Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 994

 

                                                           

 

                                                       

 

 

 

 

 

 

 

   А.З, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Багшбаяр,

хохирогч, шүүгдэгч А.Зын өмгөөлөгч П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1323 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Д.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.З, Б.Э нарт холбогдох эрүүгийн 1806039481089 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Харчин овгийн Алтантуяагийн З, 1993 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, УАУТХЭ-ийн резидент эмч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТА/;

 

2.  Дархан хаан овгийн Баатарцогтын Э, 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, маркетингийн мэргэжилтэй, “Унокон” группт менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Б.Э нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 81 дүгээр байрны орцны үүдэнд машин байрлуулах зогсоолоос болж хохирогч А.Зтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

шүүгдэгч А.З нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 81 дүгээр байрны орцны үүдэнд машин байрлуулах зогсоолоос болж хохирогч Б.Этай маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Харчин овогт Алтантуяагийн З, Дархан хаан овогт Баатарцогтын Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З, Б.Э нарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З, Б.Э нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Зын нэхэмжлэлээс шатахуун худалдан авсан 101.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Эгаас 761.768 төгрөг гаргуулж хохирогч А.Зд, шүүгдэгч А.Заас 381.050 төгрөг гаргуулж хохирогч Б.Эд тус тус олгож, шүүгдэгч А.З, Б.Э нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч, шүүгдэгч А.З гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэргийн бодит байдалтай тохироогүй байна хэмээн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнд маш их гомдолтой байна.

 

Тухайн хэрэг, маргаан болох үед би Б.Эд зохих ёсны шаардлага тавихад тэрээр хэл амаар доромжлон, хэрүүл маргааныг анх үүсгэн, улмаар үсдэх, цохих, өшиглөх зэргээр биед минь халдаж, газар унагаан хоёр гарыг минь дарчихаад өвдгөөрөө нудараад байхаар нь “жирэмсэн” гэдгээ хэлж “болиоч” гэж гуйсан боловч довтолгооноо зогсоохгүй байхаар нь аргагүй байдалд түүний гарнаас хазсан байхад гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. ...” гэжээ.

 

Хохирогч, шүүгдэгч Зын өмгөөлөгч П.Учралгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний бие үйлчлүүлэгч А.Зын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргагүй хамгаалалт хийж хохирогч Б.Эгийн биед гэмтэл учруулсан нөхцөл байдал байх тул гэмт хэрэгт тооцохгүй болгуулах байр сууурьтай оролцсон боловч А.Зыг өөрөө бусад руу чиглэсэн довтолгооныг эхэлж хийсэн гэж хэт нэг талын мэдүүлгийг үндэслэл болгон аргагүй хамгаалалтын шинжийг хангахгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай, идэвхтэй үйлдэл бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн хэдий ч бодит агуулгаараа өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдгаараа онцлогтой.

 

Миний үйлчлүүлэгч А.З нь Б.Эд зүй ёсны шаардлага тавихад түүнийг үл ойшоон хэрүүл маргаан үүсгэн, улмаар А.Зын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж зодооныг эхлүүлсэн бөгөөд өөрийн болон хэвлий дэх хүүхдийнхээ эрүүл мэндийн эсрэг тулгарч буй энэхүү довтолгооныг зогсоохын тулд аргагүй байдалд орж Б.Эгийн гарнаас хазаж довтолгооныг зогсоосон байдаг тул миний үйлчлүүлэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан гэрч Б.Номин, Н.Мөнхбат нарын мэдүүлгүүдээр А.Зыг хэрэг учрал болоод дууссаны дараа жирэмсэн болохоо хэлсэн, түүнийг хараад жирэмсэн эсэхийг мэдэх ямар нэгэн боломжгүй байсан нь тогтоогдсон гэж дүгнэн гэрч Б.Номин, Н.Мөнхбат нарын мэдүүлгүүдийг үнэлсэн атлаа гэрч Н.Сарантуяагийн “...гадаа ална шүү гээд хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Би жирэмсэн шүү дээ, намайг битгий зодоочээ гэсэн дуу сонсогдохоор нь би цонхоор харахад миний охин З газар хэвтчихсэн, ягаан өмдтэй, саарал пүүзтэй, 2 хөл нь сарвалзаад, үсээ задгай тавьчихсан бараан өнгийн хувцастай эмэгтэй дээр нь мордчихсон байсан” /хх-ийн 61-62/ гэх мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5734 дугаар “...Б.Эгийн биед зүүн шууны зулгаралт, цус хуралт, баруун бугалганы, баруун, зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт...” гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлтээс харахад хөл, гарны зулгаралт нь гэрч Н.Сарантуяагийн мэдүүлснээр А.Зын дээр гарч довтолгоон хийх явцдаа авсан болохыг давхар нотлоод байхад гэрч Н.Сарантуяагийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаагаа дурдалгүйгээр Б.Эд холбогдох зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй юм. ...” гэв.

 

Прокурор О.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Зын үйлдэл аргагүй хамаалалт биш юм. Уг маргаан, зодооныг хохирогч, шүүгдэгч А.З эхлүүлсэн. Тэрээр машинаа буруу байрлуулсан байна гэж Б.Эгийн гэрт орж хэлсэн. Б.Эг гараад ирэхэд А.З Б.Э руу “дандаа машинаа буруу байрлуулдаг” гэж дайрсан. Байрны жижүүр Ж.Оюунцэцэг “З их уур уцаартай, Б.Эгийн машины шил толийг хагална шүү” гэдэг байдлаар маргаан үүсгэсэн гэдгийг гэрчилдэг. Б.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Нэгэнт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичээгүй учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Э нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 81 дүгээр байрны орцны үүдэнд машин байрлуулах зогсоолоос болж хохирогч А.Зтай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

А.З нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 81 дүгээр байрны орцны үүдэнд машин байрлуулах зогсоолоос болж хохирогч Б.Этай маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч А.З /хх-ийн 7-8/, хохирогч Б.Э /хх-ийн 14-16/, гэрч Ж.Оюунцэцэг /хх-ийн 57-58/, Н.Сарантуяа /хх-ийн 61-62/, Н.Мөнхбат /хх-ийн 63-64/, шинжээч эмч Ц.Энхцолмон /хх-ийн 87/ нарын мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...А.Зын биед умайн доргилт, 7-8 долоо хоногтой жирэмсэн зулбахыг завдалт, ихэс ховхрол бүхий хөнгөн гэмтэл...” учирсан болохыг тогтоосон шинжээчийн 5733 дугаар дүгнэлт /хх-ийн 25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Эгийн биед зүүн шууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний зулгаралт, баруун бугалганы баруун, зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт, нурууны зулгаралт бүхий хөнгөн...” зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 5734 дугаар дүгнэлт /хх-ийн 26/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Анхан шатны шүүхээс Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, хохирогч, шүүгдэгч Л.З, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хохирогч, шүүгдэгч А.Зын “...зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнд маш их гомдолтой байна, ...довтолгооноо зогсоохгүй байхаар нь аргагүй байдалд түүний гарнаас хазсан байхад гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна...”, түүний өмгөөлөгч П.Учралгэрэлийн “...аргагүй хамгаалалтын шинжийг хангахгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй, …Б.Эд холбогдох зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь, хохирогч, шүүгдэгч Б.Эгийн “...Би машиндаа суугаад хөдлөх гэтэл тэр эмэгтэй машины хаалга онгойлгоод намайг явуулахгүй “салхины шилийг хагална” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд миний нүүр лүү цохиж авахаар нь буугаад очсон чинь миний гарнаас хазаад, үснээс зулгаасан. Тэр үед би эргүүлж үснээс нь зулгаасан, тэр үед манай найз Номин бид хоёрыг салгасан. ...Миний нүүрэн тус газар 3 удаа цохисон, мөн хөл, гар, цээж хэсэг рүү хөлөөрөө цохисон. ...Би А.Зыг гаднаас нь хараад жирэмсэн гэдгийг нь мэдээгүй, харагдахгүй байсан. Бүр энэ асуудал болоод дууссаны дараа А.З нь “би жирэмсэн” гэж хэлж байсан. Энэ үйл явдал болох үед жирэмсэн гэдгээ огт хэлээгүй. Жирэмсэн гэдгийг асуудал болоод дууссаны дараа мэдсэн. ...” /хх-ийн 15-16, 45-46, 90-91, 106-107/, хохирогч, шүүгдэгч А.Зын “...миний араас орилоод “чамтай үзэлцэе л дээ, алаад хаячихъя” гээд бууж ирээд намайг эргэж харахын завдалгүй өшиглөөд авсан. Тэгээд би тэндээ унасан чинь миний гар дээр дараад өшиглөөд, үснээс зулгаагаад зодоод байхаар нь “би жирэмсэн, болиочээ” гэж хэлсэн чинь болихгүй байхаар нь би гарнаас нь хазчихсан. Миний 2 гар эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байдалд байсан учраас өөрийгөө болон хэвлийд байгаа хүүхдээ хамгаалж тэр хүүхний гарнаас нь хазсан. ...” /хх-ийн 7-8, 12-13, 53/, гэрч Б.Номингийн “...манай найз “машин хааж тавиагүй” гэж хэлтэл “машины чинь шилийг хагална шүү” гэж хоорондоо маргалдаж байгаад нөгөө хүүхэн мөр хэсэг рүү нь цохих шиг болсон. Тэгтэл манай найз Б.Э уурлаад машинаасаа буусан чинь нөгөө хүүхэн үснээс нь зулгаасан чинь манай найз эргүүлээд үснээс нь зулгаагаад бие биеэ чирээд явсан. Би машинаас буух хооронд манай найз нөгөө хүүхэнтэй үснээсээ зулгаалцсан байдалтай байсан. Манай найзын гарыг хазсан, тэгэхээр нь би “болиоч” гээд салгасан. Тэгтэл нөгөө эмэгтэйн нөхөр гарч ирээд машиныг хашаад явуулахгүй байсан. Тэр үед манай найзыг нөгөө хүүхэн дахин 2-3 удаа нүүр лүү нь алгадсан. ...Тэр өдөр тэр хоёр харилцан бие биетэйгээ зодолдсон, би машинаас бууж салгасан. ...Би тухайн үед тэр эмэгтэйд “чи хүүхдийн гар хазаад байна шүү дээ болиоч, тавиачээ” гэхэд хазчихаад тавихгүй байгаад байсан. Тэгэхээр нь би “чи хазахаа больчихоо” гээд тэр хоёрыг салгасан. ...Нөхөр нь гарч ирэхэд тэр хүүхэн “би жирэмсэн” гэж хэлж байсан. Тэгээд манай найзыг “чи муу цусаараа шээнэ” гээд хараагаад байсан. Тэрнээс өмнө жирэмсэн гэж хэлээгүй, гаднаас харахад ч жирэмсэн байдал харагдаагүй. Зодоон болоод дууссаны дараа жирэмсэн гэж хэлсэн. ...Намайг очиход тэр 2 босоо, зогсоотой, зууралдаастай байсан. Би тэр хоёрыг газар унасныг сайн мэдэхгүй байна. ...” /хх-ийн 21-22, 59-60/, гэрч Н.Мөнхбатын “...нөгөө хоёр эмэгтэй машиндаа суучихсан явах гээд байхаар нь би хаалгыг нь онгойлгоод манай эхнэр “би жирэмсэн хүн шүү дээ, чи яагаад өшиглөсөн юм бэ” гэж нөгөө эмэгтэйд хандаж хэлсэн. Тэгэхэд “би жирэмсэнийг нь мэдээгүй, наад хүүхэн чинь надад хамаагүй” гэж нөгөө эмэгтэй хэлсэн. ...” /хх-ийн 63-64/, гэрч Н.Сарантуяагийн “...гадаа “ална шүү” гээд хүмүүс хоорондоо маргалдаад байсан. ...“Би жирэмсэн шүү дээ, намайг битгий зодоочээ” гэсэн дуу сонсогдохоор нь би цонхоор харахад миний охин А.З газар хэвтчихсэн, ...хоёр хөл нь сарвалзаад, дээр нь үсээ задгай тавьчихсан, бараан өнгийн хувцастай эмэгтэй мордчихсон байсан. ...” /хх-ийн 61-62/, гэрч Ж.Оюунцэцэгийн “...би өрөөндөө хоол хийгээд байж байтал гэнэт орцноос 47 тоотын хүүхэн 75-55 дугаартай машины жолооч бололтой хоёр охин хоорондоо хэрэлдээд хашгиралдаад байсан. ...З “жижүүрээ гараад ир” гэхээр нь би гараад очиход 47 тоотын хүүхэн /З/ ташаагаа тулчихсан, 75-55 дугаартай машины жолооч эмэгтэй /Э/ машиндаа суучихсан, машиныхаа хаалгыг хаах гэтэл нөгөө З хаалгыг нь хаалгахгүй барьчихсан зогсож байсан. ...Би жирэмсэн намайг битгий зодооч гэж хэлэхийг сонсоогүй. ...” /хх-ийн 57-58/ зэрэг мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

 

Хохирогч, шүүгдэгч А.З, Б.Э нарын мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүтэй байгаа хэдий ч тухайн гэмт хэргийн үйл явдлын өрнөлийг биечлэн харсан гэрч Б.Номин, сонсож мэдсэн гэрч Ж.Оюунцэцэг нарын мэдүүлгүүдийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзнэ.

 

Гэрч Б.Номин, Ж.Оюунцэцэг нарын мэдүүлгүүдээс дүгнэвэл хохирогч, шүүгдэгч Б.Э нь А.Зын биед “умайн доргилт, 7-8 долоо хоногтой жирэмсэн зулбахыг завдалт, ихэс ховхрол” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч, шүүгдэгч А.З нь Б.Эгийн биед “зүүн шууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний зулгаралт, баруун бугалганы баруун, зүүн өвдөг, баруун шилбэний цус хуралт, нурууны зулгаралт” бүхий хөнгөн гэмтлийг машин байрлуулах зогсоолоос болж маргалдан харилцан зодолдож бие биедээ учруулсан байх бөгөөд тэдний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ.

Хохирогч, шүүгдэгч А.Зын “...би жирэмсэн, болиочээ гэж хэлсэн чинь болихгүй байхаар нь би гарнаас нь хазчихсан...” гэх мэдүүлэг гэрч Б.Номин, Ж.Оюунцэцэг, Н.Мөнхбат нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна.  

 

Харин гэрч Н.Сарантуяагийн “...гадаа “ална шүү” гээд хүмүүс хоорондоо маргалдаад байсан. ...“Би жирэмсэн шүү дээ, намайг битгий зодоочээ” гэсэн дуу сонсогдохоор нь би цонхоор харахад миний охин А.З газар хэвтчихсэн, ягаан өмдтэй, саарал пүүзтэй байсан, 2 хөл нь сарвалзаад дээр нь үсээ задгай тавьчихсан бараан өнгийн хувцастай эмэгтэй дээр нь мордсон, миний охины баруун гаран дээр нь өсгийтэй гутлаар дарчихсан, баруун хөлөөрөө миний охины зүүн сүвээ тал руу нь нудраад байх шиг байсан. Мөн дээр нь гарсан эмэгтэй тохойгоороо нүүр хэсэгт цохиод байх шиг харагдсан. Мөн бас нэг эмэгтэй миний охины толгойн талаас нь тонгойчихсон, 2 мөрөн дээр нь дараад байгаа юм шиг харагдсан. Мөн энэ хооронд “камергүй шүү дээ, пизда минь, алнаа чамайг, хүүхэдтэй чинь” гээд орилоод байсан. ...” /хх-ийн 61-62/ гэх мэдүүлгийг нотлосон баримт хэрэгт алга.

 

Нөгөөтэйгүүр гэрч Н.Сарантуяагийн дээрх мэдүүлэг нь хохирогч, шүүгдэгч А.З, Б.Э, гэрч Б.Номин, Ж.Оюунцэцэг нарын хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүдтэй зөрүүтэй байна.

 

Эдгээрээс үзэхэд хохирогч, шүүгдэгч Б.Эг хохирогч, шүүгдэгч А.Зыг жирэмсэн болохыг мэдсээр байж түүнийг зодож биед нь хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатын шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх прокуророос хохирогч, шүүгдэгч Б.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ.    

 

Түүнчлэн аргагүй хамгаалалт нь өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй.

 

Аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа нийгэмд аюултай довтолгоо, халдлага бодитойгоор хийгдсэн, хийгдэх нь тодорхой байгаа нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байдаг.

 

Хамгаалалт хийх нөхцөл байдал бодитой үүссэн тохиолдолд халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ зэрэг нь хамгаалалтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Мөн аргагүй хамгаалалтыг хэрэглэх нөхцөл байдлыг тодорхойлоход дээрх тохиолдлуудаас гадна уг аюултай довтолгоо дууссаныг мэдэх боломж хамгаалагчид байгаагүй нөхцөлийг мөн адил хамааруулж ойлгодог.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын авагдсан хохирогч, гэрч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд хохирогч шүүгдэгч Б.Э, А.З нар хоорондоо харилцан зодолдсон байх тул хохирогч, шүүгдэгч А.Зыг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхгүй. 

 

Анхан шатны шүүхээс хохирогч, шүүгдэгч А.З, Б.Э нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан ялын хэмжээгээр торгох ял оногдуулсан нь гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдалд тохирсон байна.

 

Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. 

 

  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: