Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/00074

 

 

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/00074

 

 

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/04538 дугаар шийдвэртэй,

А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 235,857,647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдбаяр, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч Б- нь А банк ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, баталгааны гэрээг тус тус байгуулан 150,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны ** тоот 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны *** тоот 74.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 24 дүгээр байрны зоорийн давхрын * 155.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлуулах үндэслэлтэй болно.

Зээлдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 137,425,000 төгрөг, зээлийн хүү 93,747,612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,659,534 төгрөгийн үүрэгтэй болсон. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 25,000 төгрөг болсон. Иймд хариуцагчаас нийт 235,857,647 төгрөг гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2018 оны 12 сард Глоб констракшн" ХХК-ийн захирал Г-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Доржийн гудамж, Глоб хотхон 32 дугаар байрны 27, *** тоот 3 өрөө, 2 ширхэг орон сууцыг хууль ёсны дагуу худалдан авсан. Г-, түүний хүү М.Өнөрсайхан нар нь байрны төлбөрөө бүрэн авахаар худалдсан орон сууцнуудаа банкинд барьцаалж зээл авч барагдуулахыг шаардсан.

Зээлийн барьцаанд өгөх орон сууцыг ** тоотод С-, *** тоотод Д- гэх хүмүүс эзэмшдэг байсан. Г- одоохондоо байраа үзүүлэх боломжгүй байна, хавар суллаж өгнө гэсний дагуу барьцаа хөрөнгөө үзүүлэхгүй зээл гаргуулахын тулд А банк ХХК-ийн эдийн засагч н.Ууганцэцэгт 15,000,000 төгрөгийн хахуулийг н.Баттулгаар дамжуулан өгсөн. Уг 27, *** тоот 2 ш орон сууцанд 100,000,000 төгрөгийн зээл олгосон ба 40,000,000 төгрөгийг Г-, 15,000,000 төгрөгийг н.Ууганцэцэг, н.Баттулга нарт, үлдсэн 45,000,000 төгрөгийг Г-, н.Өнөрсайхан нарын 4 айлын пентхауз амины орон сууцны дээвэр, гадна фасад, засал чимэглэлийн ажилд зарцуулсан.

н.Ууганцэцэг нь зээлийг хурдан гаргаж өгөх, барьцаагаа үзэхгүй зээл олгох, мөн ахин 500,000,000 төгрөгийн зээл олгохоор амласан боловч бүтээгүй бөгөөд эргэлтийн хөрөнгө байхгүйн улмаас зээлээ төлж чадаагүй болно. Мөн худалдаж авсан орон суууцнуудаа зарж борлуулж зээлийг төлөх гэхээр С-, Д- нар нь байрыг чөлөөлж өгөөгүй.

А банк ХХК-ийн эдийн засагч н.Ууганцэцгийн хахуульд авсан 15,000,000 төгрөгийг, хүүтэй нь төлөхгүй гэж маргасан ба уг асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/11132020/08242 тоот захирамжаар шийдвэрлэсэн болно. Ингээд миний бие хүү, алданги зогсож зөвхөн үндсэн зээлээ төлөх юм байна гэж ойлгоод үндсэн зээлээ төлөх гэтэл банкны зүгээс хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн тул ахин бидний хооронд маргаан үүссэн. Мөн Г- нь гэрээнд 2019 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр орон сууцнуудаа суллаж өгөх үүрэг хүлээсэн боловч байр суллаж өгөөгүй.

2019 оны 04 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулахдаа 36 сарын хугацаатай гэрээ байгуулсан байдаг. Энэ зээлийн гэрээний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дуусах байсан. Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б-д холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 139,000,000 төгрөг, зээлийн хүү 13,777,321 төгрөг, нэмэгдүүлсэн 118,934 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан ба уг үнийн дүнг зөвшөөрч байна.

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8242 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой зээл олголт болон цагдаа, хүчний байгууллагаар шалгагдаж байгаа тул иргэний журмаар шийдвэрлэгдэх боломжгүй байна гэж шийдвэрлэсэн байдаг. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуульд заасан үүргээ ноцтойгоор зөрчсөн байна. Хүчин төгөлдөр үйлчилж байсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, мэдэгдээд тодорхой төлбөр шаардаж байсан атлаа ашигласан хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн нотариатын зардал 25,000 төгрөгийг шаардаж байгаа нь ойлгомжгүй. Уг төлбөр үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж төлөгдсөн нь нэхэмжлэлийн үндэслэлд харагдахгүй байх тул төлөхөөс татгалзаж байна.

Мөн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд төлбөл зохих хэмжээний төлбөр болох 152,896,256 төгрөгийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Б-гаас 235,857,647.16 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А банк ХХК-д олгож,

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурьдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч А банк ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, үүнд:

2.1. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЗБ/ВСС 190213018-2-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Б-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204093239 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж 24 дүгээр байрны зоорийн давхрын * 155.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.2. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЗБ/ВСС 190213018-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Б-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204098671 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны *** тоот 74.5 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

2.2. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЗБ/ВСС190213018-2-3 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Б-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204098670 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны ** тоот 80 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө;

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,407,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 1,407,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Дэлхий нийтээрээ цар тахлын хүнд хэцүү үеийг туулж байсан тул Монгол улсын Засгийн газраас эдийн засгийн хөнгөлөлт, чөлөөлт үзүүлэх тодорхой үе шаттай арга хэмжээнүүд авч байсны дотор иргэдийн зээл, зээлийн хүү төлөлтийн хугацааг хойшлуулах ажиллагаа багтаж байсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдүүд ч гэсэн нийгмийн сайн сайхны төлөө үүргээ ухамсарлан зарим нэг арга хэмжээнүүд авах ёстой гэж хариуцагч тал үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх үндсэн хүү 93,747,612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,659,534 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.2. Түүнчлэн барьцааны гэрээнд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь Б-гийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болно. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарласан хууль бус үнэлэлт дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн.

4.3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг харахад нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэх нөхцөл байдал тогтоогддог. Тухайлбал, О.Орхоноос Ц.Ганбаярт олгосон итгэмжлэл нь ерөнхий байдлаар олгогдсон, Иргэний хуулийн холбогдох зүйл хэсэг заалтыг зөрчсөн, Б-д холбогдох иргэний хэрэг маргаанд олгогдоогүй. Нэхэмжлэлд Ц.Ганбаяр гэдэг хүн гарын үсэг зурсан, Ц.Ганбаяр нь нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд байна. Зээлийн гэрээнд болон эргэн төлөлтийн хуваарьт н.Батбаяр гарын үсэг зурсан ба зээл олгох бүрэн эрхтэй эсэхийг нотолсон баримт байхгүй.

4.4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж шүүгч дангаар хянан шийдвэрлэсэн. Бичиг баримтын хуулбарын үйлчилгээ, бичиг баримт гэрчилсэн үйлчилгээний зардал нь гэрээний бус үүрэгтэй холбоотой харилцаа буюу гэм хор учруулснаас үүсэх үүрэг байх тул 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж хуульд заасны дагуу шүүх шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээний баталгаа болгож байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээгээр барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр хариуцагч Б-гийн буюу нэг иргэний өмч болохыг баталгаажсан.

5.2 А банк ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал О.Орхон нь гүйцэтгэх захирлын орлогч Ц.Ганбаярт 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/930 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичгээр Иргэний хуулийн 62-67 дугаар зүйлд заасныг үндэслэн итгэмжлэл олгосон. Мөн А банк ХХК-ийн иргэдийн хэрэглээний зээлийн түр зааврын 6.6-д холбогдох гэрээг зааврын 6.1, 6.4-д заасны дагуу бэлтгэн байгуулахыг харилцааны менежер хариуцан гүйцэтгэнэ. Банкны нэгжийн захирал нь зээлийн шийдвэрт тусгагдсан нөхцөл гэрээнд тусгагдсан эсэхэд хяналт тавьж гэрээнд гарын үсэг зурж тэмдэг дарна гэж, Зааврын 6.6.1-д үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан тохиолдолд банкны нэгжийн захирал зааврын 6.3.1-д заасны дагуу үйлдсэн маягтыг зээл болон барьцааны гэрээний мэдэгдэлтэй тулгаж маягтад гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан.

Шүүхийн шийдвэр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хуульд заасны дагуу явагдсан тул хариуцагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А банк ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан үндсэн зээл 137,425,000 төгрөг, хүү 93,747,612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,659,534 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 25,500 төгрөг, нийт 235,857,647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 152,896,256 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн хооронд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр А банк ХХК нь 150,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай Б-д зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

 

3.1 Зээлийн гэрээний 3.3-т зээлийн хүү жилийн 22.80 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 4.56 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

 

3.2 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон байх ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

3.3 Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэж заасан байх бөгөөд тогтоолын уг заалтыг хэрэгжүүлэхийн тулд зээлдэгч талаас зээлдүүлэгчид хүсэлт гаргах учиртай.

 

Уг журмын дагуу хариуцагч Б- нь коронавирус цар тахалтай холбоотойгоор А банк ХХК-д зээлийн хүү зогсоолгохоор зохих ёсоор хүсэлт гаргаагүй байх тул зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй байна.

 

3.4 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 137,425,000 төгрөг, хүү 93,747,612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,659,534 төгрөг, нийт 235,832,147 төгрөг байсан байх ба энэ тооцоололд хариуцагч нь нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй.

 

4. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр 137,425,000 төгрөг, хүү 93,747,612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,659,534 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийн үндэслэл болох Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүйг залруулна.

 

5. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын зардал 25,500 төгрөгийг хохиролд тооцож Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна. Энэ хохирол нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой юм. Иймд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамаарахгүй тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар шүүгч дангаар шийдвэрлэх тул шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх байсан гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

6. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2020/08242 дугаар захирамжаар Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 152,915,256 төгрөг гаргуулах тухай А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэл заасан ба энэ захирамжаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, уг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэлийг шийдвэрлээгүй учир талуудын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ цуцлагдаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

7. Зохигчид 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Б-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204093239 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж 24 дүгээр байрны зоорийн давхрын * 155.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204098671 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны *** тоот 74.5 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204098670 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны ** тоот 80 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

7.1. Барьцааны гэрээ байгуулахад дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгө нь Б-гийн нэр дээр бүртгэлтэй байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв гэж тооцогдоно. Иймд нэхэмжлэгч А банк ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн Б-тай барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэх зохицуулалт хамаарахгүй. Барьцааны зүйл нь Б-гийн гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байсан бөгөөд тэрээр гэр бүлийнхээ насанд хүрсэн бусад гишүүний зөвшөөрлийг аваагүй бол тэдгээр нь өөрт учирсан хохирлоо Б-гаас шаардахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

7.2. Иймд нэхэмжлэгч А банк ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй ба анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Гэхдээ шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэмэлт дугаарлалт хийсэн нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан Шүүхийн шийдвэр боловсруулах журам-д нийцээгүй, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг буруу бичсэн байдлыг тус тус залруулж, шийдвэрийн уг заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх бүрэн эрхийг заасан.

 

Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан талаар хариуцагч нь анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй, маргаагүй тул давж заалдах шатны шүүхээс уг гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/04538 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 451.1, гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.2, гэж нэмж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204093239 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж 24 дүгээр байрны зоорийн давхрын * хаягт оршин байх 155.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204098671 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны *** тоот хаягт оршин байх 74.5 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204098670 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 32 дугаар байрны ** тоот хаягт оршин байх 80 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,407,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ