Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1323

 

 

 

 

 

 

 

 

   2018         09          24                                   2018/ШЦТ/1323

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Улсын яллагч О.Багшбаяр, 

Хохирогч, шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,

Хохирогч, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Мэргэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.З, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э нарыг тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806039481089 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 81 дүгээр байрны орцны үүдэнд машин байрлуулах зогсоолоос болж маргалдан хохирогч А.Зыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан жирэмсэн болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч А.З нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 81 дүгээр байрны орцны үүдэнд машин байрлуулах зогсоолоос болж маргалдан хохирогч Б.Эг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсангэмт хэрэгт тус тус холбогджээ.                  

           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч А.З, Б.Э нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч, шүүгдэгч А.Зын мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед гадуур явж байгаад Баянзүрх дүүргийн 58 дугаар хороо 81 дүгээр байрны гадаа ирсэн чинь зогсоолгүй байсан. Тэгээд 75-55 дугаартай приус 30 маркийн машин 2 машины зогсоолд хөндлөн тавьчихсан байсан. Тэгэхээр нь дугаар луу нь залгах гэсэн чинь дугаар нь харагдахгүй байхаар нь тэр машины жолоочийг хайж сурж байгаад 10 давхарт гэр лүү нь очоод хаалгыг нь тогшоод машинаа хөндлөн тавьчихсан байна холдуулаад өгөөч гэж хаалгаа жаахан нээхээр нь хэлчихээд доошоо буугаад орцны жижүүртэй юм ярьж байгаад гэр лүүгээ орчихоод буцаад доошоо буухад шатан дээр миний араас бараг мөрлөх шахуу надтай зөрсөн. Тэгээд би "...чи хоёр машины зогсоолд машинаа тавьчихсан байх юм аа, чи өмнө бас нэг удаа ийм асуудал гаргаж байсан. Машинаа зөв байрлуулж тавиач” гэсэн чинь "...чам шиг гичийгээр дээрэлхүүлэхгүй шүү, чамд ер нь ямар хамаатай юм бэ? чиний юмыг унаад яваа юу" гээд байхаар нь "чи удаа дараа ингэж байна" гэсэн чинь битгий олон юм яриад бай би угаасаа хөдлөх гэж байна, чи зайл гэхээр нь би хаалгыг нь хаачихаад явах гэсэн чинь миний араас орилоод чамтай үзэлцье л даа, алаад хаячихъя гээд орилоод бууж ирээд намайг эргэж харахын завдалгүй өшиглөөд авсан. Тэгээд би тэндээ унасан чинь миний гар дээр дараад өшиглөөд үснээс зулгаагаад зодоод байхаар нь би жирэмсэн чи болио ч ээ гэж хэлсэн чинь болихгүй байхаар нь би гарнаас нь хазчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/

 

Хохирогч, шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 81 дүгээр байрны 53 тоот гэртээ байж байсан чинь манай гэрийн хаалгыг нэг хүүхэн балбаад 75-55 дугаартай машины жолооч мөн үү гэхээр нь тийм мөн байна гэсэн чинь машинаа холдуул гэхээр нь би машин таглаж тавиагүй дээ би яг зогсоолдоо тавьсан гэсэн чинь тэр хүүхэн аймар уурлаад явсан. Тэгээд удаагүй 10-15 минутын дараа гарсан чинь намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод чи өмнө нь ч ийм асуудал гаргаж байсан гэж хэлээд чиний машин дараа ингэвэл шилийг нь хагалаад илжиг энэ тэр гэж бичнэ гичий минь, чи бараг бөгсөөрөө наад машинаа авсан биздээ гээд хэл амаар доромжлохоор нь би за уучлаарай гэж хэлээд хаалгаа хаагаад явах гэсэн чинь хэл амаар доромжлоод байхаар нь би машинаасаа буусан. Тэгэхэд миний үснээс зулгаагаад бид хоёр барьцалдаж авсан чинь миний үснээс зулгаагаад өшиглөөд майжаад, тэгээд арай гэж салсан гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/

 

Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 81 дүгээр байр 53 тоотод найз Б.Эгийн гэрт байж байтал хаалгыг нь хүн тогшсон. Тэгээд манай найз хаалгаа онгойлгоод уулзаад байх шиг байсан. Тэгээд би юун хүн яасан талаар асуухад өөдөөс машинаа холдуул гээд загнаад гэж хэлсэн. Тэгээд би найзынхаа хамт удалгүй гэрээс нь гараад найзынхаа машинд суугаад хөдлөх гэж байтал үл таних эмэгтэй ирээд "чи дандаа машин хааж тавих юм холдуул" гэж хэлсэн. Тэгэхээр нь манай найз машин хааж тавиагүй гэж хэлтэл машины чинь шилийг хагална шүү гэж хоорондоо маргалдаж байгаад нөгөө хүүхэн мөр хэсэг рүү нь цохих шиг болсон. Тэгтэл манай найз Б.Э уурлаад машинаасаа буусан. Тэр хоёр үснээсээ зулгаалцсан байдалтай байсан. Манай найзын гарыг хазсан. Тэгэхээр нь би болиоч гээд салгасан. Нөгөө хүүхэн үснээс зулгаасан чинь манай найз эргүүлээд үснээс нь зулгаагаад бие биеэ чирээд явсан. Тэгэхээр нь би болиоч гэж салгасан.

Нөхөр нь гарч ирэхэд тэр хүүхэн би жирэмсэн гэж хэлж байсан. Тэрнээс өмнө жирэмсэн энэ тэр гэж хэлээгүй. Гаднаас харахад ч жирэмсэн байдал харагдаагүй. Зодоон болоод дууссаны дараа жирэмсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 59-р хуудас/

 

Гэрч Ж.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 81 дүгээр байрны орцны жижүүрээр 4жил ажиллаж байна. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр цагийг нь сайн мэдэхгүй байна оройхон манай байрны 47 тоотын /З/ эмэгтэй машинтайгаа ирсэн. Тухайн үед орцны үүдэнд 75-55 дугаартай автомашин жаахан хөндлөн байрлуулаад тавьчихсан байсан. Тэгтэл 47 тоотын хүүхэн /З/ энэ дандаа ингээд машинаа тавьчихдаг юм, 75-55 машины эзэн хэдэн тоотод байдаг юм бэ? гэхээр нь би мэдэхгүй ээ, манай байранд шинээр нүүж ирсэн айлын хүн байх гэж хэлсэн. Тэгтэл 47 тоотын /З/ хүүхэн нөхөртэйгөө хоёулаа машинаа тэр хавьд байрлуулчихаад машинаасаа нөхөртэйгөө буугаад гэр лүүгээ орсон. Ээжтэйгээ хамт ирсэн байх ээж нь түрүүлээд гэрлүүгээ орсон. Би өрөөндөө хоол хийгээд байж байтал гэнэт орцноос 47 тоотын хүүхэн 75-55 машины жолооч бололтой хоёр охин хоорондоо хэрэлдээд хашгиралдаад байсан. Тэгтэл маргалдаж байгаад 47 тоотын хүүхэн /З/ жижүүр гараад ир гэхээр нь би гараад очиход 47 тоотын хүүхэн /З/ ташаагаа тулчихсан 75-55 дугаартай автомашины жолооч эмэгтэй /Э/ машиндаа суучихсан машиныхаа хаалгыг хаах гэтэл нөгөө З хаалгыг нь хаалгахгүй хаалгыг нь барьчихсан зогсож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/

 

Гэрч Н.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... гадаа ална шүү гээд хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Би жирэмсэн шүү дээ намайг битгий зодоочээ гэсэн дуу сонсогдохоор нь би цонхоор харахад миний охин З газар хэвтчихсэн ягаан өмдтэй, саарал пүүзтэй 2 хөл нь сарвалзаад, үсээ задгай тавьчихсан бараан өнгийн хувцастай эмэгтэй дээр нь мордчихсон байсан. Миний охины баруун гаран дээр өсгийтэй гутлаар дарчихсан зүүн сүвээ тал руу нь нудраад байх шиг, мөн тохойгоороо нүүр хэсэгт цохиод байх шиг харагдсан. Бас нэг эмэгтэй миний охины толгойн талаас тонгойчихсон 2 мөрөн дээр нь дараад байгаа юм шиг харагдсан. Энэ хооронд камергүй шүү дээ пизда минь, алнаа чамайг хүүхэдтэй чинь гээд орилоод байсан. Ийм үг би сонсоод лифтэнд суугаад 8 давхарт буугаад 9 давхар луу хөлөөрөө гараад хаалгаа тогшоод хүргэн хаалгаа тайлахаар нь нөгөөхийг чинь хүмүүс зодоод байна гэхэд хүргэн доошоо буугаад бараг 1 цаг орчим болсон байх орж ирээд Згийн дамсакнууд хаана байгаан гэхээр нь банны өрөөнд өлгөөтэй байгаа гээд би уутаар нь дамсак авч өгөөд хүргэн аваад гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/

 

Гэрч Н.Мын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би гадаа гарахад манай эхнэр З хувцас нь урд талаараа өшиглүүлчихсэн гутлын мөр орчихсон, өмд хувцас нь шороо болчихсон, үс нь арзайчихсан байхаар нь юу болсон юм бэ? гэж асуухад би машин буруу байрлууллаа гэж шаардлага тавихад миний шаардлагыг үл тоогоод намайг өшиглөсөн гэж хэлсэн. Нөгөө 2 эмэгтэй машиндаа суучихсан явах гээд байхаар нь би хаалгыг нь онгойлгоход манай эхнэр би жирэмсэн хүн шүү дээ чи яагаад өшиглөсөн юм бэ гэж нөгөө эмэгтэйд хандаж хэлсэн. Эхнэр тухайн үед доошоо цус гараад байна гэхээр нь би миний хүүхэд зулбачихвал чи хариуцлага хүлээх юм уу, чи миний хүүхдийн амийг төлж чадах юм уу гэхэд тэр эмэгтэй би төлж чадна одоо эмнэлэгт үзүүлчих би мөнгийг нь төлье гэж хэлж байсан. Тэгээд машинаасаа бууж ирээд зогсоод эхнэр тэр хүүхэн 2 хоорондоо маргалдсан. Энэ үед нөгөө эмэгтэйгийн эгч нь нөхөр нь болов уу нэг эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Тэр хүмүүст болсон асуудлын талаар би хэлэхэд тэр эгч нь хүмүүс маргадаж л байдаг ойлголцохгүй яасан юм гэдэг утгатай үг хэлж байсан. Тухайн үед эхнэр доошоо цус гараад байна гэхэд нөгөө хүүхэн чи юун сүртэй юм хамт эмнэлэг орж шалгуулая миний гаран дээр хазсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/

 

Шинжээч Ц.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... Иргэн А.З нь 2018 оны 05 дугаар сарын 03-нд ЭХО-д харуулахад 7-8 долоо хоногтой жирэмсэн байсан ба энэ үед гаднаас нь хараад жирэмсэн болох нь мэдэгдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 5733 дугаартай:

А.Зын биед умайн доргилт, 7-8 долоо хоногтой жирэмсэн зулбахыг завдалт, ихэс ховхрол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 сарын 07-ны өдрийн 5734дугаартай:

Б.Эгийн биед зүүн шууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний зулгаралт, баруун бугалганы, баруун, зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/

 

-хохирогч нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-6/,

-хохирогч Б.Эгийн эмчилгээнд зарцуулсан гэх баримтууд, Б.Эгийн биед үүссэн гэх гэмтлийн гэрэл зураг /хх-ийн 47-48/,

-хохирогч А.Зын эмчилгээнд зарцуулсан гэх баримтууд, А.Зын 2018 оны 07 сарын 29-ний өдөр авахуулсан гэх гэрэл зураг, А.Зын толгойн зураг бүхий Сиди, баримт /хх-ийн 55-56, 85-86, 92-93/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс А.Зын иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-35/, Б.Эгийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-39/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай тохироогүй байна.  

Гэрч Б.Н, Н.М нарын мэдүүлэгүүдээр хохирогч А.З нь хэрэг учрал болоод дууссаны дараачаар өөрийн жирэмсэн болохыг тэнд байсан хүмүүст хэлсэн болох, түүнийг хараад жирэмсэн эсэхийг мэдэх ямар нэгэн боломжгүй байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг зүйлчлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгон өөрчлөн зүйлчилэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Э, А.З нар нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 81 дүгээр байрны орцны үүдэнд машин байрлуулах зогсоолоос болж маргалдан харилцан зодолдож хэн хэнийхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрийн бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсантай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч А.З, Б.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл нь шүүгдэгч А.З нь аргагүй хамгаалалт хийж хохирогч Б.Эгийн биед гэмтэл учруулсан байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх боломжгүй гэх дүгнэлт гаргасан. Тухайн гэмт хэрэг болох шалтгаан нөхцөлийн талаар гэрчийн өгсөн мэдүүлэгээс дүгнэхэд А.З нь өөрөө бусад руу чигэлсэн довтолгооныг эхлэж хийсэн, уг үйлдэлд нь Б.Эг хариу үйлдэл үзүүлэхэд нь харилцан зодолдсон байна. А.Зын дээрх үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг хангахгүй байх учир өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй болно.

 

Шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, холбогдсон гэмт хэргийн талаар илэрхийлж байгаа байр суурь, холбогдосон гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын олон нийтийг болон бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашигийг тэргүүн ээлжинд тавьж хүлээцгүй хандсан үйлдэл, өрөөлийг давж даран авах, өрөөлд дийлдэхгүй гэсэн байр суурьнаас хандсан хандалга, бусдад түрэмгий дээрэнгүй байдлаар хандах гэсэн байдал нөлөөлсөн байна. Цаашид оролцогч нар нь дээрх дутагдалыг анхаарч хэн хэнээсээ уучлал гуйн эвлэрэх нь боломжтой, тэдний хувьд нээлттэй асуудал хэвээр үлдэж байна.

 

Хохирогч А.З нь өөрийн биед үүссэн гэмтлийг эмчлүүлж нийт 863.268 төгрөгийн мөнгөн хохирол учирсаныг нотлох баримтаар нэхэмжилсэн байна. Хохирогчийн дээрх нэхэмжлэлээс шатахуун худалдаж авсан гэх 101.500 төгрөгийн нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас шууд учирсан зардалд тооцохгүй тул хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Эгаас 761.768 төгрөг гаргуулж хохирогч А.Зд,

Хохирогч Б.Э нь өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэж нийт 381.050 төгрөгийн мөнгөн хохирол учирсаныг нотлох баримтаар нэхэмжилсэн байна. Хохирогч Б.Эгийн уг нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч А.Заас 381.050 төгрөг гаргуулж хохирогч Б.Эд олгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь :

 

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х овогт Аийн З, Д овогт Бтын Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З, Б.Э нарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З, Б.Э нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Зын нэхэмжилэлээс шатахуун худалдан авсан 101.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Эгаас 761.768 төгрөг гаргуулж хохирогч А.Зд,

шүүгдэгч А.Заас 381.050 төгрөг гаргуулж хохирогч Б.Эд тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч А.З, Б.Э нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ