Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00090

 

 

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00090

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/03404 дугаар шийдвэртэй,

А ХХК-ийн нэхэмжлэлтэй Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Бямбацогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бэлгүүн, Б.Тэмүгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01708 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 105 дугаар байр, *** тоот хаягт байршилтай, 46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 105,905,165 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах 547.47 м.кв хувийн орон сууцыг, 609 м.кв газрын хамт 289,311,042 төгрөгөөр тус тус Голден пэйж аудит ХХК-аар үнэлүүлж, үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өсөж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Үнэлгээг 8-9 жилийн өмнөх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулж гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Голден пэйж аудит ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрт албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч А ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан бичгээр хөрөнгийн үнэлгээний саналаа ирүүлсэн. Төлбөр авагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөндлөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх санал ирүүлж, төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр Голден пэйж аудит ХХК-ийг томилж үнэлгээ тогтоосон. Дээрх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох шинжээч Голден пэйж аудит ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 105 дугаар байрны *** тоотод байрлах, 46 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 105,905,155 төгрөгөөр, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж, *** тоот хаягт байрлах 609м.кв талбай бүхий хувийн сууц, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж, *** тоот 574.47 м.кв талбайтай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 289,311,042 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Голден пэйж аудит ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ цар тахлаас шалтгаалж зах зээлийн үнэлээ өссөн байдлыг харгалзан үзээгүй. Цар тахал гарахаас өмнө барьж байсан аргачлалаар буюу 8-9 жилийн өмнөх зэх зээлийн үнэтэй харьцуулж тооцсоныг зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шинжээчийг Шинжилгээний тухай хуульд нийцүүлж үнэлгээ хийсэн байна гэсэн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь зах зээлийн хандлагын аргыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаагүй. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Голден пэйж аудит ХХК-ийн үнэлгээ бодитоор гарсан эсэхэд дүгнэлт гаргуулахаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Төлбөр төлөгч А ХХК-ийн барьцаа эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01708 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1944 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/01625 дугаар тогтоолоор хариуцагч "А" ХХК-иас 613,720,381 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 105 дугаар байрны *** тоотод байрлах, 46 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж, *** тоот хаягт байрлах 609 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах 574.47 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ /хх 18-28/.

 

4. Хариуцагч байгууллага нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрт заасан барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, уг ажиллагаанд талууд маргаагүй /хх 29, 32/.

 

5. Хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/01 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор шинжээчээр Голден пэйж аудит ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцсэн /хх 34-37/.

 

6. Шинжээч Голден пэйж аудит ХХК-ийн үнэлгээний тайлангаар Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж, *** тоот хаягт байрлах 609 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах 574.47 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нийт 289,311,042 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 105 дугаар байр,*** тоот хаягтбайрлах, 46 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 105,905,155 төгрөгөөр тус тус үнэлсэн байна /хх 40-62/.

Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ олон улсын болон Монгол Улсад дагаж мөрдөгдөж буй стандарт, өртөгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг ашигласан, үүнээс зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтой гэж үзээд газар болон хувийн сууцны зах зээлийн үнэ цэнийг 289,311,042 төгрөгөөр, орон сууцыг 105,905,155 төгрөгөөр тус тус тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7-8 дугаар зүйлд заасан үнэлгээ хийх журам, аргачлалд нийцжээ.

 

7. Нэхэмжлэгч нь хувийн сууц болон газар, орон сууцны үнэлгээг зөвшөөрөхгүй, үнэлгээ бодит байдалд нийцээгүй гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан үнэлгээтэй холбоотойгоор энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилохгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шинжээч томилсон асуудалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар дахин шинжээч томилох үндэслэлгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/03404 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ