Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00200

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00200

 

 

Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/04889 дугаар шийдвэртэй,

Б-гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эд хөрөнгө хураах тогтоол болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02727 дугаар шийдвэрээр Б-гээс 135,978,218 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Б-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо **** тоотод байрлах хувийн сууц, тус хаягт байрлах 672 м.кв болон 671 м.кв талбайтай эзэмших эрхтэй газруудыг битүүмжлэн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19261133/09 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн талаар талуудад харилцан тохиролцох боломж олгоогүй, мөн эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхээс өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч Б- надаас үнийн саналыг бичгээр авсан, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 133 дугаар тогтоолоор шинжээч томилсон атлаа төлбөр авагч Хаан банкнаас 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 05/3166 тоот албан бичгээр үнийн санал авч, шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтийг авсан.

Эд хөрөнгийг хураасны дараа үнийн санал авах, талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилох ёстой байтал хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан 2 удаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлж, худалдан борлуулсанд гомдолтой байна.

Хууль зөрчиж явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан бөгөөд Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03/1546 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэн тул шүүхэд хандаж байна.

Иймд хууль зөрчиж явуулсан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураах 19261133/09 тоот тогтоол, тус ажиллагааны үр дүнд явагдсан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02727 дугаар шийдвэрээр Б-гээс 135,978,218 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлсэн ба төлбөр төлөгч Б-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны ***, **** тоот хаягт байршилтай, ахуйн зориулалттай 671 болон 672 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 19261133/3 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19261133/9 дүгээр тогтоолоор хурааж, төлбөр төлөгч Б-гээс үнийн санал авахад 900,000,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн газрын эзэмшигч С.Дэлгэрцэцэгт үнийн санал ирүүлэх тухай 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4/5271 дүгээр мэдэгдэл, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/5813 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй.

Иймд 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 133 дугаар тогтоолоор Виннэр-Вэй ХХК-г томилж, шинжээчид эрх, үүрэг танилцуулсан. 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 196,546,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар шинжээчийн дүгнэлтийг ирүүлснийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7838, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4/7837 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11304 дүгээр мэдэгдэл, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11303 дугаар мэдэгдлээр 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах талаар тогтоолын хамт мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдах тухай тогтоолыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16113, 4/16114 дүгээр мэдэгдлийн хамт талуудад танилцуулсан. 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/18240 дүгээр мэдэгдлээр талуудад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө 100,773,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар талуудад мэдэгдлийг танилцуулсан.

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлбөр төлөгч Б- нь тус байгууллагад хандан гомдол гаргасан тул тус газрын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4/677 дугаар хариу мэдэгдэх хуудсаар боломжгүй талаар мэдэгдсэн. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүх хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн тул 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4-162/8832, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 4-162/9547 дугаар мэдэгдлийг баталгаат шуудан болон биечлэн танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тус газраас албадан чөлөөлөх ажиллагааг хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан чөлөөлсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө хураах 19261133/09 тоот тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б-гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Төлбөр төлөгч Б-гийн өмчлөлийн эд хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хураан авах ажиллагааг хийсэн, Б- нь барьцаа хөрөнгүүдийг нийтэд нь 900,000,000 төгрөгөөр үнэлсэн саналаа бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргахдаа 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэж бичиж өгсөн, энэхүү нөхцөл байдлаа тэрээр эд хөрөнгө хураан авах ажиллагааг хийхээс өмнө төлбөр төлөгчөөс үнийн саналыг авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал зөрчсөн гэж буй нь үндэслэл муутай байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл хураан авахаас өмнө үнийн санал авч ажиллагаа явуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Төлбөр төлөгч Б- нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бичгээр үнийн саналаа гаргасан, шийдвэр гүйцэтгэгч хураан авах тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр болсон үйл ажиллагаа нь нотлох баримтаар тогтоогдсон байхад Б- нь үнийн саналыг бичгээр өгөхдөө огноог андуурсан гэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн төлбөр төлөгч Хаан банк ХХК-ийн хувьд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлтээрээ шинжээч томилуулах хүсэл зоригоо илэрхийлж байсан, үүний дагуу шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилж, барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгосныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг тодорхой заасан байгаад хууль зөрчөөгүй, буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн.

С.Дэлгэрцэцэг, С.Сүхбат нар нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03232 дугаартай шийдвэр, Нийслэлийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1675 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь тус шүүхэд өмчлөх эрх зөрчигдсөн, хөрөнгийн үнэлгээ бага тогтоогдсон гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан бөгөөд гомдлын шаардлагын хүрээнд хэрэг шийдвэрлэгдсэн. Тус шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал, хууль зөрчсөн талаар дурдагдаагүй бөгөөд энэ талаар дүгнэлт хийгээгүй байхад дээрх шийдвэрийг үндэслэсэн нь буруу.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө хураах тогтоол болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/02727 дугаартай шийдвэрээр Б-гээс 135,978,218 төгрөгийг гаргуулан Хаан банк ХХК-д олгож, Б- нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох а/ Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо *** тоот хаягт байршилтай, ахуйн зориулалттай, 671 м.кв талбайтай газар, б/ Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо **** тоот хаягт байршилтай, ахуйн зориулалттай, 672 м.кв талбайтай газар, в/ Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчоо **** тоот хаягт байршилтай, 309 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн /1хх 40-44/.

3.2 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэр, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх хуудас зэрэг баримт бичгийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгүүдийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19261133/3 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19261133/09 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авсан /1хх 48-49, 58-59/.

Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 133 дугаар тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн гаргасан үнэлгээнд үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/26 дугаар тогтоолоор дээрх барьцаа хөрөнгүүдийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна /1хх 67, 73-96, 103/.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй, улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид болон шүүхэд гомдол гаргах юм.

Харин төлбөр төлөгч Б-гийн гаргасан эд хөрөнгө хураах тогтоол болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4/460 дугаар хариу мэдэгдэх хуудсаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03/1546 дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн /1хх 7-8/.

 

4.1 Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид эд хөрөнгө хураах ажиллагааг тухайн өдөрт нь буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр явагдах анхны албадан дуудлага худалдааны товыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус тус мэдэгдсэн байхад нэхэмжлэгч нь 2 жилийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул энэ талаар өгсөн анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт нийцсэн байна /1хх 7-8, 58-59, 103/.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул гомдолд дурдсан эд хөрөнгө хураахаас өмнө үнийн санал авсан, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зөрчсөн гэх гомдлыг хянах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/04889 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ