Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2019/0022

 

 

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаарh221/МА2019/0022 

Улаанбаатар хот

 

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 119/ШШ2018/0035 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б-н нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Авто тээврийн төв, Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 119/ШШ2018/0035 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Д.Бийн “Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Авто тээврийн төвийн иргэн Д.Б-тэй аймаг доторх такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй, Стандарт хэмжил зүйн хэлтсийн тохирлын баталгаанд хамруулахгүй байга эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, тохирлын баталгаанд хамруулахыг Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст, аймаг дотор такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахыг Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Авто тээврийн төвд тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч Д.Б нь Таксийн үйлчилгээ MNS 5122:2013 стандартын “хамрах ба хэрэглэх хүрээ” гэсэн 2 “Энэхүү стандартыг таксийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, “таксийн жолооч’ мөн “иргэн” гэж тус тусад нь зохицуулсан байгаагаас дүгнэхэд “иргэн” гэдэгт такси үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэнийг тодорхойлсон байна гэж шүүх үзлээ...” гэсэн нь огт үндэслэлгүй юм. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан стандартад “Зорилго” гэсэн хэсэгт “Энэхүү стандарт нь таксийн үйлчилгээг зохион байгуулах, нийтлэг шаардлагыг тогтоох, тавих, ажил үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэсэн байна. Үүнээс үзвэл МNS 5122:2013 стандарт нь таксигаар үйлчлүүлэгч иргэн огт хамааралгүй бөгөөд бодит байдал дээр зорчигчид стандартын шаардлага тавих нь асуудал огт байж болохгүй юм. Гэтэл шүүх дээрх стандартыг буруу тайлбарлаж зорчигч иргэн уг стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй мэт тайлбарласан нь буруу болжээ. Иргэн миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт ганцаараа такси үйлчилгээ эрхлэхийг хүсэж Засаг дарга, Авто тээврийн төв, Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст хандаагүй бөгөөд тогтоосон тодорхой маршрутын хүрээнд такси үйлчилгээ эрхлэхийг хүссэн болно. Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс нь тохирлын баталгаанд хамруулах үйл ажиллагааг огт явуулаагүй атлаа стандартын шаардлагыг хангахгүй байгаа гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байтал шүүх Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийг буруутгах боломжгүй гэж үзсэн нь буруу болсон. Мөн Авто тээврийн тухай хуульд иргэн нь хот доторх такси үйлчилгээ эрхэлж болохгүй гэсэн хориглосон заалт байхгүйг шүүх анхаарч үзэж үүнд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Б-с “Орхон аймгийн Засаг дарга болон Авто тээврийн төвийн иргэн Д.Б-тэй аймаг доторх такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахгүй, Стандарт хэмжил зүйн хэлтсийн тохирлын баталгаанд хамруулахгүй байгаа зэрэг эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, тохирлын баталгаанд хамруулахыг Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст, аймаг дотор такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахыг Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн авто тээврийн төвд тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх холбогдох хууль болон стандартыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тодруулбал, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5122:2013” стандартын 5 дугаар зүйлийн 5.1.1-д таксийн ажил, үйлчилгээ эрхлэх этгээд нь “Такси үйлчилгээг гүйцэтгэх жолооч, мэргэжлийн боловсон хүчний чадавхитай байх”, 5.5-д “...нийслэлд 30, хөдөө орон нутагт 15-аас доошгүй такситай, үүний 60-аас доошгүй хувь нь өөрийн өмчлөлийнх байна”, 5.8.1-д “Техникийн оношлогоо, засвар үйлчилгээний зориулалтын байртай байх”, 5.8.2-д “Дулаан гарааштай /нийт таксины 60 %-иас дээш хувийг хадгалах багтаамж бүхий/ байх”, 5.8.3 “Автомашины угаалгын байртай байх”-аар заасан шаардлагуудыг нэхэмжлэгч Д.Б хангаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Иймд, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.2 /...үндэсний стандартыг заавал мөрдөнө/-д зааснаар холбогдох стандартын шаардлагыг хангаагүй Д.Б-г Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс тохирлын баталгаанд хамруулаагүй эс үйлдэхүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б-д “...харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, ...стандартын биeлэлтийг хангуулах”-аар заасан нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлж Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 /Тээвэрлэлтийг Иргэний хууль1 болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ/-д заасан аймаг доторх такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй Орхон аймгийн Засаг дарга болон Орхон аймгийн Авто тээврийн төвийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

 Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 119/ШШ2018/0035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТБААТАР

                   ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН

                   ШҮҮГЧ                                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН