Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/02105

 

 

 

 

 

 

 

2022 12 12 210/МА2022/02105

 

 

*** ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/02667 дугаар шийдвэртэй,

*** ХК-ийн нэхэмжлэлтэй

*.*, *.* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 128,820,874 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагч *.*, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

Зээлдэгч *.*, *.* нар нь *** ХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтайгаар зээлсэн.

Уг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, *.*ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж, 00 дугаар барилгын 00 тоотод байрлах, 8,35 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж, 00 дугаар барилгын 00 тоотод байрлах, 5,24 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, зээлийн гэрээг баталгаажуулсан.

Зээлдэгч нар нь зээл авснаас хойш нийт 95,414 төгрөгийг төлсөн ба эргэн төлөлтийн хуваарийг тогтмол зөрчсөн тул зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2, 5.3.9, 5.3.12, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-т заасныг үндэслэн банк зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бий болсон.

Иймд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, үндсэн хүү 28,073,353.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 722,521 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 128,820,874 төгрөгийг хариуцагч *.*, *.* нараас гаргуулна.

Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хөл хорио тогтоож, 2021 оны 5 сараас бүх худалдаа үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Зээлдэгч нар нь банкинд гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрийг төлж үндсэн төлбөрийн хугацааг хойшлуулах талаар албан ёсоор хүсэлт гаргаагүй.

Иймд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан учир нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *.*ын тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие *.* нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийг онлайнаар авсан ба энэ үед улс орон даяар хатуу хөл хорио тогтоож орлогогүй байсан.

Цар тахлын үеийн Засгийн газрын бодлого одоо ч хэрэгжиж байна. Гэтэл *** ХК зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй.

Учир нь зээлийн гэрээний 3.1.2-т зааснаар зээлийг 36 сарын хугацаагаар авсан ба гэрээний хугацаа дуусаагүй. Мөн гэрээний 4.1.5, 3.15-д зааснаар улс орон даяар 2 жил орчим хугацаанд хатуу хөл хорио тогтоож, хил хаалттай байсан нь нийтэд илэрхий баримт учраас үүнийг нотлох шаардлагагүй гэж үзэж байна.

Миний бие зээлийн гэрээний 4.4.4, 4.4.14-т зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө гэрээнд заасны дагуу үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг бүрэн төлж барагдуулна.

Барьцаа хөрөнгө нь 200,000,000 төгрөгийн үнэтэй тул банкинд алдахыг хүсэхгүй тул зээлээ төлнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *.*гийн тайлбар, татгалзлын агуулга:

Би *.*ын лангууг түрээсэлдэг ба түүнийг найдвартай учраас зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон ба энэ зээлд хамааралгүй тул төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *.*, *.* нараас зээлийн гэрээний үүрэгт 128,820,874.8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 872,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *.*, *.* нараас 872,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох *.*ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 00 дугаар барилгын 00 тоотод байрлах 8,35 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 00 дугаар барилгын 00 тоотод байрлах 5,93 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Барьцааны гэрээгээр 2 үл хөдлөх хөрөнгө барьцаалж байгааг *.* мэдээгүй, барьцааны гэрээнд гарын үсэг зуруулаагүй нь хууль зөрчсөн. *** ХК нь *.*г зээлийг хариуцах ёстой гэж үзэж байвал барьцааны гэрээг танилцуулж, гэрээг тайлбарлах үүрэгтэй байсан.

5.2. *.*ын зээлээ эргэн төлөөгүйд давагдашгүй нөхцөл байдал нөлөөлсөн ба тэрээр одоо зээлээ төлөх боломжтой тул зээлийн гэрээг хэвийн нөхцөлөөр харилцан итгэлцлээр үргэлжлүүлэн зээлийн хүүг төлүүлж өгнө үү.

5.3. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 200,000,000 төгрөгийн үнэтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

5.4. Нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн өргөдлийн хураамж 50,000 төгрөг, зээл судалсны шимтгэл 1,000,000 төгрөг суутгасан нь хууль зөрчсөн тул 1,050,000 төгрөгийг эргэн төлөлтөөс хасаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

6.1. Манай банк 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нь зээл авснаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл 62,000,000 төгрөг төлөх байсан боловч 95,414 төгрөг төлсөн ба зээлээ эргэн төлөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй.

Иймд хууль болон гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах үндэслэлтэй ба зээлдэгч нар 128,820,874 төгрөгийг хэзээ төлөх нь ойлгомжгүй байна.

6.2. Мөн барьцаа хөрөнгийн өмчлөгч нь *.* тул *** ХК нь *.*тай барьцааны гэрээ байгуулж, түүнд гарын үсэг зуруулах шаардлагагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч *.*, *.* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 128,820,874 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч *.* нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж, эргэн төлөх хуваарийн дагуу үргэлжлүүлэх төлөх боломжтой гэж, хариуцагч *.* зээлийг аваагүй тул хариуцахгүй гэж тус тус тайлбарлаж талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. *** ХК нь *.*, *.* нартай 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 100,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх7-12/

 

4.а. Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор *** ХК нь *.*тай мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 00 дугаар барилгын 00 тоотод байрлах 8,35 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжүгийн гудамж 00 дугаар барилгын 00 тоотод байрлах 5,93 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх13-22/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4.б. Хариуцагч *.* зээлийн мөнгөн хөрөнгийг аваагүй тул үүрэг хүлээхгүй гэж маргасан.

 

*** ХК, *.*, *.* нар зээл болон барьцааны гэрээнүүдийг бичгээр үйлдэж, талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хэлцэл хийгдсэн, уг хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагч *.* зээлийн гэрээний нэг тал болж хамтран зээлдэгчээр оролцож, гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар *.*, *.* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч *.*, *.* нарын хэн алинаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй гэх агуулгатай тайлбар гаргаж, харин ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон гэх үндэслэлээр үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж, гэрээг үргэлжлүүлнэ гэж маргасан.

 

5.а. Хариуцагч нар ковид-19 цар тахлын улмаас ямар нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон, гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах тухай хүсэлтийг нэхэмжлэгчид хүргүүлсэн талаар баримтгүй байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

5.б. Зээлийн гэрээний 5.3.2-т зээлдэгч энэхүү зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж зээлийн нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлийг төлөхийг шаардах эрхтэй талаар тохиролцжээ.

 

5.в. Хэргийн 27 дахь талд авагдсан зээлийн тооцооллоор зээлдэгч нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 95,414 төгрөг төлж, өөр төлөлт хийгээгүй байна.

 

Нэхэмжлэгч *** ХК нь зээлдэгчид эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээлээ төлж барагдуулах талаар мэдэгдлийг 2021 оны 06 дугаар сарын 29, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус хүргүүлжээ. /хх25/

 

Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч *.*, *.* нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.1-д заасантай нийцсэн байна.

 

5.г. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.

 

Иймд хэргийн баримтыг үндэслэн хариуцагч нараас үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 28,073,353 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 722,521 төгрөг нийт 128,820,874 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч *** ХК нь үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

7. Талууд зээл судалсны шимтгэл, өргөдлийн хураамжийн талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

 

Хариуцагч нарын өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй ба энэ асуудлаар тусад нь нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2022/02667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 872,255 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ