Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 35

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАЗД, ОААТТөв, ОАСХЗХ-т тус тус холбогдох

            “ОАЗД, АТТ-ийн иргэн Д.Б-тэй аймаг доторх такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй, СХЗХ-ийн тохирлын баталгаанд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, тохирлын баталгаанд хамруулахыг ОАСХЗХ-т, аймаг дотор такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахыг ОАЗД, ОААТТөвд тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2018/0029/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Я, ОААТТөвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, ОАСХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2005 оноос хэдэн нөхдийн хамт Орхон аймгийн 1-р хороололын 5 дугаар байрны дэргэдээс такси үйлчилгээ эрхэлж ирсэн. 2007 онд “ББ-Од” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй гэх шалтгаанаар би таксины зогсоол түрээсээр ажиллуулахаар 2014 он хүртэл гэрээ байгуулсан. 2015 оноос би “ББ-ОД” ХХК-д Автотээврийн хуулиар зорчигч тээвэрлэлтийн гэрээ байгуулж ажиллая гэж хүсэлт гаргасан боловч зөвшөөрөөгүй. 2016 онд Авто тээврийн улсын байцаагч Ариунболд, Мөнхчулуун хоёр зогсоол дээр ирж миний бүх бичиг баримтыг хурааж авсан. Яагаад гэвэл та гэрээ байгуулаагүй байна гэж бичиг баримт хурааж аваад жил гаруй надад бичиг баримтыг минь өгөөгүй. 2017 онд Авто тээврийн үндэсний төвд албан тоот бичиж нэг жилийн дараа бичиг баримтаа авсан. 2016 онд “ББ-ОД” ХХК нь зорчигч тээвэрлэлтийн гэрээ байгуулахгүй байна гэсэн үндэслэлээр иргэний хэргийн шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр нь намайг өөрөө хүсэлт гаргаагүй байна гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон. Авто тээврийн хуулиараа  аж ахуйн нэгж  АТТ-тэй гэрээ байгуулах ёстой юм шиг байгаа юм. 2018 онд аЗДд гэрээ байгуулж, авто тээврийн такси үйлчилгээ эрхэлье гэж хандсан боловч та АТТ рүү хандана уу? гэсэн хариу өгсөн. АТТ-д мөн албан тоот бичсэн чинь та тохирлын баталгаанд хамрагдсан гэрчилгээгээ аваад ир, тэгвэл гэрээ байгуулъя гэсэн. Тэгэхээр нь СХЗХ-т хандсан чинь таныг АТТ-тэй гэрээ байгуулахаар хамруулна гэж хэлсэн. Ингээд Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Орхон аймгийн СХЗХ-ийн тохирлын баталгаанд хамруулахгүй байгаа эс үйлдэхүй, ОАЗД, ОААТТөв нь иргэн Д.Б-тэй аймаг доторх такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, тохирлын баталгаанд хамруулахыг ОАСХЗХ-т, аймаг дотор такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахыг ОАЗД болон ОААТТөвд тус тус даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

Хариуцагч ОАЗД шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Автотээврийн тухай хуульд аймаг, нийслэлийн Засаг дарга нь нийтийн тээврийн үйлчилгээг тухайн нутаг дэвсгэрт зохицуулахаар хуульчилсан боловч “Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах” гэж аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа албаараа дамжуулан нийтийн тээврийн үйлчилгээний замын чиглэл, шугам, цагийн хуваарь зэргийг батлах, тээвэрлэлтийн үйлчилгээний чанарыг сайжруулах талаар арга хэмжээ авах, тээвэрлэлтийн гэрээний үнэ тарифын дээд хязгаарыг тогтоох зэрэг ажиллагааг хамааруулан ойлговол зохино.” гэж Улсын дээд шүүхээс тайлбарласан байна.     

Нэхэмжлэлд хариуцагчаар ОААТТөв, СХЗХ-ийг татсан нь дээрх чиглэлийн үйл ажиллагааг шууд зохион байгуулах, зохицуулах байгууллагууд юм. Аймгийн Засаг даргын зүгээс тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулдаггүй, тохирлын баталгааг олгодоггүй, нэхэмжлэлд дурдсан эс үйлдэхүй байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт авто тээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан тухайн нутаг дэвсгэрт авто тээврийн талаар баримтлах бодлого боловсруулж хэрэгжүүлэх гэсэн байгаа. Мөн хуулийн 7.1.4 дэх хэсэгт нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах гэж заасан байгаа. Энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд аЗД шууд хэрэгжүүлэхгүй. АЗД тухайн орон нутагтаа тээвэр хариуцсан албаар дамжуулан хэрэгжүүлдэг. АЗДас энэ нь та АТТ-д хандана уу? гэсэн албан тоот, тайлбарыг өгсөн. АТТ-д хандаад, АТТ судалж шалгаж үзээд гэрээ байгуулахаар бол АТТ-өөсөө СХЗТ-д очиж тохирлын үнэлгээ хийлгэж баталгаагаа аваад Засаг дарга дээр ороод гэрээ байгуулдаг. Засаг дарга шууд гэрээ байгуулахгүй. Өөрийнхөө тээврийн албаараа дамжуулдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Хариуцагч ОААТТөвөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ОААТТөв нь Монгол Улсад мөрдөгдөж буй Автотээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Засаг даргын А/71 тоот захирамж, аймгийн нийтийн тээврийг боловсронгуй болгох ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, такси үйлчилгээний зогсоолуудыг шинэчилж гаргасан А/548 тоот захирамжийн дагуу нийтийн тээврийн тогтолцоо, такси үйлчилгээг боловсронгуй болгож таксометр ба тоолууржуулах, үйлчилгээг төрөлжүүлэн оновчтой зохион байгуулан Засгийн газрын 127-р тогтоолын хүрээнд стандартын шаардлага хангасан “Тохирлын гэрчилгээ” бүхий тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй зорчигч тээвэрлэлтийн гэрээ байгуулан ажиллаж байна.

...Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 127 дугаар тогтоол, нийтийн тээвэр, такси үйлчилгээний MNS 5122:2013 стандартын 5 дугаар хэсгийн “Тээвэрлэгчдэд тавигдах шаардлага”-ын 5.1 дэх зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.4 дэх заалтын шаардлагыг хангаагүй учир иргэн Д.Б-тэй зорчигч тээвэрлэлтийн гэрээ байгуулж ажиллах боломжгүй юм.” гэжээ.

Хариуцагч ОААТТөвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Авто тээвэр нь 4 чиглэлд, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулж, зохион байгуулах үүрэг хүлээж ажилладаг. Энэ чиг үүргийн дагуу тээвэрлэгч аж ахуйн нэгж компаниудтай Автотээврийн тухай хууль тогтоомж, стандартын шаардлага хангаж хүсэлт гаргасан тохиолдолд гэрээ байгуулж ажилладаг. Д.Б-тэй гэрээ байгуулахгүй байгаа үндэслэл нь холбогдох хууль тогтоомж, стандартад шаардлага хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулна гэж заасантай холбоотой. Этгээд гэдгийг бид нар ойлгохдоо аж ахуйн нэгж, компани, хоршоо гэж ойлгож байгаа. Иргэн гэж байхгүй. Зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээ байгуулна гэсэн байгаа. Зайлшгүй татгалзах зүйл бол стандартын шаардлагыг хэлээд байгаа юм. Монгол улсад гол баримталж  байгаа MNS 5022:2013 гэсэн стандарт байгаа. Энэ стандартын 5 дугаар зүйл нь бүхэлдээ тээвэрлэгч нарт тавигдах шаардлага. Энэ заалтыг бүрэн хангаж байгаа аж ахуйн нэгж, компаниудтай бид нар гэрээ байгуулж ажилладаг.” гэв.

Хариуцагч ОАСХЗХ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”Монгол улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2005 оны 127-р тогтоол”-оор Нийтийн тээврийн үйлчилгээг заавал баталгаажуулалтад хамруулахаар тогтоосны дагуу баталгаажуулалтын байгууллага нь дээрхи үйлчилгээг “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ-Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартад нийцэж буйг тогтоож, тохирлын үнэлгээг явуулдаг. Энэ ажлын чиглэлээр иргэн Д.Б-ийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээнд хамрах тухай хүсэлтийг хүлээн авч, үнэлгээний ажлын хэсэгт танилцуулахад ажлын хэсэг хуралдаад үнэлгээ хийх боломжгүй хариуг өгсөн. Үнэлгээний ажлын хэсэг нь аймгийн АТТ-ийн дарга, СХЗХ-ийн дарга нарын хамтран баталсан удирдамжийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг тохирлын үнэлгээг хийж, дүгнэлт гаргадаг.

... Ажлын хэсэг хуралдаад дараахь шийдвэрийг гаргасан. 1. Иргэн Д.Б нь аймгийн АТТ-тэй зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх чиглэлээр гэрээ байгуулаагүй. 2. Стандартын 5.1.3-т тээвэрлэгч нь аж ахуйн нэгж, байгууллага байх шаардлагатай байдаг. Иймд иргэн Д.Б-ийн хүсэлтийн дагуу үнэлгээ хийх боломжгүй байна. 3. Такси үйлчилгээ-Ерөнхий шаардлага  MNS 5122:2013 стандартын 5.2 дугаар заалт болон бусад шаардлагыг хангаж, АТТ-тэй зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулсаны дараа үнэлгээ хийх боломжтой гэсэн шийдвэрийг гаргасан.” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн СХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ асуудлыг нэг биш удаа ярьж байгаа. Д.Б нь манайд хүсэлт өгсөн. Хүсэлт нь такси үйлчилгээ эрхэлмээр байна, тохирлын баталгаанд хамруулж өгөөч гэсэн байдаг. Бид нар Д.Б-ийн хүсэлтийг үндэслээд арга зүйн зөвлөмжөөр хангасан. Үйлчилгээ явуулахад шаардлага хангаагүй байна гэдгийг нь тайлбарлаж хэлсэн. Манай байгууллага хүсэлт хүлээж аваад ажлын хэсэг байгуулдаг. Ажлын хэсэгт бүх чиглэлийн мэргэжлийн хүмүүс оролцоод үнэлгээг хийдэг. Үнэлгээг хийлгэх хүсэлтийг нь хүлээж аваад ажлын хэсгээ бүрдүүлж ажлын хэсгээ цуглуулаад хуралдсан. Д.Б-ийн хүсэлтийг үзээд тохирлын үнэлгээ хийх шаардлага нь бүрдээгүй байна, Монгол Улсын заавал мөрдөх стандартын MNS 5022:2013 шаардлагыг хангаагүй байна гэсэн. Энэ стандартад бүх заалтыг нь зааж өгсөн байгаа. Энэ стандартыг барьж үнэлгээ хийдэг. Д.Б нь MNS 5022:2013 гэсэн стандартын хүрээнд 5 дугаар заалтанд тээвэрлэгчид тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй. Стандартын 5.2 дахь хэсэгт тээвэрлэгч нь аймаг, нийслэлийн авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байх гэсэн байгаа. Авто тээврийнхээ төвтэй байгуулсан гэрээгээ бид нарт авчирч өгөх байсан. Д.Б-ийн материал нь бүрэн бүрдээгүй байсан, арга зүйн зөвлөмжөөр хангаад материалаа бүрдүүлээд ир гэхээр 3 ширхэг гражийн баримт бичиг авч ирсэн. Стандартын шаардлагыг цааш нь хараад газар дээр нь очоод үнэлэх гэхээр үнэлэх зүйл байхгүй байсан. Тэгээд ажлын хэсгийн шийдвэр гарсан. Шийдвэр нь иргэн хүнтэй гэрээ байгуулж болохгүй гэж АТТ-өөс албан бичиг ирсэн байгаа. АТТ-тэй байгуулсан гэрээ байхгүй байсан учраас манайхаас үнэлгээ хийх боломжгүй. Стандартыг нь цааш харвал угаалгын газар, авто засварын газартай байх ёстой, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан байх ёстой гэсэн байгаа. Д.Б-тэй ашиг сонирхлын зөрчилдөөн байхгүй. Өгөхгүй гээд хүчээр хэлээд байгаа зүйл биш. Хууль, дүрэм, журам, стандартын шаардлагаа хангаад ир, бид нар үнэлээд өгье гэж хэлсэн. Манайхаас арга зүйн зөвлөмжийг хоёр удаа өгсөн. Ойлголоо гээд гардаг буцаад ирдэг. Гэрээ байгуулж ирсэн бол ажлын хэсэг үнэлгээ хийх боломжтой байсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б-ийн ОАЗД,  ОААТТөв, ОАСХЗХ-т тус тус  холбогдуулан гаргасан “ОАЗД, АТТ-ийн иргэн Д.Б-тэй аймаг доторх такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй, СХЗХ-ийн тохирлын баталгаанд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, тохирлын баталгаанд хамруулахыг ОАСХЗХ-т, аймаг дотор такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахыг ОАЗД, ОААТТөвд тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. ОАЗД, ОААТТөвийн иргэн Д.Б-тэй аймаг доторх такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй, Орхон аймгийн СХЗХ-ийн тохирлын баталгаанд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Иргэн  Д.Б мэргэжсэн жолооч учраас өөрийн эзэмшлийн зүүн гар талдаа жолооны хүрдтэй автотээврийн хэрэгсэлээр такси үйлчилгээ эрхлэх боломжтой гэж үзэн ОААТТөв болон аЗДд хандсан боловч гэрээ байгуулаагүй, ОАСХЗХ тохирлын үнэлгээ хийхгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /б/ “ өмчийн бүх төрөл, хэлбэрт тулгуурлан харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биелэлтийг хангуулах” гэж, 

            Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 “нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах”, 9 дүгээр зүйлийн 9.1 “Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ.” 3 дугаар зүйлийн 3.1.4 “Тээвэрлэлт гэж автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг”, 9 дүгээр зүйлийн 9.1.3 “ Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын, стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, зорчигчийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.” гэж,

             Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “тохирлын үнэлгээ” гэж бүтээгдэхүүн, эсхүл байгууллага нь стандарт, техникийн зохицуулалт, холбогдох норматив баримт бичигт заасан үзүүлэлт, шаардлагад тохирч байгаа эсэхийг шууд буюу шууд бус байдлаар тодорхойлох үйл ажиллагааг”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартыг заавал дагаж мөрдөнө.” гэж  тус тус хуульчилсан байна.

            Дээрхи хуулиудад АЗД, ОААТТ болон Орхон аймгийн СХЗХ-ийг нийтийн тээврийн /такси/ үйлчилгээг  эрхлүүлэх тухай гэрээ байгуулж, тохирлын баталгаа хийж, гэрчилгээг олгохдоо стандартын биелэлтийг хангуулж, заавал дагаж мөрдүүлэхээр заажээ.

              Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Монгол Улсын “Такси үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS5122:2013“-ын стандартыг баталсан байна. Энэхүү стандартын “Тээвэрлэгчид тавих ерөнхий шаардлага” гэсэн 5 дахь хэсгийн 5.1.1 “Такси үйлчилгээг гүйцэтгэх жолооч, мэргэжлийн боловсон хүчний чадавхитай байх.”, 5.1.4 “Тээвэрлэгч нь таксийн үйлчилгээг гүйцэтгэх санхүү, эдийн засгийн чадавхитай байх.”, 5.5 “ Тээвэрлэгч нь  ...хөдөө орон нутагт 15-аас доошгүй такситай, үүнээс 60-с доошгүй хувь нь өөрийн өмчлөлийнх байна.”, 5.8.1 “Техникийн оношлогоо, засвар үйлчилгээний зориулалтын байртай байх.,” 5.8.2 “Дулаан гарааштай /нийт таксийн 60 %-иас дээш хувийг хадгалах багтаамж бүхий/ байх.”, 5.8.3 “Автомашины угаалгын байртай байх.” зэрэг стандарт шаардлагыг такси үйлчилгээ эрхлэгч заавал дагаж мөрдөхөөр зохицуулжээ.

            “Таксийн үйлчилгээ MNS5122:2013” стандарт шаардлага нь такси үйлчилгээг аж ахуйн нэгж байгууллага гүйцэтгэх шаардлагатай ба иргэн хүн өөрийн эзэмшлийн нэг тээврийн хэрэгслээр дээрхи шаардлагуудыг хангаж такси үйлчилгээг эрхлэх боломжгүйг, нэхэмжлэгч Д.Б нь дээрхи стандартын ерөнхий шаардлагыг  хангаагүй болох нь түүний нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

            Нэхэмжлэгч Д.Б нь Таксийн үйлчилгээ MNS5122:2013 стандартын “Хамрах ба хэрэглэх хүрээ” гэсэн 2 “Энэхүү стандартыг таксийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, таксийн жолооч, хэрэглэгч байгууллага, иргэн дагаж мөрдөнө.” гэж заасан учраас иргэний хувьд такси үйлчилгээг эрхлэж болно гэж тайлбарласан боловч дээрхи заалтад “таксийн жолооч” мөн ”иргэн” гэж тус тус нь зохицуулсан байгаагаас дүгнэхэд “иргэн” гэдэгт такси үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэнийг тодорхойлсон байна гэж шүүх үзлээ.

            Иймээс хариуцагч ОАЗД, ОААТТөв, ОАСХЗХ Таксийн үйлчилгээ MNS 5122:2013 стандартын шаардлагыг хангаагүй гэж үзэн иргэн Д.Б-тэй такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж, тохирлын гэрчилгээ олгоогүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

            2. Тохирлын баталгаанд хамруулахыг ОАСХЗХ-т, аймаг дотор такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахыг ОАЗД, ОААТТөвд тус тус даалгах шаардлагын тухайд:

            Нэгэнт шүүх нэхэмжлэгч Д.Б-тэй ОАЗД, ОААТТөв  гэрээ байгуулаагүй болон ОАСХЗХ-т тохирлын баталгаанд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн учраас ОАЗД, ОААТТөвд аймаг дотор такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахыг, ОАСХЗХ-т тохирлын баталгаанд хамруулахыг тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

            Харин нэхэмжлэгч Д.Б нь Автотээврийн тухай хууль болон стандартын шаардлага хангасан үедээ холбогдох захиргааны байгуулагад хандаж такси үйлчилгээ эрхлэх тухай гэрээ байгуулах, тохирлын гэрчилгээ авах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4  дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б,  Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Д.Б-ийн “ОАЗД, ОААТТөвийн иргэн Д.Б-тэй аймаг доторх такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй, СХЗХийн тохирлын баталгаанд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, тохирлын баталгаанд хамруулахыг ОАСХЗХ-т, аймаг дотор такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахыг ОАЗД, ОААТТөвд тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БОЛОРМАА