Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2019/0023

 

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаарh221/МА2019/0023

Улаанбаатар хот


Д.М нарын 5 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ц.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0689 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-н гаргасан давж заалдах гомдлоор, Д.М нарын 5 иргэний нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хан-Уул дүүргийн 8, 11 дүгээр хорооны хорооны иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0689 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8, 11 дүгээр хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2, 17.1.3, 17.2, 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ХУД-ийн 11-р хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоол, Хурлын даргыг сонгох тухай 2 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай 4 дүгээр тогтоол, ХУД-н 8 дугаар хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоол, Хурлын даргыг сонгох тухай 2 дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай 4 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: “...Иргэн Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө, Р.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0689 дүгээр шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. 

Нэг. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор 11 болон 8 дугаар хорооны анхдугаар хуралдааны хуралдах хуваарийг баталсан нь зохион байгуулалтын шинжтэй, дотогш чиглэсэн, уг хуваарийг баталснаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хорооны Хурлын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлээгүй, эрх хэмжээнд нь халдаагүй байна гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад зааснаар “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг илтэд зөрчсөн байхад дотогш чиглэсэн, гадагш чиглээгүй захиргааны акт гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоол нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байсан. Өөрөөр хэлбэл уг тогтоолоор бүрэн эрхийн нь хугацаа дуусгавар болж буй өмнөх Хорооны ИНХ-ын Тэргүүлэгчдэд анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахыг даалгасан бөгөөд яг тэр тогтоосон хугацаанд нь 11 болон 8 дугаар хорооны ИНХ-ын анхдугаар хуралдаанууд хуралдсан, гадагш чиглэсэн, зөвхөн дүүргийн ИТХурлын дотоодод үйлчлэх шинжгүй. дүүргийн Хурлын дотоод орон зайнаас хальсан, Хурлын гадна орших хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд чиглэсэн, тэдгээрт даалгасан, дам утгаараа хороодын иргэдэд чиглэсэн захиргааны акт гэж үзэж байна.

Маргаан бүхий Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолд үндэслэл болгож заасан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.7, 23.2, 23.10, 25.1, 25.2, 39.1 дэх хэсэг болон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 18.1, 23.2 дахь заалтууд нь 11 болон 8 дугаар хорооны “иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах” асуудалд огт хамааралгүй, тийм бүрэн эрхийг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд хуулиар олгоогүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т “нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэж нутгийн өөрөө удирдах байгууллагын өөрт нь хуулиар тусгайлан олгосон эрхээ хэрэгжүүлэх боломжийг баталгаажуулсны дагуу Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах бүрэн эрх нь зөвхөн тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд хадгалагдаж байхад дээд шатны Хурал буюу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 11 болон 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны тов тогтоосон нь “өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн”гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “...өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан тохиолдолд илт хууль бус болохоор заасан” тул Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын дээрх хороодод холбогдох хэсэг нь илт хууль бус юм.

Нэхэмжлэгч Д Мөнхжаргал. Д Мөнхбат, Ж Бямбасүрэн, Д.Ө нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид, нэхэмжлэгч Р.Д нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны ИНХ-ын дарга бөгөөд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоол нь хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн эрхийг зөрчсөн, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь дээрх байдлаар хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн болох нь тогтоогдож байгаа болно.

Хоёр. Нотлох баримтыг буруу үнэлсэн:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны хувьд хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан нь бүр нэг жилийн өмнө буюу 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хуралдаад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-17.1.3-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлчихсэн, уг асуудлаар нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2017.10.31-ний 128/ШШ2017/0793 дугаар шийдвэр/, магадлал/ захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.21-ний өдрийн 221/МА2018/0889 дүгээр магадлал/ байсаар байгаа, өнөөдөр тамгаа барьсан дарга, Тэргүүлэгчидтэй, хуулийн дагуу ажлаа хийсээр байгааг тайлбарласаар байтал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т заасан “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байвал түүнийг дахин нотлохгүй”, хуулийн 110.5-д заасан “шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэсэн заалтыг хэрэглэх ёстой байсан ч хэрэглээгүй.

Мөн жилийн дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан 11-р хорооны ИНХ-ын хуралдааныг МУЗЗНДНТУТХуулийн 17.1, 17.1.1, 17.1.2, 17.1.3, 25.1-д заасан хуулийн заалтад нийцсэн хүчинтэй анхдугаар хуралдаан болсон мэтээр нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь өмнөх бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид нь зарлан хуралдуулсан 2017.02.18-ны өдрийн жинхэнэ анхдугаар хуралдааны тогтоол, холбогдох нотлох баримтыг огт үнэлэлгүй орхигдуулсныг юу гэж ойлгох уу.

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан нь өмнөх бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид зарласны дагуу 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-17.1.3-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлчихсэн, Хурлын тогтоолууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шүүхээс “Р.Д нь 8-р хорооны ИНХ-ын даргаар 12 хоногийн өмнө хуралдсан хурлаар сонгогдсон гэх боловч тухайн хурлыг хууль ёсны дагуу хуралдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэсэн маш ойлгомжгүй, логикгүй дүгнэлт хийж, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан хуралдааны тогтоолуудыг хуулийн 17.1, 17.1.1, 17.1.2, 17.1.3, 25.1-д заасан хуулийн заалтад нийцсэн гэж үнэлж, хүчин төгөлдөр хуралдаан гэж үзсэн нь нотлох баримтуудыг буруу үнэлсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

Гомдлын шаардлага:

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 өдрийн оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0689 дүгээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.М, Д.М, Ж.Б, Д.Ө, Р.Д нараас гаргасан “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Хуваарь батлах тухай” А/06 дугаар тогтоолын 8, 11 дүгээр хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны 01, 02, 03, 04 дүгээр тогтоолууд, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргажээ.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2018 оны А/06 дугаар тогтоолоор тус дүүргийн 8, 11 дүгээр хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг хавсралтаар баталж, тогтоосон хугацаанд хуралдааныг зохион байгуулж хуралдуулахыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д /...нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон.../ заасан захиргааны актын шинжүүдийг агуулсан байхад анхан шатны шүүх уг тогтоолыг “...зохион байгуулалтын шинжтэй дотогш чиглэсэн” буюу тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн мэтээр дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д /захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус/ заасантай нийцэхгүй байна.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй  хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж тус тус хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаар анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах бүрэн эрхийг тухайн Хурлын бүрэн эрх нь дуусгавар болж буй Тэргүүлэгчдэд олгосон, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өөрийн харьяа хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заагаагүй байтал Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу тус дүүргийн 8, 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны хуваарийг баталж, тус хороодын бүрэн эрх нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хуульд заасан бүрэн эрхэд халдсаныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 /тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан/, 47.1.6 /иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй/-д тус тус зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар дээр дурдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн илт хууль бус тогтоолын дагуу 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг сонгосон 02, Тэргүүлэгчдийг сонгосон 03, Хорооны Засаг даргыг сонгосон 04 дүгээр тогтоолууд, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг сонгосон 02, Тэргүүлэгчдийг сонгосон 03, Хорооны Засаг даргыг сонгосон 04 дүгээр тогтоолууд нь тус тус хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд хүчин төгөлдөр, хууль ёсны шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байх тул эдгээр тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Дурдсан хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дугаартай тогтоолуудын хувьд тооллогын комисс нь иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны санал хураалтын үр дүнг тоолж, нэгтгэн, баталгаажуулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн” байх шинжийг агуулаагүй учраас захиргааны акт гэж үзэх боломжгүй байх тул уг тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй байна.

Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0689 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...баримтлан” гэсний дараа “Хан-Уул дүүргийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8, 11 дүгээр хороонд холбогдох хэсгийг...” гэснийг “Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны “Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоолыг тус тус” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47,2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8, 11 дүгээр хороонд холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолууд, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

             ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

             ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН