Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 519

 

Г.Б-, Г.Б-нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 756 дугаар магадлалтай, Г.Б-, Г.Б- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Г.Б- болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, философич мэргэжилтэй, “**” ХХК-ийн захирал ажилтай, ***, ял шийтгэлгүй, Ч овогт Г-н Б-,

2. Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар

хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “**” ХХК-нд ерөнхий менежер, ***, ял шийтгэлгүй, Ж овогт Г-н Б-.

Г.Б-нь 2014 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 29-нийг хүртэл хугацаанд төлбөрийн тааламжтай нөхцөлөөр орон сууц худалдаж авч өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий 3 иргэний нийт 395,999,900 төгрөг, Г.Б- нь 2014 оны 07 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд С.Т-с 193,000,000 төгрөгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Б-, Г.Б- нарыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Г.Б-д 4 жил хорих ял, Г.Б-д 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Ж овогт Г-н Б-г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар. ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “...шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг. ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай....” гэсэн,

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдсүгэй. ...” гэсэн,

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-гийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс: 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 80 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Г.Б-д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаас хасаж, Г.Б-гийн биелүүлэх торгох ялын хэмжээг 8,800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 8,800,000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-г нэн даруй суллахаар шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б-болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Г.Б-н хувьд хохирлыг бодитойгоор нөхөн төлсөн баримт байхгүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хохирол нөхөн төлөгдсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн талаар хохирогч Д.Б, Ш.Д, П.Г нар давж заалдах гомдолдоо дурдсаар байтал хохирогч нарт хохирлыг бодитоор нөхөн төлсөн баримтгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж эдгээр хохирогч нарын гаргасан гомдлыг үгүйсгэсэн хэлбэр өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг, эрх зүйн байдлыг дордуулж байгаа болно.

Мөн шүүгдэгч Г.Б-болон түүний ар гэрийн зүгээс хохирогч П.Г-д төлбөл зохих хохирлыг бүх хохирлыг Дээд шүүхэд гомдол гаргах хугацаанд барагдуулсан болно. Иймд Дээд шүүх гомдлыг хүлээн авч шүүгдэгчийн хувийн байдал хохирол төлбөрөө бүрэн нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Г.Б-д оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Хэрэв шүүх боломжгүй гэж үзэх юм бол тус зүйл ангийн хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар ял оногдуулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл хэлсэн саналдаа “Г.Б-, Г.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-, Г.Б- тэдгээрийн өмгөөлөгч н.Базаррагчаа нар давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолд хавсаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн болно. Мөн Г.Б- нь хохирогч С.Тд хохирлын мөнгө 76.986.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Г.Б-нь хохирогч Ш.Д-д учруулсан хохирол болох 50.500.000 төгрөгтэй үнэ дүйцэхүйц 8 айлын газрыг шилжүүлэх замаар бүрэн төлж барагдуулсан, хохирогч Д.Батбаярт 93.499.000 төгрөг төлсөн. Хохирогч Б.Г-д төлбөл зохих төлбөрөөс 35.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөөргийг өгсөн. Цаашид үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хэлцлийг хамт хавсаргаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг үйл баримтыг харгалзан үзэж хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал зэргийг харгалзан 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Г.Б-д оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон, хохирогч нарт хохирлыг бодитойгоор төлсөн баримтгүй байна гэж дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хохирол нөхөн төлөгдсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн талаар хохирогч нар давж заалдах гомдолдоо дурдсан. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг, эрх зүйн байдлыг нь дордуулж шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч Г.Б- болон түүний ар гэрийн зүгээс хохирогч П.Г-д төлбөл зохих хохирлыг бүх хохирлыг Дээд шүүхэд гомдол гаргах хугацаанд барагдуулсан болно. Иймд Дээд шүүх гомдлыг хүлээн авч шүүгдэгчийн хувийн байдал хохирол төлбөрөө бүрэн нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Г.Б-д оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Хэрэв шүүх боломжгүй гэж үзэх юм бол тус зүйл ангийн хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын өмчлөлийн эд хөрөнгийг авч “залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хяналтын шатны шүүх нь хохирол бүрэн төлөгдсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Г.Б-, Г.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Г.Б-нь 2014 оны 08 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 29-нийг хүртэл хугацаанд төлбөрийн тааламжтай нөхцөлөөр орон сууц худалдаж авч өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар нэр бүхий 3 иргэний төөрөгдөлд оруулж нийт 395,999,900 төгрөгийг, Г.Б- нь мөн дээрх байдлаар 2014 оны 07 дугаар сараас 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд С.Т-с 193,000,000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Г.Б-, Г.Б-нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэснийг буруутгах, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Б-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, түүнчлэн гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нар болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй хүсэлт зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хорих ялыг торгох ялаар сольсон өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Б-г нэн даруй суллаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын “...оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих” тухай гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 756 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Б-д 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-н 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 186 /зуун наян зургаан/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 2,790 /хоёр мянга долоон зуун ер/ нэгж буюу 2,790,000 /хоёр сая долоон зуун ер/ төгрөгийг хасаж, биечлэн эдлэх ялыг 12,210,000 /арван хоёр сая хоёр зуун арав/ төгрөгөөр тогтоосугай”,

“шийтгэх тогтоолын хорих ял оногдуулсан болон дэглэм тогтоосон заалтыг тус тус хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлтүүд оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-г нэн даруй сулласугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН