Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00550

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06791 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 399 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Батчимэгт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9 257 447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтыннур, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Мөнхдулам нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хас банктай 1010016276 дугаар гэрээ байгуулж, 9 500 000 төгрөгийн зээлийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эмнэлгийн эмчилгээний төлбөрийн зориулалтаар авсан. Уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.Батчимэг оролцсон. Гэтэл зээлдэгч Д.Мөнхдулам нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан байх ба зээлийн барьцаанд цалин барьцаалсан. Зээлдэгч Д.Мөнхдулам, Б.Батчимэг нар нь зээлийн 1010016276 дугаар гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.Зээлдэгч Б.Батчимэг нь 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд үндсэн зээл 2 638 888,90 төгрөг, хүүд 1 491 754,67 төгрөг, нийт 4 130 643,57 төгрөг төлсөн бөгөөд үүнээс өөр төлөлт хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд хамтран зээлдэгч Б.Батчимэгийг гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, өөртэй нь утсаар ярьж шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвхи санаачилга гаргалгүй өнөөг хүрсэн.Иймээс 1010016276 дугаар зээлийн гэрээний 4.7, 4.8, 5.1.1. 5.1.4-т заасныг үндэслэн банкны санаачилгаар түүнтэй 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр цуцалж байна. Хариуцагч Б.Батчимэгтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний 5.2-т заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9 250 947 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 6 500 төгрөг, нийт 9 257 447 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Миний ээж Д.Мөнхдулам нь 2014 оны 5 дугаар сард Хас банкнаас 9 500 000 төгрөгийн цалингийн зээл авах үед би хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан. Ээж маань 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас гэнэт нас барсан. Миний бие Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг боловч 2014 оны 01 сараас 6 сарын чөлөө авсан, үргэлжлүүлэн жирэмсний амралтаа авсан бөгөөд одоо хүүхэд асрах чөлөөтэй, ажилдаа эргэж ороогүй байна. Ээжийгээ нас барснаас хойш тодорхой хугацаанд Хас банкнаас авсан зээлээ төлж байсан боловч эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй учраас зээлийг эргүүлэн төлөх боломжгүй болсон. Нэхэмжлэгч Хас банк нь 2015 оны 12 сараас хойш надтай огт холбоо бариагүй байж байгаад гэрээ цуцлах тухайгаа 2016 оны 11 дүгээр сард өгсөн. Үндсэн зээлдэгч Д.Мөнхдуламыг нас барсан гэдгийг тухайн үед банкинд хэлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд миний зүгээс зээлийн хүү зогсоолгох болон ямар нэгэн хүсэлтийг гаргаагүй.Надтай 2015 оны сүүлчээр банкнаас ярьж байсан боловч би өөрөө очиж уулзаж чадаагүй юм. Гэтэл үүнээс хойш бүтэн жилийн дараа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Үндсэн зээлдэгч нас барсан, би өөрөө тодорхой орлогогүй байгаа зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өгөхийг хүсч байна. Дээрх зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 5 дугаар сараас 2015 оны 3 дугаар cap хүртэлх хугацаанд үндсэн зээл, хүүд 4 130 643,57 төгрөг төлсөн, өөр төлөлт хийж чадаагүй юм.Иймд Хас банкны зээлийн гэрээг цуцлахыг зөвшөөрч байгаа бөгөөд уг гэрээний хамтран зээлдэгч учраас нэхэмжлэлээс үндсэн зээл 6 861 111,10 төгрөг, 2015 оны 12 дугаар cap хүртэлх хугацааны хүүд 900 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 50 000 төгрөг, нийт 7 811 111,10 төгрөгийг тодорхой график гарган төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 1 446 335,90 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06791 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Батчимэгээс үндсэн зээл 6 861 111,10 төгрөг, хүү 2 234 029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 807 төгрөг, нийт 9 250 947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Батчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 162 965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 399 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06791 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… 453.1 …” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж, 2 дахь заалтын “… 57.1 …” гэсний дараа “56 дугаар зүйлийн 56.2” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иймд хариуцагч Батчимэгээс үндсэн зээл 6 861 111,10 төгрөг, хүү 2 234 029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 807 төгрөг, нийт 9 250 947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож” гэж шийдвэрлэсэн нь буруу байна.Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 53 тоот тогтоолын 2.2-т зааснаар “Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан “үндсэн хүү” гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ.Мөн зүйл, заалтын “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ. Мөн зүйл, заалтын “үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэдгийг зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно гэж тайлбарласан байна.Энэхүү зээлийн үйл ажиллагааг тухайлан зохицуулсан хуулийн хэм хэмжээг тайлбарласан дээд шүүхийн тайлбар тогтоолоос үзвэл зээлдэгч миний бие нэмэгдүүлсэн хүү гэх 155 807 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт дурдсан нэмэгдүүлсэн 155 807 төгрөг гаргуулах хэсэг буюу давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                                    ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Б.Батчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 9 257 947 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлжээ. Хариуцагч Б.Батчимэг нь зээлийн гэрээнд тохиолдлоор хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан, одоо жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй тул зээл төлөх орлогогүй байгаа, ажилдаа орсон тохиолдолд зээлийг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаагүй боловч төлбөр төлөх боломжгүй байгаагаа тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Хас банк” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Д.Мөнхдулам, Б.Батчимэг нартай зээлийн гэрээ байгуулж, 9 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, нэг жилийн 20.40 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлүүлжээ. Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар заажээ. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан төлбөр төлөх үүрэг нь гэрээний хэсэгчилсэн үүрэг гэж, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих гэрээний хэсэгчилсэн хугацаа гэж тус тус тооцогдох бөгөөд заасан хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гэж тооцогдох, ийнхүү хэсэгчилсэн үүргийг зөрчсөн нь нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлд хамаарахаар гэрээнд засан байна.

Харин уг гэрээнд зээлдэгч Д.Мөнхдуламын хамтран зээлдэгчээр Б.Батчимэг тусгагдсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасантай бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

“Хас банк” ХХК болон Д.Мөнхдуламын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Б.Батчимэгийг хамтран зээлдэгч гэж зааж, “зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг өөрийн цалин, түүнтэй адилтгах орлогоос төлөх ба энэ зорилгоор цалин хөлс, тэтгэмж, түүнтэй адилтгах бусад орлогоос, банк дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг үл маргах журмаар суутган авах”-аар тусгасан атлаа зөвхөн Д.Мөнхдуламын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр заажээ. Гэрээний хавсралтад барьцаа хөрөнгөөр Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулиас авах нэг хүний цалин тусгагджээ. Хамтран зээлдэгч гэх Б.Батчимэгийн хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтад огт тусгагдаагүй байна.

Дээрх гэрээгээр цалингийн зээл олгогдсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээний тодорхой нөхцлүүд, Д.Мөнхдуламын дансны хуулга зэрэгт тодорхой тусгагджээ.

Тухайлбал, зээлийн гэрээнд зээлдэгч амралт, чөлөө авах, өөр албан тушаалд шилжих, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох, ажлаас халагдах нөхцөлд зээлдүүлэгчид хэрхэн мэдэгдэх, зээлийн үлдэгдлийг хэрхэн төлөх талаар заасан байна. Д.Мөнхдуламын Хас банк дахь 00007500 дугаартай дансны хуулгад цалингийн зээл гэж тэмдэглэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар цалин гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг, ажилтны хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрлөсний хөлс байдаг. Хөдөлмөрлөх, түүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Тийм учраас энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

“Хас банк” ХХК болон Д.Мөнхдуламын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд ч мөн цалингийн зээлийн үүргийг “хувийн байдалтай салшгүй холбоотой” болохыг заажээ. Тухайлбал, “энэхүү гэрээний үүрэг нь зээлдэгч, хамтран зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд зээлдэгч нас барсан, сураггүй алга болсон гэж зарлагдсан, нас барсан нөхцөлд түүний өв залгамжлагчид нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчлэн буюу бүрэн төлөх боломжтой бол тэдгээр нь хүсэлт гаргаснаар банк тохиролцон гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба хэрэв өв залгамжлагчид нь зээлийн нийт төлбөрийг бүрэн барагдуулсан бол банк энэхүү гэрээгээр эдлэх зээлдэгчийн эрхийг түүний өв залгамжлагчид эдлүүлнэ. Харин өв залгамжлагч нь зээлийн төлбөрийг барагдуулах талаар банктай тохиролцоогүй, эсхүл хүсэлт гаргасан боловч зээлийн төлбөрийг хэсэгчлэн болон бүрэн төлөх орлогын эх үүсвэргүй нөхцөлд энэхүү гэрээг дуусгавар болсонд тооцож, банк барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авна” гэжээ.

Гэрээний дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж, зээл авсан Д.Мөнхдуламд холбогдолтой болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалинг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй Б.Батчимэгт хамааруулах боломжгүй байна.

Зээлдэгч Д.Мөнхдулам нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нас баржээ.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог байна.

“Хас банк” ХХК болон Д.Мөнхдуламын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дээрх заалт агуулгын хувьд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т заасан зохицуулалтад харшлаагүй гэж үзэхээр байна.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч байх боломжгүй хариуцагч Б.Батчимэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч Б.Батчимэг хуулийн дээрх зохицуулалтыг ойлгож, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нь нэхэмжлэлийг хангах боломжтой байсан боловч тэрээр шүүхэд “үндсэн зээлдэгч нас барснаас хойш нэг  жилийн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг өсгөснийг хүлээн зөвшөөрөхгүй”, “хуулийн хүрээнд шийдүүлмээр байна. ...үндсэн зээлдэгч ... нас барсан тул ямар нэгэн хөнгөлөлт байдаг эсэх талаар мэдэхгүй учраас хуулийн тайлбар өгч чадахгүй байна. Хөнгөлж өгөөчээ гэдэг маань миний хүсэлт юм” гэж тайлбарласан нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болно. Хариуцагч Б.Батчимэг талийгаач Д.Мөнхдуламын цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр тусгагдсанаа мэдэж, ойлгосон, Д.Мөнхдуламын нас барснаас хойш зээлийн зарим хэсгийг төлж байсан байдал нь Иргэний хуулийн тухайн харилцаанд хамааралтай зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтад туссан эрх зүйн зохицуулалтыг хэрэглээгүй нь алдаатай болсон байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/06791 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 399 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т заасныг баримтлан хариуцагч Б.Батчимэгээс 9 257 447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 5 330 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.      

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН