Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00082

 

 

 

 

 

 

 

 

 

 

М ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/02102 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч И ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 20,250,000 төгрөг гаргуулах үндсэн, шаардах эрх шилжүүлэн авсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Даатгуулагч Э.Б гийн 00-00 УББ улсын дугаартай Lexus маркын автомашиныг 2020 оны 3 сарын 4-ний өдөр Т.Баярмагнай нь Сүхбаатар дүүрэгт орших Заан авто угаалгын газарт угаалгаж байх үед автоугаалгын газрын ажилтан Б.Султанбек нь 48-88 УБК улсын дугаартай Ланд круйзер 100 маркийн авто машиныг жолоодон хөдөлгөх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасныг зөрчин даатгуулагчийн тээврийн хэрэгслийг мөргөж 41,839,400 төгрөгийн хохирол учруулсан. Манай компани ослын улмаас даатгуулагчид учирсан 20,250,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Иргэний хуулийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж, мөн Даатгалын тухай хуулийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрх М ХК-д шилжсэн. Иймд гэм хорын хохирол учруулсан буруутай этгээдийн ажил олгогч И ХХК-аас даатгуулагчид төлсөн гэм хорын нөхөн төлбөр 20,250,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хохирогч Э.Б нь эрүүгийн хэрэгт мэдүүлэхдээ миний зүгээс угаалгын газарт ажиллаж байсан залуугаас өөрт учруулсан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн байдаг. Даатгалын компани нь гэрээний 6.2-т зааснаар зогсоолд байх үеийн даатгал гээд даатгуулагчаас хураамж авч гэрээ байгуулсан. Даатгалын гэрээний үүргээ биелүүлчихээд буцаагаад гуравдагч этгээдээдс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 443.7-д даатгуулагч зөвшөөрсөн байхыг шаарддаг ба нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээг харилцан тохиролцож хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл даатгуулагчийн хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл байгаад байхад нэхэмжлэл гаргаад байгаа. Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх гэрээнд нэг тал нь гарын үсэг зураагүй. Гэм хорын даатгалын гэрээ байгуулаагүй даатгалын гэрээ байгуулсан. Нэхэмжлэх эрх М ХК-д байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч И ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Эрх шилжүүлэх гэрээний зүйл нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг үндэслэн харилцан тохиролцож байгуулсан, гэрээний 1 5.1-д зааснаар нэхэмжлэх эрхийг эрх шилжүүлэн авагч М ХК-д шилжүүлэхтэй холбоотой болон гэрээнд 2 тал гарын үсэг зурснаар хүчинтэйд тооцохоор заажээ. Гэтал гэрээнд даатгуулагч гарын үсэг зураагүй байгаа нь гэрээний 5.1-д заасан нь хэрэгжих боломжгүй, баталгаажуулаагүй гэж үзнэ. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-т зааснаар даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөлөгдөнө гэсний дагуу даатгуулагч анхнаасаа гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан байхад даатгагч төлбөрийг нөхөн төлжээ. Энэ нь хохирогч Э.Б гийн ...миний зүгээс авто угаалгын газарт ажиллаж байсан буюу зам тээврийн осол гаргасан залуугаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхгүй, гомдол саналгүй... гэх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолд байгаа мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд дээрх бодит байдлаас дүгнэлт хийхэд нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ нь баталгаажаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчээс даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрх шилжүүлэн авсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Даатгагч нөхөн төлбөр олгосон бол Иргэний хууль, Даатгалын тухай хуульд зааснаар хохирол нэхэмжлэх эрх нь даатгагчид шилждэг бөгөөд заавал бичгээр нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авахыг зохицуулаагүй. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагагүй. Даатгуулагч нь даатгагчаас даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр авахаар хүсэлтээ гаргаж, материал бүрдүүлж өгсний дагуу манайх нөхөн төлбөрийг олгосон. Түүнчлэн даатгуулагч Э.Б нь эрүүгийн хэргийн үед өөрийн гаргасан гомдлоосоо татгалзсан эсэх нь даатгагчийг даатгалын нөхөн төлбөр олгох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар хариуцагч И ХХК-иас 20,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-нд олгож, гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 259,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 259,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасан хуулиар шаардах эрх даатгагчид шилжинэ гэж дүгнэхдээ даатгуулагч татгалзсан бол нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэсэн заалтыг 2 өөрөөр тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, хуулиар мөнгийг шилжүүлсэн, даатгагчийн үүрэгтэй холбоотой харилцаа хамаарах бөгөөд үгүйсгэх үндэслэл болохгүй гэж 2 өөрөөр тайлбарласан. Даатгалын гэрээний нөхөн төлбөр шилжүүлсэн асуудлаар маргаагүй гэж дүгнэсэн ба нэхэмжлэгч шилжүүлсэн дансны хуулгыг шүүхэд гарган өгч нөхөн төлбөр төлсөн гэдэг. Гэтэл даатгуулагч нөхөн төлбөрийг авсан эсэх нотлох баримтгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байхад маргаагүй гэж шүүх дүгнэсэн.

Сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар анхнаасаа байгуулагдаагүй буюу үр дагавар үүсэхгүй гэж тооцсон. Эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй учир эрх шилжүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Гэтэл хуулиар шилжүүлсэн байна гэж заасан. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан ба уг үүргээ даатгуулагч биелүүлсэн эсхүл даатгагч нь биелүүлсэн эсэх яригдана. Эрх шилжүүлэх баримт бичиг гаргах ёстой атал гаргаагүй. Даатгалын компани эрх шилжүүлэх гэрээний төсөл гаргаж, өөрсдөө гарын үсэг зурж нөгөө хүнийг зуруулахаар оролдсон ба нэхэмжлэгч тал гарын үсэг зураагүй, зөвшөөрөөгүй гэж тайлбарладаг. Иймд татгалзсан гэж үзэх үндэслэл бүрэн байхад өөрсдөө гэм хорын хохирол гэж мөнгө шилжүүлээд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Даатгуулагч хүсэлт гаргасны дагуу мөнгийг шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг ч хүсэлт нь хэрэгт авагдаагүй. Мөнгийг дансаар шилжүүлснийг төлсөн гэж үзэх эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Татгалзах нь даатгуулагчийн эрхийн асуудал ба эрүүгийн хэрэгт даатгуулагч би н.Султанбекээс юу ч нэхэмжлэхгүй гэж хэлсэн. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг хэрхэн хэрэглэх талаар Улсын Дээд шүүхийн тайлбар байдаг. Гэм хорын хохирлоор тухайн хүнээс нэхэмжилнэ эсхүл даатгалыг компаниар төлүүлж эрхээ шилжүүлнэ. Ийнхүү тухайн мөнгийг даатгалын компани олж авах зохицуулалттай. Гэтэл эрх шилжүүлэх гэрээг байгуулаагүй атлаа мөнгийг шилжүүлсэн гэх банкны баримтаар гэм буруутай этгээдээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч нөхөн төлбөр авах эрхээсээ татгалзсан бол гэж заасан. Осол болох үед даатгуулагч даатгалын компанид мэдэгдэж, даатгалын гэрээнд зааснаар нөхөн төлбөрийн материалаа бүрдүүлэн өгч, нөхөн төлбөр авах хүсэлтээ гаргасан. Даатгуулагчийн автомашинд нийт 42,789,000 төгрөгийн хохирол учирснаас авто угаалгын газар гарсан учраас үүнийг зогсоолд байх үеийн эрсдэл гэж үзэн даатгалын гэрээний 6.2-т заасан сонголт 200 даатгалын төрлөөр 20,000,000 төгрөгийн нөхөн төлбөр олгоно гэж заасны дагуу үнэлгээний зардал 250,000 төгрөг нэмэгдэж, 20,250,000 төгрөгийг манайх шилжүүлсэн. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөнгө шилжүүлсэн баримтаар нөхөн төлбөр төлсөн гэж тооцогдох ба төлбөр шилжүүлсэн баримтаа шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч шалгуулах боломжтой байсан. Даатгуулагч Э.Б 42,789,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн ба бид зогсоолд байх үеийн эрсдэл гэж үзэн 20,000,000 төгрөг олгохоор шийдсэн учир даатгуулагч уг мөнгийг зөвшөөрөөгүй учир гэрээнд гарын үсэг зураагүй. Хуульд эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулснаар шаардах эрх шилжих заалт байхгүй, гэм хорын гэрээ ч тусдаа байгуулах шаардлагагүй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч нь төлбөрийг Б.Султанбекээс авахаас татгалзсан гэж хариуцагч тайлбарласан ба манайх Б.Султанбекээс биш Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар ажил олгогч И ХХК-иас нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч И ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 20,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

4. Даатгуулагч Э.Б , М ХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 00-00 УББ улсын дугаартай, LEXUS маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан, гэрээгээр даатгагч М ХК нь даатгалын тохиолдолд бий болоход даатгуулагч Э.Б гийн эд хөрөнгөд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөхөөр харилцан тохиролцсон, талууд гэрээг хэрхэн нэрлэснээс үл хамааран тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 341.1, 443.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн гэм хорын даатгалын гэрээний харилцаа үүссэн байна. Даатгуулагч нь 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хариуцагч И ХХК-ийн Заан авто угаалгын газарт тээврийн хэрэгслийг угаалгаж байх үед даатгалын тохиолдол бий болж, эд хөрөнгөд нь 41,839,400 төгрөгийн хохирол учирсан нь Кости-Эстимейт ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний тайлан, Таванбогд ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоол, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх 10-15, 18-22, 38-46/

5. Даатгуулагчид учирсан дээрх 41,839,400 төгрөгийн хохирлоос даатгалын нөхөн төлбөрт 20,250,000 төгрөгийг даатгагч М ХК төлсөн нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн мөнгөн Шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байна. Иймд уг баримтаар нөхөн төлбөрийг даатгуулагч авсан гэж дүгнэнэ. /хх 7-8/

6. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасан байх ба ийнхүү хуульд заасан зохицуулалтыг даатгуулагч Э.Б , даатгагч М ХК нарын хооронд байгуулсан 1911007610003 тоот гэрээний 6.7-д Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж зааснаар гэрээнд тусгасан нь ач холбогдолгүй боловч хууль зөрчсөн гэж дүгнэхгүй юм.

Иймд хуульд зааснаар хохирлыг буруутай этгээдээс нөхөн төлүүлэхийг шаардах эрх нь нэхэмжлэгч М ХК-д шилжсэн байх тул Б.Султанбекийн гэм буруутай үйлдлийн улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг түүнийг ажиллуулж буй ажил олгогч И ХХК хариуцах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт нийцнэ. Анхан шатны шүүх ариуцагч И ХХК-иас 20,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байгааг залруулах нь зүйтэй гэж дүгнэв. Харин хуульд зааснаар гэм хорын хохирлыг шаардах эрхийг шилжүүлэхийг зохицуулсан Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсгийн зохицуулалт нь гэм хорын хохирол шаардах эрхийн үндэслэлд хамаарах юм. Иймд уг заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу болжээ.

7. Даатгуулагч Э.Б нь гэм буруутай этгээдээс хохирлыг шаардах эрхээсээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан, талууд гэм хорын даатгалын гэрээ байгуулаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Б.Султанбекэд холбогдох эрүүгийн 2009009380246 дугаартай хэрэгт Э.Б г 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор тогтоож, хохирогч Э.Б ...миний зүгээс авто угаалгын газар ажиллаж байсан залуугаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй... гэж мэдүүлснийг үндэслэн даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авах эрхээс татгалзсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. /хх 41, 92/

Учир нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Б.Султанбекийн ажил олгогч И ХХК-иас шаардах эрхээсээ татгалзаагүй, татгалзсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй учир даатгагч гэрээний үүргээ биелүүлснээр даатгуулагчид учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх нь түүнд хууль болон гэрээнд зааснаар шилжсэн байна.

8.Нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах хэлцэл гэх баримтад Э.Б гарын үсэг зураагүй, уг хэлцэл хийгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл зөв болжээ.

9.Шүүх хуралдаанд С.Нандин-Эрдэнэ, Ж.Гарьд нар иргэдийн төлөөлөгчөөр оролцож дүгнэлт гаргасан ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас сонгогдоогүй Ж.Гарьдыг шүүх хуралдаанд оролцуулжээ. Гэсэн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар сонгогдсон иргэдийн төлөөлөгч С.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд оролцож хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлтээ гаргасан байх тул энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил буюу сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ. /хх 59-60, 123-124, 151-157/

10.Мөн шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэх үндэслэл тогтоогдсонгүй.

11.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/02102 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...443 дугаар зүйлийн 443.7... гэснийг ...510 дугаар зүйлийн 510.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч И ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ