсныг авлагын дансанд бүртгэсэн,

3/.2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 94 ширхэг компьютер тоног төхөөрөмж, 8 ширхэг утасны аппаратыг худалдан борлуулсан үнэ 15,999,000 төгрөг,

4/.2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зөөврийн модемыг худалдан борлуулсны үнэ 240,000 төгрөг,

5/. А банк ХХК, Б ХХК нар нь Орхон салбарын барилгын ажил гүйцэтгэх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19/17-07 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19/17-02 тоот нэмэлт гэрээнүүдийн дагуу тооцоо нийлж барилгын санхүүжилтийн зөрүү 27,887,052 төгрөгийн авлагын гүйлгээг тус тус бүртгэсэн байдаг.

Нийт 52,448,546 төгрөгийн авлагаас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 137,500 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 3,575,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр засварын ажлын хөлс 12,536,313 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,555,400 төгрөгийг, нийт 19,804,213 төгрөг төлснийг авлагын данснаас хасалт хийсэн. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний байдлаар нийт 32,644,352 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг өр төлбөрийг төлж барагдуулах талаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 245 тоот, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 387 тоот албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч Б ХХК-аас 32,644,352 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ажлын хөлсөнд А банк ХХК-аас төлсөн 27,887,052 төгрөгийг Лха трейд ХХК-д Б ХХК төлж дуусгасан гэдгийг тухайн үед гүйцэтгэх захирал байсан гэрч Г.Ганзориг шүүх хуралдаанд гэрчилж байна. Тооцоо нийлсэн актад энэ хүн өөрөө гарын үсэг зурж байсны хувьд мэдэж байгаа байх, манай авлагын бүртгэлд байгаа учраас нэхэгдээд байгаа юм.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нийт 52,448,546 төгрөгийн төлбөрөөс Б ХХК 19,804,213 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч энэ нь банкны татан буулгах ажиллагаатай холбогдуулан компанийн данснаас шууд татсан үнийн дүн юм. Үүнээс талууд 8,256,513 төгрөгийн өр авлага дээр тооцоо нийлж акт үйлдсэн. Энэ акт дээр талууд уг төлбөрийг бэлэн бусаар төлнө гэж тохирсон. Энэ нь банкны эд зүйлсийг засаад бусдад худалддаг үйл ажиллагаа байсан. Тэрний оронд өөр байдлаар, бартераар эд хөрөнгөөр барагдуулж төлнө гэж тохиролцсон. Тэгтэл мөнгөөр гаргуулна гэсэн нь үндэслэлгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлж төлбөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэл 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан учраас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Мөн камерын хөл, компьютерийн тоног төхөөрөмж, зөөврийн модем зэрэг эд хөрөнгүүдийг ямар нэгэн байдлаар хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Банк эдгээр эд хөрөнгийг заруулахаар Б ХХК-д хүлээлгэн өгсөн актаа гаргаж өгөхгүй учир хэн, хэзээ авсан нь мэдэгдэхгүй байна. Гагцхүү банк дотооддоо үүсгэсэн баримтаа гаргаад тэрнийхээ дагуу нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

А банк ХХК-ийн Орхон салбарын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгсөн 27,887,000 төгрөг нэхэж байгаа бол ямар гэрээг үндэслэн нэхэмжилсэн нь тодорхойгүй. Талууд тооцоо нийлээд туслан гүйцэтгэгч Лха трейд ХХК-д 50,750,000 төгрөгийг Орхон салбарын оффисын барилгын ажлын хөлсөнд төлөхөөр болсон. Гэтэл Б ХХК нь 45,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 5,750,000 төгрөгт Пронтер маркийн машин өгч төлбөрийг хаасан. Үүнийг тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан гэрч Г.Ганзориг тодорхой гэрчилж байна. Мөн банк Лха трейд ХХК-д өглөгтэй болсон гэвэл энэ өглөгийг банк биш Лха трейд ХХК нь нэхэмжлэх ёстой. Лха трейд ХХК авлага нь дууссан болохоор өнөөдөр ямар ч тооцоо байхгүй.

Хариуцагч 8,256,513 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, тооцоо нийлсэн актын дагуу бэлэн бусаар төлөхөөр бид зөвшөөрч тохиролцсон тул бэлэн бусаар төлөхийг зөвшөөрч байна. Бусад шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 399 дүгээр зүйлийн 399.1., 400 дугаар зүйлийн 400.3., 400.4.-т заасныг баримтлан хариуцагч Бишрэлт протертиз ХХК-аас 8,256,513 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,387,839 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12.-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 147,054 төгрөгийг гаргуулан улсын орлого оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй. Хариуцагч тал 8,256,513 төгрөгийг бэлэн бусаар төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Банкны эрх хүлээн авагчийн зүгээс энэ тал дээр маргахгүй болно.

Камерын хөлний үнэ 66,000 төгрөг, 94 ширхэг компьютер тоног төхөөрөмж, 8 ширхэг утасны аппаратыг 15,999,000 төгрөгөөр 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дансанд бүртгэсэн. Мөн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зөөврийн модемыг худалдан борлуулсны үнэ 240,000 төгрөгийн авлага бүртгэгдсэн. Иймд эдгээрийг гаргуулж өгнө үү.

Харин А банк, Б ХХК нар нь Орхон салбарын барилгын ажил гүйцэтгэх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19/17-07, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19/17-02 тоот нэмэлт гэрээний дагуу тооцоо нийлж барилгыг санхүүжилтийн зөрүү 27,887,052 төгрөгийн авлагын гүйлгээг хийж бүртгэгдсэн боловч энэ төлбөр одоо төлөгдсөн байгаа учир уг гомдлоос татгалзаж байна.

 

5. Нэхэмжлэгч талын гомдолд өгсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Эд хөрөнгө хүлээлцсэн актыг банкны тухайн үеийн нярав эд хөрөнгө хүлээлцсэн бол заавал баримт үйлдэнэ. Баримтгүйгээр гаргадаггүй гэж мэдүүлдэг боловч уг хөрөнгийг хүлээн авсан талаар баримт хэн алинд нь байхгүй учраас хүлээн авсан гэж үзэх боломжгүй.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хөрөнгө борлуулсны үлдэгдэл төлбөр 8,256,513 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд үйлдэгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа-гаар тохиролцсон дүн нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгө шилжүүлэх, борлуулах гэрээ-ний дагуу төлөх дүн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтад дурдагдсан зүйлгүй. А банк ХХК болон Б ХХК-ийн хооронд тухайн хөрөнгө борлуулах гэрээгээр хязгаарлагдахгүй, олон төрлийн төлбөрийн харилцаа үүсч байсан. Энэ талаар гэрчүүд мэдүүлж байгаа бөгөөд уг 8,256,513 төгрөг нь талуудын байгуулсан Хөрөнгө шилжүүлэх, борлуулах гэрээ-ний төлбөр биш болно. Тодруулбал, тухайн Хөрөнгө шилжүүлэх, борлуулах гэрээ-нд зааснаар худалдан борлуулсан хөрөнгийн үнийг А банк ХХК-д төлөх ёстой бөгөөд харин тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдсанаар уг 8,256,513 төгрөгийг Бэлэн бус тооцооны хэлбэрээр төлөхөөр тохирсон болно.

Мөн шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хариуцагч хүлээн зөвшөөрсөн эсхүл, тодорхой төлбөрийг төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасрахаас биш нэхэмжлэгч байгууллагын албан бичиг, дотоод бүртгэл дансны хуулга зэрэг баримт нь хөөн хэлэлцэх хугацаа тоолоход саад болохгүй. Түүнчлэн Б ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04-06 тоот албан бичиг нь аливаа байдлаар шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга байхгүй бөгөөд гагцхүү төлбөр тооцоо болон бусад асуудлаар ярилцах тухай агуулгатай болно. Тухайн уулзалт нь уг нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдахгүй бөгөөд өнөөдрийн байдлаар Б ХХК нь А банк ХХК-аас 12 тэрбум орчим төгрөгийн төлбөрийн авлагатай бөгөөд уг асуудлаар мөн А банк ХХК-ийн эрх хүлээн авагчтай уулзах шаардлагатай байдаг байсан. Түүнчлэн шүүхээс Б ХХК-ийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 19,804,213 төгрөгийг төлж барагдүулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс хуульд заасны дагуу банкийг татан буулгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Б ХХК-ийн А банк дахь данснаас зөвшөөрөлгүй суутгал хийж дээрх төлбөрүүдийг авсан болно. Эдгээр төлбөрийг Б ХХК төлөөгүй, тус маргааны төлбөр гэж үзэх боломжгүй. Иймд хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй, дууссан болно.

Мөн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 32,644,352 төгрөгөөс өмнө нь 27,887,052 төгрөгийн шаардлагыг хариуцагч нь Лха трейд ХХК-д төлж, 4,757,300 төгрөг үлдэж байх боловч, хариуцагчаас 8,256,513 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явагдах бөгөөд нэхэмжлэгч 32,644,352 төгрөг нэхэмжилснээс 27,887,052 төгрөгийн шаардлага урьд төлөгдсөн буюу үндэслэлгүй байгаа нь тогтоогдсон, нэхэмжлэлийн шаардлагын зөрүү нь 4,757,300 төгрөг байхад үүнийг нэмэгдүүлэн хариуцагчаас гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Гэрээнд хэдийгээр эд хөрөнгийг авсан хэдий ч худалдан борлуулж буцаан мөнгөн хэлбэрээр буцааж төлөх ёстой. Хариуцагч бэлэн болон бэлэн бусаар төлөхийг манай талаас татгалзаагүй. Харин эд хөрөнгийг асуудал нь гэрээний дагуу зохицуулагдана. Зарагдаагүй хөрөнгийн буцаан өгнө гэж байгаа боловч тооцоо нийлсэн актад хэдэн тооны хөрөнгө буцсан талаар бүртгэл байхгүй. Нэхэмжлэгч талд мөнгөн хэлбэрээр блансад бүртгэгдсэн байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. А банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Б ХХК-д холбогдуулан, авлага 32,644,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна:

3.1 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлсэн актаар хөрөнгө худалдан борлуулсны үлдэгдэл 8,256,513 төгрөг,

3.2 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр худалдан борлуулахаар авсан камерын суурь хөлний үнэ 66,000 төгрөг,

3.3 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр худалдан борлуулахаар авсан 94 ширхэг компьютер тоног төхөөрөмж, 8 ширхэг утасны аппаратны үнэ 15,999,000 төгрөг,

3.4 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр худалдан борлуулахаар авсан зөөврийн модемны үнэ 240,000 төгрөг,

3.5 Орхон салбарын барилгын ажил гүйцэтгэх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19/17-07 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19/17-02 тоот нэмэлт гэрээнүүдийн дагуу тооцоо нийлж барилгын санхүүжилтийн зөрүү 27,887,052 төгрөг,

3.6 Дээрх авлагын нийт дүн 52,448,546 төгрөг болох ба үүнээс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 19,804,213 төгрөг төлснийг авлагаас хасч 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар тооцож 32,644,352 төгрөгийг нэхэмжилжээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага 32,644,352 төгрөг төдийгүй түүний үндэслэл болж буй 52,448,546 төгрөгийн хэмжээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй ба нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэхгүй болно.

Мөн анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, дуусгавар болоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгч, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6 дахь хэсэгт зааснаар А банк ХХК-ийн эрх, үүрэг нь А банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4. А банк ХХК болон Бишрэлт протертиз ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Хөрөнгө шилжүүлэх, борлуулах гэрээ-гээр А банк ХХК нь өөрийн эзэмшилд буй хуучин эд хогшил, хөрөнгүүдийг худалдан борлуулах үнийг тогтоох, Бишрэлт протертиз ХХК нь тогтоосон үнийн дагуу хөрөнгийг худалдаж, борлуулалтын төлбөрөөс 15 хувийг хөлсөнд тооцон авах үүргийг тус тус хүлээжээ /хх 85/.

Анхан шатны шүүх дээрх гэрээний агуулга, хэрэгжсэн байдалд үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь хуульд нийцсэн.

 

4.1 Дээрх гэрээний дагуу талууд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хүлээлцсэн эд хөрөнгийн тооцоо нийлсэн акт үйлдэж, 8,256,513 төгрөгийн өр төлбөртэй талаар харилцан баталж, төлбөрийг бэлэн бус тооцооны хэлбэрээр авахаар тохиролцож, тухайн байгууллагуудын нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулжээ /хх27/.

Даалгаврын гэрээний харилцааны явцад уг тооцоо нийлсэн актаар тогтоогдсон 8,256,513 төгрөгийн төлбөр нь төлөгдөөгүй, хэдийгээр бэлэн бусаар, тухайн авсан эд хөрөнгөөр нь буцаан төлнө гэж хариуцагч маргаж буй боловч нэхэмжлэгчийн шаардах эрх, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх зэргийг харгалзан мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч нь нэхэмжилж буй 32,644,352 төгрөгөөс ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 27,887,052 төгрөг төлөгдсөн тул 8,256,513 төгрөг гаргуулах нь нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй гэж маргаж буй боловч энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд багтсан байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

4.2 Нэхэмжлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний дагуу худалдан борлуулсан хөрөнгийн үнэ болох камерын суурь хөл 66,000 төгрөг, зөөврийн модем 240,000 төгрөг, 94 ширхэг компьютер тоног төхөөрөмж, 8 ширхэг утасны аппаратын үнэ 15,999,000 төгрөгийг тус тус төлөгдөөгүй гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй. Энэ талаар гаргаж өгсөн мемориалын баримт, гүйлгээний баримт, гадны гүйлгээний дэлгэрэнгүй тайлан, дотоод дансы хуулга зэрэг нь нэг талын баримтууд учир нотолгооны ач холбогдолгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. /хх 17-26/.

 

5. Анхан шатны шүүх А банк ХХК, Б ХХК нар нь Орхон салбарын барилгын ажил гүйцэтгэх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 19/17-07 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19/17-02 тоот нэмэлт гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна, энэ гэрээний хүрээнд нэхэмжилж буй 27,887,052 төгрөг нь төлөгдсөн гэж хуульд нийцсэн дүгнэлтийг өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Талууд 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг хамруулан гэрээний хэрэгжилтийн талаар тооцоо нийлсэн акт үйлдэхэд А банк ХХК нь 22,862,948 төгрөгийг, Б ХХК нь 27,887,052 төгрөгийг, нийт 50,750,000 төгрөгийг Лха трейд ХХК руу төлөх үүргийг хүлээсэн байна. Хариуцагч нь өөрийн төлөх ёстой 27,887,052 төгрөгийг төлж барагдуулсан үйл баримт дээр нэхэмжлэгч маргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох гомдлоос татгалзсан татгалзсан тайлбар гаргасан байна.

 

6. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа нийт хуримтлагдсан 52,448,546 төгрөгийн авлагаас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчаас төлсөн гэх 19,804,213 төгрөгийг суутгаж нэхэмжлэл гаргасан болохоо тайлбарласан. Гэхдээ аль төлбөр тооцоонд ямар үндэслэлээр суутгасан нь тодорхойгүй тул дээрх 19,804,213 төгрөгийн төлөлтийг нэхэмжлэлийн үндэслэл болж буй 52,448,546 төгрөгөөс хасч тооцохгүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүрийн үндэслэлд хуульд нийцсэн дүгнэлтийг өгч хариуцагчаас 8,256,513 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,387,839 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

7. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2022/02808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ